Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, Улсын яллагч Ц.Чингүүн, Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-гийн Г-д холбогдох эрүүгийн 2438000000055 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б овогт Ц-ийн Г, **************** өдөр ********** суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ************** дугаартай, Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар) Шүүгдэгч Ц.Г нь 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Өлөнт гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг, 3,9 метр куб хэмжээтэй босоо хуурай шинэс мод ойд бэлтгэж, экологи-эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 657,754 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Ц.Г нь 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Өлөнт гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг, 3,9 метр куб хэмжээтэй босоо хуурай шинэс мод ойд бэлтгэж, экологи-эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 657,754 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438000000055 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас), Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (ххийн 9-14-р хуудас), Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 16-18-р хуудас), Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 19-р хуудас), Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 21-24, 26-29-р хуудас), Шүүгдэгч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр найз Э-ын хамт Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Өлөнт гэдэг газраас мод бэлтгэхээр Э-ын эзэмшлийн Портер маркийн 53-95 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Бид хоёр тухайн Өлөнт гэх газарт очиж мод руу орж шатсан хуурай босоо мод унагааж тайрч байхад экологийн цагдаа нар ирсэн. Ирээд холбогдох бичиг баримт шалгуул гэсэн. Би мод бэлтгэх 2024 оны эрхийн бичиг аваагүй байсан учир мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй талаараа хэлсэн. Тэгэхэд тухайн цагдаа та хууль бус зүйл хийж байна. Одоо наад үйл ажиллагаагаа зогсоо гээд Э- бид хоёрын бэлтгэсэн моднуудыг машин дээр ачуулаад сумын төвд цагдаагийн хашаанд буулгуулсан. Манай гэр гал түлэх түлээгүй болчихоод түлээнд явсан. Би уул нь сумын байгаль орчны тасгаас мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн боловч үнэт цаас ирээгүй, ирэхээр нь аваарай гэхээр нь дараа авчихна гэж бодоод тухайн өдрөө модонд явж бэлтгэсэн юм... Би Э-ыг хамт түлээнд яваад өгөөч гэж гуйсан юм. Ямар нэгэн оролцоо байхгүй. Надад л тус болж явсан юм...Миний өөрийн эзэмшлийн хөрөө байгаа юм. Одоогоос 3 жилийн өмнө шинээр нь 250,000 төгрөгөөр худалдаж авч байсан...Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэхгүй...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч С.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эрдэнэбулган сумын Өлөнт гэх газар нь Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаардаг газар нутаг байгаа юм. Иргэн Ц.Г нь 2024 оны байдлаар мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан зүйл байхгүй. 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр эргүүл хяналт шалгалтаар явж байхад Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Өлөнт гэх газарт хууль бусаар иргэд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжтэй зүйлийг газар дээр нь илрүүлж хяналт шалгалтыг явуулж ажилласан. Ц.Г босоо хоёр ширхэг хуурай мод унагаж бэлтгэсэн байсан. Иргэдэд түлээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагч олгодог. Иргэн хүн мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас, эрхийн бичигт бичигдсэн цаг хугацаанд бэлтгэх үүрэгтэй. Иргэн Ц.Ггийн хувьд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг авсан зүйл байхгүй. Мөн босоо мод унагаж бэлтгэсэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Иргэн хүн босоо мод унагаж бэлтгэж болохгүй. Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг, Өлөнт гэх газарт хуурай шинэс төрлийн мод ихтэй, өмнө нь 1996 онд ой хээрийн түймэрт автагдаж, хуурай шинэс төрлийн мод ихтэй газар байгаа юм. Экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү... ” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас), Иргэний нэхэмжлэгч Б.Түүхтбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.Г утсаар залгаж баригдахаасаа өмнө 2 өдрийн өмнө байх намайг хөдөө малдаа явж байхад над руу утсаар залгаж “хөгшиндөө машинаа өгчих” гэхээр нь юунд хэрэглэх гэж байгааг нь асуулгүй “тэг, тэг” гэж хэлэхэд сумын төвөөс гарч ирж миний машиныг аваад явсан. Дараа нь 2 хоногийн дараа утсаар ярихдаа “модонд явж байгаад чиний машиныг журамлуулчихлаа” гэж хэлсэн... Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хураалгамааргүй байна...” гэх мэдүүлэг (ххийн 37-38-р хуудас), Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр би Эрдэнэбулган сумын төвд явж байхад найз Г над руу залгаад “би гэрийнхээ түлээнд явах гэсэн юм хамт яваад өгөөч” гэхээр нь би хамт Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Өлөнт гэх газар руу түлээний мод бэлтгэхээр явсан. Г мод бэлтгэх газраа очоод хоёр ширхэг босоо хуурай модыг цахилгаан хөрөөгөөр унагаж бэлтгээд хувааж хөрөөдөж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд бид нараас мод бэлтгэх эрхийн бичгээ шалгуул гэсэн. Тэгтэл Г 2024 оны мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж цагдаа нарт хэлсэн. Тэр үед би Гг мод бэлтгэх эрхийн бичиггүй гэдгийг мэдсэн...Хоёр ширхэг босоо хуурай шинэс төрлийн модыг Г унагаж бэлтгэсэн. Ггийн гэрийн түлээнд түлшний мод бэлтгэсэн юм. Цахилгаан хөрөө Г-гийн хөрөө байгаа юм. Бид хоёр Ггийн нэг ширхэг хөрөөтэй явсан. Өөр багаж ашиглаагүй, Г хамт модонд явъя гэхээр нь тус болох гээд л явсан. Би эрхийн бичигтэй яваа юм байна гэж бодсон. Би бэлтгэсэн модыг ачихад туслахаар л явсан, бид хоёр мод бэлтгэх газраа очоод удаагүй байхад цагдаа нар ирсэн. Би найздаа туслахаар л явсан тэрнээс биш мөнгө төгрөг авсан зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас), Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн инженер Н.Батхүүгийн 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн: “ 1 м3 шинэс /хуурай/ модны үнэ 168,655 төгрөг, итгэлцүүр 1.0, модны хэмжээ 3,9 м3, экологи-эдийн засгийн үнэлгээ 657,754 төгрөг” гэх дүгнэлт (хх-ийн 50-52-р хуудас), “Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-924/9103 дугаартай “Цахилгаан хөрөөний бодит үнэ цэнийг 2024 оны 2 дугаар сарын байдлаар 120,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 57-59-р хуудас), Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Даваадоржийн 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “2438000000055 дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлтэд ойн санд учирсан экологи- эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.2-д заасны дагуу хохирол нөхөн төлбөр тооцсон. Экологи-эдийн засгийн үнэлгээ 657,754 төгрөгийн түлээний зориулалттай шинэс мод. Ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 1,973,262 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 64-р хуудас), “Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1001647 дугаартай: “Б.Түүхтбаярын эзэмшлийн 53-95 ХӨА улсын дугаартай 2000 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол улсад орж ирсэн Bongo Frontier маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 4,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” гэх автомашины техникийн үнэлгээний тайлан (хх-ийн 67-68-р хуудас), Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай албан бичгээр ирүүлсэн 53-95 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Бямбасүрэнгийн Түүхтбаярых мөн болох талаарх лавлагаа (хх-ийн 92-93-р хуудас), Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 82-р хуудас), Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 83-р хуудас), Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 84-р хуудас), Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 85-р хуудас), Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга багийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаартай албан бичиг (хх-ийн 88-р хуудас), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 89-р хуудас), Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 90-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Эрүүгийн 2438000000055 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Өлөнт гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг 3,9 метр куб хэмжээтэй босоо хуурай шинэс мод ойд бэлтгэж экологи-эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 657,754 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргаангүй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах...1,973,262 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэв. Шүүгдэгч Ц.Г нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно. Шүүгдэгч Ц.Г нь 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Өлөнт гэх газар зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг, 3,9 метр куб хэмжээтэй босоо хуурай шинэс мод ойд бэлтгэж, экологи-эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 657,754 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас), Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (ххийн 9-14-р хуудас), Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 16-18-р хуудас), Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 19-р хуудас), Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 21-24, 26-29-р хуудас), Иргэний нэхэмжлэгч С.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас), Иргэний нэхэмжлэгч Б.Түүхтбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас), Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (ххийн 45-46-р хуудас), Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн инженер Н.Батхүүгийн 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 50-52-р хуудас), “Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-924/9103 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 57-59-р хуудас), Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Даваадоржийн 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 64-р хуудас), “Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1001647 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан (хх-ийн 67-68-р хуудас), Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай албан бичгээр ирүүлсэн 53-95 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Бямбасүрэнгийн Түүхтбаярых мөн болох талаарх лавлагаа (хх-ийн 92-93-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг. Шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Ц.Г нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.Ггийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ. Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч Ц.Г нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ц.Г нь экологи эдийн засагт 657,754 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Г нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1,973,262 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс 1,973,262 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувийн байдал, бэлтгэсэн модны хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэж 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарыг хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна…хэрэгт битүүмжлэгдсэн 2 ширхэг 3,9 метр куб хэмжээтэй босоо хуурай шинэс модыг улсын орлогод оруулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан. Тус тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 4,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэв. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Ц.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 85-р хуудас)-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус заасан байна. Эрүүгийн 2438000000055 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглахыг завдсан 4,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Bongo Frontier маркийн 53-95 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эзэмшигч нь Бямбасүрэнгийн Түүхтбаярых мөн болох нь Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай албан бичгээр ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний нэхэмжлэгч Б.Түүхтбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1001647 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна. Иймд эрүүгийн 2438000000055 дугаар хэрэгт Bongo Frontier маркийн 53-95 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хөвсгөл аймгийн прокурорын газрын прокурорын 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2438000000055 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.Ггийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглахаар завдсан Bongo Frontier маркийн 53-95 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг шүүгдэгч Ц.Ггээс гаргуулж улсын орлогод оруулахыг, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжлэгдсэн 2 ширхэг, 3,9 метр куб хэмжээтэй босоо хуурай шинэс модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна. Эрүүгийн 2438000000055 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн Г-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Г-ээс 1,973,262 (нэг сая есөн зуун далан гурван мянга хоёр зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.

5. Эрүүгийн 2438000000055 дугаар хэрэгт Bongo Frontier маркийн 53-95 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2438000000055 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.Ггийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглахаар завдсан Bongo Frontier маркийн 53-95 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг шүүгдэгч Ц.Г-гээс гаргуулж улсын орлогод оруулахыг, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжлэгдсэн 2 ширхэг, 3,9 метр куб хэмжээтэй босоо хуурай шинэс модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн 2438000000055 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР