| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0033/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/233 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнтуяа,
Улсын яллагч Б.Тогтох,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г-д холбогдох эрүүгийн 2338000000482 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.Г
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Т.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 22-01 тоотод байрлах хашаанаас хохирогч Н.Э-ы 1 тооны хязаалан насны адуу хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 22-01 тоотод байрлах хашаанаас хохирогч Н.Э-ы 1 тооны хязаалан насны адуу хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2338000000482 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар хороонд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм. Тухайн үед би гайгүй согтолттой байсан. Шөнө хэдэн цагт гарснаа санахгүй байна, барагцаагаар шөнийн 03 цагийн үед Мөрөн сумын 9-р хороонд байдаг хамаатны ах Н.Э-ы гэрт орох гээд очтол хашааны хаалга нь түгжээтэй байсан. Би хашааг нь давж ороод байшингийнх нь цонхыг тогшиход хүн онгойлгохгүй байсан. Хашаанд нь хүрэн зүсмийн нэг адуу байхаар нь би хөтлөөд авч гараад Мөрөн сумын 5-р хороонд хулгайлсан адуугаа нядлаад байж байтал Н.Э ах цагдаа нартай хамт хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Н.Э ахаас уучлалт гуйгаад түүнд адууных нь махыг бүрэн бүтэн өгсөн юм. Ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг,
2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7-р хуудас),
2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 8-13-р хуудас),
2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14-16-р хуудас),
Хохирогч Н.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед Түнэл сумаас идэшний 1 тооны адуу авч ирсэн юм. Оройтож орж ирсэн болохоор адуугаа гаргаж чадаагүй юм. Маргааш гаргая гэж бодоод хашаандаа сул тавьсан байсан. Өглөө босоод хартал байхгүй байхаар нь дэлгүүрийнхээ камерын бичлэгийг ухрааж үзсэн чинь 03 цаг 30 минутын орчимд нэг хүн хашаанаас хөтлөөд аваад гарч байгаа бичлэг байсан. Тэгэхээр нь би өөрөө гараад адуу болон мотоциклийн мөрөөр нь хөөж явсаар байгаад энэ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 29-07 тоотод ирсэн. Хашааны завсраар харахад мал нядалсан байдалтай байхаар нь би ер нь цагдаа дуудаж шалгуулсан дээр юм байна гээд дуудлага өгсөн...Танина…Энэ хүн манай аавын дүүгийн хүүхэд нь байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-923/8286 дугаартай: “...хязаалан насны морь 1,200,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 23-24-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 36-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 37-41-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 43-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 44-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-ийн 45-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2338000000482 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Т.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч гэм буруугийн тал дээр маргаангүй…” гэв.
Шүүгдэгч Т.Г нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Т.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 22-01 тоотод байрлах хашаанаас хохирогч Н.Э-ы1 тооны хязаалан насны адуу хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Э-ымөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас), 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7-р хуудас), 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 8-13-р хуудас), 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14-16-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-923/8286 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 23-24-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Т.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 22-01 тоотод байрлах хашаанаас хохирогч Н.Э-ы1 тооны хязаалан насны адуу хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Т.Г нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Т.Г-гийн гэм буруутай үйлдлийн улмаас Н.Э-д1,200,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Н.Э нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Т.Гг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч урьд 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 5 сарын 4 хоногийн ялыг тэнсэн харгалзсан байдаг. Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнсэн харгалзах хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар 3 жил 5 сар 4 хоногийн хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Хэргийн талаар мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үнэн зөв тогтвортой мэдүүлгийг өгсөн байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцуулж шийдвэрлүүлэх саналтай байна. Эрүүл мэндийн хувьд цагдан хорих байранд хоригдож байх хугацаандаа нурууны өвдөлт гэсэн анхан шатны оноштой. Байнгын өвчин намдаах эм хэрэглэж байгаа. Гадуур эмчилгээ хийлгэх гэтэл эрүүл мэндийн даатгалын төлбөр хийгдээгүй учраас эмнэлэгт үзүүлэх боломжгүй байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх, цагдан хоригдсон хугацааг ялын хугацаанаас хасаж тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Т.Г нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар (хх-37-41-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Г нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ХМШЗ/37 дугаартай захирамжаар 2 жил 5 сар 4 хоногийн хорих ялаас хугацаанаас нь өмнө суллагдсан байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байлал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Т.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 11 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 105 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.
Эрүүгийн 2338000000482 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Т.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-г 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 11 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д оногдуулсан 2 жил 11 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-гийн цагдан хоригдсон 105 (нэг зуун тав) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 2338000000482 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
-