Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 00134

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Т.Ганзориг

Иргэдийн төлөөлөгч Ц.Уранчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Хохирогч О.Нэргүй

Шүүгдэгч Б.Баян-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баян-Амгаланд холбогдох 201714000154 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Дэнжийн а-11 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Дэлгэрмөрөн овогт Бадамгарьдын Баян-Амгалан.

/ рэ73122037 /

                                               Холбогдсон гэмт хэргийн талаар

Шүүгдэгч Б.Баян-Амгаланг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1. Шүүгдэгч Б.Баян-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 03 дугаар сарын 08-ны орой эхнэр Мөндөрмаа бид хоёр Говил багийн “Эгшиглэн” соёлын төвд бүжигэнд орсон юм. Тэгээд би соёлын төвийн үүдэнд гараад зогсож байхад манай хүү Нэргүй согтуу нэг найзынхаа хамт ирээд миний нүүр хэсэг рүү цохиод авахаар нь би чи аавыгаа  яаж байгаа юм бэ? гэхэд намайг араас боосон. Би боогдоод хойш унахдаа зүүн гараараа газар тэмтрээд нэг хатуу зүйл таарахаар нь аваад гараа хоёр тийш нь саваад цохисон. Хүү маань миний хоолойг боосон байсан тул тавиулах гэж л түүний хоёр тал руу цохисон. Дараа нь шил байсан байна гэдгээ мэдсэн. Тэгээд Нэргүйн найз нь салгаад босоод иртэл гэдэснээс нь цус гарч байсан. Тэгээд би сандраад дэлгүүр лүү гүйж ороод цагдаа дуудсан. Нэргүй намайг урьд нь эхнэр Мөндөрмааг зодсон гэж бодсон юм шиг байгаа юм. Би эхнэрээ зодоогүй, Нэргүйг өөрийн төрсөн хүү шигээ хандаж бүхий л зүйлээ зориулж өсгөсөн гэв.

2. Хохирогч О. Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр мартын найман болж байсан болохоор соёлын төвд бүжиг болж байсан ба би найз Бямба-Очирын хамт согтуу соёлын төвөөс гарахад аав Баян-Амгалан таараад яагаад архи уугаад яваа хүүхэд вэ? гэртээ харь гээд араас цохиод авахаар нь би ард нь гараад хоолойг нь боогоод татаж унагасан. Гэтэл газраас нэг юм аваад миний хоёр тал руу цохисон. Бид хоёрыг найз Бямба-Очир салгасан. Гэтэл хэвлий хэсэг рүү өвдөхөөр нь дараад үзэхэд цус гарч байсан.Тэгээд би ухаан алдсан, нэг сэрсэн эмнэлэг дээр байсан. Одоо миний биеийн байдал сайн байгаа. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 3. Гэрч О.Бямба-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Нэргүй бид хоёр хэдэн найзынхаа хамт 0.75 литрийн 1 шил ерөөл архи уусан. Тухайн үед Говил багийн соёлын төвд бүжиг болж байсан. Архиа ууж дууссаны дараа Баярбат, Сонин-Эрдэнэ нартай таараад хамт бүжигэнд орох гээд соёлын төв рүү явсан. Нэргүй бид хоёр түрүүлээд алхаад Соёлын төвийн гадаа ирээд би бие засчихаад соёлын төв рүү ороход дотор үүдэн хэсэгт Нэргүй, Баян-Амгалан ахтай хэрэлдээд байсан. Би Нэргүйг зүгээр байгаач гээд дагуулаад соёлын төвөөс гаргасан. Нэргүйн хамт Соёлын төвөөс гараад би өөрийнхөө гэрийн зүг алхаад явж байхад араас Баян-Амгалан ах  ирээд Нэргүйтэй зууралдаад газар унасан. Нэргүй газраас босоод хувцасаа тайлаад Баян-Амгалан ахтай зодолдсон. Би Нэргүйгийн газар унасан хувцасыг аваад Нэргүйг зүгээр байгаач гээд салгаад чирээд явж байхад Баян-Амгалан ах араас гүйж ирээд Нэргүйгийн араас татаад цохих шиг болоод газар цуг унасан. Би Нэргүйг газраас босгоход биеийн урд хэсгээс нь цус гарч байсан. Би Баян-Амгалан ахыг яаж байгаа юм бэ? хүн аллаа шүү дээ гэсэн. Баян-Амгалан ах Нэргүйн биенээс цус гарч байгааг харчихаад дэлгүүрийн зүг явсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 35-36-р талд /.

   4. Гэрч Д.Мөндөрмаагийн ...Нэргүй Баян-Амгалантай маргалдаад байхаар нь би цагдаад дуудлага өгөх гээд соёлын төвөөс гарсан. Тухайн үед би гар утасгүй байсан болохоор хүний утас гуйж ярих гээд соёлын төв тойроод эргээд ирэхэд Нэргүй дээгүүрээ нүцгэн хувцасаа тайлчихсан Баян-Амгалантай маргалдаад зодолдож байсан. Би Баян-Амгалан, Нэргүй нар луу гүйгээд очиход Нэргүйн гэдэснээс нь цус гарчихсан газарт хэвтэж уначихсан байсан. Тэр хоёрын хажууд Бямба-Очир байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 40-41-р талд/.

   5. Гэрч Д.Оюундалайгийн ...Мөндөрмаагаас юу болсон талаар асуухад мэдэхгүй байна гэж байсан. Би Цагдаагийн машины араас эмнэлэгт очиход Нэргүйгийн найз нар Баян-Амгалан ахтай зодолдсон чинь Баян-Амгалан ах архины шилээр хатгачихлаа гэж байсан. Би Баян-Амгалангаас юугаар цохисон талаар асуухад надад юу ч хэлэхгүй байсан гэх мэдүүлэг / хх-ийн 42-р талд /

   6. Гэрч Өлзийтуяагийн ...намайг цагдаатай ярьсанаас хойш хэсэг хугацааны дараа Баян-Амгалан орж ирээд ахдаа цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би өөрийнхөө утсаар цагдаагийн 7035102 дугаар луу залгаж өгөхөд Баян-Амгалан ах би хүүхдээ алчихшиг боллоо хурдан ирээч гэж хэлж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 43-р талд /

  7. Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн ...хохирогчийн биед учирсан 4 тооны хатгагдаж зүсэгдсэн шархнаас зүүн ташаан дээр үүссэн шарх нь хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн шарх бөгөөд энэ нь хохирогчийг босоо, суугаа, хэвтээ ямарч байрлалд байхад үүсч болох бөгөөд хурц үзүүр ирмэгтэй зүйлийн ардаас ургаш, зүүнээс баруун чиглэлтэй 1 удаагийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бүсэлхийн баруун талд үүссэн шарх нь баруунаас зүүн тийш, урдаас ар тийш чиглэлтэй хүчний үйлчлэлээр, хэвлийн зүүн дээд хажуу талд үүссэн шарх нь урдаас аргаш чиглэлтэй хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин баруун тохойд үүссэн шарх нь хохирогчийн баруун гар ямар байрлалд байснаас шалтгаалан чиглэл нь янз бүр байна. Согтолтын зэргээс хамааран өвдөлт мэдрэх нь өөр өөр байна. Согтуурах ундааны зүйл хэрэглэсэн хүн өвдөлтийг бага мэдэрнэ...гэх мэдүүлэг / хх-ийн 46-р талд /

8. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 271 дугаартай дүгнэлтэнд: О.Нэргүйгийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн баруун бүсэлхий, хэвлий баруун тохойд нийт 4 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх үүсчээ. Гэмтлийн улмаас хэвлийн хөндийг нээх, нарийн гэдсийг оёх, хэвлийн хөндийг шалгах, угаах, гуурс тавих хагалгаа хийжээ. Эдгээр гэмтэл хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 4 удаагийн хатгах, хатгагдах, зүсэх, зүсэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, бусад 3 хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно гэх дүгнэлт / хх-ийн 48-р талд /

    9. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 3-6-р талд /

   10. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / х-ийн 10-15-р талд /

  1. Өвчний түүх /хх-ийн 24-34-р талд /
  2. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 62-63-р талд/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн нотолгооны ач холбогдолтой байх тул шүүх үнэн зөв гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Баян-Амгалан нь 2017 оны 03 дугаар сарын 08-ны орой  Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг “ Эгшиглэн “ соёлын төвийн баруун талд  Дэнжийн 15-24 тоот хашааны зүүн урд буланд  ээж Мөндөрмаагаа өмөөрч намайг зодлоо гэж марган улмаар хохирогч О.Нэргүйг шилээр зүүн ташаанд хатгаж  бие махбодид нь хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч Б.Баян-Амгалангийн...Мөндөрмаа бид хоёрыг явах гэж байхад Нэргүй дахиад миний хоолойг боохоор нь би газар байсан хагархай архины шилийг аваад Нэргүйгийн хоёр талын суга орчим хатгасан.Намайг газраас архины шил авах үед Нэргүй миний ард гарчихсан араас хоолой боож байсан юм гэсэн, гэрч О.Бямба-Очирын...Баян-Амгалан ах Нэргүйг араас нь татаад цохисон. Нэргүй Баян-Амгалан ахтай зодолдоод дээр доороо ороод газар унаад босож ирээд зодолдоод байсан. Би тэр хоёрыг нэг юм салгахад Нэргүйгийн хэвлийн хоёр талаас цус гараад газарт унасан. Баян-Амгалан ах Нэргүйгийн араас татаад анх цохихдоо хэвлий хэсэг рүү нь хатгасан байх гэж бодож байна. Баян-Амгалан ах Нэргүй бид хоёрын араас гүйж ирээд Нэргүйг араас нь татаад хэвлий хэсэг болон цээж хэсэг рүү нь цохисон гэсэн мэдүүлгүүд хохирогчийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн, баруун бүсэлхий, хэвлий, баруун тохойд нийт 4 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх үүссэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Баян-Амгалан болон түүний өмгөөлөгч Р.Бямбажав нар нь хохирогч О.Нэргүй араас татаж хоолой боож амьсгал боогдуулсаны улмаас газар тэмтэрч байгаад хатуу зүйл тааралдахад авч хохирогчийн хоёр тал руу цохисон нь, аргагүй хамгаалалт хийгдсэн гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байх ба аргагүй хамгаалалтын үндсэн нөхцөл нь халдлага бодитой эхэлсэн дуусаагүй байх явдал бөгөөд халдлага нэгэнт эхэлж хамгаалалт хийхээс өөр аргагүй байдал үүссэн тохиолдолд аргагүй хамгаалалт хийх эрх буюу үндэслэл үүснэ. Хохирогч О.Нэргүй, гэрч О.Бямба-Очир нарын мэдүүлгээс үзэхэд Баян-Амгалан нь шилээр хохирогчийг цохиж байх үед Нэргүй довтолгоогоо үргэлжлүүлж байсан, шүүгдэгч хамгаалалт хийхээс өөр аргагүй байдал үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул аргаргүй хамгаалалт гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Баян-Амгаланг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 62-63 дугаар талд шүүгдэгч Б.Баян-Амгалан нь урьд 1992,1998, 2005 онуудад ял шийтгэгдэж байсан боловч ялаа эдлэж хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, ялтай байдал арилсан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэмт хэргээ сайн дураараа илчилж өөрөө цагдаад дуудлага өгсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, эдлэх ялын дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой байна.

Хохирогч О.Нэргүй нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч энэ хэрэгт 3 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний хүзүү хэсэг 1 ширхэг, хэргийн газраас хураан авсан цусны хатаасан дээж гэх эд зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283,284,258,286,290,294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь :

     1. Шүүгдэгч Дэлгэрмөрөн овогт Бадамгарьдын Баян-Амгаланг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар шүүгдэгч Б.Баян-Амгаланг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зйүлийн 52.10.д заасныг журамлан 52.5.д зааснаар шүүгдэгч Б.Баян-Амгаланд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Б.Баян-Амгалангийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

     5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

     6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний хүзүү хэсэг 1 ширхэг, цусны хатаасан дээж зэргийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгасугай.

 7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баян-Амгаланд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧИД                                        Ц.АЛТАНГАДАС

                                                                                                 Ж.БАЙГАЛМАА