| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0179/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/202 |
| Огноо | 2024-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Хохирогч С.Э,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2438001270162 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Б.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Хатан туурай нэртэй мал эмнэлгийн эмийн санд 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн эх С.Э-г эргэлтийн мөнгөгүй боллоо гэх шалтгаанаар маргалдаж галын хайч болон хуйлсан цаасаар зодож цээжний зөөлөн эдийн цус хуралт, няцралт, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Хатан туурай нэртэй мал эмнэлгийн эмийн санд 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн эх С.Э-г эргэлтийн мөнгөгүй боллоо гэх шалтгаанаар маргалдаж галын хайч болон хуйлсан цаасаар зодож цээжний зөөлөн эдийн цус хуралт, няцралт, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438001270162 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Хатан туурай гэх мал эмнэлгийн эмийн сандаа ажиллаж байх үедээ ээжтэйгээ үл ялих зүйлээс болж хэрүүл болсон, тэр өдөр миний бие тааруу байсан, их уур уцаартай байсан. Тэгээд ээжтэйгээ хэрэлдэж байх үед өөрийн мэдэлгүй зуухны хажууд байрлах галын хайчаар ээжийнхээ ар нурууны зүүн далны доод хэсэгт нэг удаа цохисон. Би энэ үйлдлээ өөрөө ч мэдээгүй. Тэр үед нэлээн ууралсан байсан. Зүрх дэлсээд ийм л зүйл болсон юм. Тэгээд би дараа нь гэрт нь очиж эхнэрийн хамт уучлалт гуйсан...Миний буруу. Өөрийн буруу үйлдлийн дагуу ял шийтгэл хүлээнэ...” гэх мэдүүлэг,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас),
Хохирогч С.Э-ы Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 9-10-р хуудас),
Хохирогч С.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар баг Гэгээ зах дээр байрлах Хатан туурай нэртэй мал эмнэлгийн эмийн сан болох ажлын байран дээрээ байж байхад орой 17 цагийн үед манай том хүү болох Б.Э надтай үл ялих зүйлээс болж хэрэлдээд намайг галын хайчаар миний зүүн талын ар нуруу хэсэгт нэг удаа цохисон. Дараа нь цаасан хайрцгаар бас миний нүүр, толгой, цээж, хөх хэсэг рүү 4-5 удаа цохисон юм. Тэгэхээр нь чи намайг аллаа шдээ, чи яагаад намайг ингэж цохиж зодож байгаа юм бэ? гэж асуутал “энэ эмийн сангийн эргэлтийн мөнгө байхгүй болоод байна” гэхээр би тухайн үедээ юу ч яриагүй, тэгтэл манай хүү Б.Э гараад явсан. Тэгэхээр нь би эхнэр рүү нь яриад танай нөхөр Б.Э зодчихоод гараад явлаа, чи хүрээд ирээрэй гэж хэлсэн. Удалгүй манай бэр болох А.Нямдэлгэр гаднаас орж ирээд юу болов гэхээр нь “намайг Э эргэлтийн мөнгөгүй болсон байна гэх үндэслэлээр зодоод гараад явчихлаа” гэж хэлтэл манай бэр харин Э ингээд байдаг болсон юм гэж хэлсэн. Тэр үед гаднаас манай нөхөр болох Базарсад орж ирэхээр нь мөн болсон явдлын талаар ярьсан чинь манай хүн юу ч хэлээгүй гараад явсан ийм зүйл болсон...Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байхад оройн 18 цагийн үед манай хадам ээж болох Энхтайван утсаар залгаж хэлэхдээ “манай нөхөр Э намайг зодчихлоо, хүрээд ир” гэхээр нь би зах дээр байрлах ажил дээр нь яваад очтол хадам ээж уйлчихсан байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад “Э намайг галын хайчаар зодсон” гэж хэлээд уйлаад байсан. Тэр үед би ээжийг аргадаад хэсэг сууж байгаад гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),
Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 47-49-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч М.Б-ийн2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 186 дугаартай: “... 1. С.Эгийн биед цээжний зөөлөн эд цус хуралт, няцралт, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх хэрэг болсон гэх цаг хугацаандаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. С.Эы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 31-32-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 42-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 43-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 44-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 45-р хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 46-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51-р хуудас), ЦЕГ-ын хайлтын системийн захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа (хх-ийн 52-55-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2438001270162 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Хатан туурай нэртэй мал эмнэлгийн эмийн санд 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн эх С.Эг эргэлтийн мөнгөгүй боллоо гэх шалтгаанаар маргалдаж галын хайч болон хуйлсан цаасаар зодож цээжний зөөлөн эдийн цус хуралт, няцралт, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Б.Э нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Хатан туурай нэртэй мал эмнэлгийн эмийн санд 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төрсөн эх С.Эг эргэлтийн мөнгөгүй боллоо гэх шалтгаанаар маргалдаж галын хайч болон хуйлсан цаасаар зодож цээжний зөөлөн эдийн цус хуралт, няцралт, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Эы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч С.Эы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас), хохирогч С.Эы Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 9-10-р хуудас), гэрч А.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас), аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 47-49-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч М.Б-ийн2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 186 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 31-32-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Эы эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Эы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Э нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Э нь хохирогч С.Эы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Хохирогч С.Э нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргаангүй байх тул дээрх зүйл ангид зааснаар гэм буруутайд тооцуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хэрэгтээ хандаж байгаа хандлага, хувийн байдал, эрхэлсэн ажил бусад байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай байна…” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байлал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн 2438001270162 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2438001270162 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР