Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2021/01259

 

2021 06 21

181/ШШ2021/01259

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Б.М ХХК-ийн

хариуцагч: АВ ХХК,

хариуцагч: Э.А нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үүрэгт 25.838.890 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баатарбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч БМ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баатарбилэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АВ ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1мкв өрөмдлөгийг 4300 төгрөгөөр тооцон өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэхээр манай компанид захиалга өгсөн. Уг ажлын захиалгын дагуу манай компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Тавантолгой ХК-ийн талбайд 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 4290мкв, 2019 оны 05 дугаар сарын 14-17-ны өдрийн хооронд 1223мкв, 2019 оны 05 дугаар сарын 20-24-ний өдрийн хооронд 3 блок нийт 6393мкв өрөмдлөгийн ажлыг захиалагч талд хүлээлгэн өгсөн. Нийт ажлын хөлс нь НӨАТ-гүйгээр 27.489.900 төгрөг болсноос АВ ХХК нь 4.000.000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл болох 23.489.900 төгрөгийг одоог хүртэл манайд шилжүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс НӨАТ ороогүй дүнгээр тооцсон боловч НӨАТ-тай буюу 25.838.890 төгрөгийг нэхэмжилж байна. АВ ХХК нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг одоог хүртэл бүрэн төлөөгүй үйл ажиллагаа тогтвортой явагдаж байгаа эсэх нь тодорхойгүй учраас 25.838.890 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг ярьж байна. Магадлалд хэнээс хэдэн төгрөгийг яаж нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй гэсэн болохоос бидний хийсэн ажлын үнийн дүнг үгүйсгэсэн, тодорхой бус гэсэн тайлбарыг өгөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч АВ ХХК болон иргэн Э.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргаж байгаа бол нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой байх ёстой. Давж заалдах шатны шүүхээс хэрэг буцсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй учир нэхэмжлэлийн шаардлагаа тодруул гэдэг үндэслэлээр буцаасан. Нэхэмжлэгч талаас өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй. Сүүлд хасаж байна гэсэн хүсэлт өгсөн. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага тодруулсан асуудал биш. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй учраас хариуцагчийн зүгээс тайлбар өгөх боломжгүй байна гэв.

 

Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа: БМ ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулснаар үүнтэй холбоотой шаардах эрх БМ ХХК-д байхгүй болно. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн агуулгаас харвал тооцоо нийлсэн акт гэдэг нь талуудын хооронд үүссэн төлбөр тооцоог тооцож үзэж, үүссэн баримт бичгийг хэлдэг. Гэтэл ямар нэгэн нягтлан болон байгууллага тооцоо нийлсэн зүйл байхгүй. Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтын анхан шатны баримт болох өрөмдлөгийн ажил хүлээлцсэн акт гэсэн баримт нь хуулийн шаардлага хангаагүй. АВ ХХК-тай холбоогүй баримтууд байгаа учраас тооцооны үлдэгдлийн баталгааг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Нэхэмжлэгч БМ ХХК-ийн захирал Түвшинтөр нь тухайн үед зээл авах гэж хөөцөлдөж байгаа юм, өрөмдлөгийн компани учраас сайжруулалт хийх шаардлагатай байна. Тийм учраас ийм баримт үйлдэж өгөөч гэсэн. Үүнийг нотолж байгаа зүйл нь анхан шатны баримт. Анхан шатны баримт дээр захиалагч Энгүүмэл аргун ХХК гэсэн байдаг. Өөр компани захиалагч тал байхад үүнийг үндэслэж ийм баримт үйлдсэн нь хуульд нийцэх үү? гэдэг асуудал гарна. Энэ бол бэлэн байдаг албан бланк дээр гарын үсэг зуруулсан асуудал байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд анхан шатны баримтыг үндэслэж эдгээрийг тооцохоор заасан. Анхан шатны баримтын үнийн дүн ийм байна уу? гэдэг асуудал байна. Сөрөг нэхэмжлэл үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: БМ ХХК болон АВ ХХК, түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд Түвшинтөр, Э.А нарын хооронд хийсэн тооцооны үлдэгдлийн баталгааг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлголоо. Энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хариуцагч тал 3 баримт шаардлага хангахгүй, анхан шатны баримтгүй учраас тооцооны үлдэгдлийн баталгаа хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна. Энэ баталгааг хийх явцад үүссэн тайлбар дээрээ ... дуустал хугацаанд авч өгсөн зүйлээ 2 тал бүртгэж, нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд... гээд маш тодорхой бичсэн байгаа. Энд ямар нэгэн дүр эсгэж, хэлцэл хийсэн зүйл байхгүй. Тиймээс энэ хэлцэл хуулийн үндэслэлтэй. Хариуцагчийн зүгээс ганц энэ баримт дээр яриад байна. Өмнөх шүүх хурал дээр энэ баримтыг Э.А мэдээгүй, зөвшөөрөлгүй байдлаар хийсэн гэж үгүйсгэдэг. Одоо болохоор энэ хэлцэл дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж ярьж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. 2 тал гарын үсгээ зурсан, хүчин төгөлдөр хэлцэл. Тооцоо нийлсэн баталгаан дээр маш тодорхой бичсэн байгаа.

Шүүхэд гаргаж өгсөн баримт бол тусдаа асуудал. Би гаргасан баримтуудаа мэднэ. Гэхдээ энэ баримтууд эх хувиараа нөгөө талд байсан. Цаг хугацааны хувьд энэ баримтууд алга болж болно. Анхнаасаа баримтгүй байсан юм шиг, нэхэмжлэгч баталгаа хийсэн юм шиг ярьж байгаа нь үндэслэлгүй байна.

АВ ХХК-аас 25,838,890 төгрөгийг бүхэлд нь шаардаж байгаа үндэслэл нь нэхэмжлэлд дурдсан цаг хугацаанд хийсэн ажил, үнийн дүн АВ ХХК-ийн захиалгын дагуу хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор тооцоо нийлсэн акт дээр АВ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Э.А гарын үсэг зурж, тухайн байгууллагын тамга тэмдэг дарагдсан учраас бид АВ ХХК-аас бүх нэхэмжлэлийн шаардлагаа шаардаж байгаа. Иргэн Э.А нь компаниас итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд учраас хариуцагчаас хассан гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан бичгийн баримтууд, талуудын тайлбар зэргийг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БМ ХХК нь хариуцагч АВ ХХК, иргэн Э.А нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25.838.890 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь, хариуцагч Э.Ад холбогдох шаардлагаасаа татгалзан, АргунвенчурсХХК-д холбогдуулан гэрээний үндсэн үүрэгт 25.838.890 төгрөг гаргуулахаар шаардлагаа өөрчлөн, шүүх хуралдаанд энэ шаардлагаа дэмжин оролцсон.

 

Хариуцагч АВ ХХК-ийн төлөөлөгч өмнө хэрэг хэлэлцэх үед нэхэмжлэгчээс гаргасан 2 хариуцагчид тэнцүү хувааж хариуцуулах шаардлагаас АргунвенчурсХХК-д холбогдуулсан хэсгийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Э.Ад холбогдох хэсгийг үл зөвшөөрч маргаж байсан ба энэ хуралдаан дээр шаардлагаа тодруулаагүй тул тайлбар хийхгүй гээд, нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт санхүүгийн анхан шатны баримтгүй, байгууллага тооцоо нийлсэн зүйл байхгүй, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтын анхан шатны баримт болох өрөмдлөгийн ажил хүлээлцсэн акт гэсэн 2 хуудас баримт нь хуулийн шаардлага хангаагүй, АВ ХХК-тай холбоогүй баримтууд байгаа учраас тооцооны үлдэгдлийн баталгааг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байна гэж сөрөг нэхэмжлэл гаргаснаа шүүх хуралдаанд дэмжин оролцсон.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг үл зөвшөөрч, талуудын хооронд бодитоор ажил үүрэг гүйцэтгэгдсэн, энэ дагуу 2 тал тооцоо нийлж, компанийн тамга дарж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг хүчин төгөлдөр бус гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчийн зүгээс ганц тооцооны үлдэгдлийн баталгаа баримт дээр яриад байна, өмнөх шүүх хурал дээр энэ баримтыг Э.А мэдээгүй, зөвшөөрөлгүй байдлаар хийсэн гэж үгүйсгэж байснаа одоо болохоор энэ хэлцэл дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй, 2 тал гарын үсгээ зурсан, хүчин төгөлдөр хэлцэл тул сөрөг нэхэмжлэл үндэсгүй гэж маргана.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээгээр Баатарууд майнинг" ХХК нь Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд байрлах Таван толгой ХК-ийн талбайд 1 метр өрөмдлөгийг 4.300 төгрөгөөр гүйцэтгэх. АВ ХХК нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд талууд энэ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан хэлцлийн агуулга, хүсэл зориг нэгдсэн илэрхийлэл болно.

Талууд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, төлөх хөлсний дүнд маргана.

 

Талуудын мэтгэлцээнийг үндэслэн, шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч БМ ХХК, хариуцагч АВ ХХК-иудын хооронд өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэх тухай хэлцэл амаар хийгдэж, энэ тохиролцооны дагуу гүйцэтгэгч БМ ХХК ажил гүйцэтгэсэн, ажлын хөлс тодорхой дүнгээр төлөгдөөгүй байгаа талаар маргаагүй, харин захиалагч АВ ХХК төлөгдөөгүй хөлсний дүнг баталгаажуулсан баримт санхүүгийн тооцоо анхан шатны баримтад үндэслээгүй, төлөгдөх хөлсний дүн тодорхой биш гэж байгаад дараах эрх зүйн дүгнэлт хийлээ.

 

Иргэний хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлага, маргааны үндэслэлээ нотлох баримтыг үнэн зөв, шаардах эрхийн үндэслэлд хамааралтай болохыг нэхэмжлэгч өөрөө эхлээд нотлох, нотлогдож буй шаардлагыг хариуцах үндэслэл байгаа эсэхийг хариуцагч өөрөө нотлох мэтгэлцээний тэгш эрхийн зарчмаар талууд хуулиар хүлээсэн үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож ирүүлсэн хэргийн 7-р хуудсанд байгаа баримт нь хуулбар, 9 дэх хуудасны өрөмдлөгийн ажил хүлээлцсэн акт нэртэй баримт Энгүүмэл аргун ХХК-ийн нэртэй ирүүлсэн, Энгүүмэл аргун ХХК-ийн холбогдох лавлагааг хариуцагчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн газраас гаргуулахад ийм хуулийн этгээд байдаггүй гэсэн учир хариуцагчийн үүрэгт хамааралгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан бичгийн баримтын шаардлага хангахгүй тул тус тус үнэлэх боломжгүй.

 

2020 оны 4 сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд/хэргийн 49 дэх тал/, хариуцагч тал хэрэгт /хэргийн 8 дахь тал/ авагдсан өрөмдлөгийн ажил хүлээлцсэн акт гэсэн баримтыг ..ажил хийлгэсэн нь үнэн, .. хүлээн зөвшөөрч байгаа, ..тооцоо нийлсэн актын хувьд захирал эхнэртэйгээ ярилцалгүйгээр гарын үсэг зурсан. Бодит байдал дээр тооцоо нийлсэн зүйл огт байдаггүй,ярьж байгаад гарын үсэг зурсан байдаг. Тиймээс ярилцаад зурсан гэдэг нь үнийн дүнгээс хасагдах ёстой гэж харж байна. Тэнцүү хэмжээгээргаргуулж өгнө үү гэсэн учир компанид холбогдох хэсгийг бид хүлээн зөвөөрч байна... гэсэн тайлбар өгсөн байна.

 

БМ ХХК гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлыг хариуцагч АВ ХХК-ид хүлээлцсэн, БМ ХХК-ийн өрмийн оператороор ажиллаж байсан гэрч С.Амарсайхан ..2-3 талбай өрмдөж, ашиглалтад хүлээлгэж өгсөн..., 2 удаа акт үйлдэж хүлээлцэж байсан..гэж мэдүүлсэн ба хэрэгт /хэргийн 8 дахь тал/ авагдсан өрөмдлөгийн ажил хүлээлцсэн акт гэсэн баримтад, захиалагч АВ ХХК, гүйцэтгэгч Баатар майнинг ХХК, өрөмдлөгийн ажил хийгдсэн огноо 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 09, цооногийн тоо нийт 429 ширхэг, нийт тууш метр 4290 метр, захиалагчийг төлөөлж уурхайн дарга, гүйцэтгэгчийг төлөөлж өрмийн мастер гэсэн албан тушаал бичиж, акт үйлдсэн огноо 2019 оны 05 дугаар сарын 09-тай өдөр гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн тул маргаанд хамаарал бүхий ажлын гүйцэтгэлийн анхан шатны үндсэн баримт гэж үнэлнэ.

 

Талуудын хооронд үйлдэгдсэн, нэхэмжлэгчээс ирүүлсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа/хэргийн 10дахь хуудас/ баримтад, нэхэмжлэгч БМ ХХК, төлөгч АВ ХХК гээд, төлөгчийн нэрийн өмнөөс компанийн ерөнхий захирал Э.А, нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс гүйцэтгэх захирал Түвшинтөр нар нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлсээ 2 тал хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд АВ ХХК нь 23.489.900 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан батлав. Энэхүү өглөгийн үлдэгдлийг 10 сая төгрөгийг энэ сард багтааж өгөөд, 100.000 мкуб блок ажил нийлүүлье. Үлдэгдлийг 12 дугаар сард дуусгавар болгоё гэж бичвэрээр нэмж тэмдэглэл үйлдэн, барагдуулахаар тохиролцов гээд гарын үсэг зурж, компанийн тамга тус тус дарсан нь эрх эдэлж, үүрэг хүлээх чадвартай хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд/хэргийн 5, 25-28 дахь тал/ энэ үйлдлийнхээ агуулга зорилгыг тодорхой тэмдэглэж үйлдсэн, хүсэл зоригийн илэрхийлэл байх тул 2 байгууллагын 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа 2 тал хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж тооцсон, АВ ХХК нь 23.489.900 төгрөгийн өглөгтэй болохыг төлбөр төлөгчийн нэрийн өмнөөс ерөнхий захирал Э.А, нэхэмжлэгч БМ ХХК-ийн нэрийн өмнөөс гүйцэтгэх захирал Түвшинтөр нар тодорхой тусгасан үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ баримтын үндэслэл талуудын хүлээн зөвшөөрсөн, өрөмдлөгийн ажил хүлээлцсэн акт/хэргийн 8 дахь тал/ баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдоно.

 

Талууд ажлын хөлснөөс төлөгдсөн талаар тайлбар гаргаж байх ба нэхэмжлэлд дурдсанаар нийт 6393 метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн, ажлын хөлс 27.489.900 төгрөгөөс 4.000.000 төгрөг төлсөн гэж 23.489.900 төгрөг шаардсан боловч шаардлагын үндэслэл болж байгаа Тооцооны үлдэгдлийн баталгаа/хэргийн 10 дахь хуудас/ баримт хэзээ үйлдэгдсэн хугацаа заагдаагүй, бусад нотлогооны хэрэгслээр Тооцооны үлдэгдлийн баталгаа/-ны дүнгээр ажлын хөлс төлөгдөөгүй, хийгдсэн төлбөр энэ дүнд тооцогдохгүй гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2.-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн бөгөөд хуулийн 343.3.-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх буюу 350 дугаар зүйлийн 350.1.6.-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг тус тус хуулиар хүлээдэг.

Иргэний хуулийн 345-р зүйлд зааснаар гүйцэтгэх ажлын шинж байдал, гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүйгээр ажлын төсөв нэмэгдэх болзошгүй байдал бий болдог тул гүйцэтгэгч нь ажлын төсвийг өөрөө зохиож гаргах үүргийг мөн хүлээдэг.

Талуудын хооронд хийж гүйцэтгэх ажлын төсөв буюу хэдэн мкв газрыг хэрхэн, хаана, ямар байдалтай гүйцэтгэх, ямар хөлс төлөх гэдэг ажлын төсөв байхгүй, нэхэмжлэгч нийт ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн, мөн хэдий хэмжээний ажлын гүйцэтгэлийг захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгснөө нотлоогүй буруутай байна.

 

Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэл болгож ирүүлсэн өрөмдлөгийн ажил хүлээлцсэн актаар 4290 метр буюу 18.447.000 төгрөгийн доголдолгүй ажлыг хүлээлгэн өгсөн нь нотлогдоно.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна., 13 дугаар зүйлийн 13.1.Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно., 13.4.Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна., 13.7.Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч тооцооны үлдэгдлийн баталгаа баримтад дурдсан дүнгээр шаардах санхүүгийн анхан шатны үндсэн баримт нотолгоонуудыг бүрэн ирүүлээгүй тул хариуцагчийн төлбөрийн дүнг бүрэн хариуцахгүй гэж маргаж байгаа нь үгүйсгэгдэхгүй байна.

 

Нэхэмжлэгч тал 23.489.900 төгрөг буюу 5462,8 метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн, энэ төлбөр төлөгдөөгүй үлдсэн гэж шаардсан шаардлагын үндэслэл тооцооны үлдэгдлийн баталгаа баримтад дурдсан дүнгээр шаардах үндсэн баримтыг бүрэн ирүүлж, шаардлагаа нотлох үүрэг хангалтгүй байх тул нотлогдож байгаа гүйцэтгэсэн ажлын анхан шатны үндсэн баримт болох /хэргийн 8 дахь тал/ өрөмдлөгийн ажил хүлээлцсэн актад бичигдсэнээр 4290 метр буюу 18.447.000 төгрөгийн хүлээлгэн өгсөн ажлын хөлсний дүнгээр нэхэмжлэлийг ханган, 18.447.000 төгрөгийг хариуцагч АВ ХХК-иас хариуцуулан гаргуулж, нэхэмжлэгч БМ ХХК-д олгож шийдвэрлэх үндэстэй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ-д албан татвар ногдуулахыг заасны дагуу, улсад хариуцан төлөх татварыг төлөх нь хуулиар хүлээсэн үүрэг тул талууд гэрээндээ уг татварыг тохиролцсон зүйлгүй байгаа нь талуудын энэ маргаан шийдвэрлэгдэхэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах асуудал хамаарахгүй.

 

Иймд нэхэмжлэгч тал иргэн Э.Ад холбогдох шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т заасанд нийцэх тул нэхэмжлэгчийн энэ татгалзлыг батлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох тооцооны үлдэгдлийн баталгааг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасны дагуу дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн нь, хуульд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох үндэслэлд хамаарахгүй бөгөөд уг сөрөг нэхэмжлэлд дурдсан, захирал Б.Түвшинтөр нь компани дээрээ зээл хөөцөлдөж байгаа, ийм баримт үйлдээд өгөөч гэсэн гэж бичсэн үйл баримтаа нотлоогүй, энэ үндэслэл тогтоогдохгүй байх ба харин хуулийн этгээдүүд харилцан тохиролцож хийж гүйцэтгэсэн ажлын талаар зөвшилцсөн төлөөлөх эрх бүхий этгээдүүдийн хүсэл зоригийн илэрхийлэл, бодит үйлдлийн баримт болох нь нотлогдон тогтоогдсон.

 

Өрөмдлөгийн ажил хүлээлцсэн актад дурдсан 4.290 тууш метр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, энэ ажил хүлээлцсэн актаар захиалагч АВ ХХК гүйцэтгэлийг хүлээн авсан бодит үйлдэл хийгдсэн байгаа нь дүр үзүүлэн хийсэн гэх үндэслэлгүй тул сөрөг шаардлагын үндэслэл тогтоогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2., 38.1.-д зааснаар шаардлагын үндэслэл, нэхэмжлэлтэй холбоотой нотолгооны хэрэгслийг бүрдүүлэх, нотлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломж байхад биелүүлээгүй нь хариуцагч тал хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай байдал гэж шүүх үзэх үндэслэл болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Талуудын мэтгэлцээнээр нотлогдож байгаа үйл баримтын хэмжээнд шүүх дүгнэж, үндсэн нэхэмжлэлээс 18.447.000 төгрөгийг хариуцагч АВ ХХК-д хариуцуулан гаргуулан, нэхэмжлэгч БМ ХХК-д олгож, иргэн Э.Ад холбогдох шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлийг батлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, шаардлагаас үлдэх хэсэг болох 7.391.890 төгрөг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж Хангарьд гэж иргэний нэрээр төлөгдсөн хэдий ч нэхэмжлэл гаргах өдрийн огноотой, нэхэмжлэлийн дүн болж байгаа 25.838.890 төгрөгийн дүнтэй тохирсон дүнгээр төлөгдсөн байх тул хөндлөнгийн этгээд төлсөн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзлээ. Тиймээс нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287.144 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах 18.447.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 250.185 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287.144 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч БМ ХХК нь иргэн Э.Ад холбогдох шаардлагаасаа татгалзсаныг батлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч АВ ХХК-иас 18.447.000 /арван найман сая дөрвөн зуун дөчин долоон мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч БМ ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 7.391.890 /долоон сая гурван зуун ерэн нэгэн мянга найман зуун ер/ төгрөг болон хариуцагч АВ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287.144 /хоёр зуун наян долоон мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах 18.447.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 250.185 /хоёр зуун тавин мянга нэг зуун наян тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287.144 /хоёр зуун наян долоон мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.УРАНЧИМЭГ