Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2021/00408

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Х овогт Ж,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Ш овогт А,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Х овогт А,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, О овогт С,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, У овогт Е,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Б овогт М,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, С овогт Н,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Ж овогт А,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Ж овогт М нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Ховогт К,

Хамтран хариуцагч: Б аймгийн Ө сум, Хуст-Арал хаягт үйл ажиллагаа явуулах, Х ХХК-д тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А, С, Е, нэхэмжлэгч  бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, нэхэмжлэгч М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хамтран хариуцагч Р, хариуцагчийн өмгөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б

А.Ж-1 гудамж К 3-12 айлын 000 дүгээр байрны гадна хананы дулаан алдагдлыг зогсоож, гадна талыг хөөсөөр дулаалга хийж өгөхийг барилгыг барьж ашиглалтад оруулсан Кд даалгах тухай.

Нэхэмжлэгч  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б  А.Ж-1 гудамж К 3-12 айлын 000-р байрны оршин суугчид бид 2018 онд Кгийн нөхөр болох Р-ын К ХХК-ийн барьж 2019 оны 02 дугаар сард ашиглалтад оруулсан байрнаас орон сууц худалдан авч байсан билээ. Тус барилгыг өвлийн улиралд барьж ашиглалтад оруулахдаа холбогдох стандарт шаардлагыг баримтлахгүйгээр гүйцэтгэсэн болох нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Үүнээс болж орон сууцны өрөөний уур амьсгал нь зөвшөөрөгдөх хэмжээнээсээ хэт доогуур буюу 13°с -15°с хэмтэй болж өвлийн улиралд хүн амьдрахын аргагүй байдалд хүрсэн. Уур амьсгал нь зөвшөөрөгдөх хэмжээнээсээ хэт доогуур байснаас болж байрны дотор тал нь мөөгөнцөртэж, чийгийн хэмжээ ихсэж, ханын обой, таазны шохой нь хууларч унаж байна. Оршин суугчид бид мөөгөнцрөөс болж элдэв харшилтай, уушгины өвчтэй болж байна. Гадна пассадын шавардлага унасан, байрны тоотуудыг дугаарлаагүй, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол зэрэг ажлуудыг батлагдсан зураг төслийн дагуу өнөөдрийг хүртэл хийгээгүй юм. Сантехникийн ажлыг чанаргүй материалаар хийснээс болж дээд талын айлаас байнгын ус алддаг, харин бидний хэрэглээний ус доод айл руу алддаг байдалтай байгаа. Оршин суугчдын зарим нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ба тухайн барилгад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн орж гарах гарц, шат, аюулгүй байдлыг хангаагүй зэрэг дутагдалтай байна.

Иймд Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б А.Ж-1 гудамж К 3-12 айлын 129-р байрны гадна хананы дулаан алдагдлыг зогсоож, гадна талыг хөөсөөр дулаалга хийж өгөхийг барилгыг барьж ашиглалтад оруулсан Кд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч К шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймгийн Ө сумын 11-р баг, Б А.Ж-1 гудамж К 3-12 айлын орон сууцны оршин суугчид тус шүүхэд “Гадна хананы дулаан алдагдлыг зогсоох, гадна талыг хөөсөөр дулаалга хийж өгөхийг тус байрыг /захиалагч/ Кд даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлд танилцаж үзээд дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1.Тухайн баригдсан К 3-12 айлын орон сууцыг Улсын экспертизээр баталгаажуулагдсан зураг төслийн дагуу баригдсан, баригдад 3 дахь жилдээ явж байна. Зураг төсөлд ханын зузаан нь хөөсөн дулаалгатай, тоосгон ханаар 60 см хэмжээтэй  баригдахаар тусгагдсан бөгөөд зураг төслөөр барьж ашиглалтад оруулж үүнийг улсын комисс шаардлага хангасан орон сууцны зориулалтаар ашиглах гэснээр авсан байдаг. Тэрнээс биш         хүссэн этгээд зураг техникийн нөхцөлийг өөрчлөх эрхгүй билээ.

2. Дээрх байрны / зөвхөн 403, 503 тоот өрөөнүүдийн хэм/ бичил уур амьсгалын тохиромжтой болон зөвшөөрөгдөх хэмжээнд хүрэхгүй байгаа нь дулаан алдалтаас уу эсвэл улсын экспертиз баталгаажуулсан дулааны техникийн тооцоонд заасан 90/70С хэм "ЭБ” ХК-ийн хүргэж чадахгүй байгаа халаалтын доголдлоос уу гэдгийг тогтоох шаардлагатай байна.

3.Нэхэмжлэлд  хавсаргасан 2020 оны 11-р сарын 17-ны өдрийн 04-07-002/193 тоот эрчим хүчний хяналтын байцаагч Ш.Серикболын дүгнэлт нь зөвхөн орон сууцны 5 давхрын 503 тоот өрөөнд хийсэн дүгнэлт бөгөөд тус байранд бүхэлд нь хийсэн дүгнэлт биш гэдгийг анхаарах хэрэгтэй.

4.Дээрх 04-07-002/193 тоот дүгнэлтийн 1 дэх заалтад тус орон сууцад халаалт түгээж байгаа дулаан дамжуулах төвөөс гарч байгаа сүлжээний дулааны хэмжээ 58С хэм, 2 дахь заалтад орон сууцны хонгил дахь узелээс гарч байгаа дулаан 44С хэм, 3 дахь заалтад орон сууцны 5 дугаар давхрын 503 тоот байрны оролт 39С хэм, 6 дахь заалтад байрны дундаж температур 13С-15С хэмтэй байна гэж тус тус дээрх дүгнэлтэд дурдсан нь дулааны хэм /температур/-ууд тус байрны улсын экспертизээс баталгаажуулсан дулааны техникийн нөхцөлд заасан “байранд халаалтын өгөх усны хэм 90С хэмээр ирж, буцах 70С хэм байхаар заасан ба ийм байхад л байрны дулаан хэвийн зөвшөөрөгдсөн хэмжээнд явагдах болно” гэж заасан “ЭрчимБ” ХК-ийн өөрийн өгсөн техникийн нөхцөлийн хэмжээнд өгч чадахгүй байгааг харгалзахгүй батлагдсан горимын шаардлагыг хангаагүй байхад хангаж байна гэж нэг талыг баримталсан буруу дүгнэлт гаргасан нь харагдаж байна.

5.Дээрх хоёр дүгнэлтийг гаргах үед улсын экспертизээр баталгаажуулагдсан зураг төсөлд ханын зузаан дулаалгын байдалд дүгнэлт өгөөгүй, өөрөөр хэлбэл ханын зузаан

техникийн нөхцөлд заасан хэмжээнд хүрэхгүй улмаас байрны дулаан алдагдаж байгаа учир дээрх хоёр дүгнэлтэд дурдагдаагүй байна. Тус байрны батлагдсан зурагт байгаа ханыг дотор талаас нь өрөөд, 10 см хөөсөн дулаалга давхарлаж, 12 см тоосгоор давхар өрж нийт ханын зузаан 60 см зузаантай болгохоор зураг төсөлд заасан нөхцөлийг гүйцэтгэгч талаас бүрэн хангаж технологийн дагуу хийсэн байхад энэ талаар хоёр дүгнэлтэд ханын зузаан хэмжээнд хүрэхгүй байгаагаас байрны дулаан алдагдаж байна уу эсвэл дулааныг хэвийн хэмжээнд хүрэхгүй байгаагаас дулаан алдагдаж байна уу гэснийг тогтоосон дүгнэлт байхгүй байна. Ийм байхад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

6.Барилгын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01-р сарын 30-ны өдөр гаргасан 04-07- 155 16 тоот дүгнэлт мөн адил тус байрны зөвхөн 403, 503 тоот өрөөнүүдэд хийсэн

дүгнэлт бөгөөд тухайн байранд бүхэлд нь хийсэн дүгнэлт биш, дээр нь ямар баримтыг үндэслэж тус айлуудын гадна хана нь дулаан алдагдалтай байгааг тогтоосон нь эргэлзээтэй. “Барилгын тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж бичсэн бөгөөд тус заалтад 11.1.1-д механик аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжийн материал, хийц, бүтэц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх талаар заасан бөгөөд дулаан алдалттай холбоотой заалт биш байна.

7.Тухайн энэ байрыг анх Улсын комисс хүлээж авахад татгалзах зүйлгүй гэж Улсын комиссын гишүүний бүрэлдэхүүнд орж гарын үсэг зурж хүлээж авсан Барилгын Улсын байцаагч Ө.Асылбек одоо шаардлага хангахгүй дулаан алдалттай байр, Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан шаардлагыг зөрчсөн гэж хоёр өөр дүгнэлт гаргаж байгаа нь өөрөө шударга ёсонд нийцэхгүй захиалагч болон худалдан авагчийг хохироосон санаатай үйлдэл болж байна.

8.Хэрэв гадна хана дулаан алдагдалтай, гадна хананд засварын ажил хийж дулаан алдалтыг зогсоох шаардлагатай байсан бол анх тус байрыг хүлээж авахад дээрх дутагдлыг арилгуулах ёстой байтал хүлээж авч байгаа үйлдэл нь дээрх байцаагч ёс зүйн хувьд доголдолтой эсвэл ажлын чадваргүй этгээд болж таарч байна. Урьд гаргасан өөрийн шийдвэрийг үгүйсгэж суудаг улсын байцаагч эрх бүхий байгууллагад дүгнэлт гаргаж барилгыг хүлээж авч сууж байна гэдгийг бодоход аюултай, аймшигтай санагдаж байна.        9.Хоёр дүгнэлтийг гаргахад гүйцэтгэгч байгууллагын төлөөллийг байлцуулаагүй нэг талыг баримталж дүгнэлт гаргасан нь харагдаж байна. Дээрх хоёр дүгнэлт гаргасан Улсын байцаагчид болох С, А, М нар хувийн ашиг сонирхлоор тус дүгнэлтийг гаргасан. Яагаад гэвэл тус байрны 503 тоотод оршин суудаг нэхэмжлэгч Х.Мухаметали Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч С, А-тай хамт нэг өрөөнд суудаг ажил төрлийн холбоотой хүмүүс нэг нэгэндээ нөлөөлж гол нотлох баримт болж байгаа дээрх дүгнэлтүүдийг гаргасан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн, дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээр нь нэхэмжлэгч болох М гүйцэтгэгч талд өгөх өр төлбөртэй удаа дараа эрх бүхий байгууллагуудад хандаж, бусад оршин суугч нарыг хандахыг уриалж хүчээр гарын үсэг зуруулж шантаажилж аль болох мөнгө төгрөг төлөхгүй ямар арга байна тэр бүхий л аргыг хэрэглэж байсан. Дээрх нэхэмжлэлийг зөвхөн Х.Мухаметали гаргасан бөгөөд бусад нэхэмжлэгч нар тус нэхэмжлэлийг дэмжсэн эсэх нь эргэлзээтэй зөвхөн гарын үсэг зуруулахаар ирсэн бид зурж өгсөн гэж байгаа. Иймд дээрх нэхэмжлэлийг хангах боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай тайлбартаа: Нэхэмжлэгчид бид хариуцагч Кд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг даарах байдлаар тодруулж байна. Өөрөөр хэлбэл, Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт байршилтай К-3 цогцолбор орон сууцны байрны гаднах дулаан алдалтыг зогсоож, гадна ханыг батлагдсан зураг төслийн дагуу 100 мм-ийн хөвөнгөөр дулаалга хийж гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Бид нар хариуцагч талтай анх 10 см-ийн хөөсөөр биш 10 см-ийн хөвөнгөөр барилгыг дулаалж өгнө үү гэж санал тавьсан. Энэ хүмүүс болохоор бид нар 10 см-ээр биш 5 см-ийн хөөсөөр  дулаалга хийж өгөх боломжтой гэсэн. Бид нарын зүгээс 7 см-ийн хөөсөөр дулаалга хийлгэмээр байна. Хэрвээ 5 см-ийн хөөсөөр барилгын дулаалга хийлгэвэл энэ нь их нимгэн болох гээд байна гэв.

Нэхэмжлэгч С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Ерөнхийдөө нэхэмжлэгч А-ийн хэлсэнтэй санал нэг байна. Анхнаасаа хийгээгүй гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа учраас хариуцагч талд 7 см-ийн хөөсөөр дулаалга хийгээд өгөхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, эрдэст хөвөнгөөр дулаалга хийлгэх шаардлагаасаа татгалзаж байна гэж ойлгож болно гэв.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Бид нар гүйцэтгэгч компани зураг төслийн дагуу хийнэ гэж бодсон. Зураг төсөл дээр эрдэст хөвөн гэж бичсэн болохоор хөөсөөр хийж болох талаар өөрчилснийг өнөөдөр л мэдэж байгаа. Иймд бид нар хөөсөөр дулаалга хийж өгөхийг зөвшөөрч байна. Хоёрдугаарт, хариуцагч нараас 5 см-ийн хөөсөөр дулаалга хийж өгнө гэж байна. Барилгын булангуудад арматур тохсон байдаг. Үүнд ерөөсөө 7 см-ийн хөөс байхгүй. Тийм учраас дотор нь 7 см-ийн хөөс байна гэж тооцож болохгүй. Зарим газарт байхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Бусад нэхэмжлэгч нарын тайлбартай санал нэг байна. Анх угаасаа 10 см-ийн хөөсөөр дулаалга хийж өгөөрэй гэхэд хариуцагч нар эвлэрье гэсэн болохоор 7 см хөөс болгож буулгасан. Одоо 7 см-ийн хөөсөөр дулаалга хийлгэхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч Е шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Бид К-3 байрны оршин суугчид К компанид холбогдуулан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь, тухайн барилга энэ жил маш хүйтэн, мөөгөнцөртэй байсан. Зарим үед хүн амьдрах боломж байхгүй байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ яг стандартын дагуу 10 см-ийн хөөсөөр хийж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал эхлээд 3 см гэсэн, дараа нь 5 см-ийн хөөсөөр дулаалга хийж өгье гэж бид нарт хэлсэн. Тухайн саналыг нэхэмжлэгч нар хүлээж аваагүй, яагаад гэвэл саяны нэхэмжлэгч нарын тайлбараар зарим газруудын хөөс хийгдээгүй. Хэрвээ хариуцагч тал 7 см-ийн хөөсөөр дулаалга хийж өгнө гэвэл болно, болохгүй гэвэл шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсэж байна гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хамтран хариуцагч Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын анхны нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас өөр аргагүй болж байна. Дутаж байгаа 3 см-ийн дулаалгын хөөс дээр 2 см-ийг нэмээд 5 см-ийн зузаан хөөсөөр дулаалга хийж өгье гэж байгаа. Харин тэндээс илүү зузаан гэсэн ойлголт байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж, А, А, С, Е, М, Н, А, М нар нь хариуцагч Кд холбогдуулан Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б А.Ж-1 гудамж, К 3-12 айлын 000-р байрны гадна хананы дулаан алдагдлыг зогсоож, гадна талыг хөөсөөр дулаалга хийж өгөхийг барилгыг барьж ашиглалтад оруулсан Кд даалгаж өгөх тухай нэхэмжлэл гаргасан байх ба хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б А.Ж-1 гудамж, К 3-12 айлын 000-р байрны гадна хананы дулаан алдагдлыг зогсоож, гадна ханыг батлагдсан зураг төслийн дагуу 100 мм-ийн эрдэст хөвөнгөөр дулаалга хийж гүйцэтгүүлж өгөхийг хүссэн бөгөөд шүүх хуралдаан дээр хэргийг анхны нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.

Шүүх  хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийнхээ үндэслэлээ Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Бүркит А.Жамила-1 гудамж, К 3-12 айлын 129-р байрны оршин суугчид бид 2018 онд Кгаас орон сууц худалдан авч байсан ба тухайн орон сууцыг барихдаа холбогдох стандарт шаардлагуудыг баримтлахгүйгээр гүйцэтгэсэн болох нь тогтоогдож өвлийн улиралд хүн амьдрах аргагүй байдалд хүрсэн тул байрны гадна хананы дулаан алдагдлыг зогсоож, гадна талыг хөөсөөр дулаалга хийх шаардлагатай байгаа гэж тайлбарлажээ. 

Х ХХК болон К нар нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Х ХХК нь иргэн Кгийн үйлчилгээтэй 12 айлын орон сууцны барилгыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэж захиалагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/201812311 дугаартай дүгнэлтээр Иргэн Жиындын Калимагийн захиалгын дагуу К ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Б аймгийн Ө сумын 11-р багийн нутаг дэвсгэрт баригдсан дунд зэргийг төвөгшлийн ангиллын 12 айлын хүчин чадал бүхий нийтийн орон сууцны зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ.

Нэхэмжлэгч Ж, А, А, С, Е, М, Н, А, М нар нь “орон сууц захиалгын” нэртэй гэрээ байгуулж Ж нь Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б А.Ж-1  гудамж, К 3-12 айлын 000-р байрны 000 тоот нэг өрөө 40 м.кв орон сууцыг, А нь Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг Б А.Ж-1 гудамж, К 3-12 айлын 000-р байрны  333 тоот 79м.кв орон сууцыг, А нь Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б А.Ж-1 гудамж, К 3-12 айлын 000-р байрны 000 тоот гурван өрөө 56 м.кв талбайтай орон сууцыг, С нь Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б А.Ж-1 гудамж, К 3-12 айлын 000-р байрны 001 тоот 40 м.кв талбайтай орон сууцыг, Е нь Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б А.Ж-1  гудамж, К 3-12 айлын 000-р байрны 111 тоот 56 м.кв талбайтай орон сууцыг, М, Н нар нь Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б А.Ж-1 гудамж, К 3-12 айлын 000-р байрны 000 тоот гурван өрөө 79 м.кв талбайтай орон сууцыг, М нь Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б А.Ж-1 гудамж, К 3-12 айлын 000-р байрны 000 тоот 79 м.кв талбайтай орон сууцыг, А нь Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б А.Ж-1 гудамж, К 3-12 айлын 000-р байрны 000 тоот нэг өрөө 40 м.кв талбайтай орон сууцыг тус тус хүлээж авч өмчилж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тус тус тогтоогдсон байна.

Уг хэрэгт нэхэмжлэгч М, хариуцагч К нарын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 04 дугаартай Орон сууц захиалгын гэрээ авагдсан бөгөөд бүх нэхэмжлэгч нараас энэхүү гэрээтэй нэг загварын гэрээ байгуулсан талаар тайлбарласан ба хариуцагч талаас энэхүү тайлбарыг няцааж үгүйсгээгүй байна.

Орон сууц захиалгын гэрээнээс үзэхэд талууд Иргэний хуулийн 109-110, 189.1, 243-261, 269 зүйлүүдийг үндэслэн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан талаар тусгасан байх бөгөөд гэрээнд гүйцэтгэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцны байшин болон түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагчид  шилжүүлэх үүрэг хүлээсэн ба орон сууцны байшингийн чанарын баталгаат хугацаа тухайн орон сууцны байшинг гэрээнд заасны дагуу хүлээлгэж өгснөөс хойш 3 жил байхаар харилцан тохиролцжээ.

Дээрх байдлаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч нараас худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан эд хөрөнгийн доголдол нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

-Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ы өдрийн  04-07-035/16 дугаартай “Барилгын тухай” гэх дүгнэлтээс үзэхэд ... “К 3” нэртэй 15 айлын орон сууцны барилга байгууламжийн ашиглалтын төлөв байдал нь Барилгын тухай хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн акт, баримт бичгийн мөрдөлт, стандарт, дүрмийн хэрэгжилтийн байдалд хэрхэн нийцэх талаар хяналт шалгалт хийсэн байх ба уг дүгнэлтийн дүгнэх хэсэгт “Тус орон сууцны барилгын ашиглалтын төлөв байдал нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын “барилга байгууламж материал хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх” гэсэн шаардлага болон хүчин төгөлдөр мөрдөж байгаа норм ба дүрмийн шаардлагуудыг зөрчиж гадна хана дулаан алдагдалтай байгаа тул хананд засварын ажлыг хийх нь зүйтэй байна” гэж дүгнэжээ.

-Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 010101010101 дугаартай “орон сууцны халаалтын тухай” гэх дүгнэлтэд Б аймгийн Ө сумын 11-р багт байршилтай Х-3 байрны оршин суугчдын гомдлын дагуу ЭБ ХК-ийн дулаан дамжуулах төв болон тус орон сууцны дулааны узель, дотор халаалтын түгээлтийн байдал нь Эрчим хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журмын шаардлагад хэрхэн нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийж “Тухайн орон сууцны дулаан хангамж, түгээлт нь батлагдсан горимын шаардлагын хүрээнд хийгдэж байгаа боловч  өрөөний бичил уур амьсгалын тохиромжтой болон зөвшөөрөгдөх хэмжээ Орон сууц, олон нийтийн барилга, өрөөний бичил уур амьсгалын үзүүлэлт MNS 5825:2007 Монгол Улсын стандартын шаардлагад хүрэхгүй байгаа нь орон сууцны барилга дулааны алдагдалтай байна” гэж дүгнэжээ.

-Шинжээч К-ийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтэд: ... хэмжилтээр хананы зузаан нь 635±10 мм байсан. Барилгын ажлыг гүйцэтгэсэн компанийн ханын өргийн актад хананы зузааныг нарийн задалж бичээгүй, нийт хэмжээг бичсэн байх ба 70 мм-ийн хөөсөн дулаалга ашигласан гэж бичсэн байна. Энэ нь зураг төсөлд заасан хавтангийн зузаанаас 30 мм-ээр дутуу байна. ... Хөөсөн хавтан нь өөртөө чийг шингээх, чийг нэвтрүүлэх чадвар нь маш муу материал юм. Хөөсөн хавтанг ашиглахдаа ямар нэгэн зай завсар үлдээж, хавтангуудын тулсан хэсгийг шахдаг хөөсөн цавуугаар нааж өгөөгүй тохиолдолд тус зай завсраар чийг нэвтэрч, хананд чийгийн нөөц үүсэх магадлалтай. Энэ нь хүйтний улиралд хөлдөж хананы дулаан хадгалах шинж чанарт нөлөө үзүүлэх эрсдэлтэй юм. ... Барилгын дулаан хадгалах чадвар нь зураг төслийн дагуу баригдсан эсэх, зураг төсөлд заасан материал ашигласан эсэх, гүйцэтгэлийн горим алдагдаагүй эсэх зэрэг нөхцөлүүдээс шалтгаалдаг. ... Дээр дурдсан алдаа зөрчлүүд барилгын зураг төсөлд заасан шаардлагуудыг хангахгүй байгаа гэсэн дүгнэлт хийв гэжээ.

-Шинжээч М-ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтэд: ... захирамжид дурдсан асуултын дагуу судалж үзээд дараах дүгнэлтийг гаргаж байна. а/. Стандартын дагуу өвлийн улиралд орон сууцны температур дараах нөхцөлд байх ёстой. -Орон сууцны байранд (зочны өрөө, унтлагын өрөө) +18°С хэмээс доошгүй. - Булангийн орон сууцны хувьд энэ үзүүлэлт +20°С байх. -Үүдний өрөө, шат +16°С ба түүнээс дээш байх ёстой. б/. Практикт туршилтын явцад энэ нь хянадаг өрөөний температур биш, харин гадаргуу ба хоолойн халаалтын түвшин юм. Нийлүүлэлт ба буцах шугам дахь усны температурыг хэмждэг. Хэвийн халаалт нь гадаа температураас хамаарна. Халаалтын систем /дулаан хангамж/ халаах хэрэгсэл, дулаан зөөгч, дулаан өгөх гадаргуугийн ба дулаан зөөгчийн хамгийн их зөвшөөрөгдөх температур орон сууц, олон нийт, захиргаа ахуйд радиатор ба конвектортой 95°С хүртэл температур бүхий дулаан зөөгчтэй айл бүрийн халаах усан халаалтаар өгч, 70°С хэмээр буцдаг байх ёстой. в/. “Х” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан “Х 3-12” айлын орон сууцны барилгын дулаан хэм нь 02 дугаар сарын 14-ний өдрийн шалгалтаар халаалтын өгөх шугамын хэм нь 40°С хэмээр ирж, буцах шугам нь 34°С хэмээр буцаж байна. г/ Дараа нь 02 дугаар сарын 18-ны өдөр дахин шалгалт хийхэд халаалтын өгөх шугам нь 44°С хэмтэй, буцах 37°С хэмээр буцаж байлаа. Иймээс дулааны техникийн нөхцөлд заасан стандартыг хангахгүй байгааг үүгээр дүгнэж байна гэжээ.

Дээрх нотлох баримтуудаар, мөн нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан  тайлбар зэргээс үзэхэд хариуцагч К нь худалдан авагч нарт доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэгч нарын “Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Бүркит А.Жамила-1 гудамж, К 3-12 айлын 129-р байрны гадна хананы дулаан алдагдлыг зогсоож, гадна талыг хөөсөөр дулаалга хийж өгөхийг барилгыг барьж ашиглалтад оруулсан Кд даалгаж өгөх” тухай   нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн доголдол арилгуулахаар шаардах эрхэд хамаарч байна. Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хамтран хариуцагч нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болох К 3-12 айлын 129-р байрны гадна хананы дулаан алдагдлыг зогсоож, гадна талыг 50 мм-ийн хөөсөөр дулаалга хийж өгөх талаар тайлбарласан ба нэхэмжлэгч нараас орон сууцны гадна талыг 70 мм-ийг хөөсөөр дулаалга хийж өгөхийг хүссэн байна. Ямар хэмжээтэй дулаалга хийсэн тохиолдолд дулаан алдагдалгүй хэвийн болох талаар шууд нотлох баримтгүй тул шүүхийн зүгээс тодорхой тоо хэмжээ зааж дулаалга хийхийг даалгах боломжгүй бөгөөд хариуцагч К нь Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б А.Ж-1 гудамж, К 3-12 айлын 000-р байрны гадна хананы дулаан алдагдлыг зогсоож,  оршин суугчид нь хүйтний улиралд хэвийн амьдрах шаардлагыг хангасан дулаалга хийх шаардлагатай гэж үзлээ. 

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б А.Ж-1 гудамж, К 3-12 айлын 000-р байрны гадна хананы дулаан алдагдлыг зогсоож, гадна талыг хөөсөөр дулаалга хийж өгөхийг барилгыг барьж ашиглалтад оруулсан Кд даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн байрны худалдагч нь иргэн К байх тул хамтран хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан  Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Б А.Ж-1 гудамж, К 3-12 айлын 000-р байрны гадна хананы дулаан алдагдлыг зогсоож, гадна талыг хөөсөөр дулаалга хийж өгөхийг барилгыг барьж ашиглалтад оруулсан Кд даалгасугай.

2. Хамтран хариуцагч Х ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Кгаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж, А, А, С, Е, М, Н, А, М нарт олгосугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х