Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Сэлэнгэ аймгийн Сайхан дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, явуулсан эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,

Улсын яллагч Н.Бадам,

Хохирогч Д.Сандаг-Очир,

Гэрч Д.Ариунтуяа, Л.Соёл-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.Түвшинжаргал нарыг оролцуулан  тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д  заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Тайж овогт Ганзоригийн  Түвшинжаргалд холбогдох  201718010032 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04-р сарын 18-ны өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд  0000 оны 03 дугаар сарын 26-ний өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймаг Сайхан сум Номгон 3 дугаар баг, 00-00 тоотод оршин суух, Тайж овогт Ганзоригийн  Түвшинжаргалд  / РД: МФ-/

Үйлдсэн хэргийн талаар:/яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Шүүгдэгч  Г.Түвшинжаргал  нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 08-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Сандаг-Очиртой хувийн таарамжгүй харицааны улмаас маргалдаж улмаар Д.Сандаг-Очирыг зодож бие махбодид санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:

            1.Хохирогч Д.Сандаг-Очирын  хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэцүүлэгт өгсөн мэдүүлэг / хх-ийн 12-15 дугаар хуудас/,

            2.Гэрч Б.Түвшинжаргалын хэрэг  бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17дугаар хуудас/

            3.Гэрч Д.Эрдэнэчимэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 дугаар хуудас/

            4.Гэрч П.Баярмагнайн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/

            5.Гэрч Д.Ариунтуяагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/

            6.Гэрч Л.Соёл-Эрдэнийн  хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/          

7. Г.Түвшинжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудас  /хавтаст хэргийн 40 дугаар хуудас/

            8.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 сарын 16-ны өдрийн ¹325 тоот шинжээчийн дүгнэлт  /хавтаст хэргийн 26-29 дугаар хуудас/

           9.Шүүгдэгч Г.Түвшинжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгч  Г.Түвшинжаргал  нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 08-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Сандаг-Очиртой хувийн таарамжгүй харицааны улмаас маргалдаж улмаар Д.Сандаг-Очирыг зодож бие махбодид санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох

1.Хохирогч Д.Сандаг-Очирын хэрэг бүртгэлтэд өгсөн: Би 2017 оны 03-р сарын 08-ны орой Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3-р багт хадам аавынхаа гэрт байж байтал Түвшинжаргал эхнэр Ариунтуяа нартай хамт дэлгүүрт орж ирээд 1 шил 0,5л “Хараа” архи авч хамт уусан. Тэгээд би зөрүүлээд 0.75 л “Хараа” архи авч өгсөн.Би Түвшинжаргалыг мангар бацаан минь гээд хэлсэн чинь Г.Түвшинжаргал чи миний мангарыг хэзээ харсан юм бэ гэж хэлээд намайг мөргөж унагаагаад зодсон. Миний эхнэр Соёл-Эрдэнэ бид 2-ын голоор орж салгаад бид 2 зодолдохоо больсон. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Миний нүүрний зүүн хэсгээр таллаж өвдөж байна. Зүүн нүдний хацрын яс цөмөрсөн. Миний 2 талын шүд хугарсан. Минйи бие маш их өвдөж байна гэсэн мүдүүлэг,

 2.Хохирогч Д.Сандаг-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 Г.Түвшинжаргал нь эмчилгээний зардал төлж барагдуулсан би шүүгдэгчтэй эвлэрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн мэдүүлэг,

3.Гэрч Б.Түвшинжаргалын хэрэг бүртгэлтэд өгсөн:

2017 оны 03-р сарын 08-наас 2017 оны 03-р сарын 09-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад миний ээжийн төрсөн дүү Д.Сандаг-Очир 2 удаа залгахаар нь утсаа авхад Д.Сандаг-Очир ах ахыгаа ирээд аваад ах нь хүнд зодуулчихлаа гэхээр нь би аав Баярмагнай ээж Эрдэнэчимэг 2-т хэлээд Номгон руу 3лаа машинаа асаагаад хөдөлсөн. Номгонд очоод эхнэрийнх нь гэр лүү орход Сандаг-Очир ах ганцаараа гарч ирхэд нүүр амнаас нь цус гарчихсан танихын аргагүй нил хавдар хэлж ярьж байгаа нь ойлгогдохгүй байсан. Тэгээд Сандаг-Очир ахын эхнэр Соёл-Эрдэнээс хэн зодсон талаар асуухад зодсон хүн хойд гэрт байгаа гээд хойд гэрт ортол нэг залуу эхнэртэйгээ хэвтэж байсан. Чи яагаад Сандаг-Очир ахыг зодсон вэ гэхэд  би ганцаараа зодсон гээд өөр юм хэлээгүй.Тэгээд тэр зодсон залуугийн хаягийг нь мэдчихээд Сандаг-Очир ахыг Дархан-Уул аймгийн гэмтлийн тасагт авчирч хэвтүүлсэн гэсэн мэдүүлэг,

4.Гэрч Д.Эрдэнэчимэгийн  хэрэг бүртгэлтэд өгсөн:  2017 оны 03-р сарын 08-наас 2017 оны 03-р сарын 09-нд шилжих шөнө 02 цагийн орчим миний дүү Сандаг-Очирын эхнэр Соёл-Эрдэнэ залгаж Сандаг-Очир хүнд зодуулчихлаа гэсэн. Дараа нь Сандаг-Очир би хүнд зодуулчихлаа ирж ав гэсэн. Би нөхөр хүүгийн хамт Номгон багт очоод эхнэр Соёл-Эрдэнийн гэрт орход  Сандаг-Очирын нүүр ам битүү хавдар болчихсон ярьж чадахгүй шахуу цаад талын өрөөнөөс гарч ирсэн. Тэгээд Сандаг-Очирыг хэн зодсон талаар асуухад Соёл-Эрдэнэ дүүтэйгээ зааж өгөхөөр миний нөхөр хүүтэй хамт гараад явсан. Удалгүй миний нөхөр хүү Түвшинжаргал  нар ирээд зүс харсан хүүхэд байна гээд Дархан-Уул аймаг руу хөдөлсөн. Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд шууд хэвт гээд эмнэлэгт хэвтсэн гэсэн мэлүүлэг,

5.Гэрч П.Баярмагнайн хэрэг бүртгэлтэд өгсөн:

2017 оны 03-р сарын 08-наас 2017 оны 03-р сарын 09-нд шилжих шөнө 02-03 цагийн хооронд Д.Сандаг-Очир миний эхнэр рүү би зодуулчихлаа гэж утасдаад би эхнэр хүүгийн хамт Номгон орсон. Намайг очиход бэр Соёл-Эрдэнэ гэрийнхээ гадаа зогсож байхаар нь юу болов хэн зодов гэхэд хойд гудамжны залуу зодсон гэхээр нь тэр залуугийн гэрийг заалгаад бэр Соёл-Эрдэнэ хүү бид 3 очсон. Тэгэхэд гэрийн хаалга онгорхой эрэгтэй эмэгтэй хүн толгойгоороо хөнжил нөмрөөд унтаж байсан. Би хөнжлийг татаад сэрээхэд яасан Баярмагнай ахаа гээд зүс таньдаг хүүхэд байхаар нь яагаад Сандаг-Очир ахыгаа зодчихвоо гэхэд эхнэр нь мэдээгүй бололтой учир зүггүй нөхрөө алгадаад унасан. Тэгээд би гадаа гараад юу болов гэхэд  би өөрөө зодсон гэсэн. Би буцаж ирээд Сандаг-Очирыг аваад Дархан ороод эмнэлэгт хэвтүүлсэн гэсэн мэдүүлэг,

6.Гэрч Д.Ариунтуяагийн хэрэг бүртгэлтэд өгсөн:

 2017 оны 03-р сарын 08-ний өдөр миний  нөхөр намайг баярлуулахаар манай хамаатны дэлгүүр ороод миний аавын төрсөн ахын хүүхэд Алтанхуяг дэлгүүрт сууж байхаар нь орой жаахан юм ярьж сууцгаая гэж би хэлсэн. Алтанхуяг хоол ундаа хийж идчихээд 20 цаг өнгөрч байхад өөрийнхөө 5 настай хүүхэдтэй цуг Алтанхуяг дээр очиход Алтанхуяг мөнгө өгөөд архинд явуулсан. Тэгээд 0.5л архи авчраад Түвшинжаргал, Алтанхуяг бид 3 сууж байгаад хувааж уусан. Тэгээд дахиж  архинд миний нөхөр Түвшинжаргал яваад 0.75л архи авчирсан. Тэгээд архиа задлаагүй байх үед Сандаг-Очир ах эхнэр Соёл-Эрдэнийн хамт орж ирээд нилээн юм яриад архи уухгүйгээр суусан. Тэгээд Алтанхуяг Түвшинжаргал 2 архиа гаргах гээд байхаар нь би Сандаг-Очир ахтай битгий уу гэж хэлэхэд архиа гаргаагүй тэгээд хэсэг юм ярьж сууж байгаад Алтанхуяг нөгөө архиа гаргаад ир гээд  бид  тав 0.75 архийг хувааж ууж байхад Сандаг-Очир ах дэлгүүрт хүн их орж ирээд байна манай гэрт ороод тухтай ууцгаая  гэхээр нь Сандаг-Очирын хадам аавын гэрт ороод үлдэгдэл архиа уугаад дуусгасан. Тэгээд Алтанхуяг нилээн согтсон бололтой ээжтэйгээ утсаар яриад уйлж байгаад унтсан. Сандаг-Очир ах дахиад 0.75л архи авчраад ууж эхлээд удаагүй байхад Соёл-Эрдэнэ эгч бие засаад буцаад ороод ирхэд Сандаг-очир ах эхнэрээ хардаад чи янхан минь юугаа хийж гарсан юм вэ Түвшинжаргал та 2 янхандах төлөвлөгөө боловсруулсан уу гээд уурласан. Тэгхээр нь би  Сандаг-Очир ахад та хоёр хүүхэдтэй настай намбатай гэр бүл байж хамаатан улсуудыг хооронд нь хардаад байхдаа яадаг юм гэхэд Сандаг-Очир ах миний нөхрийг мангар бацаан минь гэж хэлхэд миний нөхөр эхнэрийнхээ хажууд намайг доромжллоо гээд босоод нүүр лүү нь нэг цохиод авсан. Тэгээд тэр 2 барьцалдаж авахаар нь би салгах гээд чадаагүй гэсэн мэдүүлэг,

7.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 сарын 16-ны өдрийн ¹325 тоот шинжээчийн  

1 Д.Сандаг-Очирын биед хамар ясны хугарал, зүүн хацар яс, гайморын арын хананы цуурал, тархи доргилт нүүрний цус хуралт, шүдний үгүй байдал, хуйхны хаван цээжний баруун хэсгийн зөөлөн эдийн няцралт тогтооглоо.

2.Дээрх гэмтэл  нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно  гэсэн дүгнэлт.

8.Шүүгдэгч  Г.Түвшинжаргалын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг Би хийсэн хэргээ хүлээж байна Хохиролд 641000 төгрөг өгсөн хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн  мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд Г.Түвшинжаргалыг Д.Сандаг-Очирын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд  тооцож Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэстэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Түвшинжаргалын  үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хохирол төлбөргүй ба хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2 -д заасан үндэслэлээр шүүгдэгч Г.Түвшинбаярын үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийхээ дагуу  өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцсон болно

Шүүгдэгч нь энэ хэрэгт урдчилан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Түвшинжаргалд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйл, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1 -д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1.Тайж овогт Ганзоригийн Түвшинжаргалыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар прокуророос яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г.Түвшинжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Түвшинжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Түвшинжаргалд  оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч урдчилан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсуг

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА