| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0096/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/103 |
| Огноо | 2024-03-26 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, Улсын яллагч Э.Уламбаяр, Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д-ийн Г т холбогдох эрүүгийн 2438000000084 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б овогт Д-ийн Г , 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***************** оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн ***************** дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Г нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг Жилчиг гэх газраас түлээний мод бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж экологи эдийн засагт 109,136 төгрөгийн хохирол учруулсанд холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар) Шүүгдэгч Д.Г нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг Жилчиг гэх газраас түлээний мод бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж экологи эдийн засагт 109,136 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (ххийн 8-р хуудас), модонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-13- р хуудас), эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 14-р хуудас), эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 15-р хуудас), эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (ххийн 16-17-р хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 18-р хуудас), эд мөрийн баримт битүүмжлэх тухай мөрдөгчийн санал (хх-ийн 19-р хуудас), эд мөрийн баримт битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 20-р хуудас), эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 21-р хуудас), иргэний нэхэмжлэгч С.М ын мэдүүлэг (хх-ийн 26-р хуудас), гэрч Ц.Хүрэлхүүгийн мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас), гэрч Х.Г-ийн мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас), Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн шинжээч Ц.Амарбаясгалангийн 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт (хх-ийн 42-44-р хуудас), Хөвсгөл аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээч А.Д-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 50-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 55-57-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Шүүгдэгч Д.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно. Энэ хэргийн улмаас экологи эдийн засагт 327,409 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлсөн болох нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2438000000084 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт/ 0.6471 м.куб хэмжээтэй 17 ширхэг шинэс модыг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Д.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2438000000084 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт/ 0.6471 м.куб хэмжээтэй 17 ширхэг шинэс модыг, эд мөрийн баримтаар хураан авсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР