Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2021/00274

 

2021 оны 02 сары01 ө

181/ШШ2021/00274

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: П.Э-ын

  хариуцагч: ОТ ХХК д холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн төлөөлөгч П.Өнөрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Өлзийцэрэн, Д.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие П.Э нь 2003 оноос 2005 оны хооронд гэрээт компанид меникчаар ажиллаж байгаад ОТ ХХК-д 2005 оны 10 дугаар сард үндсэн ажилтнаар ажилд орсон. Улмаар 2005-2009 онд хөргөлтийн механик, 2009-2011 онд хөргөлтийн ахлах ажилтан, 2011-2013 онд төвлөрсөн засварын ахлах ажилтан, 2013-2014 онд сайтын засварын ахлах мэргэжилтэн, 2014-2015 онд баяжуулах үйлдвэрийн механик засварын ахлах мэргэжилтэн, 2015-2017 онд сэргээгдэх засварын ахлах мэргэжилтэн, баяжуулах үйлдвэр, засварын төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, 2017-2018 онд ил уурхай, баяжуулах үйлдвэрийн засварын төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, 2018 оноос дэд бүтцийн хэлтэст механик засварын менежерийн албан тушаалд тус тус ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй үр бүтээлтэй, дэвшин ажиллаж ирсэн.

Гэтэл ОТ ХХК-ийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүйгээр, тодорхойгүй хугацаагаар, цалин хөлс олгохгүйгээр үндэслэлгүй ажлаас чөлөөллөө. Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмын 16.3.3-т заасныг үндэслэсэн нь зөвхөн түр чөлөө олгоход хамааралтай байхаас гадна ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, хугацаагүйгээр, цалин хөлс олгохгүй ажлаас чөлөөлснийг ажлаас халагдсантай адилтан үзнэ.

Түүнчлэн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тушаалтыг гардаж авах үед компанийн дотоод журмын 16.3.3-т заасан компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор эсвэл ажлын шаардлагаас бусад тохиолдолд шүүх, хууль хяналтын байгууллагад нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч эсхүл сонирхогч этгээдээр миний бие оролцоогүй болно. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм. Гэтэл дээрх тушаалд байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтны гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, ажлаас чөлөөлсний дараа ажилтны зөрчлийг шалгах гэж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр П.Эийг ОТ ХХК-ийн дэд бүтцийн хэлтэс, механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2020 оны 8-р сарын 20-оос хойш 5 сарын хугацааны 126 сая орчим төгрөгийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцон, шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж гаргасан тайлбартаа: ОТ ХХК нь компанийн нэр бүхий ажилтнууд компанийн эд хөрөнгийг хууль бусаар авч, хулгайлж, завшиж, компанид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг шалгуулж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцуулж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр Эхлээд ОТ ХХК-ийн Эрсдэл, хууль дүрмийн хэрэгжилт, дотоод аудитын хэлтсээс 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд шалгалт явуулж, Механикийн засвар үйлчилгээний хэлтсийн менежерийн худалдан авсан нэг бүр нь 6,406.07 ам долларын нийт 384,364.55 ам.долларын өртөг бүхий 60 ширхэг компрессортой холбоотой хэргийг шалгасан. Шалгалтаар дээрх худалдан авсан 60 ширхэг компрессорын 15 ширхэг нь ОТ ХХК-ийн Хөргөлтийн багийн агуулахад байгаа нь тогтоогдсон.

Харин үлдсэн 288,273.4 ам долларын өртөг бүхий 45 ширхэг компрессорыг Механикийн засвар үйлчилгээний хэлтсийн менежер П.Э, ахлах мэргэжилтэн Б.Хосбаяр нар компанийн нэр бүхий бусад ажилтнуудтай хуйвалдан хууль бусаар авсан, завшсан, хулгай хийж, уурхайн талбараас гаргаж компанид 288,273 ам доллар буюу нийт 822,954,254 төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байсан тул компани гомдол гаргасны дагуу 2020 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт гомдол гаргасан. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасаг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Тус компанийн Чөлөө олгох журмын 16.3 дугаар зүйлийн 16.3.3-т ...компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор эсвэл ажлын шаардлагаас бусад тохиолдолд шүүх хууль хяналтын байгууллагад нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч эсвэл сонирхогч этгээдээр оролцох тохиолдолд олговортой чөлөө олгохгүй болно гэж заасны дагуу ажилтан П.Эийг шалгах ажиллагааны явцад ажлаас нь түр чөлөөлсөн. Энэ нь тус хэргийг хөндлөнгийн нөлөөлөлгүй, шударга, хараат бусаар шалгах, түүнчлэн бусад ажилтнуудын аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм.

Өөрөөр хэлбэл ОТ ХХК нь ажилтан П.Эийг чөлөө олгох журмын дагуу ажлаас түр чөлөөлсөн бөгөөд ажилтныг тухайн ажил, албан тушаалд нь хэвээр байлгавал удирдах ажилтны хувьд шалгаж байгаа хэрэгт сөргөөр нөлөөлөх, бусад ажилтнуудад зүй бусаар нөлөөлөх оролдлого хийх магадлалтай гэж үзсэн тул компанийн холбогдох журамд заасны дагуу шаардлагатай арга хэмжээг авсан.

Харин ОТ ХХК нь ажилтан П.Эийг ажлаас халаагүй, ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гаргаагүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.-д шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд, 128.1.2. ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол гэж заасан, харин ажил олгогчийн зүгээс ажилтан П.Эийг ажлаас нь халаагүй тул шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй юм. Иймд нэхэмжлэгч П.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч ОТ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2020 оны 8-р сарын 20-оос энэ өдрийг хүртэл хугацааны 126 сая орчим төгрөгийн цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан ба өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд шаардлагаа дэмжин оролцов.

Хариуцагч нь ажлаас халаагүй, чөлөө олгох журмаар цалингүй чөлөөтэй байгаа гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч маргана.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч П.Э нь 2018 оны 6 сарын 27-ны өдөр ОТ ХХК-д механикийн засвар үйлчилгээний менежерийн ажил албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан ба ОТ ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020 оны 08 сарын 20-ны өдрийн Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл-ээр 2020 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар буюу дахин мэдэгдэх хүртэл, чөлөө олгох журамд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхгүй, цалин хөлс олгогдохгүй нөхцөлтэйгөөр ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь уг нөхцөл байдлыг ажлаас халсантай адилтган үзэж 2020 оны 08 сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9.хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэл болох тул шүүхээр хянан шийдвэрлэх маргаан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй., 129.2.Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.гэж зааснаар П.Э гомдлоо ажил олгогчийн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс шүүхэд гаргах хуульд заасан хугацааны дотор гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, түүнд холбогдох асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нөхцөл байдал бий болсон тул гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж шалгаж байгаа, хэрэгт сөргөөр нөлөөлөх, бусад ажилтнуудад зүй бусаар нөлөөлөх оролдлого хийх магадлалтай гэж үзэн түүнийг шалгаж дуустал ажлаас түр чөлөөлсөн, халсан тушаал шийдвэр гараагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлана.

П.Эт ОТ ХХК-ийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020 оны 7 сарын 28-ы өдрийн ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэлд, хөдөлмөрийн гэрээ болон компанийн дүрэм, журмыг зөрчсөн байж болзошгүй үйлдэл, эс үйлдэлтэй холбоотойгоор шалгалт явагдаж байгаа тул энэ өдрөөс 2020 оны 7 сарын 30-ны өдрийг дуустал 3 өдрийн цалинтай түр чөлөөлснийг, мөн 2020 оны 7 сарын 31-ний өдрийн мэдэгдлээр, 2020 оны 08 дугаар сарын 09-ий өдрийг дуустал 10 өдрийн хугацаагаар сунгасан болохыг мэдэгдсэн, 2020 оны 8 сарын 10-ы өдрийн ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэлд, 2020 оны 8 сарын 16-ны өдрийг дуустал 7 хоногийн хугацаатай тус тус ажлаас цалинтай чөлөөлсөн болохыг мэдэгдсэн, эдгээр мэдэгдлүүдийг П.Эт хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагч талын баримтуудаар нотлогдож, нэхэмжлэгч үгүйсгээгүй, энэ хугацаанд холбогдох шаардлага гаргаагүй болно.

Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн /хэргийн 4 дөх тал/ ОТ ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020 оны 08 сарын 20-ны өдрийн Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдэл-ээр холбогдох асуудлыг шалгах явцад хууль хяналтын байгууллагаар шалгуулах нөхцөл байдал тогтоогдсон тул 2020 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн дахин мэдэгдэх хүртэл цалин хөлс олгохгүйгээр ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй,тодорхойгүй хугацаагаар ажлаас чөлөөлсөн үйл баримт бий болсон байх ба энэ нь ажлаас халсан эсэхэд талууд маргана.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хэргийн 53-87 дахь талд авагдсан баримтууд бичмэл баримтын хуулийн шаардлага хангаагүй хуулбар тул үнэлэх боломжгүйгээс үнэлээгүй болно.

Хариуцагчаас ирүүлсэн ОТ ХХК-ийн Дотоод журмын 3-р хэсэг Ажлын ба амралтын цаг, чөлөө олгох хэсэгт захиргааны чөлөө олговортой, жилийн амралтаас суутгахгүй байхаар, харин удирдах ажилтан нь зөвшөөрсөн бол 80 цагаас дээш хугацаагаар цалингүй чөлөө олгохоор журамлажээ. /хэргийн 120-121/

ОТ ХХК-ийн Чөлөө олгох журам/хэргийн 88-100/-ын 14.1-д ажилтны хүсэлтээр олговоргүй чөлөө олгохыг заасан ба мөн журмын 16.3.3-т заасан компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор эсвэл ажлын шаардлагаас бусад тохиолдолд шүүх, хууль хяналтын байгууллагад нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч эсхүл сонирхогч этгээдээр оролцох тохиолдолд олговортой чөлөөг олгохгүй, харин журмын 16.7.-д компанийн шийдвэрээр зөрчилтэй холбогдуулан хянан шалгах ажиллагааг явуулах тохиолдолд ажлаас чөлөөлж олговортой чөлөө олгохоор журамласан байна.

Нэхэмжлэгчийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасгаас дуудаж алга болсон гэх компрессорын талаар гэрчээр 1 удаа асуусан гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч тал үгүйсгээгүй, харин хариуцагч тал П.Эийг цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн гэх боловч 2020 оны 9 сарын 16, 2021 оны 1 сарын 21-ий өдрийн тус компанийн хуулийн ажилтан өмгөөлөгч нарын Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт хаягласан гомдол, хүсэлт гэх албан бичиг баримтаар П.Эт холбогдох гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан, гомдлын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн гэдгийг нотлохгүй, хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Хөдөлмөрийн харилцаа нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нөхцлөөс гадна хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан зохицуулалтаар зохицуулагдана.

Нэхэмжлэгч П.Эийн хөдөлмөрийн гэрээ/хэргийн 6-11/-ний 10-т ажилтны болон ажил олгогчийн санаачлагаар гэрээ цуцлах үндэслэлүүдийг заасан ба 10.3.-т энэ 2 үндэслэлээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохыг тодорхойлжээ.

П.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод журамд ажил олгогчийн санаачлагаар ажлаас халах асуудлыг зөвхөн ноцтой зөрчлийн улмаас авахыг зохицуулсан байх ба ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгаварласан тухай эрх зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр гаргаагүй хууль зүйн факт бий болоогүй, харин компанийн тодорхой эд хөрөнгө дутаасан асуудалд ажилтны гэм буруутай үйлдэл эс үйлдэл байгаа эсэх, зөрчлийн асуудлыг шалган тогтоох ажиллагаа явагдаж байна.

П.Эийн хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу дуусгавар болгосон асуудал байхгүй, хянан шалгах ажиллагааны хүрээнд шалгаж дуусан мэдэгдэх хүртэл хугацаагаар ажлаас түр чөлөөлсөн үйл баримт бий болсон байна.

ОТ ХХК-ийн Чөлөө олгох журам-ын 16 дугаар зүйлийн 16.3.3.-т заасан үндэслэл тогтоогдохгүй, харин 16.7 дахь заалтад заасан ажилтанд тусгай чөлөө олгох зохицуулалтын хүрээнд 2020 оны 7 сарын 28-ны өдрөөс 2020 оны 8 сарын 20-ны өдөр хүртэл олговортой тусгай чөлөө олгосон ба одоог хүртэл компанийн дотоод аудит эрх бүхий этгээд хянан шалгах ажиллагааны хариу, шалгасан тухай албан ёсны шийдвэр гаргасан баримтгүй тул шалгах ажиллагаа явагдаж байгаа, 2020 оны 8 сарын 20-ны өдрөөс одоог хүртэл П.Эт олгогдсон, Чөлөө олгох журам-ын 16 дугаар зүйлийн 16.7.-д заасан олговортой захиргааны тусгай чөлөө үргэлжилж байна гэж үзэхээр байна.

Тус компанийн Чөлөө олгох журамд заасны дагуу ажилтан П.Эт холбогдуулан тодорхой зөрчлийг хянан шалгахтай холбогдуулан зөрчлийг шалган тодруулах хүртэл тусгай чөлөө олгосон нь П.Эт гардуулсан мэдэгдлүүдээр нотлогдож байх тул ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй, ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа гэж үзэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч П.Эийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага үндэслэлгүй байна.

ОТ ХХК нь П.Эт компанийн дотоод дүрэм, журамд заасан үндэслэл, шаардлагын дагуу тусгай чөлөө олгосон байх боловч түүнд олговор олгоогүй шалтгаанаа ОТ ХХК-ийн Чөлөө олгох журам-ын 16 дугаар зүйлийн 16.3.3 дахь заалттай холбон тайлбарлаж байгаа Компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор эсвэл ажлын шаардлагаас бусад тохиолдолд шүүх, хууль хяналтын байгууллагад нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч эсвэл сонирхогч этгээдээр оролцох тохиолдол гэж заасан нөхцөл нотлогдохгүй байна.

Иймд ОТ ХХК нь П.Эт компанийн дотоод дүрэм, журамд заасан үндэслэл, шаардлагын дагуу тусгай чөлөө олгосон байх тул П.Эт чөлөөтэй байх хугацаанд олговор олгохоос татгалзах үндэслэлгүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн харилцаа нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1 дахь заалтад заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээний харилцаа нарийвчлан зохицуулагдана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад зааснаар ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд ОТ ХХК-ийн Чөлөө олгох журам нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад заасан хөдөлмөрийн дотоод журамд хамаарах тул ОТ ХХК-ийг Чөлөө олгох журам-ын 16 дугаар зүйлийн 16.7 дахь заалтад заасан ажилтанд тусгай чөлөө олгосон тохиолдолд тухайн хугацаанд ажилтанд олговор олгох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан нь үндэслэлгүй боловч ажил олгогч ажилтанд олгосон чөлөөтэй холбоотой олговор олгох үүргээ биелүүлээгүй тул шүүх талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс чөлөөтэй хугацааны олговрын асуудлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтад заасан хохирол барагдуулах зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд П.Эийн шаардаж буй 2020 оны 08-р сарын 20-ны өдрөөс шүүх хуралдаан болсон 2021 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэлх 5 сар ажлын 11 хоногт П.Эийн сарын дундаж цалинг бүтэн олгогдсон 2020 оны 5-7 дугаар саруудын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн/хэргийн 108/ бичилт хийгдсэн дүн/19 720 668+22 596 953+24 162 167=/66 479 788:3=дундаж цалин 22 159 929 х 5 сар=110 799 647 төгрөг дээр, сарын ажлын дундаж цалин 22 159 929-ийг 21.5 хоногт хувааж нэг өдрийн дундаж цалин 1 030 694х11 хоног=11 337 638 төгрөг, бүгд 122 137 285 төгрөгийг хариуцагч ОТ ХХК-аас олговорт гаргуулж, нэхэмжлэгч П.Эт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч П.Эийн болон хариуцагч ОТ ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ОТ ХХК-д даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 128 дугаар зүйлийн 128.1.9, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч ОТ ХХК-аас олговорт 122 137 285 /нэг зуун хорин хоёр сая нэг зуун гучин долоон мянга хоёр зуун наян тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Эт олгож, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага, олговор гаргуулах шаардлагын үлдэх 3 862 715 /гурван сая найман зуун жаран хоёр мянга долоон зуун арван тав/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэгч П.Эийн болон хариуцагч ОТ ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ОТ ХХК-д даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч ОТ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 768,636 /долоон зуун жаран найман мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ