Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо, Улсын яллагч Э.Гэрэлтуяа, Шүүгдэгч А.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А-ийн  М-д холбогдох эрүүгийн 2438000780104 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г овогт А-ийн  М , *******************  Хөвсгөл аймгийн *************** суманд төрсөн, ********** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн **************** оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ************ дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар) Шүүгдэгч А.М  нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын **************** багийн нутаг “Өлөнт” гэх газраас түлээний мод бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр 4 м.куб шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, ойн санд 674,620 төгрөгийн хохирол учруулсанд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч А.М  нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг “Өлөнт” гэх газраас түлээний мод бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр 4 м.куб шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, ойн санд 674,620 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-11-р хуудас), Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-14-р хуудас), эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 16-18-р хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл (хх-ийн 20- 23-р хуудас), иргэний нэхэмжлэгч С.Б-ны мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас), гэрч Б.Энхтөрийн мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас), Хөвсгөл аймгийн Нарс шинэсэн төгөл сум дундын ойн ангийн шинжээч Н.Батхүүгийн 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт (хх-ийн 42-44-р хуудас), шинжээч Н.Батхүүгийн мэдүүлэг (хх-ийн 49-50-р хуудас), Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Д ийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт (хх-ийн 55-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээч Ч.Жамъяны 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-924/9276 дугаартай дүгнэлт (хх-ийн 58-60-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Шүүгдэгч А.М  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно. Шүүгдэгч А.М ийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 674,620 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн Нарс шинэсэн төгөл сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 2,023,860 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байна. Уг хохирлын нөхөн төлбөрийг шүүгдэгч А.М  нь Төрийн сангийн 100172300988 дугаартай дансанд төлсөн байна. Иймд Төрийн сангийн 100172300988 тоот данснаас 2,023,860 төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна. Энэ хэргийн улмаас экологи эдийн засагт учирсан 2,023,860 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч А.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. Эрүүгийн 2438000780104 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Цагдаагийн хэсгийн хашаанд/ 4 м.куб хэмжээтэй шинэс модыг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, кубано гэсэн бичилттэй, цагаан өнгийн бензин мотортой, төмөр цейф, хошуутай цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хурааж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт А-ийн  М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн  М ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.М  нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч А.М ийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Төрийн сангийн 100172300988 тоот дансанд төлсөн 2,023,860 төгрөгийг буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2438000780104 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Цагдаагийн хэсгийн хашаанд/ 4 м.куб хэмжээтэй шинэс модыг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, кубано гэсэн бичилттэй, цагаан өнгийн бензин мотортой, төмөр цейф, хошуутай цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ,

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР