Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/шш2022/0638

 

2022 09 06 128/ШШ2022/0638

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц**********;

ХариуцагчХил хамгаалах ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 540 дугаартай тушаалын 01 дэх заалтыг илт хууль бусад тооцуулж, биеийн эрүүл мэндээр гэсэн засвар оруулах, 2015 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгуулахыг хариуцагчид даалгуулах шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б****** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйл:

1.1.Энэ хэргийн маргааны зүйл нь төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн үндэслэл нь илт хууль бус болох, уг актын улмаас тэтгэвэр тогтоолгох эрх хөндөгдсөн гэх үйл баримт хэлэлцэгдсэн болно.

1.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаартай тушаалын 1 дэх заалтыг илт хууль бусад тооцуулж, биеийн эрүүл мэндээр гэсэн засвар оруулах, 2015 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгуулахыг хариуцагчид даалгуулах гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн зүйл байхгүй.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дараах үйл баримтыг дурдсан байна.Үүнд:

2.2.И.Ц********* би цэргийн дайчилгаагаар 1987 онд цэргийн албанд татагдан, Хилийн цэргийн 0130 дугаар ангид алба хааж, 1989 онд халагдсан.

2.3.1994 оноос 1998 онд Хилийн цэргийн 0130 дугаар ангид радитс, 1998-2002 онд тус ангид хүмүүжил эрхэлсэн орлогч, 2002 оноос 2004 онд хилийн албаны дарга, 2004-2005 онд хилийн заставд сэтгэл зүйч, 2005-2006 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 0151 дүгээр ангид Салаан захирагчаар нийт 17 жил, 6 сар хилийн цэрэгт ажиллаж байгаад биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажил хийх боломжгүй болж, гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул хувь тэнцүүлж тэтгэвэр тогтоолгох өргөдлийг Хил хамгаалах газарт гаргаад эмчилгээ хийлгэхээр явсан.

2.4.Өргөлийг Хил хамгаалах газар хүлээн аваад Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *** дүгээр тушаал гаргахдаа хариуцлагагүй хандан, уг тушаалын 01 дүгээр заалтыг утга агуулгын илэрхий алдаатай гаргаж өгсөн.

2.5.Тухайн үед миний эхнэр миний тэтгэврийг тогтоолгохоор холбогдох байгууллагад хандсан боловч миний биеийг байлцуулан шийдвэрлэнэ гэх хариуг өгсөн.

2.6.И.Ц******** би гадаад улсад эмчилгээ хийлгэж ирээд тэтгэвэр тогтоолгоод 1 жил гаруйн хугацаанд тэтгэврийн мөнгө авч байсан.

2.7.Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ****** дугаартай акт гарсан талаар надад хэлж, тэтгэврийн байцаагч та тушаалын алдааг залруулж, засварлан авчир, үгүй бол таны тэтгэврийг зогсооно гэсэн шаардлага тавьсан.

2.8.Миний бие тухайн үеийн Хил хамгаалах ерөнхий газрын холбогдох албан тушаалтанд тушаалын алдаанаас болж тэтгэвэр зогсоно гэж байгаа тул 2006 оны *** дугаартай тушаалд өргөдөлд заасан утга агуулгаар засвар оруулж өгөх хүсэлтийг гаргасан боловч ямар нэг хариу өгөөгүй, миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөөр өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.

2.9.Тухайн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж миний бие 17 жил 6 сар хилийн цэрэгт, хязгаар нутагт алба хаасан байтал өнөөдрийг хүртэл тэтгэвэргүй, амьдралын эх үүсвэр, амьжиргаагаа залгуулах боломжгүй, эрүүл мэндийн байдалд доройтож байгаа тул хууль зөрчсөн энэхүү үйл ажиллагааг зогсоож, миний хууль ёсны эрх ашгийг сэргээж өгнө үү гэжээ.

2.10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

2.11.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ... И.Ц******** нь 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст өргөдөл гаргасан ба тухайн өргөдөлдөө төрсөн он сараа буруу бичиж, 1960 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн гэсэн байдаг.

2.12.Хүсэлтээ өгөхдөө эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул хувь тэнцүүлэн цэргийн албанаас тэтгэвэрт гаргаж өгнө үү гэсэн байдаг.

2.13.Өргөдлийг тухайн үеийн захиргааны байгууллага шийдвэрлэхдээ эрүүл мэндийн шалтгааны улмаас хувь тэнцүүлэн тэтгэвэрт гарах гэтэл ямар нэгэн эрүүл мэндийн шалтгааныг нотолсон буюу эмчийн дүгнэлт, акт, баримт шинжилгээ гэх мэт нотлох баримт байгаагүй бөгөөд гаргаж өгөөгүй.

2.14.Тухайн үеийн албан тушаалтан өргөдлийг шийдвэрлэх гэж өргөдөлд дурдсан 1960 он гэдэг оноор насыг нь шалгаж үзвэл хувь тэнцүүлэн гарах үндэслэл нь тухайн үеийн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, цэргийн алба хаах нас хэтэрсэн гэсэн үндэслэл байдлаар нь шалгаж үзэхэд 1960 онд төрсөн хүн нь цэргийн алба хаах нас хэтэрсэн гэх үндэслэлд хамаарч байсан учраас тэр үндэслэлээр өргөдөл дэх насыг хараад цэргийн алба хаах нас хэтэрсэн гэсэн үндэслэлээр тушаал гаргаж хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоосон.

2.15.Өргөдөлд дурдсан эрүүл мэндийн шалтгааны улмаас гэсэн үндэслэлээр тогтоох гэсэн боловч цэргийн эмчийн, эмнэлгийн дүгнэлт байх ёстой гэсэн шаардлагыг хангахгүй байгаа тул эрүүл мэндийн үндэслэлээр гэсэн тушаал гарах боломжгүй гэдэг хариуг өгсөн.

2.16.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэсэн зохицуулалт байдаг.

2.17.Нэхэмжлэгч зөвхөн тушаалын нэг дэх үндэслэлийг эрүүл мэндийн шалтгаанаар болгож өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргаад 13 сарын тэтгэврийг манай байгууллагаас буцаан нэхэмжилсэн байдаг.

2.18.Захиргааны акт бүхэлдээ илт хууль бус тул 3 дахь заалт болох 15 сарын хугацааны тэтгэмжийг нэхэмжлэгч талаас манайх нэхэмжлэх эрх зүйн үр дагавар бий болсон гэж үзэж байна гэв.

2.19.Гадаад улс руу эмчилгээнд явсан гэх боловч эмчлүүлсэн гэх баримт, материалыг одоог хүртэл Хил хамгаалах ерөнхий газарт авчирч өгөөгүй.

2.20.Түүний тэтгэвэрт гарах хүсэлтийг шийдвэрлэхдээ Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *** дүгээр тушаалын 1 дүгээр заалтад Цэргийн жинхэнэ алба хаах нас хэтэрсэн тул гэж илэрхий алдаа гаргасан байна.

2.21.Уг тушаалыг үндэслэн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 03 дугаар сард хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоосон боловч Улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ****** дүгээр актаар тэтгэврийг зогсоож, үндэслэлгүй олгосон тэтгэврийг зогсоосон байсан.

2.22.И.Ц****** тухайн үед Хил хамгаалах ерөнхий газарт тушаалын алдааг засуулах хүсэлт гаргасан гэх боловч өргөдөл, гомдлын бүртгэлд энэ талаар тусгаагүй байна.

2.23.Энэ талаар И.Ц******* болон түүний өмгөөлөгчтэй Хил хамгаалах ерөнхий газрын Хуулийн зөвлөх, дэд хурандаа Ч.М биечлэн уулзаж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан биеийн эрүүл мэндээр гэсэн үндэслэлээр хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгоход тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу Цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарсан байх ёстой гэсэн тайлбарыг ойлгуулсан.

2.24.Өмгөөлөгч Н.Б****** 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр И.Ц***** тэй холбоотой тушаалын алдааг засуулах хүсэлт гаргасныг Эмнэлгийн дүгнэлт, холбогдох материал байхгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.

2.25.Иргэн И.Ц*****-д холбогдох Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 540 дүгээр тушаалын 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Өөрийн хүсэлтээр гэж засах үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд уг тушаалын 3 дугаар заалтаар олгосон 15 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг буцаан төлүүлэх нөхцөл үүсэж байгаа болно гэжээ.

2.26.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М*********-аас шүүх хуралдаанд дээрх бичгээр гаргасан тайлбарыг гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйлийн талаар:

1.1.Энэ хэргийн маргааны зүйл нь төрийн тусгай албан хаагчийг цэргийн албанаас чөлөөлсөн үндэслэл илт хууль бус байсан, илт хууль бус актын улмаас тэтгэвэр тогтоолгох эрх зөрчигдсөн гэх үйл баримт байсан болно.

1.2.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг доор дурдсаныг үндэслэл, шийдлээр заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож байна.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Нэхэмжлэгч И.Ц******** нь Хилийн цэргийн албыг 17 жил 6 сар хаасан болохыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 208 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/***** дугаар шийдвэрээр тогтоожээ.

2.2.И.Ц********* нь 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газарт хандан гаргасан өргөдөлдөө И**** овогтой Ц********** би 1960 онд төрсөн гэж, ... биеийн байдалдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай тул хувь тэнцүүлэн цэргийн албанаас тэтгэвэрт гаргаж өгнө үү гэж бичсэн байжээ. /ХХ-н 4 дэх тал/.

2.3.Ц********-гийн өргөдлийн буланд тухайн үед хүний нөөцийн асуудал эрхэлсэн албан тушаалтан Шийдэж өгье гэх цохолт /шүүхэд гэрчээр асуугдсан/, нэхэмжлэгчийн ажиллаж байсан 0151 дүгээр ангийн захирагч нь /хэн гэдэг нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ийнхүү тайлбарласан болно/ И.Ц********-гийн эрүүл мэндийн байдлыг харгалзан эмчилгээ хийлгэх шаардлагатай тул цэргийн албанаас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэж цохолт хийжээ.

2.4.Нэхэмжлэгч И.Ц*********-гийн уг өргөдлийг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 540 дүгээр тушаалын 1 дэх хэсэгт 0151 дүгээр ангийн бэлтгэл заставын сургалт эрхэлсэн орлогч, ахлах дэслэгч И*****-ийн Ц******* цэргийн жинхэнэ алба хаах нас хэтэрсэн тул 2006 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлж, цэргийн албанаас халсугай гэж шийдвэрлэжээ. /ХХ-н 5 дахь тал/

2.5.Энэ шийдвэр гаргах үед И.Ц********* нь 39 нас 9 сартай байжээ.

2.6.И.Ц********* нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох-оор гаргасан хүсэлтээ хувийн шугамаар гадаад улсад 7 жил ажиллаж байгаад 2014 оны 11 сарын 10-нд эх орондоо эргэж ирсэн болохоо бичжээ. /ХХ-ийн 30 дахь тал/.

2.7.И.Ц********-гийн хүсэлтийн дагуу Нийгмийн даатгалын байцаагчаас 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр түүнд цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоож, жинхэнэ олгох нь ***,*** төгрөг, сар бүр авах тэтгэврийн хэмжээг 176883 төгрөг байхаар тогтсон болох нь Тэтгэвэр тогтоолтын хуудсаар тогтоогдож байна. /ХХ-ийн 7-8, 31 дэх тал/.

2.7.Улмаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ****** дугаартай актаар цэргийн алба хаах нас хэтэрсэн гэж чөлөөлсөн нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалт Цэргийн алба хаах нас хэтэрч гэснийг зөрчсөн гэж дүгнэж, үндэслэлгүй олгогдсон 2,670967 төгрөгийг И.Ц*******-гээр буцаан төлүүлэхээр шийдвэрлэжээ. /ХХ-ийн 6 дахь тал/.

2.8.И.Ц******** нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 540 дүгээр тушаалд өөрчлөлт оруулах хүсэлтээ тухайн үед гаргасан гэх боловч ийнхүү хүсэлт гомдол гаргаж байсан нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байгаа ба 2022 онд биечлэн уулзсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарт Хуулийн зөвлөх, дэд хурандаа Ч.М******* биечлэн уулзаж ... цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарсан байх ёстой гэсэн тайлбарыг ойлгуулсан гэх, өмгөөлөгч Н.Батболд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр И.Ц********-тэй холбоотой тушаалын алдааг засуулах хүсэлт гаргасныг Эмнэлгийн дүгнэлт, холбогдох материал байхгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн гэх тайлбаруудаар тогтоогдсон гэж үзэв.

Гурав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

3.1.Шүүх нь маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Дөрөв.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

а/Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 540 дугаартай тушаалын 1 дэх заалтыг илт хууль бусад тооцуулах шаардлагын тухайд:

4.1. Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Офицерыг дунд, ахлах, дээд гэж ангилна гэж, мөн зүйлийн 11.4-т Офицерын албыг дунд офицер 47 нас хүртэл, ахлах офицер 52 нас хүртэл, дээд офицер 57 нас хүртэл хаана гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т Дэслэгч, ахлах дэслэгч, ахмад цолтой офицерыг "дунд офицер", ... гэнэ тус тус заажээ.

4.2.Нэхэмжлэгч И.Ц********-г Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 365 дугаар тушаалаар ахлах дэслэгч цол олгосон /ХХ-н 43-44 дэх тал/ байгаа тул дээрх хуулийн заалтын дагуу түүний цол дунд офицер байгаа ба түүний цэргийн алба хаах насны дээд хязгаар нь 47 нас гэдэгт хамаарч байна.

4.3. Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 540 дүгээр тушаалаар И.Ц*********-г цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэх үндэслэлээр цэргийн албанаас чөлөөлөх үед тэрээр 39 нас, 9 сартай байж, цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байсан тул энэхүү тушаалын 1 дэх заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай шийдвэр мөн байна.

4.4.Учир нь нэхэмжлэгчээс өвчний учир гэдэг шалтгаан заасан нь уг үндэслэлээр шийдвэр гаргуулахыг хүссэнд тухайн үед бодитой хариу өгөөгүй атлаа түүнийг цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байхад уг үндэслэлээр цэргийн албанаас чөлөөлсөн нь бодит байдалд огт нийцээгүй нь утга агуулгыг илэрхий алдаа гэж үзэх үндэслэл болох тул илт хууль бус захиргааны акт юм.

4.5.Энэ үндэслэлээр Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 540 дугаартай тушаалын 1 дэх заалтыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

б/Нэхэмжлэгчийн Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 540 дугаартай тушаалын 1 дэх заалтад биеийн эрүүл мэндээр гэсэн засвар оруулахыг даалгуулах шаардлагын тухайд:

4.6.Нэхэмжлэгч нь илт хууль бус захиргааны актын улмаас хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох эрх зөрчигдсөн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.7.Тодруулбал, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй гээд мөн хэсгийн 2-т биеийн эрүүл мэндээр, 3-т цэргийн алба хаах нас хэтэрч гэж тус тус заажээ.

4.8.Мөн зүйлийн 3 дахь хэсэгт Цэргийн алба хаах насны хязгаарыг энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан байгууллагын эрх зүйн байдлыг зохицуулсан хуулиар, тусгайлан зохицуулаагүй бол Цэргийн албаны тухай хуульд заасныг мөрдөнө гэж заасан.

4.9.Хуулийн энэ заалтаар 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан алба хаагч бол биеийн эрүүл мэндээр, эсхүл цэргийн алба хаах нас хэтэрсэн бол тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрх үүсэх байна.

4.10.Нэхэмжлэгч И.Ц*********** цэргийн албанаас хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргахдаа, өргөдлөө өөрийгөө 1960 онд төрсөн гэж, бас өвчний учир гэж бичсэн нь илт худал мэдээлэл байсан гэж үзлээ.

4.11.Учир нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөж байсан Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн[1] 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Офицер, ахлагчийг дараах тохиолдолд нас харгалзахгүйгээр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халж болно гээд мөн хэсгийн 1-т цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарсан гэж заасан байжээ.

4.12.Иймд нэхэмжлэгч И.Ц********** нь өвчний учир цэргийн албанаас халагдаж, цэргийн тэтгэвэр тогтоолгох бодит нөхцөлд байсан бол өргөдөлдөө Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу заавал хавсаргавал зохих биеийн эрүүл мэндээр цэргийн алба хаах боломжгүй гэдгээ тогтоолгосон цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг гаргуулах, гаргасан дүгнэлтийн өргөдөлдөө хавсаргаж өгөх ёстой байсан ба энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хийх ёстой үйлдэл байна.

4.13.Нэхэмжлэгч нь эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гаргуулж байгаагүй, ийм баримт байхгүй, гаргаж өгөөгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт, тайлбараараа няцааж чадаагүй болно.

4.14.Нөгөө талаас Хавтаст хэргийн 30 дахь талд авагдсан баримтаар И.Ц********* нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох-оор гаргасан хүсэлтээ хувийн шугамаар гадаад улсад 7 жил ажиллаж байгаад 2014 оны 11 сарын 10-нд эх орондоо эргэж ирсэн

4.15.Хил хамгаалах ерөнхий газраас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн И.Ц*********-гийн Монгол Улсын хилээр орсон, гарсан лавлагаагаар тэрээр 2007 оны 03 дугаар сарын 19-ны өдөр гарч, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орж ирсэн болох нь давхар нотлогдож байна.

4.16.Мөн шүүхээс нэхэмжлэгч талыг өвчтэй байсан, энэ өвчин нь цэргийн албан хаах боломжгүй өвчин гэдгийг нотлох баримт гаргах өгөхийг шаардсан боловч ийм баримт гаргаж өгөх боломжгүй гэсэн болно.

4.17.Нэхэмжлэгч нь өөрөө Нийгмийн даатгалын байгууллагад гаргасан өргөдөлдөө гадаад улсад 7 жил ажиллаж байгаад ирсэн гэж бичиж байсан атлаа шүүхэд өвчний улмаас гадаад улсад 7 жил эмчлүүлсэн гэх тайлбар гаргасан, цэргийн албанаас чөлөөлөгдөх шаардлагатай өвчин туссан гэдгээ нотлох баримтаар гаргаж өгөхгүй байгаа зэргээс үндэслэн худал тайлбар гаргасан гэж үзсэн болно.

4.18.Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу И.Ц*********-г цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гаргуулаагүй байхад хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын дарга нь түүнийг өвчний улмаас цэргийн албанаас чөлөөлсөн гэж шийдвэртээ өөрчлөлт боломжгүй бөгөөд бодит байдал дээр нэхэмжлэгч өвчний улмаас чөлөөлөгдөх шаардлагатай байсан гэдэг нь нотлогдоогүй болно.

4.19.Нэхэмжлэгч нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *** дүгээр тушаалыг өөртөө гардуулаагүй, мэдээгүй мэтээр шүүхэд маргаж байгаа боловч эерэг үйлчлэлтэй захиргааны актыг мэдээгүй, мэдэх боломжгүй байх үндэслэлгүй байна.

4.17.Учир нь И.Ц******** нь цэргийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан тул чөлөөлөгдсөн эсэхээ мэдэх ёстой, ийм боломжтой байна. Өөрөөр хэлбэл, И.Ц********* нь цэргийн албанаас чөлөөлөгдөөгүй бол цэргийн алба хаших үүрэг нь үргэлжлэх ёстой бөгөөд энэ хэмжээгээр хариуцлага хүлээх цэргийн үүрэгтэн гэдгээ мэдэж байсан, мэдэх ёстой этгээд ба тэрээр өргөдөл гаргаснаас хойш Монгол Улсад 4 сар байсны дараа гадаад улс руу явсан гэдгийг үндэслэн шүүх ийнхүү үзсэн болно.

4.20.Ийнхүү нэхэмжлэгч И.Ц*********** нь цэргийн албанаас өвчний улмаас чөлөөлсөн гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэн Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *** дүгээр тушаалын 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулахыг шүүх даалгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан маргаан бүхий актад биеийн эрүүл мэндээр гэсэн засвар оруулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

в/Нэхэмжлэгчийн 2015 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийг /гэм хор, хохирол/ нөхөн олгуулахыг хариуцагчид даалгуулах шаардлагын тухайд:

4.21.Нэхэмжлэгч И.Ц************ нь өвчний улмаас, биеийн эрүүл мэндээр цэргийн албанаас чөлөөлөгдөх ёстой байсан гэх үйл баримт нь шүүхэд нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, түүнд 2015 оны 1 дүгээр сараас хувь тэнцүүлэн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрх хуульд зааснаар үүсээгүй болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан 2015 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацааны авах ёстой байсан тэтгэврийг гэм хорын хохирлоор нөхөн олгуулахыг Хил хамгаалах ерөнхий газрын даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.22.Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *** дүгээр тушаалын 3 дахь заалтын И.Ц*********-д олгосон 15 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй тул шүүх энэ талаар нотлох баримт цуглуулаагүй, энэхүү шийдвэрээрээ уг заалтад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

4.23.Иймд шүүх тушаалын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоосон шийдвэрийн улмаас тушаалын 3 дахь заалтын хууль зүйн үйлчлэлийг хэрхэн тооцож, шийдвэрлэх нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал болохыг тэмдэглэж өгөх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч И.Ц********-гийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаартай тушаалын 1 дэх заалтыг илт хууль бусад тооцож, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дахь хэсэг, мөн хэсгийн 2, 3 дахь заалт, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох тушаалд биеийн эрүүл мэндээр гэсэн засвар оруулах, 2015 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийг аваагүй хохирлыг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч И.Ц********-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 35100 хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Энэ хуулийг Улсын Их Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон