| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0091/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/96 |
| Огноо | 2024-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, Улсын яллагч Б.Тогтох, Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б-ийн Б д холбогдох эрүүгийн 2438000000117 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б овогт Б-ийн Б , ********************-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Галт сумын **************** оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ************* дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ************ 1 дүгээр багт байрлах өөрийн гэртээ 2024 оны 02 дугаар сарын 25- ны өдөр эхнэр Д.Ч-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож хамар ясны хугарал, баруун дээд, зүүн дээд, хамрын нуруунд цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багт байрлах өөрийн гэртээ 2024 оны 02 дугаар сарын 25- ны өдөр эхнэр Д.Ч-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож хамар ясны хугарал, баруун дээд, зүүн дээд, хамрын нуруунд цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7-8-р хуудас), хохирогч Д.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 13-14, 16-р хуудас), иргэний нэхэмжлэгч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 22-р хуудас), Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 31-р хуудас), аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 45- 47-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно. Энэ хэргийн улмаас хохирогч Д.Ч-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. Иргэний нэхэмжлэгч Г.А нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 137,500 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Д.Ч-д 137,500 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 19-р хуудас)-гаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б аас 137,500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Б ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Б аас 137,500 (нэг зуун гучин долоон мянга таван зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР