Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1172

 

 

Г.Пд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,  

шүүгдэгч Г.П,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1135 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Пн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2003002840169 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 /;

Шүүгдэгч Г.П нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 18 дугаар байрны урд замд “Тоёота приус-20” маркийн 56-86 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатай саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Лг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: 

Г.Пн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:    

Г.П-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Пг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.П цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Пгээс 784,050 төгрөгийг гаргуулан хохирогч О.Лд олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлыг нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Г.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохиролд 784,050 төгрөгийг төлж барагдуулан хохирогчоос уучлалт гуйсан. Улаанбаатар Их сургуулийн санхүү банкны 4 дүгээр курст суралцдаг, бага насны хүүхэдтэй тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.П нь анхан шатны шүүх хуралдааны үед хохирол төлбөрөө бүрэн барагдуулаагүй байсан. Учир нь, өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Ар гэрийнх нь зүгээс анхан шатны шүүх хуралдааны дараа хохирол төлбөрийг төлж барагдуулсан байсан. Прокурорын зүгээс Г.П нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, төлбөрийн чадваргүй учир нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Пд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Г.П 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 18 дугаар байрны урд замд “Тоёота приус-20” маркийн 56-86 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатай саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Лг мөргөж, эрүүл мэндэд нь “...зүүн тавхайн куб яс болон 1, 2, 3, 4-р хурууны хугарал, зөөлөн эдийн няцрал ...” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч О.Лгийн “... 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 16-17 цагийн орчимд гэрээсээ гараад байрныхаа урд талын зам хөндлөн гарахаар зам руу ортол хойд талаас манай найз Б.Гомбодорж намайг “хүүе” гээд татсан, тэгтэл ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байсан  машин эхлээд толиороо шүргэх үед би газар унасан, тэгтэл унасан хойно зүүн хойд талын дугуйгаараа миний зүүн хөлийн тавхайн хэсэг дээгүүр гараад урагшаа 2-3 метр яваад зогссон. Тэгээд би босох гэтэл хөлөө дийлэхгүй байж байтал тэр машины ах гарч ирээд “яасан бэ” гэж хэлээд намайг машиндаа суулгаад эмнэлэг рүү явсан. ...” /хх 22-23/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Баасансүрэнгийн “... 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчим дүү О.Л рүү утсаар залгахад “машинд мөргүүлчихлээ, эмнэлэг рүү явж байна” гэсэн. ...Гэмтлийн эмнэлэг рүү очиход хөлнийхөө зургийг авахуулаад гарч ирж байсан. Тэгээд асуухад 56-86УНУ улсын дугаартай машинд мөргүүлсэн тухай хэлсэн. ... ” /хх 25-26/,

насанд хүрээгүй гэрч Д.Одбаярын “... машины голоор явган явж байсан хүүхэд гэнэт гарч ирээд машинд мөргүүлсэн. Тэр үед хойно сууж явсан Төгөлдөр Пэрэнлэй ах руу “та хүн мөргөчихлөө” гэж хэлсэн. Тэгээд Пэрэнлэй ах буугаад тэр хүүхдийг машинд суулгаад эмнэлэг рүү аваад явсан...” /хх 31/,

насанд хүрээгүй гэрч Б.Гомбодоржийн “...2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 15 цагийн орчимд найз Лхамсүрэнтэй байрных нь хойд талаар нь явж байгаад зам хөндлөн гарах үед Лхамсүрэн надаас арай түрүүлээд явж байгаад зам руу орсон. Тухайн үед машин харагдахгүй боловч яг зам гарч байхад ертөнцийн зүгээр зүүн талаас баруун тийш чиглэлтэй машин хурдтай ирсэн, тэгэхээр нь би арай ч мөргөчихгүй байлгүй гээд Лхамсүрэнгийн араас бариад татах үед нөгөө машин шууд толиороо Лхамсүрэнг шүргэж унагаасан, тэгээд яг унах үед хөлөн дээгүүр нь зүүн хойд талын дугуй нь гарчихсан. Тэгээд жолооч нь бууж ирээд, “яасан бэ” гээд шууд машиндаа суулгаад дүүргийн эмнэлэг рүү явсан. ...” /хх 32/ гэх мэдүүлгүүд,

хохирогч О.Лгийн биед зүүн тавхайн куб яс болон 1, 2, 3, 4-р хурууны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийг гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4254 тоот дүгнэлт /хх 39-40/,

зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн зураглал /хх 5-9/, гэмт хэргийн талаарх гомдол /хх 3/,

“...Тоёота приус-20 маркийн 56-86 УНУ улсын дугаартай автомашины жолооч Ганбатын Пэрэнлэй нь Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатай саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хх 62-63/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 48-52/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Г.Пгийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган зорчигч О.Лг мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдлөгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний  улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

 Шүүгдэгч Г.П нь “...нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаар оюутны хичээлээс хоцрох, ар гэрээ тэжээн тэтгэх боломжгүй байдалд хүрээд байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуулийн дагуу эрх чөлөөний хязгаарлалт тогтоох замаар цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учир шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцсэн байх албагүй.

Харин тухайн ял нь шүүгдэгчийн гэр бүлийн гишүүдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлсөн шинжтэй байж огт болохгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж тус тус заасан шударга ёсны зарчмаар тодорхойлогдоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаас шүүх шүүгдэгч Г.Пд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн зарчим, агуулга, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Г.Пд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэсэн нь Эрүүгийн хуульд заасан хувийн буйдлын хувьд тус ялыг хэрэглэхийг хориглосон этгээдэд хамаарахгүй байна.

Нөгөөтэйгүүр, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаар шүүгдэгчийн орлого олох, ар гэрээ тэжээн тэтгэх эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Г.Пгийн гаргасан “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих...” тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Гагцхүү шүүгдэгч Г.Пгийн төгсөх дамжааны оюутны хичээлээ хэвийн үргэлжлүүлэх боломжит хугацаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэн шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1135 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...500 цаг...” гэснийг “...300 цаг...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Пн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                                          

              ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                         

              ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

              ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ