Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2020/0734

 

 

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2020/0734

Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “М” ХХК /РД: ___/

Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Д

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Д нарын 2018 оны 03 сарын 16-ны өдрийн ******* тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч татварын улсын байцаагч Б.Б, Д.Д, хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Я.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Д нар манай компанийн 2014 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсаар 137,272,726.40 төгрөгийн зөрчилд 13,727,272.60 төгрөгийн нөхөн татвар, нийт 13,727,272.60 төгрөгийн төлбөр ногдуулсан байдаг.

Бид Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Д нарын 2018 оны 03 сарын 16-ны өдрийн ******* тоот актын төлбөрийн хэсгийг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч тус зөвлөлийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн №12 дугаар тогтоолоор “Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр актыг хэвээр баталж, бидний гаргасан гомдлыг хангахаас татгалзаж” шийдвэрлэсэн.

Бид Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Д нарын 2018 оны 03 сарын 16-ны өдрийн ******* тоот акт болон Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн №12 дугаар тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байгаа болно. Үүнд:

Манай компани нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагаагаа явуулахдаа барилгын материалуудыг иргэн, хуулийн этгээдээс байнга авах шаардлага тулгардаг. 2014 онд манай компани нь “Зуун айл” дээр байрлалтай барилгын материал зардаг нэг цэгээс 3 удаа барилгын материал худалдан авсан. Бид тухайн зардаг цэгээс “НӨАТ-ын падаан олгох уу?” гэж асуухад олгодог гэж хэлж тухайн “Ш” ХХК-ийн 3 ширхэг падаануудыг өгсөн байдаг, 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасан, тухайн хуулийн 12,13
дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэрэглэх, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараа, үйлчилгээнд хамаарагдахгүй бараа авсан учир “Ш” ХХК-аас хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч компанийнхаа тайланд тусгасан. Гэтэл нь “Ш” ХХК нь өөрийн тайландаа тусгаагүй нь манай компанийн буруутай үйл ажиллагаа биш бөгөөд энэ нь тухайн компанийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой асуудал юм. Манай компани нь “Ш” ХХК-аас хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан худалдан авсан, хуурамч падаанаар санаатайгаар татвар ногдох орлогоо бууруулсан асуудал огт байхгүй.

ТУБ-ын акт буюу шийтгэлийн хуудаст 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг үндэслэжээ. Манай компани нь “Ш” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болох нь тухайн 3 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хангалттай нотлогдож байгаа байна. Иймд албан татварыг хасч тооцож тайландаа тусгасан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм.

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан байдаг. Гэтэл ТУБ-ын акт буюу шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсгийн 6-д “холбогдогч З.Ит-д  өдрийн дотор үүргээ нөхөн биелүүлэхийг даалгасугай” гэж компанийн хүлээх үүрэг хариуцлагыг компанийн хувьцаа эзэмшигчид даалгаж байгаа нь үндэслэлгүй юм.

ТУБ-ын актаас үзвэл тухайн шийтгэлийн хуудас нь холбогдогч “ИХХК-ийг хянан шалгасан болон шийтгэлийн хуудасны “Шийдвэрлэх нь” хэсэгт заасан үүрэг болгосон хэмжээ хэмжээнүүдийг буюу захиргааны актыг гүйцэтгэхийг мөн л “И” ХХК-д даалгажээ. Гэтэл манай компани нь анх 2007 онд байгуулагдахдаа “И” нэртэй байсан боловч 2014 оны 01 сарын 14-ний өдөр компанийн оноосон нэрээ өөрчилж “М” ХХК болсон байдаг. Өөрөөр хэлбэл одоо Монгол Улсад “И” нэртэй ямар ч хуулийн этгээд байхгүй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4 дэх заалтуудад зааснаар ТУБ-ын акт /шийтгэлийн хуудас/ нь утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус буюу захиргааны акт нь илт хууль бус гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Хариуцагч нарын гаргасан шийтгэлийн хуудсын Олсон нь хэсэгт “ИХХК-ийн гаргасан зөрчилд ....”, Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад “холбогдогч “И” ХХК-ийн гаргасан зөрчилд ....”, 8 дахь заалтад “Шийтгэл оногдуулсан шийдвэрийн хувийг холбогдогч “И” ХХК-д хүргүүлсүгэй”, Танилцсан “И” ХХК-ийн захирал гэх зэргээр удаа дараа бичсэн нь утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх бүрэн үндэслэл болох юм.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Д нарын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Д нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...”Ш” ХХК нь татварын хууль тогтоомжийг зөрчиж, Баянгол дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй ___ регистрийн дугаартай “Б” ХХК, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй ___ регистрийн дугаартай “Г” ХХК, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй ___ регистрийн дугаартай “И” ХХК, ___ регистрийн дугаартай “М” ХХК, ___ регистрийн дугаартай “М” ХХК, ___ регистрийн дугаартай “Б” ХХК-д бараа, ажил, үйлчилгээг борлуулсан, түүнчлэн албан татвар ногдох орлого олсон мэтээр татварын тайлан мэдээг татварын албанд ирүүлсэн, дээрх аж ахуйн нэгжүүдэд нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж, хуурамч хий бичилт хийж татвараас зайлсхийх боломж олгосон үйлдэл, эс үйлдэхүйд ******* дугаартай зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан.

Шалгалтаар дээрх аж ахуйн нэгжүүдийн захирал, эзэд Ш ХХК-иас бараа, ажил үйлчилгээг аваагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бус этгээдээс хуурамч, хий бичилттэй падаан болон бусад холбогдох анхан шатны баримтыг бүрдүүлж авснаа мэдүүлсэн. Мөн “Ш” ХХК нь картон цаас боловсруулах үйлдвэрлэл эрхэлж байсан бөгөөд сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаа эрхлээгүй, барааны үлдэгдэл байхгүй, ажлын байр нь үйл ажиллагаа явуулах шаардлага хангахгүй болсон байтал нягтлан Биндэръяа “Ш” ХХК-ийн тамга, тэмдэг, нэр, регистрийн дугаар, Татварын албаны мэдээллийн систем болон нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж, бусдад татвараас зайлсхийх боломжийг олгосон.

1. Нэхэмжлэлийн 1-д 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн ярилцлагын

тэмдэглэл дээр “М” ХХК-ийн захирал З.И нь “...Б захиралтай “Г" аудитад ажилладаг нягтлан бодогч Б намайг танилцуулсан. Бгийн хэлж, дамжуулан санал болгосон хүнээс бараа авсан байдаг. Тухайн үед тус компаний захирал З.Ит нь манай компани тендерт орох гэж байгаа юмаа хяналт шалгалтаар гарсан ногдлыг хойшлуулж өгнө үү, тендерийн дараа бид хяналт шалгалтаар гарсан төлбөрөө төлнө” гэсэн.

2 Нэхэмжлэлийн 3-ын тухайд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: ...1.2.хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг.” гэж заасан байх тул захирал З.Иийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон болно,

3. Нэхэмжлэлийн 4-д “ИХХК-нь 2014 оны 01 дүгээр сарын 14-д нэрээ өөрчилж “М” ХХК болсон, ‘И”Х ХК-ийн гаргасан зөрчилд “М” ХХК-ийг холбогдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг зөрчсөн “утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны актыг хэн гүйцэтгэх нь тодорхой бус” гэжээ. Гэтэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд “Иргэн, хуулийн этгээд нь дараах тохиолдолд хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийлгэнэ, мөн хуулийн 1.5.1.хуулийн этгээд шинээр болон өөрчлөн байгуулагдах; 1.5.2. хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөгдөх.", мөн хуулийн 4 дүгээр зүйлд “4.1.2 “хуулийн этгээдийн нэр” гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг;” гэж заасны дагуу тус ХХК нь нэрээ өөрчилж, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт ороогүй болно. 2017 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн А/06 дугаартай тушаалаар “Татвар төлөгчийг бүртгэх журам”-ыг шинэчлэн батлагдсан, журмын 2.1-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэл, бүртгэх байгууллагад бүртгүүлэн бүртгэлийн гэрчилгээнд олгогдсон регистрийн дугаар нь татвар төлөгчийн дугаар байна. Татвар төлөгчийн дугаар нь /цаашид ТТД гэж товчлох/ татвар төлөгчид зөвхөн нэг удаа олгогдох байнгын дугаар байна “Татвар төлөгчийг бүртгэх журмын 2.2-д Монгол улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, төсөвт болон төрийн бус байгууллага, шашны байгууллага, улс төрийн нам, сан, олон нийтийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллага зэрэг өмчлөгчөөс санхүүждэг байгууллагын хувьд улсын бүртгэх байгууллагаас олгогдсон регистрийн дугаар нь ТТД байна гэж заасан...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан болон шүүхэд ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийг төлөөлж тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүхэд хандаж “...Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Б, Д.Д нарын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...санаатайгаар татвар ногдох орлогоо бууруулсан зүйл байхгүй,...ИХХК-ийн гаргасан зөрчлийн асуудлыг “М” ХХК-д  хамааруулах үндэслэлгүй, одоо Монгол Улсад ИХХК гэх хуулийн этгээд байхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4 дэх хэсгүүдэд зааснаар илт хууль бус захиргааны акт...” гэж тодорхойлон маргаж байна.

Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Б, Д.Д нарын гаргасан, 2018 оны 03 дугаар сарын ******* дүгээр шийтгэлийн хуудсаар “И” ХХК-ийн гаргасан зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74.1, 74.1.4, 74.3 дугаар зүйл болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2014 онд албан татвар ногдуулах орлогыг бууруулсан 137,272,726.40 төгрөгийг зөрчилд 13,727,272.60 төгрөгийн нөхөн татвар, 4,118,181.7 төгрөгийн торгууль, 6,863,636.3 төгрөгийн алданги оногдуулснаас 10,981,818 төгрөгийн торгууль, алдангийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж чөлөөлж шийдвэрлэн, Холбогдогч З.Итэд  үүргээ нөхөн биелүүлэхийг даалгаж, шийдвэрийн хувийг “И” ХХК-д хүргүүлсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Татварын улсын байцаагч нар Нийслэлийн татварын газарт бүртгэлтэй “Ш” ХХК-д холбогдуулан үүсгэсэн зөрчлийн ******* дугаартай хэргийг шалгах явцад “И” ХХК нь  “Ш” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 00146113153, 00146113154, 00146113156 дугаартай падаанаар 137,272,726.40 төгрөгийн худалдан авалтыг хий бичүүлэн авч албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх үндэслэлээр шалгаж уг шийтгэлийн хуудсыг үйлдсэн, “И” ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс компанийн оноосон нэрээ “М” болгон өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтууд тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.

Түүнчлэн зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тухайлбал, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Ярилцлагын тэмдэглэл” гэх баримтад “И” ХХК-ийн захирал З.Ит гарын үсэг зурсан ба ярилцлагын явцад “...манай компани ажил үйлчилгээ гүйцэтгэсэн, санал болгосон үнэ боломжийн юм гэж л би энэ компаниас бараа авсан...” гэж мэдүүлсэн, харин “И” ХХК-д хариуцлага ногдуулах үндэслэлгүй тухайд болон “М” ХХК төлбөр хариуцах нь үндэслэлтэй эсэх талаар тайлбар гаргаж байгаагүй байна.

 Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээгүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4-д “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, 74.3-д “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээгүй байна” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж тус тус заасан.

Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрт өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ” гэж, Татварын ерөнхий газрын даргын, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/06 дугаар тушаалаар батлагдсан “Татвар төлөгчийг бүртгэх журам”-ын 2.1-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэл, бүртгэх байгууллагад бүртгүүлсэн бүртгэлийн гэрчилгээнд олгогдсон регистрийн дугаар нь татвар төлөгчийн дугаар байна. Татвар төлөгчийн дугаар нь татвар төлөгчид зөвхөн нэг удаа олгогдох байнгын дугаар байна” гэж, 6.4-т “Татвар төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан зүйл өөрчлөгдөх тухай бүр өөрчлөл орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, нэмэлт, өөрчлөлт хийлгэнэ...” гэж тус тус заажээ.

Хууль болон журмын дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч “М” ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс өмнө “И” ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан, ийнхүү “И” ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байхдаа “Ш” ХХК-ийн, хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж 137,272,726.40 төгрөгөөр татвар ногдох орлогоо бууруулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон, уг зөрчилд  13,727, 272.64 төгрөгийн нөхөн татварыг ___ тоот регистрийн дугаартай “И” ХХК-д ногдуулсан нь хууль зөрчөөгүй, уг шийтгэлийн хуудсыг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Татварын улсын байцаагч нар шийтгэлийн хуудсыг “И” ХХК-ийн нэр дээр үйлдсэн хэдий ч тус компанийн татвар төлөгчийн дугаар өөрчлөгдөхгүйн дээр Компанийн хууль ёсны төлөөлөгч, Захирал З.Ит зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “И” ХХК-ийг төлөөлөн оролцож, тайлбар мэдүүлэг, нотлох баримт гаргаж өгсөн нь тогтоогдож байх тул хариуцагч нарын гаргасан Шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор заасан бөгөөд маргаан бүхий захиргааны актын тухайд гүйцэтгэх этгээд нь тодорхой байх ба уг шийтгэлийн хуудсыг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхээргүй байна. 

Нэхэмжлэгч хуулийн этгээд өөрийн оноосон нэрээ өөрчилсөн өөрчлөлтийг харьяа татварын албанд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл биш бөгөөд ийнхүү оноосон нэрээ өөрчилсөн явдал нь тухайн татвар төлөгч хуулийн этгээдийг нөхөн татвараас чөлөөлөх цаашлаад зөрчил гаргасан этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл тухайн зөрчлийг “И” ХХК гаргасан болох нь тогтоогдсон, тус компани нь “М” ХХК болж нэрээ өөрчилсөн хэдий ч тус компанийн регистрийн ___ дугаар буюу татвар төлөгчийн дугаар өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх боломжгүй байгаа нөхцөлд энэ үйл баримт нь тухайн хуулийн этгээдийн гаргасан зөрчлийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй тул Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг илт хууль бус гэж үзэх хууль зүйн боломжгүй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал З.Итээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд энэ үндэслэлээр гомдол гаргасныг тус зөвлөл хянан хэлэлцээд Татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар тогтоосон 13,727,272.6 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээснийг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 13 дугаар зүйлийн 13.6, 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг тус тус баримтлан “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мын гаргасан, “Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Д нарын 2018 оны 03 сарын 16-ны өдрийн ******* тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН