Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,   

Улсын яллагч Э.Гэрэлтуяа, 

Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О-т холбогдох эрүүгийн 2438000000139 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.О,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Эрдэнэбулган сум явах замдаа тээврийн хэрэгсэл дотор 2024 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Ц.М-таймаргалдан толгойн тус газарт нь цохиж, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, няцралт, баруун хөмсгөнд няцрал, хоолой болон баруун мөрөнд цус хуралт, баруун ухархайн хананд цөмөрсөн хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Эрдэнэбулган сум явах замдаа тээврийн хэрэгсэл дотор 2024 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Ц.М-таймаргалдан толгойн тус газарт нь цохиж, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, няцралт, баруун хөмсгөнд няцрал, хоолой болон баруун мөрөнд цус хуралт, баруун ухархайн хананд цөмөрсөн хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438000000139 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Т.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2024 оны 2 дугаар сарын 24-ний өдөр би Эрдэнэбулган сум явах гээд машины стачерыг засуулах шаардлагатай болоод найз Өсөхөөд энэ талаар хэлсэн чинь манай ах сайн засдаг гэж хэлээд намайг Гурван-Эрдэнэ сургуулийн хажууд байдаг нэг айлд дагуулж очсон. Тэгээд тухайн үед Ө-тэй хамт буцаж машин дээрээ очоод стачераа янзлаад байж байхад тэр машины стачер зассан ах хүрээд ирсэн. Ө л тэр ахыгаа дуудсан юм шиг байна лээ. Би бол тэр ахыг ерөөсөө дуудаагүй. Тэгээд Өсөхөө бид хоёрыг Эрдэнэбулган сум руу явах гэсэн чинь тэр ах хамт явна гээд унасан. Би уг нь тухайн үед дургүй байсан чинь Өсөхөө зүгээр зүгээр гэж хэлээд аваад явах болсон. Тэгээд Мөрөнгөөс гараад явж байсан чинь архи авч өг гээд надаас тэр ах нэхээд байхаар нь авч өгөөгүй юм. Замд бүүр нэхээд байхаар нь би Тосонцэнгэл сумын дэлгүүр орж 2 шил 0,75 литрийн Агар нэртэй архи авч өгсөн чинь Өсөхөө энэ хоёр хувааж уугаад тасраад унасан. Ингээд замд явж байхад тэр ах намайг хэл амаар доромжлоод байсан. Уг нь би тухайн үедээ нээх их юм бодоогүй та зүгээр бай гэж хэлчихээд яваад байсан. Тэгээд Их-Уул өнгөрөөд явж байхад тэр ах шууд миний үрүүлээс татаад авахаар нь зүгээр байгаарай гэж хэлээд гарыг тавиулаад олон дахин ингээд явж чадахгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр ах өөрөө үзье, барья гээд унасан. Үүний дараа засмал замаараа яваад Зүлэгтийн гүүрний наад талаас салаад шороон зам руу ороод Эрдэнэбулган сум руу чиглэлтэй явсан. Шороон замаар 5 орчим км яваад нэг гарам таараад тэр гарамыг гарах гэж байхад нөгөө Өсөхөөгийн ах үрүүлээс дахиж татаад миний дух руу гараа атгаж байгаад нэг удаа цохиж зам буруулаад голын эрэг дайруулж машин гарахаар нь би зогсож байгаад гарыг нь тавиулахдаа нэг гараа савсан чинь тэр ахын нүүрэн хэсгийг очоод оносон. Бас миний уур хүрээд 2 удаа гараа атгаж байгаад толгой руу цохисон. Тухайн үед ийм л үйл явдал болсон...Хүлээн зөвшөөрч байгаа…3,000,000 төгрөгийг хохирогчид өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан…” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн үдээс хойш шиг санагдаж байна. Манай төрлийн дүү Ө нь найз О-г дагуулаад манай гэрт ирсэн. Тухайн үед энэ хоёр машины стачер засуулах гээд ирсэн юм. Тэгээд би энэ хоёрыг авчирсан стачерыг нь засаж байхдаа Өсөх-Ирээдүйгээр нэг шил 0,75 литрийн Агар нэртэй архи авахуулаад Өхамт хувааж ууж дуусгасан. Тэгээд энэ хоёр надаар стачераа засуулж аваад яваад өгсөн. Энэ хоёр яваад цаг гарангийн дараа Өнад руу залгаад ах хүрээд ир гурвуулаа цуг Эг-Үүр орж өвс ачаад ирье гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Тухайн үед бид гурав том оворын ачааны машинтай явсан. Тэгээд Мөрөнгөөс гарахдаа Ө нь дахин нэг шил 0,5 литрийн Агар нэртэй архи аваад бид гурав явсан. Энэ архийг Өбид хоёр л хувааж уусан. Тэр О гэдэг бол огт уугаагүй. Би тухайн үед архи их уугаад нэлээн согтсон байна лээ, нэг сэрсэн чинь О намайг машин дотор ална шүү гэж хэлээд нүүр лүү цохиод байсан. Тэгээд би ухаан ороод за больё гэж хэлээд Отгоогоос салсан. Уг үйл явдлын дараа миний нүүр хавдсан. Ингээд бид гурав Эг-Үүр орсон. Замдаа дахиж зодоон нүдээн болоогүй. Эг-Үүр ороод би Отгоод толгой өвдөөд байна гэж хэлсэн чинь нэг шил архи надад авч өгсөн. Тэгээд л би замын унаанд Өхамт суугаад Тариалан ороод Тариалангаас дүүгээ дуудаад Мөрөнд орж ирсэн. Харин Отгоо бол Эг-Үүрт үлдсэн байсан...Би Отгонбаатарт зодуулснаас хойш Улаанбаатар хотод очиж Тод мэлмий гэдэг нүдний эмнэлэгт очиж нүдээ үзүүлсэн. Тэгэхэд баруун талын нүдний ухархайн хана хугарсан байна гэсэн онош гарсан. Бас тархинд 2-3 судасны бөгөлрөл байна гэсэн онош гарсан. Тэгээд эм тариа дусал хийлгэж байгаа. Эмчилгээ хийлгэсэн гэх баримт надад байгаа. Би дараа нь бөөндүүлж байгаад гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (хх-ийн 14, 16-р хуудас), 

Гэрч Л.Б-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр намайг нөхөр Мтай гэртээ байж байхад үдээс хойш манай хамаатны хүүхэд Өнь нэг танихгүй залуутай хамт манай гэрт ирсэн. Энэ хоёр манай нөхрөөр жанам янзуулах гэж ирсэн юм байна лээ. Тэгээд манай нөхрийг жанам янзалж байхад Өнадад төрсөн өдрийн урьдчилсан бэлэг гээд нэг шил архи авч өгөхөөр нь бихамт хувааж уугаад унтсан. Намайг унтахаас өмнө М нөгөө танихгүй залуутай хамт зах явж сэлбэг авна гэж хэлээд яваад өгсөн. ...Маргааш нь буюу 2 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 25 минутад 80534370 гэсэн дугаараас над руу залгахаар нь аваад ярьсан чинь “танай нөхөрт би 30,000 төгрөг өгсөн шүү, янхан минь” гэж хэлэхээр нь “утас андуурсан юм биш үү, хэн бэ” гэхэд “яасан сүртэй янхан бэ” гэж хэлсэн. Тэгээд би “наана чинь М байна уу” гэсэн чинь “байна, янхан минь ярих юм уу” гэхэд “тэгье” гэж хэлээд Мтай яриад “хаана явна юу хийж явна” гэж хэлэхэд “зүгээр, зүгээр” гэж хэлж байсан. Ингээд энэ өдрийн орой 21 цаг 32 минутад над руу нэг эмэгтэй хүн залгаад “танай нөхөр чинь хүнд зодуулсан ухаангүй хээр хэвтэж байна, би гэртээ оруулж ирлээ. Тариалангаас ирж аваарай” гэж хэлсэн. ...Тэр Отгоод зодуулсан юм шиг байна лээ. Анх О зодуулсан гэдгээ нуугаад байсан. Сүүлд бие нь муудаад эхлэхээр Отгоод 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө зодуулсан гэдгээ надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас),  

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Б-ийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 191 дугаартай: “...1. Ц.М-ын бие баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, няцралт, баруун хөмсгөнд няцралт, хоолой болон баруун мөрөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх хэрэг болсон цаг хугацаандаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Ц.М-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 29-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Б-ийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 166 дугаартай: “...1. Ц.М-ын биед нэмэлтээр баруун ухархайн хананд цөмөрсөн хугарал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн хүчээр үүссэн байна.

3. Ц.М-ын биед нэмэлтээр тогтоогдсон дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 34-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.М-ын эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 66,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 66,000 төгрөгийг буруутай хүнээс нь нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-р дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: 

иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 44-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 45-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 46-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 47-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2438000000139 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна…” гэв. 

Шүүгдэгч Т.О нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно. 

Шүүгдэгч Т.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Эрдэнэбулган сум явах замдаа тээврийн хэрэгсэл дотор 2024 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Ц.М-таймаргалдан толгойн тус газарт нь цохиж, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, няцралт, баруун хөмсгөнд няцрал, хоолой болон баруун мөрөнд цус хуралт, баруун ухархайн хананд цөмөрсөн хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 14, 16-р хуудас), иргэний нэхэмжлэгч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 22-р дугаар хуудас), гэрч Л.Б-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Б-ийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 191 дугаартай дүгнэлт (хх-ийн 29-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Б-ийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 166 дугаартай дүгнэлт (хх-ийн 34-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.  

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.М-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Т.О-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Т.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Т.О нь хохирогч Ц.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Хохирогч Ц.М нь шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан хохирол 3,000,000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Т.О нь хохирогчид учирсан хохирол 3,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр №0337 бүртгэлийн дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Т.Оаас 3,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-т олгох нь зүйтэй байна. 

Мөн иргэний нэхэмжлэгч Г.А нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 66,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системээс хохирогч Ц.М-т 66,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 19-р хуудас)-гаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.О-аас 66,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу 600,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 47-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.  

Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Т.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 нэгжээр тооцож, нийт 15,000 төгрөгийг торгох ялаас нь хасч тооцлоо.  

Эрүүгийн 2438000000139 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ын цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 (арван тав) нэгжээр тооцож, нийт 15,000 (арван таван мянга) төгрөгийг торгох ялаас хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Т.О-аас 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-т, 66,000 (жаран зургаан мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.  

6. Эрүүгийн 2438000000139 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                         

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ХҮРЭЛБААТАР