Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Уламбаяр,                   

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э-д холбогдох эрүүгийн 2438000000199 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Э,

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Х.О-ийг “гэрт хүргэж өг” гэх шалтгаанаар зодож хамар ясны хугарал, таславчийн мурийлт хавирганы цууралт, зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Х.О-ийг “гэрт хүргэж өг” гэх шалтгаанаар зодож хамар ясны хугарал, таславчийн мурийлт хавирганы цууралт, зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438000000199 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч М.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын сүүлээр л байсан өдрийг нь мартсан байна. Х.Обид хоёр архи согтууруулах ундаа хамтдаа хэрэглэсэн. Тэр өдрийн орой нь Х.О нь намайг гэрт хүргэж өгнө гээд согтуудаа өөрийнхөө машиныг жолоодоод би хажууд нь суугаад явсан. Тэгсэн чинь замдаа машин, мотоцикль мөргөчих гээд байхаар нь би түүний машины арааг хүндрүүлж хүчээр зогсоосон. Тэгсэн чинь Х.О“чи миний машиныг зогсоодог хэн юм” гээд бид хоёр маргалдсан. Х.О миний куртикнээс зуураад тавихгүй болохоор нь би түүний ар шилэн хүзүүнээс нь зулгааж доош татчихаад машинаас нь буугаад яваад өгсөн юм. Би уг нь Х.О-г гараараа цохиогүй юм. Би түүний ар хүзүү хэсгээс нь доош татах үед машиныхаа нэг юмыг мөргөчихсөн байж магадгүй гэж бодож байна. Ийм л явдал болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Мөрөн сумын 9 дүгээр хороонд явж байхдаа зүс таньдаг Эрдэнэчулуун гэх залуутай таарсан. Бид хоёр 2,5 литрийн хэмжээтэй нэг пиво хувааж уусан. 18 цаг өнгөрч байхад Мөрөн сумын 13 дугаар хороонд байх төрсөн эгч Б гэрт би Эрдэнэчулууны хамт очсон. Тэнд очоод Эрдэнэчулуун бид хоёр 2,5 литрийн хэмжээтэй Агар нэртэй архи хувааж уусан. Тэгээд эгчийн гэрээс 22 цаг дөхөж байхад бид хоёр гараад би харих гэтэл Эрдэнэчулуун надад хандаж "чи намайг хүргэж өг" гээд байсан. Тэгэхээр нь би үгүй шууд харилаа гэж хэлээд өөрийн эзэмшлийн портер маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод хажуудаа Эрдэнэчулууныг суулгаад 13-р хороогоор хойш өгсөж 9-р хорооны гэрлэн дохиотой уулзварын доод талд шороон зам дээр зогстол шууд Эрдэнэчулуун миний энгэрээс гараараа татаж өөр лүүгээ ойртуулангуутаа толгойгоороо миний нүүр лүү мөргөсөн. Дараа нь миний дагзнаас шилдэж татангуутаа машины нэг эд анги руу намайг мөргүүлсэн. Тэгээд би ухаан алдсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-р хуудас),   

Иргэний нэхэмжлэгч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хохирогч Х.О нь эрүүл мэндийн даатгалын сангаас 33,000 төгрөгийн тусламжийн зардал гаргуулан авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас),

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 26/86 дугаартай “...Х.Оэмчилгээ үйлчилгээ авсан талаарх албан бичиг, хавсралт (хх-ийн 16-17-р хуудас),  

Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын хэдний өдөр байсныг нь мартсан байна. Нэг орой дүү Х.О нэг найзтайгаа хамт манай гэрт ороод ирсэн. Тэр хоёр согтуу орж ирсэн. Дүү маань цагаан сараар над дээр ирээгүй байсан болохоор би дүүдээ шинийн юм гээд 0.5 литрийн хэмжээтэй 1 шил архи гаргаж өгсөн. Дүү маань тэр найзтайгаа юм ярьж суунгаа нөгөө шилтэй архиа хувааж уусан. Манайд барагцаагаар 1 цаг гаруй хугацаанд суусан. Манай дүү ч гэр лүүгээ явахаар болоод би тэр залууг нь дүүгийнхээ машинд суулгаж өгөөд тэр хоёрыг явуулсан. Орой болж байхад Х.О над руу утсаар залгаад "танайд хамт очсон залуудаа зодуулчихлаа" гэж хэлсэн. Маргааш нь Х.О өөрөө манай гэрт ирсэн, ингээд зодуулчихлаа гээд царай зүсээ харуулсан. Баруун нүдний орчимд арьс нь задарч язарсан байсан. Хоёр нүд нь хөхөрсөн, хамар нь мурийсан шинжтэй харагдаж байсан. би түүнийг эмнэлэг рүү яв, нөгөө хүнтэйгээ уулз гэж хэлж явуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 203 дугаартай: “... 1. Х.О-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хавирганы цууралт, зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Х.О-ийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...”  гэх дүгнэлт (хх-ийн 25-р хуудас),  

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт (хх-ийн 27-30-р хуудас),  

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: 

иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 41-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 42-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 43-р хуудас), Захиргааны зөрчлийн тоо бүртгэлийн лавлагаа (хх-ийн 44-46-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Эрүүгийн 2438000000199 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэв. 

Шүүгдэгч М.Э нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно. 

Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Х.О-ийг “гэрт хүргэж өг” гэх шалтгаанаар зодож хамар ясны хугарал, таславчийн мурийлт хавирганы цууралт, зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Х.О-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 12-р хуудас), иргэний нэхэмжлэгч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас), гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас), Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 26/86 дугаартай албан бичиг, хавсралт (хх-ийн 16-17-р хуудас), Хөвсгөл аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.А-н 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 203 дугаартай дүгнэлт (хх-ийн 25-р хуудас), Амбулаториор эмчлүүлэгсдийн карт (хх-ийн 27-30-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.  

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.О-ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Эы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.  

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.   

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч М.Э нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч М.Э нь хохирогч Х.О-ийнэрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Хохирогч Х.О нь эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, шүүхэд ирүүлээгүй байх тул  хохирогч Х.О нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Э-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин иргэний нэхэмжлэгч Г.А нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 33,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Х.О-д 33,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 17-р хуудас)-гаар тогтоогдсон ба шүүгдэгч М.Э нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 33,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38-р хуудас)-аар тогтоогдож байна.   

Шүүгдэгч М.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.   

Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байлал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.   

Эрүүгийн 2438000000199 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.     

4. Эрүүгийн 2438000000199 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Онь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Эаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.     

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР