Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2021/00435

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Р ХХК /гүйцэтгэх захирал Ж /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн У сумын Засаг даргын тамгын газар /дарга А/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2105559 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Р ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч тал манай компанитай 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаатай Нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу өнгөрсөн 1 жилийн хугацаанд Ай маркийн шатахуун худалдаж авсан. Гэрээний талууд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Б аймгийн Усумын Засаг даргын тамгын газар болон манай компанийн хоорондын тооцоогоор хариуцагч 1452110 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдэж, манай компани энэхүү үлдэгдэл мөнгийг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон. Гэтэл хариуцагч тал одоо болтол үлдэгдэл мөнгийг өгөхгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Тус гэрээний 4.3-т зааснаар зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 90 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (1,452,110 төг х 0,5%=7,260.55 х 90 хоног = 653,449.5 төгрөг болж байна. Иймд хариуцагч Усумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс үндсэн зээл болох 1452110 төгрөг, алданги 653449.5 төгрөг нийт 2105559 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талд Р ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаатай нефтийн бүтэгдэхүүнийг өдөр тутам дараа тооцоогоор борлуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч тал 1 жилийн хугацаанд шатахуун худалдаж авсан байдаг. Гэрээний талууд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд өгч, авалцсан тухай хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй бүртгэлийн бичилтийг нэг бүрчлэн шалгаж үзсэн. Уг тооцоогоор хариуцагч Б аймгийн Усумын Засаг даргын Тамгын газар болон Р ХХК-ийн хооронд тооцоогоор хариуцагч тал 1452110 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Р ХХК нь энэхүү үлдэгдэл төлбөрийг тооцооны хэлбэрээр нэхэмжилж авахаар тохиролцсон. Гэтэл хариуцагч тал одоо болтол үлдэгдэл мөнгийг өгөхгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн учраас гүйцэтгэх үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилж байна. Гэрээний 3.4-т зааснаар бол Зээлдэгч нь төлбөр, тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байдлаар бол гэрээний үүргийг гүйцэтгэлд 90 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход 653449 төгрөг болж байна. Иймд хариуцагч Усумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс үндсэн төлбөр болох 1452110 төгрөг, алданги 653449 төгрөг, нийтдээ 2105559 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч тал 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа бол үндсэн төлбөр болох 1452110 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж өгье, гэхдээ тэр алдангийг төлөх гэсэн хариу тайлбарыг ирүүлж, зөвхөн алдангийн талаар маргасан байна. Нэгэнт алдангийн гэрээг хоёр тал бичгээр байгуулсан учраас хариуцагчийн энэ талаар гаргасан тайлбар бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Усумын Засаг даргын тамгын газрын дарга А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Засаг даргын Тамгын газар нь Р ХХК-тай өнгөрсөн 2020 онд жилийн хугацаанд гэрээ байгуулж шатахуун авсан юм. 2020 онд Засаг даргын нөөц хөрөнгөнөөс үерт автагдсан айл өрхүүдэд элс, шороо буулгах ажилд зарцуулагдсан бензин шатахууны үнэ болох 5 сая төгрөгийг шилжүүлсэн үүнээс 1452110 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг хүлээн зөвшөөрч байна.

2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар орон нутгийн орлогын давсан хэсэгт хуваарилалт хийж, өр барагдуулахаар төсөв хуваарилагдсан боловч Дэлхий дахинд гарч байгаа Ковид-19 халдварт өвчний дэгдэлттэй холбоотой одоо хүртэл Сангийн яамнаас зөвшөөрөл өгөөгүй юм. Сангийн яамнаас зөвшөөрөл ирсэн даруйд үлдэгдэл мөнгийг шилжүүлж өгөх болно. Санхүүжилт нь хуваарилагдсан яамнаас зөвшөөрөл олгогдоогүй учраас өр барагдуулж чадахгүй байгаа тул хэтэрсэн хоног тутамд төлөх алдангиас чөлөөлж өгөхийг Р ХХК-иас хүсэж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Усумын Засаг даргын Тамгын газраас зээлээр авсан шатахууны үнэ 1452110 төгрөг, алданги 653449 төгрөг, бүгд 2105559 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Б аймгийн Усумын Засаг даргын тамгын газарт холбогдуулж гэрээний үүрэгт 1452110 төгрөг, алданги 653449 төгрөг, нийт 2105559 төгрөг нэхэмжилснээс хариуцагч алданги төлөхийг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нефтийн бүтэгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ байгуулж , уг гэрээгээр нэхэмжлэгч Р ХХК нь нефтийн бүтээгдэхүүнийг дараа тооцоогоор худалдан борлуулах, хариуцагч Усумын Засаг даргын Тамгын газарт нефтийн бүтээгдэхүүний үнийг нийлүүлэгчийн нэхэмжлэл, падааныг үндэслэн дараа гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээний дөрөвдүгээр зүйлд төлбөр тооцооны талаар зохицуулсан байх ба 4.2-т Хэрэглэгч нь авсан нефтийн бүтээгдэхүүний үнийг дараа сарын 10-ны дотор бүрэн төлж тооцоог дуусгана, 4.3-т Хэрэглэгч нь төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх алдангийг нийлүүлэгч байгууллагад төлөхөөр тохиролцсон байх ба гэрээний хүчинтэй хугацаа нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байна.

Хоёр байгууллагын хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2020 оны 01 дүгэр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Усумын Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч Р ХХК-д 1452110 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан байх ба хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартай 1452110 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа талаар хүлээн зөвшөөрч тайлбарлажээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байх ба талууд гэрээндээ алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Усумын Засаг даргын Тамгын газраас гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хугацааны алдангийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Р ХХК нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх алдангийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 90 хоногоор тооцож 653449 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Б аймгийн Усумын Засаг даргын Тамгын газраас зээлээр авсан шатахууны үнэ 1452110 төгрөг, алданги 653449 төгрөг, бүгд 2105559 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Б аймгийн Усумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Хоныратад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. Хариуцагч А.Хоныратад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Б аймгийн Усумын Засаг даргын Тамгын газраас зээлээр авсан шатахууны үнэ 1452110 төгрөг, алданги 653449 төгрөг, бүгд 2105559 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48639 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Усумын Засаг даргын Тамгын газраас 48639 төгрөг гаргуулан Р ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ       Х