| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0143/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/154 |
| Огноо | 2024-09-06 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 21.12.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Шинжээч Т.Алтайбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б, Ж.Дорждэрэм,
Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б-О овгийн Шийн Б-д холбогдох 2416000840089 дугаартай эрүүгийн эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр **** аймгийн ***** суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, Банк санхүү, эдийн засагч, зэвсгийн нярав, засварчин, шинжээч мэргэжилтэй, ***** аймгийн **** газрын ***** сумын хэсгийн төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт **** аймгийн **** сумын *** дугаар багт Цагдаагийн хэсгийн байранд оршин суудаг, **** аймгийн *** сумын **-р баг *** тоотод хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, **** регистрийн дугаартай, Б-О овгийн Шийн Б,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.Б нь **** аймгийн Цагдаагийн газрын **** сумын хэсгийн төлөөлөгч буюу Төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр **** аймгийн *** сум төв цагдаагийн кобон байранд Б.Б-г хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгасан, мөн эрүүдэн шүүж түүний баруун шанаа хэсэгт 2 удаа, цээж рүү 4 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн 2 болон 3 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, зүүн 4-р хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Б гэм буруутай болох нь:
1.Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 01 сарын 31-ний **** сумын төв дээр ирж нүүрс захиалсан айлуудад нүүрс буулгаад 19 цаг 30 минутын үед сумын төвд байрлах “***” дэлгүүр дээр манай хадам ах Т гэдэг хүн ирсэн байна гэхээр нь очиж дэлгүүрийн гадаа өөрийн машинаа тавиад гэр лүү нь орсон. Тэгээд Т ах надад “Аймгийн аварга малчин” болсонд баяр хүргээд 1 шил 0,75 литрийн ногоон экспортын архи задлаад 80 настай Т ах бид хоёр хувааж уусан. Тухайн хөгшин өндөр настай учир нээх их уугаагүй би бараг бүх архийг ганцаараа ууж дуусгасан. Тэгээд би өөрийн бүл дүү М-с машинаа авах гэж Өлзийжаргал гэдэг хүнээр дуудуулсан. Тэгээд 1 давхарт байрлах дэлгүүрт байхад надтай хамт нүүрс буулгаж байсан Ж орж ирээд цагдаа ирж байна гэсэн бөгөөд удалгүй түүний араас хэсгийг төлөөлөгч Б, цагдаа Ч-н хамт дэлгүүрт орж ирсэн. Цагдаа нар орж ирээд дэлгүүрийн гадаа байгаа машины жолооч хаана байна гэхэд би байна гээд хэлсэн чинь хэсгийн төлөөлөгч надтай гараад уулзана гэсэн. Би дэлгүүрээс гараад машинаас гар утсаа авах гэхэд хэсгийн төлөөлөгч Б нь та цагдаагийн хэсэг дээр очоод мэдүүлэг өгөх хэрэгтэй гэхээр нь би явганаар хэсгийн төлөөлөгч Б, цагдаа Ч бид гурав *** сумын цагдаагийн хэсэг дээр очсон. Цагдаагийн хэсгийн өрөөнд орсон чинь хэсгийн төлөөлөгч Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан гэж хэлээд намайг согтуурал шалгах багаж үлээ гэхээр нь би согтуурал шалгах багаж үлээхгүй, архи уусан үедээ машин барьж замын хөдөлгөөнд оролцоогүй гэдгээ хэлсэн. Тэгсэн хэсгийн төлөөлөгч Б чи барьж ирсэн биз дээ гээд дайраад намайг зүүн гараараа миний баруун шанаа хэсэгт 2 удаа цохиод цээж хэсэгт гараа атгаж байгаад 4 удаа цохисон. Тэгээд цээж рүү цохих үед нь би муужраад амьсгал авч чадахгүй шалан дээр унахад хэсгийн төлөөлөгч Б нь хажууд байсан цагдаа Ч-д намайг худлаа баашилж байна босго гэж хэлээд согтуурал шалгах багаж үлээлгэ гэхээр нь би гадаа салхинд гараад ирий гэхэд гаргаагүй. Тэгээд намайг согтуурал шалгах багаж үлээлгээд бичвэртэй 2 хуудас бичгийн цаасан дээр хэсгийн төлөөлөгч Б гарын үсэг зуруулж авсан. Тухайн гарын үсэг зуруулсан 2 цаасыг надад уншуулж танилцуулаагүй. Цагдаа Ч-г машин авчирч тавь гэж хэлээд цагдаа Ч машиныг авчирч цагдаагийн хэсгийн байрны хажууд тавиад машины түлхүүрийг аваад одоо яв маргааш ирж уулзаарай гэж хэлээд явуулсан. Цагдаагийн хэсгээс 22 цаг өнгөрч байхад гарахад үүдэнд У гэж дууддаг /жинхэнэ нэр нь У юм билээ/ залуу байхаар нь түүний утсаар ах Э гэдэг хүн лүү залгасан чинь машины аккумлятор суучихсан асахгүй байна гэхээр нь би явган ганцаараа М гэдэг дүүгийн очоод гэрт нь ороход М, түүний эхнэр Т, бага насны хүүхдийн хамт байсан бөгөөд М өөрийн машинаар намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд би гэртээ хүргүүлэх замдаа М-д хэсгийн төлөөлөгч Б намайг зодсон талаар хэлэхэд М нь хэсгийн төлөөлөгчтэй уулзана гээд цагдаагийн хэсгийн гадаа ирэхэд хэсэг дээр хэсгийн төлөөлөгч Б, цагдаа Ч нар байгаагүй. Гэртээ ирэхэд манай гэрт эхнэр Б ганцаараа байсан бөгөөд миний цээж нэг эвгүй болоод ханиалгаж чадахгүй байсан. Гэртээ ирээд 1 цаг гаран болоход бүр цээжээр өвчин ороод өвдөөд эхэлсэн бөгөөд шөнө 01 цагийн үед багийн эмчид дуудлага өгөөд багийн эмч Үүрцайх ирж аваад сумын эмнэлэгт хүргэсэн. Тэгээд сумын их эмч Н ирж үзээд цээжинд гэмтэлтэй байна аймаг явж цээжний зураг авхуулах шаардлагатай гээд надад өвчин намдаах эмчилгээ хийсэн. Эмнэлэг дээр байхад хэсгийн төлөөлөгч Б-ийг сумын эмч Н, манай дүү З нар дуудахад хэсгийн төлөөлөгч Б, цагдаа Ч-н хамт ирэхэд нь та нар хүн зодоод гэмтээсэн байна гэхэд хэсгийн төлөөлөгч Б та нар юугаар нотлох юм бэ, би зодоогүй гээд байсан. Маргааш нь буюу 2024.02.01-ний өглөө би аймгийн төв рүү явах гэж байхдаа хэсгийн төлөөлөгч Б-ийг утсаар дуудаж манай дүү Б-н гэрт уулзахад хэсгийн төлөөлөгч Б нь явж үзүүлээд баримтаа бүрдүүл, бэртэж гэмтээгүй бол би нэр төрөө сэргээлгэнэ шүү гэж хэлээд тоохгүй байсан. Тэгээд би **** нэгдсэн эмнэлэг дээр ирж Баатарцогт гэдэг эмчид үзүүлж цээжний зураг авхуулахад надад эмч зөөлөн эдийн гэмтэл байна зураг дээр гарахгүй өвдөөд байвал 2 хоногийн дараа дахиж үзүүлээрэй гэж хэлсэн. Би аймаг дээр эмчид үзүүлээд өмгөөлөгч Ариун-Эрдэнэтэй уулзаж зөвлөгөө авсан бөгөөд гомдол санал яах вэ Улаанбаатар хотод очиж үзүүл гэхээр нь 2024.02.02-ны өдрийн 15 цагийн автобусаар Улаанбаатар хот руу ганцаараа яваад Мөнгөн гүүр эмнэлэг дээр 2024.02.03-ны өдөр очиж үзүүлж зураг авхуулсан. Тэгээд зөөлөн эдийн гэмтэл зураг дээр гарахгүй компьютерт харуул гээд яаралтайгаар үзүүлэхэд зүүн талын 4 дүгээр хавирга зөрүүтэй хугаралтай, 2,3 дугаар хавирга зөрүүгүй хугаралтай байна гэж гарсан. Тэгээд би витамин, кальци зэрэг эмч уусан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй бөгөөд Улаанбаатар хотоос 2024.02.05-ны өдөр хувь машинаар гараад 2024.02.05-аас 06-нд шилжих шөнө аймгийн төвд ирээд 2024.02.07-ны өдөр Говь-Алтай аймгийн Прокурорын газарт өргөдөл гаргаад сум руугаа явсан. Намайг хэсгийн төлөөлөгч цагдаагийн хэсгийн өрөөнд зодох үед хэсгийн төлөөлөгч Б, цагдаа Ч хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Миний зүүн талын 2,3,4 дүгээр хавирга хугарсан бөгөөд өөр гэмтэл учраагүй. Би сумын эмч Н, аймгийн эмнэлэгт гэмтлийн эмч Б, Улаанбаатар хотод “Мөнгөн гүүр” эмнэлэгт тус тус үзүүлж зураг авхуулсан бөгөөд баримтууд нь байгаа. Тухайн хэрэг болох үед хэсгийн төлөөлөгч Б, цагдаа Ч нар цагдаагийн албаны дүрэмд хувцастай байсан. Би цээж хэсгээр хүрэн алаг гэрэл ойлгогчтой ажлын куртик, доогуураа хөвөнтэй өмдтэй байсан. Миний хувцас урагдаж цус болсон зүйл байхгүй. Тухайн үед надаас цус гараагүй. Би архи уусан үедээ машин жолоодоогүй. Намайг айлд байхад миний машиныг Жамбалдорж бариад гэртээ очоод ирсэн байсан. Ж нь өөрөө жолооны үнэмлэхгүй бөгөөд дэлгүүрийн гадаа ирээд зогсож дэлгүүрт орж ирэх үед араас нь цагдаа орж ирсэн байсан. Ж бол архи уугаагүй эрүүл байсан. Намайг согтуу жолоо барьсан гээд эрх хасна гээд байсан учир согтуурал шалгах багаж үлээхгүй шалгуулахгүй гэсэн. Би *** аймгийн **** суманд 2019 оны 07 дугаар сарын 20-ны үед мотоциклийн ард суугаад жолоог О барьж яваад эрэг рүү унаж гэмтэж байсан. Тухайн үед жолоо барьж явсан хүн нас бараад надад баруун талын нүүрний яс цууралттай, баруун талын 10 хавирга хугарсан, уушги гэмтсэн, элэг устсан гэмтлүүд учирч байсан. Тэгээд би 2 жил гаран эмчилгээ хийлгэж гэмтлүүд бүрэн эдгэсэн. Элэг өвчилсөн гэж эмчийн хяналтад байдаг. Надаас хэсгийн төлөөлөгч Б уучлалт гуйх юм бол гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл гэвэл эмчилгээний зардал болон замын зардалд 700,000 төгрөг гарсан байгаа. Үүнийг би баримтаар гаргаж өгч нэхэмжлэх болно. Мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх болно ...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 16-19, 21-22-р хуудас/,
2.Гэрч Б.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б 2024 оны 01 сарын 31-ний орой 18 цагийн үед намайг гэртээ байхад манай гэрт ирээд нүүрс буулгаж өгсөн. Тэгээд хамт 2 айлд нүүрс буулгаад 19 цаг өнгөрч байхад **** дэлгүүрийн гадаа машинтай ирж зогсоод хүнтэй уулзана гээд Б орсон бөгөөд би машинд нь ганцаараа үлдсэн. Тэгээд би машинд нь хүлээгээд сууж байхад 20 цаг өнгөрч байхад манай хүүхдүүд над руу залгаад хоолоо ирж ид гэхээр нь би Б-ийн машиныг бариад гэр рүүгээ явсан. Б намайг машинд үлдээхдээ машинаа асаалттай орхисон байсан. Тэгээд би Б-ийн машиныг барьж гэртээ очоод хоол идчихээд 1 цаг болоод буцаад *** дэлгүүрийн үүдэнд ирж зогсоолд хүлээж байхад араас сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр ирээд машины жолооч хаана байна гэхээр нь дэлгүүрт байгаа гэж хэлэхэд цагдаа над дэлгүүр рүү ороод Батнасанг аваад гараад ирсэн. Тэгээд цагдаагийн хэсэг рүү авч явсан...Б нүүрс буулгаж байхад ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Тэгээд нүүрсээ буулгаж дуусаад **** дэлгүүрийн гадаа зогсоод айл руу орно гээд орсон. 1-2 цагийн дараа дэлгүүрээс гарч ирэхдээ согтуу байсан. Нүүрс буулгаж байхад Бийн биеийн байдал зүгээр, эрүүл байсан. Нүүрс буулгаж байхдаа бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Ямар нэгэн гэмтэл бэртэлтэй зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 53-55-р хуудас/,
3.Гэрч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би ***** аймгийн *** сумын төв дээр хүргэн Гийн гэрт хэвтэж байхад орой харанхуй болсон хойно Б над дээр орж ирсэн. Тэгээд над дээр орж ирэхэд нь би хүмүүсийг орж ирэхэд нь өгч байсан архи задлаад түүнээс Б уусан байх. Би өөрөө архи уудаггүй болохоор уугаагүй. Б над дээр орж ирэхдээ архи уусан байсан эсэхийг мэдэхгүй.Түүний биеийн байдал хэвийн байсан зүгээр байсан. Ямар нэгэн зүйл өвдөж гэмтсэн талаар яриагүй. Нээх юм яриагүй зүгээр байж байгаад л гарсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 50-51-р хуудас/,
4.Гэрч С.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** аймгийн Цагдаагийн газрын **** сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ш.Б бид хоёр 2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой харанхуй болсон хойно сумын төвд эргүүл хяналт шалгалтыг хийсэн бөгөөд эрүүл хийгээд зогсож байхад гудамжнаас Б.Б-ийн жолооддог ягаан өнгийн толготой, ачаа нь өндөрлөгтэй **** маркийн машин ирж байсны замын зохицуулагчийн улаан гэрэл хараад шууд чиглэлээр өөрчлөөд **** дэлгүүрийн үүдэнд очиж зогссон. Тэгээд түрүүлээд хэсгийн төлөөлөгч Батсүх нь дэлгүүрийн үүдэнд зогссон *** машин луу явсан бөгөөд би араас нь очсон. Тухайн үед гадаа харанхуй болсон учир тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсныг харах боломжгүй байсан. Тэгээд би дэлгүүрийн гадаа очоод машины хажууд зогсож байхад дэлгүүрээс хэсгийн төлөөлөгч Б, Б хоёр гарч ирсэн бөгөөд машинд нэг эрэгтэй хүн байсан. Би машинд байсан хүнийг мэдэхгүй байна, нүүрс болгосон бололтой хар хувцастай хүн байсан. Тухайн үед Б нь архи уусан байдалтай, ухаан мэдэрлээ алдаагүй биеэ авч явах чадвартай байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч Б бид хоёр Ба-г дагуулаад цагдаагийн хэсгийн байр луу явсан. Тухайн үед бас нэг мотоцикл жолоодож явсан нэг залуу хамт явж байсан. Тэгээд цагдаагийн хэсгийн байранд очоод хэсгийн төлөөлөгчийн өрөө рүү Б-г дагуулаад хэсгийн төлөөлөгч Б бид хоёр орсон, хэсгийн төлөөлөгчийн өрөөний үүдэнд мотоциклтой явсан залуу зогсож байсан. Хэсгийн төлөөлөгчийн өрөөнд ороод Ба-ийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахаар багажаар шалгах гэхэд шалгуулахгүй эсэргүүцэж үлээхгүй гэсэн. Ба нь би машин бариагүй гээд согтуурал шалгах багаж үлээхгүй гэж хэлсэн. Тухайн үед Батгасан нь хэсгийн төлөөлөгч бид хоёрыг дарамталж оролдох ёсгүй хүнээрээ оролдож байна, сумын засаг даргыг дуудах уу? аймгийн засаг даргыг дуудах уу гээд байсан. Тэгээд би мотоцикл жолоодож явсан хүний бичиг баримтыг шалгаад өрөөнөөс орж гараад явсан. Ба-г шалгах үед би түүний машиныг авчирч цагдаагийн хэсгийн хашаанд авчирч тавьсан. Тэгэхэд Ба нь машин гар утсаа үлдээсэн байна гээд өөрөө гарч машинаасаа авч байсан. Тэгээд согтуурал шалгахаас татгалзсан гэж тэмдэглэл үйлдээд явуулсан. Ба-г мотоциклтой зөрчил гаргасан гэж саатуулсан хүний ээж нь ирсэн бөгөөд тэр хүнтэй хамт явсан. Б овогтой Ба нь машин бариагүй гээд согтуурал шалгах багаж үлээхгүй байсан. Мөн 100,000 төгрөг өгий ахыгаа явуулчих гээд байсан. Өөр бусдаар нээх эсэргүүцсэн зүйл байхгүй. Б.Ба-г шалгах үед хэсгийн төлөөлөгч Б бид хоёр цагдаагийн албаны дүрэмд хувцастай байсан. Б овогтой Ба-г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж шалгах үед тусгай хэрэгсэл, мэх хэрэглэсэн зүйл байхгүй. Зүгээр өөрөө хэсгийн байранд орж ирсэн бөгөөд өөрөө согтуудаа жолооны эрх хасах гээд байна, би машин жолоодоогүй гээд уурлаад байсан. Тэгээд би нэг хэсгийн төлөөлөгчийн өрөөнөөс гараад буцаж орж ирэхэд Ба нь өрөөний шалан дээр дөрвөн хөллөж хэвтсэн байдалтай доошоо харсан байсан. Тэгээд намайг орж ирэхэд зүгээр босож ирээд сандал дээр суусан. Ба-г яагаад доошоо хараад 2 өвдөг, 2 тохой дээрээ дөрвөн хөллөсөн байдалтай болсныг мэдэхгүй. Тэгээд ах нь бачимдаад байна гээд өрөөнөөс гадагшаа хэсэг сууж байгаад буцаж орж ирсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 30-34-р хуудас/,
5.Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Б.Ба нь 2024 оны 01 сарын 31-ний орой намайг гэртээ ганцаараа байж байхад орой 23 цагийн үед М гэдэг хамаатны залуугаар хүргүүлж ирсэн. Ирэхдээ бага зэрэг архи үнэртүүлсэн халамцуу байсан бөгөөд гэртээ ирээд надад хэлэхдээ манай авга ах Т дээр орсон чинь манай нөхрийг аварга малчин болсон гээд архи гаргаж өгөөд уусан гэсэн. Тэгээд тэндээс гараад явах гэсэн чинь **** сумын хэсгийн төлөөлөгч Б нь согтуу машин барьсан цагдаагийн хэсэг дээр очиж мэдүүлэг өг гээд дагуулж яваад **** сумын цагдаагийн хэсгийн байранд согтуу машин бариагүй гээд хэсгийн төлөөлөгч Б-д зодуулсан гэж хэлсэн. Манай нөхөр Ба гэртээ ирэхдээ их зовуурьтай цээжээр хатгаад амьсгаа авч чадахгүй байна гээд ханиалгаад байсан. Тэгээд өвдөлт нь нэмэгдээд байхаар нь багийн эмч дуудаж үзүүлсэн. Тэгээд сумын эмнэлэг дээр ирээд их эмч Н-д үзүүлсэн. Эмч үзээд аймагт үзүүлэх хэрэгтэй энд оношлох боломжгүй гээд өвчин намдаах эм өгсөн. Тэгээд би сумын цагдаа руу залгаад та нарын зодсон хүн чинь эмнэлэгт ирсэн байна ирж хар гээд утсаар дуудсан бөгөөд шөнө хэсгийн төлөөлөгч Б, цагдаагийн хамт ирээд бид нар зодоогүй гээд байсан. Тэгээд эмнэдэг дээр хоноод маргааш нь аймаг явж дараа нь Улаанбаатар хот луу явсан. Улаанбаатар хотод зураг авхуулахад 3 хавирга хугарсан гэсэн байсан. Манай нөхөр Б.Ба нь 2020 оны 08 дугаар сарын үед хөдөө нүүж явж байгаад шөнө төөрөөд мотоциклтой эрэг рүү унаад баруун талын хэсэг тэр чигтээ гэмтсэн. Баруун талын 12 хавирга хугарсан бөгөөд одоо тэр гэмтэл нь зүгээр болсон. Манайх 2 жил Улаанбаатар хотод байж эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Манай нөхөр Б.Ба нь 2024 оны 01 сарын 29-ний өдөр Баянтээгийн нүүрсний уурхай руу машинтайгаа ганцаараа нүүрсэнд яваад 2024 оны 01 сарын 30-ны шөнө гэртээ ирж хоноод 2024 оны 01 сарын 31- ний өглөө нүүрсээ буулгахаар явсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 57-59-р хуудас/,
6.Гэрч Н.Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой 23 цаг 42 минутад Эрүүл мэндийн төвд *** сумын **** дугаар багийн иргэн Б.Ба, 49 настай, эрэгтэй хүний цээжээр хөндүүрлэж өвдөнө, амьсгалж ханиалгахад хөндүүрлэнэ, амьсгаа авч болохгүй байна гэсэн дуудлагын дагуу би хүний машинаар **** аймгийн **** сумын дугаар баг Олон байшин гэдэг газарт 12 цаг 05 минутад очиж үзэхэд Б.Ба нь монгол гэрийн зүүн талд орны өмнө шалан дээр 2 хөлөө жийгээд нуруугаа ор налаад сууж байсан. Тэгээд би амин үзүүлэлтийг үзээд хэвийн байсан бөгөөд Б.Ба өөрөө надад хэлэхдээ амьсгаа авч болохгүй, цээжээр өвдөөд, ханиалгахад зовуурьтай байна гэсэн. Б.Ба нь эхлээд дуудлага өгөхдөө хүнд зодуулсан гэж дуудлага өгсөн бөгөөд очиж үзэхэд Б.Ба нь өөрөө сумын хэсгийн төлөөлөгч Б-д цээж хэсэг рүүгээ 2-3 удаа цохиулснаас болоод цээжээр өвдөөд байна гэсэн. Өмнө нь бас мотоциклоос унаж гэмтэл авч хавирга гэмтэж байсан гэсэн ярьж байсан. Намайг Б.Ба-н биед үзлэг хийхэд ил харагдах гэмтэл байхгүй, хэвийн байсан. Би цээж хэсгийн нүцгэлж биеийн үзлэг хийсэн бөгөөд ямар нэгэн хөхрөлт, няцралт, улайсан зүйл байгаагүй. Мөн зовуурилан өвдөж байгаа газарт гараар тэмтэрч дарж үзэхэд зүүн талын 3-4 дүгээр хавирга орчим дарахад зовуурьтай байсан. Тэгээд анхан шатны тусламж үзүүлж, бэртэл гэмтлийг оношлох боломжгүй учир сумын Эрүүл мэндийн төв рүү авч явсан. Би анхны үзлэгээр цээжний битүү гэмтэл гэж оношилсон бөгөөд ил гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 61-64-р хуудас/,
7.Гэрч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой Б-н Б-ийн биед үзлэг хийсэн. Намайг орой гэртээ амарч байх үед 5 дугаар багийн эмч Ү утсаар дуудаад хүн үзээд өгөөч хүнд зодуулсан хүн байна гэсэн. Тэгээд би эмнэлэгт ороход Ба нь эмнэлгийн 2 давхарт байсан. Тэгээд би үзлэг хийж амин үзүүлэлтийг шалгаж түүний биед үзлэг хийсэн. Надад Б.Ба хэлэхдээ цээжээр өвдөөд байна сумын 2 цагдаа намайг цохисон гэж байсан. Намайг үзлэг хийхэд ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх, сорви, хаван, хавдар, хөхрөлт, няцралт байгаагүй. Би яг аль талдаа гэдгийг санахгүй байна ямар ч байсан суганы дунд шугамаар хавирга тэмтэрч үзэхэд эмзэглэлтэй байсан. Тэгээд сумын эмнэлэгт хавирганы хугарал, цуурал зэргийг оношлох боломжгүй учир аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж рентген зураг авхуулах шаардлагатай гэж хэлээд ямар нэгэн эмчилгээ бичиж өгөөгүй үзлэгийн тэмдэглэлийг бичгийн цагаан цаасан дээр үйлдэж аймаг явахдаа авч яваарай гээд өгсөн. Тэгэхэд Ба-ийн хамт эхнэр Бү, дүү З нар хамт байсан. Тэгээд би үзлэг хийгээд байж байхад цагдаа зодсон гэсэн учир гэмтлийг тогтоох боломжгүй гээд сумын 2 сумын цагдаа ирээд зодоогүй энэ тэр гээд маргалдсан. Тэгээд аймаг руу явахаар болсон бөгөөд би гэр лүүгээ яваад тэр хүмүүс үлдсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 66-68-р хуудас/,
8.Гэрч Х.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой 23 цаг өнгөрч байхад манай бүл ах болох Ба гаднаас архи үнэртүүлсэн байдалтай орж ирсэн. Ба ахыг гэрт орж ирэхэд би унтаагүй байсан бөгөөд манай эхнэр Л.Т бид байсан. Хүүхдүүд унтсан байсан. Ба ах гаднаас ганцаараа орж ирээд намайг гэрт хүргээд өгөөч гэхээр нь би өөрийн эзэмшлийн Тoyota маркийн суудлын машинаар Ба ахыг хүргэж өгөхөөр явсан. Тухайн үед би жолоо бариад Ба ах жолоочийн хажуугийн урд суудал дээр сууж явсан. Түүний гэр лүү явах замд Ба ах надад сумын хэсгийн төлөөлөгч Б, цагдаа Ч хоёр намайг зодсон гэсэн. Зодсон шалтгаан нь намайг согтуу машин барьсан гээд зодсон гэж хэлсэн. Зоригоогийн дэлгүүр буюу **** дэлгүүрийн үүдэнд байхад цагдаа ирээд согтуу машин барилаа гэж хэлэхэд би жолоо бариагүй гэж хэлэхэд балай хүн байж байгаа биш пизда минь гээд дэлгүүрийн үүдэнд зодсон гэж хэлсэн. Зодохдоо газар унагааж байгаад хөлөөрөө өшиглөсөн гэж хэлсэн бөгөөд зүүн талын цээж хэсгээр дараад өвдөөд байна гэж байсан. Тэгээд би гэрт нь сумын төвөөс 6 км зайтай хөдөө гэрт нь хүргэж өгсөн. Би Ба ахыг гэрт нь оруулж өгөөд гарсан. Ба ах цай уух гээд зовуурилаад байсан бөгөөд би бол цай уугаагүй идээ амсаад гарсан...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 70-72-р хуудас/,
9.Гэрч Б.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой би гэртээ унтах гээд хэвтэж байхад манай Ба ахын эхнэр Бү нар руу утсаар залгаад ахыг чинь хэсгийн төлөөлөгч Б зодсон гэж байна, одоо хавирга нь өвдөөд амьсгалж чадахгүй байна, эмч аваад хүрээд ирээч гэсэн. Би багийн эмч Үүрцайхыг аваад гэрт нь очиход манай ах Ба гэртээ орон дээрээ амьсгалж чадахгүй байна гээд хэвтэж байсан. Ах Ба-г эхнэрийн хамт аваад сумын Эрүүл мэндийн төвд авч ирж их эмч Н-д үзүүлсэн. Нр эмч ахыг үзээд битүү гэмтэл байна, 1-2 хавирга гэмтсэн юм шиг байна, аймагт очиж зураг авхуулах шаардлагатай гэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 78-80-р хуудас/,
10.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “...Б.Ба-ийн биед зүүн 2 болон 3 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, зүүн 4-р хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Б.Ба-ийн биед ил харагдах шарх, цус хуралт зулгаралт гэмтэлгүй байна. 6. Б.Ба-ийн биед учирсан гэмтэл нь хэвтээ болон босоо барилалд цээж хэсэгт цохих, өшиглөх, бусад хүч үйлчлэх үед үүсэх боломжтой...” гэх 103 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 100-101-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Нэгдсэн үндэстний байгууллагын “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенцод “эрүүдэн шүүх” талаар ойлголтыг тодорхойлж, эрүүдэн шүүхийг үнэмлэхүй агуулгаар хориглосон төдийгүй, энэхүү хориглолт нь түгээмэл харьяаллын шинж чанартайгаар хэрэгжиж байхаар Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйл, Ромын дүрмийн 7 дугаар зүйл зэрэг олон улсын хүний эрхийн талаарх эрх зүйн баримт бичгүүдэд тусгалаа олсон.
“Эрүүдэн шүүх” гэдэг нь эрүү шүүлтээс ангид байх хүний салшгүй эрхийг сахин хамгаалах нөхцөлийг хангах үүднээс гэмт хэргийн шинжид багтсан байх ёстой үйлдэл, эс үйлдэхүйн ойлголтыг тусгасан олон улсын эрх зүйн хэм хэмжээ байх бөгөөд гэрээний тал улс орнууд уг ухагдахууны агуулгаар хязгаарлахгүй, харин олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн дагуу эрүүдэн шүүх гэмт хэргийн шинжийг илүү өргөн утгаар тодорхойлж хэрэглэж болохыг тусгажээ.
Конвенцод заасан тодорхойлолт түүний ухагдахууныг шууд хэрэглэхийг Монгол Улс Эрүүгийн хуулиараа хүлээн зөвшөөрсөн, Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж заасан.
Мөн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүү шүүлтийн агуулгыг илүү өргөн хүрээтэй хуульчилсан ба үүнд “Эрүү шүүлт” тулгах гэмт хэргийн субъект нь төрийн албан хаагч байхаар, гэмт хэргийн шинжийг “тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол” гэж тодорхойлжээ.
“Төрийн албан хаагч” гэж Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дэх хэсэгт “төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг”, мөн хуулийн 13 дугаар зүйлд төрийн тусгай албан тушаалд хамаарах албан тушаалуудын хуульчилсан бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсгийн 13.1.6-д “... цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ... байгууллагын офицер, ахлагч, ...” гэж заасан байна.
Энэ хэргийн хувьд шүүгдэгч Ш.Б нь **** аймаг дахь цагдаагийн газрын **** сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг төрийн тусгай албан хаагч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий субъект нь хуулийг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх, хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээд ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... мөрдөгч ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж хуульчилжээ.
Хэргийн үйл баримтаас үзэхэд хохирогч Б.Ба нь 2024 оны 01 сарын 31-ний өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчилд холбогдсон үед цагдаагийн алба хаагч Ш.Б түүнийг шалгах үедээ ***** аймгийн *** сумын төвд цагдаагийн кабонд оруулан хэрэг хүлээлгэх зорилгоор биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.
Дээрх тогтоогдсон үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хэсгийн төлөөлөгч буюу төрийн тусгай албан хаагчаар ажиллаж байхдаа шүүгдэгч Ш.Б нь хохирогч Б.Ба-д хэрэг хүлээлгэх зорилгоор биед нь халдаж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүндэвтэр хохирлыг учруулж, хүнлэг бус хэрцгий харьцаж, шахалт үзүүлж эрүү шүүлт тулгасан байна.
Мөрдөгч төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчих, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах тохиолдолд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн албаны хууль ёсны байх эрх ашиг давхар хөндөгдөж байдаг бөгөөд цагдаагийн хэсгийн албан өрөөнд хохирогчийг зодож эрүү шүүлт тулгасан нь хүний хууль ёсны эрхийг хүндэтгэж харьцах, албаны шаардлагыг зөв хэлбэрээр илэрхийлэх зэрэг хууль сахиулагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллагаагүй гэж үзэх үндэслэл болно. Шүүгдэгч Ш.Б нь албан тушаал ажил үүргийн хувьд Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субъектийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “төрийн тусгай албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйл 2 дахь хэсгийн 2.1-д хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах үндсэн шинжийг тодорхойлсон ба тус зүйлийн 2 дахь хэсэгт заасан Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэх шинжээр тодорхойлно гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.12 дахь заалтад “эрүүдэн шүүж” үйлдсэн бол хүндрүүлэх шинжээр заасан.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Б.Ба-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь хохирогчийн мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, Мөнгөн гүүр эмнэлгийн компьютер томограф, рентген зураг, рентген оношилгоо, шинжилгээнд хуудас зэрэг бусад баримтаар тогтоогдсон бөгөөд энэ нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ш.Б-ийн үйлдэл нь байх тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүдэн шүүж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг давхар хангажээ.
Иймд шүүх шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн тусгай албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “эрүүдэн шүүж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Улсын яллагч: Ш.Б нь **** аймгийн Цагдаагийн газрын **** сумын хэсгийн төлөөлөгч буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр **** аймгийн *** сумын төвд цагдаагийн кобон байранд Б.Ба-г хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулган мөн эрүүдэн шүүж, түүний баруун шанаа хэсэгт нь 2 удаа, цээж рүү нь 4 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хоёр болон гуравдугаар хавирганы зөрөөгүй хугарал, зүүн дөрөвдүгээр хавирганы зөрөөтэй хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн үйл баримтыг сэргээн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасан, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байна… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлүүлье. Гэмт хэргийг шүүгдэгч Ш.Б үйлдсэн гэм буруутайд тооцуулъя. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 443,200 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчээс энэ мөнгийг гаргуулж хохирогчид олгуулъя. Хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн тогтоолгохоос татгалзсан тул сэтгэцийн хор уршиг гаргуулахгүй талаар дурдаж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг: “…Хэрэг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Прокурорын газраас анхан шатны шүүхэд шилжиж ирсэн болох нь тогтоогдсон. Хэргийг даргалагч шүүгч 2024 он 8 дугаар сарын 09-ний өдөр хуваарилагдан авч даргалагчийг өөрчлөн тогтоох тухай шүүгчийн захирамжаар 2024 оны 08 дугаар сарын 09-ний хүлээн авсан байна. Тэгээд улмаар шүүгдэгчийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлж, хэргийг анхан шатны шүүх хурлыг зарласан байна. Өөрөөр хэлбэл хэрэг шүүгчид хуваарилагдаж ирсэн өдрөөс хойш шүүх хуралдаан зарлах хүртэл гуравхан хоногийн хугацаа өнгөрчээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1-д прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийг аль нэгийг гаргана гэж байгаа юм. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх гэж байгаа… Оролцогчийн эрхийг яаж хязгаарлаж байна гэхээр прокурорын зүгээс гаргасан яллах дүгнэлт байна. Энэ яллах дүгнэлт бол хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтыг жагсаагаад бичсэн. Гэтэл хэрэгт цугларсан гэрч О, гэрч У нарын мэдүүлэг, камерын бичлэг, дахин шинжээч томилуулах хүсэлтийг огт хүлээж авдаггүй. Шинжээчийн дүгнэлт гарсан байна. Шинжээч өөрийн итгэл үнэмшлийн дагуу хуульд заасан эрхийн хүрээнд гаргасан байна. Энэ шинжээчийн дүгнэлтийг 100 хувь хүлээн зөвшөөрөх эсэх нь оролцогчийн эрхийн асуудал. Мэдүүлгийн явцад дурдаж байна. Шинжээчийн шинжилгээний объект дутуу байгаа. Өөрөөр хэлбэл хавтаст хэргээ бүтэн өгч танилцуулаагүйгээр зөвхөн Мөнгөн гүүр эмнэлгийн томографикын дүгнэлт, рентгений дүгнэлт хоёрыг үзүүлээд дүгнэлт гаргуулсан. Багийн эмч, сумын эмч, аймгийн гэмтлийн эмчийн мэдүүлгийг огт уншиж судлуулахгүй шинжээч дүгнэлт гаргасан байна. Энэ нь өөрөө эргэлзээтэй буюу дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах шаардлага зайлшгүй байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор гэж байгаа. 33.1 дүгээр зүйлийн 6.13-д нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол, 6.14.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол гарвал шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэж заасан. Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж байгаа. Прокурорт буцаах хууль зүйн үндэслэл энэ дээр гарч байна. Дараагийн нэг зүйл одоо энэ хэрэгт цуглаад байгаа яллах талын нотлох баримтууд болох гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Хохирогчтой зөрүүтэй бусад байдлаар зөрүүтэй байдаг. Хохирогчид хуульд сануулж мэдүүлэг авч байгаа. Гэрчид хуульд сануулж мэдүүлэг авч байгаа. Хэн аль нь худлаа мэдүүлэг өгөх боломж байхгүй. Мөн гэрчүүд хоорондоо М-ийн мэдүүлэг хохирогчтой зөрүүтэй байдаг. Тэрийг мэдүүлгүүдийн зөрүүг арилгах, гэрчүүдийг хооронд нь нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагаа явуулахыг хүсэж байна. Тэр ажиллагаанд нь өмгөөлөгч бид оролцохыг хүсэж байна. Энэ дээр Ш.Б гэдэг хүнийг яллаад шүүхээр шийдэх нь гол биш. Тал талаас нь нотлох баримтаа цуглуулаад үнэхээр гэмт хэрэг үйлдсэн юм уу гэдгийг тогтоох нь бид нарын хүсэл байна. Ш.Б гэдэг хүнийг шүүхээр шийдчих юм бол болоо гээд байна. Энэ хүний цаана амьдрал байгаа, ажил байгаа. Шүүхээр эрхээ хамгаалуулах эрхтэй субъект мөн үү, мөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан яллагдагчийн эрх байгаа. Манай үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна. Улсын яллагч конвенц гээд яллах дүгнэлт дээрээ бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд мэдүүлэг авах, ял оногдуулах гээд субъектив талын зорилгыг заагаад өгсөн. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх асуудал дээр тийм зорилго байх шинж байхгүй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн гэмт мэдүүлэг авах ажиллагаа, процессын ажиллагаа явагдах боломж байгаагүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм: “...хавтаст хэрэгт авагдсан прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцох санал нь эргэлзээтэй, дээрээс нь нотлогдохгүй байгаа тул ашигтайгаар шийдвэрлэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгнө үү. Зөрчлийн хэрэг шалгасны төлөө энэ хүнийг буруутгах гэж оролдож байгаа оролдлого гэж харахаар байна. Гэтэл шууд энэ хүнийг эрүү шүүлт тулгасан гэж үзэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэх дүгнэлтүүдийг гаргаж мэтгэлцэж оролцлоо.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулах, нэмэлт ажиллагаа хийлгэх, дахин шинжээч томилуулах зэрэг хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Ш.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1-д заасан төрийн тусгай албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүдэн шүүж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ш.Б-ийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2,700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8,100,000 (Найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2 (Хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Батсүхэд мэдэгдэв.
Дээрх гэмт хэргүүдийн улмаас хохирогч Б.Ба-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Хохирогч Б.Ба-ийн мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар гаргаж нэхэмжилсэн 443,200 (Дөрвөн зуун дөчин гурван мянга хоёр зуу) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Б.Ба нь сэтгэцийн хохирол нэхэмжлэхгүй талаар мэдүүлдэг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлээгүй болно.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн амбулаториор эмчлүүлэгчийн карт 11 хуудас, Мөнгөн гүүр эмнэлгийн компьютер томографын оношилгоо 1 хуудас, хатуу диск 1 ширхэг, рентген зураг 3 хуудас, рентген оношилгоо 1 хуудас, багажийн болон лабораторийн шинжилгээнд илгээх хуудас 1 зэргийг хохирогч Б.Ба-д буцаан олгох, хэрэгт баримтаар авагдсан 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б-О овгийн Ш-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төрийн тусгай албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “эрүүдэн шүүж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
2.Шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2,700 (Хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ш.Б-ийн нийт эдлэх ялыг 8,100,000 (Найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан торгох ялыг 2 (Хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Б-д мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Ш.Б-с 443,200 (Дөрвөн зуун дөчин гурван мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ба-д олгосугай.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн амбулаториор эмчлүүлэгчийн карт 11 хуудас, Мөнгөн гүүр эмнэлгийн компьютер томографын оношилгоо 1 хуудас, хатуу диск 1 ширхэг, рентген зураг 3 хуудас, рентген оношилгоо 1 хуудас, багажийн болон лабораторийн шинжилгээнд илгээх хуудас 1 зэргийг хохирогч Б.Ба-д буцаан олгох, хэрэгт баримтаар авагдсан 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР