Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2021/00407

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “А” ХХК /гүйцэтгэх захирал М/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Засаг дарга /Н/,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар /дарга Б/,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал З/,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч Л/,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Соёлын төв /эрхлэгч М/,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв /эрхлэгч Х/,

Хамтран хариуцагч: Б аймгийн Засаг дарга /Д.Бауыржан/,

Хамтран хариуцагч: Б аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /дарга Е/-т тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С, түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч Б аймгийн Б сумын Засаг дарга Х, Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б, Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал К, Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Л, Б аймгийн Б сумын Соёлын төвийн эрхлэгч М,  Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х, хамтран хариуцагч болон хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 426569009 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч  “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлж тэрнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Б аймгийн Засаг даргатай 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 2018/07/09 дугаартай “Б аймгийн Б суманд халаалтын зуух, дулааны сүлжээ барьж төрийн байгууллагууд болон бусад хэрэглэгчдийг дулаанаар хангах төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу Б сумын төвд Б аймгийн Б суманд халаалтын зуух, дулааны сүлжээний барилга байгууламжийг 760581000 төгрөгийн төсөвт өртөгтэй барьж хөрөнгө оруулалтаа 6 жилд нөхөж авахаар болсон.

Дээрх гэрээг байгуулсны дараа Б аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар тогтоолоор авсан Б сумын төвд эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн дагуу барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлж Барилгын ажлыг 2018 оны 06 дугаар сарын 10-нд эхэлсэн.

“Х” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 00000000 дугаартай “Зуух, тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлэх гэрээ”-ний дагуу нийтдээ 483195499 төгрөгийн үнийн дүн бүхий зуух, тоног төхөөрөмж, материал авч барилга байгууламж барих ажилд зарцуулсан. Барилга, байгууламжийн эхний ээлжийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгаж нөөц зуухыг суурилуулах ажлыг 2019 оны 04 дүгээр сард дуусгаж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг хэсэг ажиллуулах хүсэлт гаргасан.

Б аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 00000 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр газар дээр нь ажиллаж тухайн өдрийн 07/2019 дугаартай комиссын дүгнэлтээр манай компанийн барьсан барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн.

Барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж байх үед Б сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 0000 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хэрэглэгч байгууллагуудын дулаан ашиглах талбайн хэмжээг хэмжиж акт үйлдсэн.

2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Б сумын Засаг дарга Мтэй дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээнд хэрэглэгч байгууллагуудын дарга, эрхлэгчид гарын үсэг зурж баталгаажуулсан.

Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу манай компани нь барилга байгууламжийн эхний хэсгийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулж хэрэглэгч байгууллагуудыг мөн өдрөөс дулааны эрчим хүчээр хангаж эхэлсэн ба одоо хүртэл тасралтгүй хангаж байна.

Манай компани сумуудад төвлөрсөн халаалтын зуух ажиллуулдаг бусад компаниудын нэгэн адил Б аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дулаан үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалттай хангах 17 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ба тус зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20/08 дугаартай тогтоолуудаар баталсан дулааны үнэ тарифийг мөрдөж байна.

Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж барилга байгууламжийг заасан хугацаанд ашиглалтад оруулж хэрэглэгч байгууллагуудыг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс дулааны эрчим хүчээр хангаж ирсэн боловч хэрэглэгч байгууллагууд хэрэглэсэн дулааны төлбөрөө цаг хугацаанд төлөхгүй манай компанийг хохироож байна.

“Х” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 00000 дугаартай “Зуух, тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлэх гэрээ”- ний дагуу нийтдээ 483195499 төгрөгийн үнийн дүн бүхий төлбөрийн 175060956 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дотор, мөн 175060956 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дотор, үлдэгдэл 149878088 төгрөгийг 2021 онд бүрэн төлөх үүрэг хүлээсэн.

Хэрэглэгчид дулааны төлбөрөө цаг хугацаанд төлөхгүй байгаагаас “Одкон холдинг” ХХК-д төлөх төлбөрөө цаг хугацаанд төлж чадаагүй. Үүнээс болж тус компани нь манай компанид гэрээний алданги тооцох болж манай компани хохирч байна.

Манай компани нь дээрх барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулахдаа ХААН банкны Б аймаг дахь салбараас 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ЗГ/0000000000 дугаартай зээлийн гэрээгээр 200000000 /хоёр зуун сая/ төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр 84 сарын хугацаатай авсан. Энэ зээлийг мөн цаг хугацаанд төлж чадахгүй байдалд хүрч аргагүйн эрхэнд компанийн гүйцэтгэх захирлын ээжийн тэтгэврийг зээлээр авч банкны зээлээ төлж байна.

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоогоор өссөн дүнгээр Б сумын Засаг даргын Тамгын газар 36830664 төгрөгийн, Хүн эмнэлэг /Сумын эрүүл мэндийн төв/ нь 10996528 төгрөгийн, Соёлын төв нь 100302223 төгрөгийн, Хүүхдийн цэцэрлэг 59544893 төгрөгийн, Ахлах сургууль /ерөнхий боловсролын сургууль/ нь 209534177 төгрөгийн, Цагдаагийн кобаны байр 9360525 төгрөгийн дулааны эрчим хүчний төлбөрийг төлөөгүй байна.

Иймд манай компанийн нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Б сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс тус газрын хэрэглэсэн дулааны үнэ 36830664 төгрөг, Цагдаагийн кобаны байрны хэрэглэсэн дулааны үнэ 9360525, төгрөг, бүгд 46191189 төгрөг, Б сумын Хүн эмнэлэг /Сумын эрүүл мэндийн төв/ -ийн санхүүгээс хэрэглэсэн дулааны үнэ 10996528 төгрөг, Б сумын Соёлын төвийн санхүүгээс хэрэглэсэн дулааны үнэ 100302223 төгрөг, Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс хэрэглэсэн дулааны үнэ 59544893 төгрөг, Б сумын Ахлах сургууль /ерөнхий боловсролын сургууль/-ийн санхүүгээс хэрэглэсэн дулааны үнэ 209534177  төгрөг, бүгд 426569009 /дөрвөн зуун хорин зургаан сая таван зуун жаран есөн мянга есөн /төгрөг гаргуулан “Б” ХХК-д олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг дарга Н, Засаг даргын тамгын газрын дарга Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж уг компани нь 2018 оны 09 сарын 18-ны өдрөөс байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангаж эхлээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа ба сумын төсвийн 5 байгууллагын 9 барилга, байгууламжийг дулааны эрчим хүчээр хангаж байна.

Сумын төсөвт байгууллагуудад нийлүүлж байгаа дулааны эрчим хүчний зардлыг нүүрс түлшний зардлаас “Б” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс одоог хүртэл /2021 оны 02 дугаар сар дуустал/ олгосоор ирсэн. Сумын нийт төсөвт байгууллагуудын халаалтын зардлыг нэмж батлуулах талаар 2019, 2020 оны мөн 2021 оны төсвийн төсөл өгөхөд м3-аар тооцоог гаргаж тусгаад аймгийн Төрийн санд хандсан боловч өнөөдрийн хүртэл дэмжигдээгүй төсвийг нэмж баталж өгөөгүй хэвээр байна.

Дээрх халаалтын нийт зардал сумын хэмжээгээр шийдвэрлэгдээгүй асуудалд аймгийн Засаг дарга, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс буруутай гэж үзэж байна. Учир нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2018/07/09 дугаар гэрээг аймгийн Засаг дарга баталж, холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулсан “Б аймгийн Б суманд халаалтын зуух, дулааны сүлжээ барьж төрийн байгууллагуудын болон бусад хэрэглэгчдийг дулаанаар хангах төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан байна.

Уг гэрээний 1.3.1-д “Захиалагч” гэж Б аймгийн Засаг даргыг хэлнэ гэж зааж гэрээний 3 дугаар бүлэгт “Захиалагчийн эрх, үүргийг тусгаж өгсөн байна. Гэрээний 3.3-д “... түншид дэмжлэг үзүүлж, шаардлагатай тохиолдолд дээд шатны байгууллагад танилцуулан холбогдох шийдвэр гаргуулна. 3.8.1.2-д Энэ гэрээ, төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд учрах хүндрэлүүдийг зохих ёсоор шийдвэрлүүлэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд санал оруулах, шийдвэрлүүлэх гэсэн нь аймгийн Засаг      дарга төсвийн төсөл оруулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах эрх үүргийг зааж өгсөн         байна. Тиймээс захиалагч энэ үүргээ биелүүлж батлуулах ёстой төсвийг батлуулаагүй гэж үзэж байна.

2021 оныг хүртэл төсөвт байгууллагууд хуучин түлээ, түлшний зардлаар орж,  ирсэн зардлаар тооцон олгож байна. 2018, 2019, 2020 онуудад, одоо ч /2021 онд/ м3- аар тооцон төлбөр хийх боломжгүй, үүнийг “Б” ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд мэдэж байгаа. Иймд сумын төсөвт байгууллагуудад холбогдуулан гаргасан 426569009 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаж иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдолтой шаардлагатай тайлбарыг гаргаж байна.

Б” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дулааны эрчим хүч хангах, худалдан авах тухай гэрээ байгуулж уг компани нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангаж эхлээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Тус “Б” ХХК нь их хэмжээний төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, Төсвийн тухай хуулийн 16.5. дугаар зүйлд Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсний дагуу цэцэрлэгт нийлүүлсэн дулаан халаалтын зардлыг түлш халаалтын зардлаас “Б” ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сар хүртэл ирсэн мөнгийг бүрэн шилжүүлсэн байна. Төсвийн шууд захирагч нарт төсөв тогтоох эрх хэмжээ хуулиараа олгогдоогүй учир төсөв тогтоох шийдвэр гаргах түвшний дээд шатны хуулиар үүрэг хүлээсэн албан тушаалтнуудаас нэхэмжлэх нь зүйтэй. Төсвийн шууд захирагч нар батлагдсан төсвийн хүрээнд зориулалтын дагуу захиран зарцуулах эрхтэй манай төсөвт батлагдаж ирсэн түлш халаалтын бүх зардлаа бүрэн шилжүүлсэн тул энэ нэхэмжлэлд төсвийн шууд захирагч цэцэрлэгийн эрхлэгч Л надад хамаарахгүй гэж үзэж байна.

Б аймгийн Б суманд халаалтын зуух дулааны сүлжээ барьж төрийн байгууллагууд болон бусад хэрэглэгчдийг дулаанаар хангах төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээг аймгийн засаг дарга А, “Б” ХХК-ийн захирал С нарын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2018/07/09 дугаартай гэрээ хийгдсэн байна. Мөн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай Б сумын засаг дарга М, Б ХХК-ийн захирал С нар хэрэглэгч байгууллагыг төлөөлөн дарга эрхлэгч нартай гэрээ хийсэн байгаа боловч төлбөрийг гэрээнд тодорхой тусгаагүй байна. Мөн дээр дурдсан аймгийн Засаг даргатай хийсэн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.2-т түнш нь санхүү, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, эсхүл хууль тогтоомж өөрчлөгдсөн тохиолдолд гэрээний нөхцөлийг өөрчлөх санал гаргаж болох ба нөхцөл нь гэрээ байгуулсны дараа үүссэн бөгөөд ийм нөхцөл байдал бий болох тухай урьдчилан мэдэх боломжгүй байсан, түүнчлэн уг нөхцөл байдлыг түнш өөрөө даван гарах боломжгүй болсон тохиолдлуудад гэрээг өөрчлөх үндэслэл болно гэж ойлгогдож байна. Гэтэл  үнэ тариф санхүүгийн маш их өөрчлөлт гарч байхад дахин гэрээ хийлгүй өөрчлөлт оруулахгүй тодорхой бус шаардлага хангахгүй гэрээтэй байгаа нь тус нэхэмжлэлтэй зөрчилдөж байна. Мөн энэ гэрээнд миний бие хамааралгүй өмнөх эрхлэгч С хийсэн болно.

2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Б ХХК-ийн захирал С, нягтлан Б.Гүлнар нар ирж төлөвлөгөө санхүүжилтийг дутуу төлсөн өртэй төлбөртэй тооцоо нийлсэн акт бичиж ирээд 2021 оны төсвийн төлөвлөгөөнд нэг м3 аар тооцож халаалтын зардлыг хүсэж байгаа энд тус болоод гарын үсэг зурж өгөөч гэсэн түлш халаалтын зардлыг нэмж батлуулах талаар аймгийн Төрийн санд хандсан боловч дэмжигдээгүй гэтэл энэ тооцоо нийлсэн манай байгууллагыг өртэй мэт харагдуулж байгаад энэ баримтыг шүүхэд өгөөд өр нэхэмжилж байгаа нь хэт хүн чанаргүй үйлдэл төсөв мөнгөө шийдүүлэг гэж гаргаж өгсөн баримтыг бидний эсрэг ашиглаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм.

Цэцэрлэг төвлөрсөн халаалтад шилжихээс өмнө нам даралтын зуух болон гал тогооны гэсэн хоёр зуух галладаг байсан. Түлш халаалтын бүх зардлаа Б ХХК-д шилжүүлчихээр цэцэрлэгийн гал тогоо галлах нүүрс модны зардлыг хаанаас гаргах вэ гэсэн асуудал гарсантай холбоотой гал зуухны түлээ нүүрсэнд 1 тонн нүүрс 13 мод авч үлдэж хүүхдийн хоол боловсруулах үйл ажиллагааг хийдэг гэтэл Б ХХК-ийн захирал С, нягтлан Б.Гүлнар нар гэрээнд энэ талаар тусгасан гэж ярьдаг хэрнээ энэ заалт бас байхгүй байна.

Б аймгийн зохицуулах зөвлөлийн тогтоол 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай дулааны үнэ тогтоох тухай тогтоол, 2018 оны 07 дугаар сарын 27 ны өдрийн  09 дугаартай дулааны үнэ тогтоох тухай тогтоол, 2020 оны 1 дүгээр сарын 16 ны өдрийн 20/08 дугаартай дулааны үнэ тогтоох тухай тогтоол нийт 3 удаа гарч өөрчлөгдөн, шинэчлэгдэж байхад энэ тухай тус Б ХХК-ийн захирал С хэрэглэгч байгууллага болох хүүхдийн цэцэрлэгт нэг ч албан бичгээр мэдэгдсэн танилцуулсан баримт бичиг манай цэцэрлэгийн бичиг хэрэгт байхгүй байна.

Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай Б сумын засаг дарга М, А ХХК-ийн захирал С нар хэрэглэгч байгууллагыг төлөөлсөн дарга эрхлэгч нартай хийсэн гэрээний 2.16 дугаар зүйлд 2018 оны үлдсэн хугацаанд одоогийн ирж буй халаалтын зардал, гэрээт ажилтны цалингаар тооцож санхүүжилт авах ба 2019 оноос батлагдсан үнэ тарифыг мөрдөж ажиллана гэсэн байна. Гэтэл батлагдсан үнэ тарифыг мөрдөж ажиллах, төсөв батлагдаж байхад гэрээ болон төсөвт өөрчлөлт ороогүй учир танай нэхэмжлэлийг манай байгууллага ханган шийдвэрлэх боломжгүй. Иймд Б ХХК-ийн захирал Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус суманд үйл ажиллагаа явуулж буй Б ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дулаан эрчим хүч худалдан авах тухай гэрээ байгуулж, уг компани нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ний өдрөөс дулааны эрчим хүчээр хангаж ажиллаж байна. Эрүүл мэндийн төвд нийлүүлсэн эрчим хүчний зардлын нүүрс түлшний зардлаас Б ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн 2018 оны 11 дүгээр сараас эхлэн 2020 оны 12 дугаар сар дуустал нийт 27902847 төгрөгийг бүрэн шилжүүлсэн гэжээ.

Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал К.Хавалхас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж уг компани нь 2018 оны 09 сарын 18-ны өдрөөс байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангаж эхлээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Ерөнхий боловсролын сургуульд нийлүүлсэн дулааны эрчим хүчний зардлыг түлшний зардлаас “Б” ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу 2018 оны 11 сарын 13-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сар хүртэл батлагдсан төсвийн дагуу шилжүүлсэн байна.

Ерөнхий боловсролын сургуулийн халаалтын зардал нь нүүрс түлшний зардлаар ирдэг бөгөөд м3-аар тооцон төлбөр хийх боломжгүй бөгөөд “Б” ХХК нь үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан гэж үзэж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзан тайлбар гаргаж байна гэжээ.

Б аймгийн Б сумын Соёлын төвийн эрхлэгч М  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 01 -ний өдрөөс Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж уг компани нь 2018 оны 09 сарын 18-ны өдрөөс байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангаж эхлээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Тус сумын Соёлын төвд нийлүүлсэн дулаан эрчим хүчний зардлыг нүүрс түлшний зардлаас Б ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал бүрэн шилжүүлсэн. Соёлын төвийн гэрээт ажилчин Г, Д нарыг Б ХХК-ийн машинистаар хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 жилийн хугацаанд ээлжлүүлэн ажиллуулж цалинг Соёлын төвийн төсвөөс санхүүжүүлэн олгож байсан болно. Соёлын төвийн 2020, 2021 оны төсвийн төсөлд эрчим хүчний зардлыг нэмэгдүүлэх талаар холбогдох газар аймгийн Төрийн санд хүсэлт гаргасан боловч дэмжигдээгүй. Соёлын төвийн халаалтын зардал нь нүүрс түлшний зардлаар ирдэг бөгөөд м3-аар тооцон төлбөр хийх боломжгүй бөгөөд “Б” ХХК нь үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан гэж үзэж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзан хариу тайлбар гаргаж байна. Цаашид түлшний зардлын талаар холбогдох байгууллагуудад  хандан нэмэгдүүлэх арга хэмжээ авч Б ХХК-тай хамтран ажиллана гэжээ.

Хамтран хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А” ХХК-ний нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг 2019, 2020 онуудад боловсруулан Сангийн яаманд хүргүүлж, хянуулах үед Б сумын болон бусад сумын төсөвт байгууллагуудын халаалтын зардлыг зохих журам, тооцоо, судалгааны дагуу оруулсан боловч шинээр төвлөрсөн халаалтад орж байгаа газруудын /Б сум/ төсвийг төвлөрсөн халаалтаар түгээх байдлаар төсөвт тусгаж яамнаас суулгаж өгөөгүй юм, 2021 оны хувьд Ковид -19 цар тахал гарч, онцгой нөхцөл байдал үүсч, эдийн засаг хүндэрсэнтэй холбоотой аймгийн урсгал зардлын төсөв өмнөх жилүүдээс нийт дүнгээр 22,5 хувиар буурч батлагдаж ирсэн нь халаалт болон бусад зардалд нөлөөлж, нэмэх боломж бүрдээгүй бөгөөд халаалтын зардал аймгийн хэмжээгээр өмнөх оноос 310,6 сая төгрөгөөр хасагдаж ирсэн ч Б сумын төсвийн байгууллагуудын төсвийг орон нутгийн төсвөөс боломжийн хэмжээгээр нэмэгдүүлэн баталсан. Тухайлбал: 2020 онд Б сумын төсвийн байгууллагуудын халаалтын нийт төсөв нь 107,1 сая төгрөг байсан бол 2021 оны халаалтын зардлыг өмнөх оноос 20.7 сая төгрөгөөр илүү баталж 127,8 сая төгрөг болсон. 2021 оны төсөв батлах үед халаалтын зардал хүрэлцээгүй байсан учир бүх төсөвт байгууллагуудын төсвийг 8 хувиар хасаж байж зохицуулалт хийгдсэн.Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтад “Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах” гэж заасан ба аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чуулганаар батлагдсан төсөвтөө багтааж үйл ажиллагаагаа явуулахыг төсөвт байгууллагууд болон “А” ХХК нь мөрдөж, түүгээр ажлаа зохицуулан ажиллах үүрэгтэй.

Сангийн яамнаас ч халаалтын төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, халаалтын зардлыг өр авлага үүсгэхгүйгээр батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхээр зааж, анхаарч ажиллах чиглэлийг ирүүлсэн байгаа. Энэ талаар аймгийн Засаг даргаас бүх төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нарт албан тоот хүргүүлсэн /албан тоотын хуулбарыг хавсаргав/. Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын 1.8 дах заалтад байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээнд 20-иос доошгүй хувийн хэмнэлт гаргаж ажиллахыг үүрэг болгосон. Үүний дагуу Сангийн яамнаас аймгийн хэмжээний бүх төсөвт байгууллагуудын халаалтын төсвийг энэ оны 7 дугаар сараас эхлэн 20 хувиар танаж байна. Аймгийн Санхүү төрийн сангаас батлагдсан төсвийн хэмжээгээр жил бүрийн санхүүжилтийг бүрэн олгосон. Б сумдад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан 3 жилийн халаалтын төсвийг байгууллага тус бүрээр доорхи байдлаар үзүүлэв.

 

 

Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг дарга Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад шүүхэд хариу тайлбараа хүргүүлсэн байгаа. Хариуцагч нар бүгд төсвийн байгууллага болохоор Төсвийн тухай хуульд заасны дагуу сумын төсөвт тусгагдсан төсвийг Төсвийн тухай хуулиар зарцуулж байгаа. Тэрнээс илүү эсвэл дутуу зарцуулах эрх нь өнөөдрийн хариуцагч байгууллагуудад байхгүй. Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжилж байгаа мөнгийг миний бие дараах байдлаар ойлгосон. Тухайн байгууллага 2018 онд ашиглалтад орсон боловч өнөөдрийн гол нотлох баримт болох гэрээ 2020 онд байгуулсан гэрээ байгаа. Тиймд 2018, 2019 онуудад гэрээ хийгдээгүй учраас уг компанид өнөөдрийн нэхэмжилж байгаа мөнгөн дүн төсөвт тусгагдаагүй. Нэхэмжлэгч нь 2018, 2019 онуудад төсөвт тусгагдаагүй мөнгийг нэхэмжилж байгаа гэж ойлгосон. Иймд хариуцагч нарын зүгээс төсөвт нэгэнт тусгагдаагүй тул нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа 426569009 төгрөгийг төлж барагдуулах боломжгүй. Тийм учраас шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б сумын төсөвт байгууллагуудад холбогдуулан Б ХХК нэхэмжлэл гаргасан. Б ХХК нь Б сумын төсвийн 5 байгууллагын нийтдээ 9 объектыг халаалтаар хангаж байгаа. Өнөөдөр уг байгууллагууд дулаан, халаалтаар хангагдаж байгаа, 2018 онд өмнөх шиг бүх байгууллагууд зөвхөн түлээ, түлшний зардал төсвөөр орж ирж байгаа. Бид нарын зүгээс Б ХХК-д тухайн түлээ, түлшний зардлыг бүрэн гүйцэт шилжүүлж ирсэн. Тийм учраас Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан 36830664 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн цагдаагийн кабон гэж тусдаа объект байгаа. Тус кабон нь өмнө нь аймгийн Цагдаагийн газраас жилдээ 5-8 тонн нүүрс аваад өөрсдөө дулаан, халаалтаа шийддэг байсан. Үүнд Б сумын Засаг даргын Тамгын газрын оролцоо, ямар нэгэн эрх үүрэг байхгүй. Нийтийн халаалт 2018 оноос эхэлж өгсөнтэй холбогдуулан тухайн цагдаагийн кабоны халаалтыг аймгаас өгөөгүй. Нэгэнт орон нутгийн байгууллага тул Тамгын газар төлөх ёстой гэсэн зарчмаар Б ХХК нь Тамгын газарт нэхэмжлэл ирүүлдэг. Гэхдээ бид нарт цагдаагийн газрын кабоны түлээ, түлшний мөнгө гэсэн тусдаа төсөв байхгүй учраас өнөөдөр хүртэл цагдаагийн газрын өмнөөс, эсвэл цагдаагийн кабонд түлээ түлшний мөнгөн төгрөг олгож байсан удаа байхгүй. Тийм учраас цагдаагийн кабонд холбогдуулан гаргасан 9000000 төгрөгийг Тамгын газар хариуцахгүй. Иймд Б сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан 36830664 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал К шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх хариуцагч нарын тайлбартай адилхан байгаа. 2018 оноос эхлээд нэгдсэн халаалт руу шилжсэн. Энэхүү нэгдсэн халаалтад шилжсэнээр бид нарын орчин болон дулаан нөхцөл сайжирсан. Гэхдээ 2017 оноос хойш түлээ, нүүрс, дулаанд нэгэн адилхан төсвийн зардалтай ирж байгаа. Тийм учраас манай зүгээс энэ төсвөөс ямар нэгэн байдлаар хасаж, суутгахгүйгээр тухайн төсөвт заасан мөнгөн дүнг нэхэмжлэгч Б ХХК-д шилжүүлж ирсэн. Үүнд хамгийн гол нь манай зүгээс жил бүр дээд шатны байгууллагад энэ тухай төсвийн төсөл явуулаад байгаа боловч цаанаас манай хүссэн төсөв батлагдаж ирэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 209544000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх халаалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Гэхдээ Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” мөн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсний дагуу цэцэрлэгт ирсэн халаалтын зардлыг нэхэмжлэгч Б ХХК-д бүрэн шилжүүлж байсан. Бидэнд ирсэн төсвийн хуваарилалтын дагуу зарцуулах эрх хэмжээ байгаа боловч бидэнд төсвийг тогтоох эрх хэмжээ байхгүй. Тийм учраас хариуцагч байгууллагын цэцэрлэгийн эрхлэгч төсвийн шууд захирагч надад хамааралгүй гэж ойлгож байна. Тухайн үедээ нэхэмжлэгч Б ХХК 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэрээ хийсэн байдаг байна. Мөн тухайн үеийн сумын Засаг дарга М гуайтай Мунтаз гуай гэрээ хийсэн байдаг. Тухайн гэрээний 9.3.2-т зааснаар “санхүү эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, эсхүл хууль тогтоомж өөрчлөгдсөн тохиолдолд гэрээний нөхцөлийг өөрчлөх санал гаргаж болох ба нөхцөлийн байгуулагдсаны дараа үүссэн бөгөөд ийм нөхцөл байдал бий болохыг урьдчилан мэдэх боломжгүй байсан, уг нөхцөл байдлыг түнш өөрөө даван туулах боломжгүй болсон тохиолдолд энэ нь гэрээг өөрчлөх үндэслэл болно” гэж заасан байгаа. Нэхэмжлэгч тал метр кубээр үнээ тогтоогоод бид нараас шаардаад байгаа. Харин хариуцагч манайд метр кубээр халаалтын зардал тусгагдаж ирээгүй. Энэ зардал нь бидэнд байхгүй. Харин дээрээс манай байгууллагад энгийн халаалтын зардлын төсөв батлагдсан. Энэхүү батлагдаж ирсэн төсвөө бид тухай бүрт нь Б ХХК-д шилжүүлж байгаа. Б ХХК нь 3 удаа үнэ зохицуулах зөвлөлийн тогтоол гээд 3 удаа гаргасан байна. Гэрээнд үнэд өөрчлөлт орсон тохиолдолд заавал харилцагч байгууллуудтай холбогдож, гэрээгээ дахин өөрчлөх тухай тусгасан байдаг. Гэтэл энэхүү үнэ тогтоосон үнийн тариф өөрчлөгдсөн тухай манай байгууллагын санхүүгийн ажил эрхэлсэн ямар нэгэн албан тушаалд мэдэгдээгүй, ямар нэгэн албан бичиг манай байгууллагад ирээгүй байна. Үнэ өөрчлөгдсөнөө цэцэрлэгт мэдэгдээгүй, гэрээнд өөрчлөлт ороогүй байгаа. Манай байгууллагын зүгээс манай байгууллагад ирсэн төсвийг шилжүүлж байгаа тохиолдолд манай байгууллага хариуцагч болж болохгүй байна гэдэг нөхцөл байдлаас ажиглагдаж байна. Тийм учраас Б ХХК нь манайхаас биш төсөв тогтоодог эрх бүхий байгууллагаас энэхүү нэхэмжлэлээ гаргаж авах нь зохистой байх. Иймд Б ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг 100 хувь хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Б сумын Соёлын төвийн эрхлэгч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК-тай 2018 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Хариуцагч К.Хабылхас хамтран ажилласнаас хойш орчин тойрон, байгууллагуудын орчин нөхцөл сайжирсан тухай хэллээ, үүнтэй санал нэг байгаа. Гэхдээ ингээд нэг л өдөр гэнэт 100000000 төгрөг нэхэмжилж байгаад нь гайхаж байна. Соёлын төв нь жижигхэн байгууллага. Төсвөөс жилд үсрээд 6000000 төгрөгийн халаалтын мөнгө оногддог. Тухайн мөнгийг 10 сард хуваахаар сард 600000 гаруй мянган төгрөг ноогддог. Тухайн манайд ирсэн халаалтын мөнгөний ганц төгрөгийг дутаахгүйгээр Б ХХК-д шилжүүлж байгаа. Хариуцагч Лын тайлбарлаж байгаагаар энэхүү мөнгийг биднээс нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж эрх бүхий байгууллагуудаас нэхэмжлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Манай байгууллагын зүгээс төсвөө нэмэгдүүлэхийн тулд жил бүрийн 6, 7 дугаар сард төсвийн төслөө боловсруулж дээд шатны байгууллагад явуулдаг боловч манай хүсэлтийн дагуу баталж өгдөггүй. Одоо манай байгууллагад урьд нам даралтын зуухаар ажиллаж байх үеийн төсвөөр мөнгө ирж байгаа. Гэхдээ манайх өмнөх шиг тухайн нам даралтын зуухаа ажиллуулвал маш хэцүү байдалд орох гээд байна. Иймд Б сумын Соёлын төвтэй холбогдох нэхэмжлэлийг хүчингүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Б сумын Эрүүл мэндийн төв нь Б ХХК-тай гэрээ байгуулж ажилласнаас хойш төсвөөс тусгагдсан бүх мөнгийг Б ХХК-д шилжүүлж байгаа. Иймд Б ХХК-ийн нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй гэдгээ хэлье гэв.

Хамтран хариуцагч бөгөөд хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг 2019, 2020 онуудад боловсруулан Сангийн яаманд хүргүүлж, хянуулах үед Б сумын болон бусад сумын төсөвт байгууллагуудын халаалтын зардлыг зохих журам, тооцоо, судалгааны дагуу оруулсан боловч шинээр төвлөрсөн халаалтад орж байгаа газруудын /Б сум/ төсвийг төвлөрсөн халаалтаар түгээх байдлаар төсөвт тусгаж яамнаас суулгаж өгөөгүй юм, 2021 оны хувьд Ковид-19 цар тахал гарч, онцгой нөхцөл байдал үүсч, эдийн засаг хүндэрсэнтэй холбоотой аймгийн урсгал зардлын төсөв өмнөх жилүүдээс нийт дүнгээр 22,5 хувиар буурч батлагдаж ирсэн нь халаалт болон бусад зардалд нөлөөлж, нэмэх боломж бүрдээгүй бөгөөд халаалтын зардал аймгийн хэмжээгээр өмнөх оноос 310,6 сая төгрөгөөр хасагдаж ирсэн ч Б сумын төсвийн байгууллагуудын төсвийг орон нутгийн төсвөөс боломжийн хэмжээгээр нэмэгдүүлэн баталсан. Тухайлбал: 2020 онд Б сумын төсвийн байгууллагуудын халаалтын нийт төсөв нь 107,1 сая төгрөг байсан бол 2021 оны халаалтын зардлыг өмнөх оноос 20.7 сая төгрөгөөр илүү баталж 127,8 сая төгрөг болсон. 2021 оны төсөв батлах үед халаалтын зардал хүрэлцээгүй байсан учир бүх төсөвт байгууллагуудын төсвийг 8 хувиар хасаж байж зохицуулалт хийгдсэн.Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтад Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэж заасан ба аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чуулганаар батлагдсан төсөвтөө багтааж үйл ажиллагаагаа явуулахыг төсөвт байгууллагууд болон А ХХК нь мөрдөж, түүгээр ажлаа зохицуулан ажиллах үүрэгтэй. Сангийн яамнаас ч халаалтын төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, халаалтын зардлыг өр авлага үүсгэхгүйгээр батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхээр зааж, анхаарч ажиллах чиглэлийг ирүүлсэн байгаа. Энэ талаар аймгийн Засаг даргаас бүх төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нарт албан тоот хүргүүлсэн /албан тоотын хуулбарыг хавсаргав/. Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын 1.8 дах заалтад байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээнд 20-иос доошгүй хувийн хэмнэлт гаргаж ажиллахыг үүрэг болгосон. Үүний дагуу Сангийн яамнаас аймгийн хэмжээний бүх төсөвт байгууллагуудын халаалтын төсвийг энэ оны 7 дугаар сараас эхлэн 20 хувиар танаж байна. Аймгийн Санхүү төрийн сангаас батлагдсан төсвийн хэмжээгээр жил бүрийн санхүүжилтийг бүрэн олгосон. Б сумдад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан 3 жилийн халаалтын төсвийг байгууллага тус бүрээр тусгав. 2019 онд Б сумын Засаг даргын тамгын газар 12,523.3 төгрөг, Б сумын Соёлын төв 3,900.0 төгрөг, Б сумын Сургууль /11 жилийн/ 46,740.0 төгрөг, Б сумын Цэцэрлэг 6,983.0 төгрөг, Б сумын Эмнэлэг 23,856.4 төгрөг, нийт 94,002.7 төгрөг. 2020 онд Б сумын Засаг даргын тамгын газар 12,523.3 төгрөг, Б сумын Соёлын төв 4,500.0 төгрөг, Б сумын Сургууль /11 жилийн/ 56,198.9 төгрөг, Б сумын Цэцэрлэг 13,095.0 төгрөг, Б сумын Эмнэлэг 20,856.4 төгрөг, нийт 107,173.6 төгрөг. 2021 онд Б сумын Засаг даргын тамгын газар 11,012.1 төгрөг, Б сумын Соёлын төв 4,500.0 төгрөг, Б сумын Сургууль /11 жилийн/ 88,503.0 төгрөг, Б сумын Цэцэрлэг 12,048.0 төгрөг, Б сумын Эмнэлэг 11,795.7 төгрөг, нийт 127,858.8 төгрөг. Иймд төсөвт тусгагдаж батлагдаагүй 426569009 төгрөгийг нэхэмжилсэн А ХХК-нд санхүүжилтийг олгох боломжгүй болно гэжээ.

Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг дарга Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад шүүхэд хариу тайлбараа хүргүүлсэн байгаа. Хариуцагч нар бүгд төсвийн байгууллага болохоор Төсвийн тухай хуульд заасны дагуу сумын төсөвт тусгагдсан төсвийг Төсвийн тухай хуулиар зарцуулж байгаа. Тэрнээс илүү эсвэл дутуу зарцуулах эрх нь өнөөдрийн хариуцагч байгууллагуудад байхгүй. Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжилж байгаа мөнгийг миний бие дараах байдлаар ойлгосон. Тухайн байгууллага 2018 онд ашиглалтад орсон боловч өнөөдрийн гол нотлох баримт болох гэрээ 2020 онд байгуулсан гэрээ байгаа. Тиймд 2018, 2019 онуудад гэрээ хийгдээгүй учраас уг компанид өнөөдрийн нэхэмжилж байгаа мөнгөн дүн төсөвт тусгагдаагүй. Нэхэмжлэгч нь 2018, 2019 онуудад төсөвт тусгагдаагүй мөнгийг нэхэмжилж байгаа гэж ойлгосон. Иймд хариуцагч нарын зүгээс төсөвт нэгэнт тусгагдаагүй тул нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа 426569009 төгрөгийг төлж барагдуулах боломжгүй. Тийм учраас шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Баянбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б сумын төсөвт байгууллагуудад холбогдуулан АХХК нэхэмжлэл гаргасан. А ХХК нь Б сумын төсвийн 5 байгууллагын нийтдээ 9 объектыг халаалтаар хангаж байгаа. Өнөөдөр уг байгууллагууд дулаан, халаалтаар хангагдаж байгаа, 2018 онд өмнөх шиг бүх байгууллагууд зөвхөн түлээ, түлшний зардал төсвөөр орж ирж байгаа. Бид нарын зүгээс А ХХК-д тухайн түлээ, түлшний зардлыг бүрэн гүйцэт шилжүүлж ирсэн. Тийм учраас Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан 36830664 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн цагдаагийн кабон гэж тусдаа объект байгаа. Тус кабон нь өмнө нь аймгийн Цагдаагийн газраас жилдээ 5-8 тонн нүүрс аваад өөрсдөө дулаан, халаалтаа шийддэг байсан. Үүнд Б сумын Засаг даргын Тамгын газрын оролцоо, ямар нэгэн эрх үүрэг байхгүй. Нийтийн халаалт 2018 оноос эхэлж өгсөнтэй холбогдуулан тухайн цагдаагийн кабоны халаалтыг аймгаас өгөөгүй. Нэгэнт орон нутгийн байгууллага тул Тамгын газар төлөх ёстой гэсэн зарчмаар А ХХК нь Тамгын газарт нэхэмжлэл ирүүлдэг. Гэхдээ бид нарт цагдаагийн газрын кабоны түлээ, түлшний мөнгө гэсэн тусдаа төсөв байхгүй учраас өнөөдөр хүртэл цагдаагийн газрын өмнөөс, эсвэл цагдаагийн кабонд түлээ түлшний мөнгөн төгрөг олгож байсан удаа байхгүй. Тийм учраас цагдаагийн кабонд холбогдуулан гаргасан 9000000 төгрөгийг Тамгын газар хариуцахгүй. Иймд Б сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан 36830664 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал К.Хавалхас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх хариуцагч нарын тайлбартай адилхан байгаа. 2018 оноос эхлээд нэгдсэн халаалт руу шилжсэн. Энэхүү нэгдсэн халаалтад шилжсэнээр бид нарын орчин болон дулаан нөхцөл сайжирсан. Гэхдээ 2017 оноос хойш түлээ, нүүрс, дулаанд нэгэн адилхан төсвийн зардалтай ирж байгаа. Тийм учраас манай зүгээс энэ төсвөөс ямар нэгэн байдлаар хасаж, суутгахгүйгээр тухайн төсөвт заасан мөнгөн дүнг нэхэмжлэгч АХХК-д шилжүүлж ирсэн. Үүнд хамгийн гол нь манай зүгээс жил бүр дээд шатны байгууллагад энэ тухай төсвийн төсөл явуулаад байгаа боловч цаанаас манай хүссэн төсөв батлагдаж ирэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 209544000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх халаалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Гэхдээ Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ мөн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсний дагуу цэцэрлэгт ирсэн халаалтын зардлыг нэхэмжлэгч А ХХК-д бүрэн шилжүүлж байсан. Бидэнд ирсэн төсвийн хуваарилалтын дагуу зарцуулах эрх хэмжээ байгаа боловч бидэнд төсвийг тогтоох эрх хэмжээ байхгүй. Тийм учраас хариуцагч байгууллагын цэцэрлэгийн эрхлэгч төсвийн шууд захирагч надад хамааралгүй гэж ойлгож байна. Тухайн үедээ нэхэмжлэгч АХХК 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэрээ хийсэн байдаг байна. Мөн тухайн үеийн сумын Засаг дарга М гуайтай Мунтаз гуай гэрээ хийсэн байдаг. Тухайн гэрээний 9.3.2-т зааснаар санхүү эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, эсхүл хууль тогтоомж өөрчлөгдсөн тохиолдолд гэрээний нөхцөлийг өөрчлөх санал гаргаж болох ба нөхцөлийн байгуулагдсаны дараа үүссэн бөгөөд ийм нөхцөл байдал бий болохыг урьдчилан мэдэх боломжгүй байсан, уг нөхцөл байдлыг түнш өөрөө даван туулах боломжгүй болсон тохиолдолд энэ нь гэрээг өөрчлөх үндэслэл болно гэж заасан байгаа. Нэхэмжлэгч тал метр кубээр үнээ тогтоогоод бид нараас шаардаад байгаа. Харин хариуцагч манайд метр кубээр халаалтын зардал тусгагдаж ирээгүй. Энэ зардал нь бидэнд байхгүй. Харин дээрээс манай байгууллагад энгийн халаалтын зардлын төсөв батлагдсан. Энэхүү батлагдаж ирсэн төсвөө бид тухай бүрт нь АХ ХК-д шилжүүлж байгаа. АХХК нь 3 удаа үнэ зохицуулах зөвлөлийн тогтоол гээд 3 удаа гаргасан байна. Гэрээнд үнэд өөрчлөлт орсон тохиолдолд заавал харилцагч байгууллуудтай холбогдож, гэрээгээ дахин өөрчлөх тухай тусгасан байдаг. Гэтэл энэхүү үнэ тогтоосон үнийн тариф өөрчлөгдсөн тухай манай байгууллагын санхүүгийн ажил эрхэлсэн ямар нэгэн албан тушаалд мэдэгдээгүй, ямар нэгэн албан бичиг манай байгууллагад ирээгүй байна. Үнэ өөрчлөгдсөнөө цэцэрлэгт мэдэгдээгүй, гэрээнд өөрчлөлт ороогүй байгаа. Манай байгууллагын зүгээс манай байгууллагад ирсэн төсвийг шилжүүлж байгаа тохиолдолд манай байгууллага хариуцагч болж болохгүй байна гэдэг нөхцөл байдлаас ажиглагдаж байна. Тийм учраас АХХК нь манайхаас биш төсөв тогтоодог эрх бүхий байгууллагаас энэхүү нэхэмжлэлээ гаргаж авах нь зохистой байх. Иймд АХХК-ний гаргасан нэхэмжлэлийг 100 хувь хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Б сумын Соёлын төвийн эрхлэгч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-тай 2018 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Хариуцагч К хамтран ажилласнаас хойш орчин тойрон, байгууллагуудын орчин нөхцөл сайжирсан тухай хэллээ, үүнтэй санал нэг байгаа. Гэхдээ ингээд нэг л өдөр гэнэт 100000000 төгрөг нэхэмжилж байгаад нь гайхаж байна. Соёлын төв нь жижигхэн байгууллага. Төсвөөс жилд үсрээд 6000000 төгрөгийн халаалтын мөнгө оногддог. Тухайн мөнгийг 10 сард хуваахаар сард 600000 гаруй мянган төгрөг ноогддог. Тухайн манайд ирсэн халаалтын мөнгөний ганц төгрөгийг дутаахгүйгээр АХХК-д шилжүүлж байгаа. Хариуцагч Л тайлбарлаж байгаагаар энэхүү мөнгийг биднээс нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж эрх бүхий байгууллагуудаас нэхэмжлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Манай байгууллагын зүгээс төсвөө нэмэгдүүлэхийн тулд жил бүрийн 6, 7 дугаар сард төсвийн төслөө боловсруулж дээд шатны байгууллагад явуулдаг боловч манай хүсэлтийн дагуу баталж өгдөггүй. Одоо манай байгууллагад урьд нам даралтын зуухаар ажиллаж байх үеийн төсвөөр мөнгө ирж байгаа. Гэхдээ манайх өмнөх шиг тухайн нам даралтын зуухаа ажиллуулбал маш хэцүү байдалд орох гээд байна. Иймд Б сумын Соёлын төвтэй холбогдох нэхэмжлэлийг хүчингүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Б сумын Эрүүл мэндийн төв нь АХХК-тай гэрээ байгуулж ажилласнаас хойш төсвөөс тусгагдсан бүх мөнгийг АХХК-д шилжүүлж байгаа. Иймд АХХК-ийн нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй гэдгээ хэлье гэв.

Хамтран хариуцагч бөгөөд хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч АХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Бид бол аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс аймгийн хэмжээний бүх төсөвт байгууллагуудын төсвийн төслийг, тооцоо судалгааны хамт хүлээж аваад, тухайн төсвийн төслийг, тооцоо судалгааны хамт Сангийн яаманд хүргүүлж, хянуулдаг. 2019, 2020 онуудад Б сумын бүх төсөвт байгууллагуудын төсвийн төслийг Сангийн яаманд хүргүүлж, хянуулах үед халаалттай холбоотой төслийг төвлөрсөн халаалтаас түгээх байдлаар биш энгийн байдлаар Сангийн яамнаас төсөвт суулгаж ирүүлсэн байна.

2021 оны хувьд Ковид-19 цар тахал гарч, онцгой нөхцөл байдал үүсэж, эдийн засгийн хүндэрсэнтэй холбоотой аймгийн урсгал зардлын төсөв өмнөх оноос 310 сая төгрөгөөр хасагдаж ирсэн боловч Б сумын төсвийн байгууллагуудын төсвийг орон нутгийн төсвөөс боломжийн хэмжээгээр нэмэгдүүлж баталсан. Тухайлбал, Б сумын 2020 оны төсвийн байгууллагуудын халаалтад нийт 107,1 сая төгрөг байсан бол 2021 оны халаалтын зардлыг өмнөх оныхоос 20,7 сая төгрөгөөр илүү баталж, 127,8 сая төгрөг болсон. 2021 оны төсөв батлах үеэр халаалтын зардал хүрэлцэхгүй байсан учир бүх төсөв байгууллагуудын төсвийг 8 хувиар хасаж байж зохицуулалт хийгдсэн. Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтад Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэж заасан ба аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын чуулганаар батлагдсан төсөвтөө багтааж үйл ажиллагаагаа явуулахыг төсөвт байгууллагууд болон А ХХК нь мөрдөж, түүгээр ажлаа зохицуулах үүрэгтэй. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсны дараа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төсвийг баталдаг. Шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар дээрээ хэдэн онд хэдэн төгрөгийн төсөв хуваарилагдсан талаар тусгаж өгсөн баримтыг хавсаргаж өгсөн байдаг. 2019 онд 94 сая төгрөг, 2020 онд 107,1 сая төгрөг, 2021 онд 127,8 сая төгрөг батлагдсан хэмжээгээр аймгийн Төрийн санхүүгийн хэлтсээс мөн адилхан дээд шатны байгууллагаас тогтоож өгсөн төсвийг бүрэн олгосон. Нэг төгрөг дутаахгүйгээр бүрэн олгосон. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан төсвийг бүрэн олгосон. Сангийн яамнаас ч халаалтын төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, халаалтын зардлыг өр авлага үүсгэхгүйгээр батлагдсан төсөвтөө багтаж санхүүжүүлэхээр зааж, анхаарч ажиллах чиглэлийг ирүүлсэн байгаа. 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн төсвийн хэмнэлтийн талаар авах зарчим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын 1.8 дахь заалтад байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүчний цэвэр усны хэрэглээнд 20-оос доошгүй хувийн хэмнэлт гаргаж ажиллахыг үүрэг болгосон. Үүний дагуу Сангийн яамнаас аймгийн хэмжээний бүх төсвийн байгууллагын халаалтын төсвийг энэ оны 7 дугаар сараас эхлэн 20 хувиар танаж байна. Энэ мэтчилэн төсөвт байгууллагын халаалтын зардал зарим талаараа багасаж байгаа. Бид болохоор Иргэдийн төлөөлөгчдийн хурлын батлагдсан төсвийн хэмжээгээр жил бүрийн санхүүжилтийг бүрэн олгосон. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нийт үнийн дүн болох 426569009 төгрөгийг нэхэмжлэгчид олгох ямар ч боломж байхгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан төсвийн хэмжээ нь хууль ёсны, мөн Санхүү төрийн сангаас батлагдсан хэмжээгээр олгосон, Б сумын холбогдох байгууллагууд мөн адилхан батлагдаж ирсэн хэмжээгээр олгосон. Мөн нэхэмжлэгч АХХК-тай холбоотой бичиг баримтуудтай танилцахад АХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. Тэгтэл Засаг даргын Тамгын газар, сургууль, цэцэрлэг, соёлын төв нар байна. Тухай бүр тооцоо нийлсэн актад АХХК-ийн нягтлан, захирал нар гарын үсэг зурсан байна. Тухайн актуудад төсвийн байгууллагуудын гарын үсэг, тамга тэмдэг байхгүй. Төсвийн шууд захирагч нар тухайн тооцоо нийлсэн актад гарын үсэг зурах эрх байхгүй. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага буюу 426569009 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч АХХК нь Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас тус газрын болон Цагдаагийн кабоны байрны хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнэ нийт 46191189 төгрөг, Б сумын Эрүүл мэндийн төвөөс хэрэглэсэн дулааны үнэ 10996528 төгрөг, Б сумын Соёлын төвөөс хэрэглэсэн дулааны үнэ 100302223 төгрөг, Б сумын хүүхдийн цэцэрлэгээс хэрэглэсэн дулааны үнэ 59544893 төгрөг, Б сумын ахлах сургуулиас хэрэглэсэн дулааны үнэ 209534177 төгрөгийг тус тус гаргуулж өгөхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б аймгийн Б сумын Засаг дарга, түүний ажлын алба тус сумын сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төв зэрэг байгууллагуудад холбогдуулж гэрээний үүрэгт нийт 426569009 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нараас нэхэмжлэгч А ХХК-ний нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ халаалтын үнийг төсвөөс хуваарилсан нүүрс түлшний зардлын дагуу бүрэн шилжүүлж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр төлөх үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Зохигчид 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч А ХХК нь нь Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, сумын төвд байрлах ДХ 1.9 МВт-ын хүчин чадалтай дулааны эрчим хүчний үүсгүүрээр дулааны эрчим хүч үйлдвэрлэн худалдан авагчид худалдах, худалдан авагч нь энэхүү гэрээний нөхцөлийн үндсэн дээр худалдагчийн нийлүүлсэн дулааны эрчим хүчийг Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тогтоосон тарифаар, байгуулсан гэрээний үндсэн худалдаж авч үнийг төлөх үүргийг хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээний гуравдугаар зүйлийн 3.9-т Төсөвт байгууллагууд дулаан хангамжийн үйлчилгээний 1 м-ийн үнийг Аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тогтоосон үнэ тарифаар тооцож сар бүр АХХК-ийн дансанд бүрэн шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.22-т Тариф гэж үйлдвэрлэгчийн үнэ, дэмжих тариф диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, хангах үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ, хэрэглэгчийн эрчим хүчний үнэ, эсхүл аль нэгийг багтаан Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн үнийг ойлгоно гэж заажээ.

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Аймаг, нийслэлд эрчим хүчний хангамжийн төрийн зохицуулалтыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ гэж заасан ба мөн хуулийн 11.3, 11.3.3-т зааснаар Зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх эрхтэй байх ба хуулийн энэхүү заалтын хүрээнд Б аймгийн Зохицуулах зөвлөл нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай Дулааны үнэ тогтоох тухай тогтоолоор Тусгай зөвшөөрөл эзэмшигч АХХК-ийн тариф, хэрэглэгчийн 1 м эзлэхүүний үнийг Б суманд 1370 төгрөг, дотуур байрны 1 м талбайд 2464 төгрөгөөр, хэмжүүрээр тооцох 1 Гкал дулааны үнийг 124342 төгрөгөөр тус тус НӨАТ-гүйгээр тогтоож, энэхүү баталсан үнэ тарифыг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөхийг АХХК-ийн захирал С.Мунтаз, хэрэглэгч байгууллагуудын дарга, захирлуудад зөвшөөрчээ. Мөн Б аймгийн Зохицуулах зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20/08 дугаартай Дулааны үнэ тогтоох тухай тогтоолоор Тусгай зөвшөөрөл АХХК-ийн Б суманд мөрдөх хэрэглэгчийн үнийн тооцох тарифуудыг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу хэвээр үлдээж баталжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээний гуравдугаар зүйлийн 3.10-т Төсөвт байгууллагуудын халаах эзлэхүүн, талбайн хэмжээг тухайн байгууллагуудын дарга, Засаг даргын Тамгын газрын Газрын даамал, хангагчийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ажлын баг хэмжилт хийж гарын үсэг зурж баталгаажуулан энэхүү гэрээнд хавсаргаж мөрдөхөөр тохиолцжээ.

Б аймгийн Б сумын Засаг даргын Ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар Төвлөрсөн халаалтад шилжихтэй холбогдуулан хэрэглэгч байгууллагуудын дулаан ашиглах талбайн хэмжээг тогтоох ажлын хэсгийг байгуулсан байх ба үүнд Ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын Тамгын газрын дарга Б, гишүүдэд Сургуулийн захирал К, Хүүхдийн цэцэрлэгчийн эрхлэгч Ж, Эрүүл мэндийн төвийн дарга Х, Соёлын төвийн эрхлэгч М, Санхүүгийн албаны дарга Х, Төрийн сангийн төлөөгч С, А ХХК-ийн захирал М, нарийн бичгийн даргаар газрын даамал О нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Дээрх ажлын хэсэг нь хэмжилт хийж 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б сумын төсөвт байгууллагуудад хэмжилт хийсэн акт үйлдсэн ба

1. Бүрэн дунд сургуулийн эзлэхүүн 6738.6 м, Дотуур байр 838 м.кв, Дотуур байр 1013 м.кв, Заал 3199 1 м, гал тогоо 569 м

2. Соёлын төв 4832 м

3. Эрүүл мэндийн төв 1979 м

4. Засаг даргын тамгын газар 2124 м

5. Хүүхдийн цэцэрлэг 3679 м

6. Кабон 450 м хэмжээтэй болохыг тогтоожээ.

Б аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тогтоосон үнэ тарифын дагуу Б сумын төсөвт байгууллагуудад хэмжилт хийсэн актад дурдсан хэмжээгээр эрчим хүч худалдан авагч нэг бүрийн нэг сард болон жилд төлөх хэмжээ нь дараах байдалтай байна. Үүнд:

1.Б сумын Ерөнхий боловсролын сургууль

- Сургуулийн байрны талбайн хэмжээ нь 6738.6 м байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход сард төлөх хэмжээ 10155070 төгрөг байх ба халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 81240000 төгрөг байна.

- Сургуулийн дотуур байрны хэмжээ 838 м.кв байх ба НӨАТ-тэй тариф болох 2710 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 2271315 төгрөг байх ба халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 18170522 төгрөг байна.

-Сургуулийн дотуур байрны хэмжээ 1013 м.кв байх ба НӨАТ-тэй тариф болох 2710 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 2745635 төгрөг байх ба халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 21965082 төгрөг байна.

- Сургуулийн заалны хэмжээ 3199 м байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 4820893 төгрөг байх ба халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 38567144 төгрөг байна.

- Сургуулийн гал тогооны хэмжээ 569 м байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 857483 төгрөг байх ба халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 6859864 төгрөг байна.

2. Б сумын Засаг даргын тамгын газрын хэмжээ нь 2124 м байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 3200868 төгрөг байх ба халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 25606944 төгрөг байна.

3. Б сумын Эрүүл мэндийн төвийн хэмжээ нь 1979 м байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 2982353 төгрөг байх ба халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 23858824 төгрөг байна.

4. Б сумын Соёлын төвийн хэмжээ нь 4832 м байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 7281824 төгрөг байх ба халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 58254592 төгрөг байна.

5. 569 м байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 857483 төгрөг байх ба халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 6859864 төгрөг байна.

- Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн хэмжээ нь 3679 м байх ба НӨАТ-тэй тариф болох 1507 төгрөгөөр тооцоход нэг сард төлөх хэмжээ нь 5544253 төгрөг байх ба халаалтын улирал болох 8 сард буюу жилд төлөх хэмжээ нь 44354024 төгрөг байна.

Хариуцагч нараас А ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулж уг компани нь байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангаж эхлээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа талаар тайлбарласан байх бөгөөд хангагч болох А ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талаар болон аль нэг талаас гэрээнээс татгалзсан талаар нотлох баримтгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч буюу дулааны эрчим хүч худалдан авагч Б аймгийн Б сумын Засаг дарга, түүний ажлын алба тус сумын сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төв зэрэг байгууллагуудаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагд нотлох баримтууд болох А ХХК болон хариуцагч нар болох Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Хүн эмнэлэг, Ахлах сургууль зэрэг байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч, нягтлан бодогч нартай 2019 он болон 2020 оны 04 дүгээр сарын байдлаар тооцоо нийлсэн актаас үзэхэд Б сумын Засаг даргын тамгын газар нь 27678220 төгрөгийг, Б сумын хүүхдийн цэцэрлэг нь 32320087 төгрөгийг, Б сумын Соёлын төв нь 50046843 төгрөгийг,Б сумын Хүн эмнэлэг нь 4500263 төгрөгийг Б сумын Ахлах сургууль нь 168392044 төгрөгийг тус тус дутуу төлсөн гэж тусгаж харилцан баталжээ.

Хариуцагч нараас уг тооцоо нийлсэн актыг нэхэмжлэгч А ХХК нь Аймгийн Засаг даргад хандаж төсөв батлуулах гэж байгаа гэж тайлбарласан тул гарын үсэг зурж гэж тайлбарласан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс энэхүү тайлбарын талаар тодруулахад хариуцагч нараас гаргасан тайлбарыг зөвшөөрөөгүй, тухайн тооцоо нийлсэн актыг няцаах баримтыг хариуцагч нараас гаргаж өгөөгүй тул уг нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт гэж үзлээ.

Нэхэмжлэгч А ХХК нь 2019, 2020 онуудад худалдан авсан дулааны эрчим хүчний үлдэгдэл төлбөр нэхэмжилсэн бөгөөд тухайлбал Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас дутуу төлсөн 36830664 төгрөгийг, Б сумын Эрүүл мэндийн төвөөс дутуу төлсөн 10996528 төгрөг, Б сумын Соёлын төвөөс дутуу төлсөн 100302223 төгрөг, Б сумын хүүхдийн цэцэрлэгээс дутуу төлсөн 59544893 төгрөг, Б сумын ахлах сургуулиас дутуу төлсөн 209534177 төгрөгийг тус тус гаргуулж өгөхийг хүссэн ба хариуцагч талаас нэхэмжлэгчийн гаргасан тооцоог няцаах нотлох баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжилсэн хэмжээгээр гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А ХХК нь Б аймгийн Б сум дахь Цагдаагийн кабоны байрны хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнэ 9360525 төгрөгийг Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас гаргуулахаар нэхэмжилсэн боловч тус газар хариуцахаар харилцан тохиролцсон тухай нотлох баримт байхгүй ба Б сумын Засаг даргын тамгын газар нь Цагдаагийн кабоны эрчим хүч худалдан авсан үнийг төлөх үүргийг хүлээх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн энэ хэрэгт хамтран хариуцагчаар Б аймгийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан боловч нэхэмжлэгч АХХК нь хариуцагч нараас гэрээний үүргийн биелэлтийг шаардсан байгаа тул Б аймгийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

Нэхэмжлэгч АХХК нь хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар, Б сумын Эрүүл мэндийн төв, Б сумын Соёлын төв, Б сумын хүүхдийн цэцэрлэг, Б сумын ахлах сургууль зэрэг байгууллагуудад худалдсан дулаан эрчим хүчний үнийг эрх бүхий байгууллагаас тогтоосон тарифын дагуу шаардах эрхтэй бөгөөд хэрэглэгч нь хэрэглэсэн эрчим хүчний үнийг хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй тул хариуцагчийн төсвийн мөнгийг батлагдсан төсвийн хүрээнд зарцуулсан тул төлөх боломжгүй гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас дутуу төлсөн 36830664 төгрөгийг, Б сумын Эрүүл мэндийн төвөөс дутуу төлсөн 10996528 төгрөг, Б сумын Соёлын төвөөс дутуу төлсөн 100302223 төгрөг, Б сумын хүүхдийн цэцэрлэгээс дутуу төлсөн 59544893 төгрөг, Б сумын ахлах сургуулиас дутуу төлсөн 209534177 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч АХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 9360525 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2290796 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас 197791 төгрөг, Б сумын Эрүүл мэндийн төвөөс 59054 төгрөг, Б сумын Соёлын төвөөс 538651 төгрөг, Б сумын хүүхдийн цэцэрлэгээс 319773 төгрөг, Б сумын ахлах сургуулиас 1125258 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч АХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б