| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 106\2024\0863\Э |
| Дугаар | 2024/ШЦТ/640 |
| Огноо | 2024-08-12 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | М.Э |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/640
2024 8 12 2024/ШЦТ/640
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,
улсын яллагч М.Эрдэнэзаяа
иргэдийн төлөөлөгч О.А,
шинжээч Б.Б (онлайнаар),
шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б** овогт Х.М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000959 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б** овогт Х.М (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Х.М нь 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Angel” зочид буудлын урд талын авто машины төлбөртэй зогсоолд тавьсан байсан “Volvo” загварын **** УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хохирогч Г.Д-тэй “чимээгүй байгаад байхад чи юу гэж бодоод байгаа юм, манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний биед халдаж, хохирогч Г.Д нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нас барсан буюу хүнийг санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.М нь 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Angel” зочид буудлын урд талын авто машины төлбөртэй зогсоолд тавьсан “Volvo” маркийн **** УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “чимээгүй байгаад байхад чи юу гэж бодоод байгаа юм, манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун дух, зулай, чамархай хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, толгойн хуйхны цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас хохирогч Г.Д нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч Х.М нь 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Angel” зочид буудлын урд талын авто машины төлбөртэй зогсоолд тавьсан “Volvo” маркийн 4534 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “чимээгүй байгаад байхад чи юу гэж бодоод байгаа юм, манай эхнэртэй яаж харьцаад байгаа юм” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун дух, зулай, чамархай хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн няцрал, толгойн хуйхны цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас хохирогч Г.Д нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 1390, 758 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 533 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.Баяртогтохын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ба гэм буруутай этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байдаг нь “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж болдог.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогчтой маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохисны улмаас тархины хүнд гэмтэл авч, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч Х.М нь амь хохирогчийн нүүрэн тус газар цохисон үйлдэл, уг үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан үйл баримттай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хохирогчийн бие махбодид хүнд буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл учруулж уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг агуулдаг бол хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсны улмаас завсрын шалтгаанаар буюу бусад хүндрэл үүсэж, тухайлбал хоёрдогч халдварын үхлээр хохирогч нас барсан тохиолдолд “Хүнийг алах” гэмт хэрэг гэж үзэхгүй.
Хохирогч Г.Д тархиндаа авсан хүнд гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан болох нь шинжээч эмчийн дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Х.М нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Тодруулбал одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн хуульд гэм буруугийн санаатай хэлбэрийн шууд болон шууд бус санааны төрлийг нарийвчлан зааглаагүй хэдий ч эрүүгийн эрх зүйн онолын хүрээнд “гэм буруугийн шууд бус санаа” гэдэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдаас мэдсэн боловч тэр хор уршгийг учруулахыг урьдаас хүсээгүй, харин тодорхой нөхцөл байдалд өөрийн үйлдлээрээ тухайн хор уршигт хүргэсэн, тэр уршгийг бий болгосон буюу хор уршигт ялгаваргүй хандсан байхыг ойлгодог. Бусдын эрүүл мэндэд халдах үйлдэл нь хүний амь насыг хөнөөх, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулах зэрэг үр дагаварт хүргэж болохыг гэм буруутай этгээд мэдэх боловч эдгээр хор уршгийг урьдаас хүсээгүй бөгөөд тухайн нөхцөлд бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан, хүнийг алсан бол шууд бус санаагаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон хүнийг алах гэмт хэргээр зүйлчлэгдэхийг дурдах нь зүйтэй.
Тиймээс шүүгдэгч Х.М-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэгт гэм буруугүй гэсэн дүгнэлт гаргасан болно.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Д-н амь нас хохирсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э-н зүгээс хохирол, төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд “...Надад Х.М-с цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Х.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд “...Тусгайлан гаргах саналгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Х.М-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Х.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Х.М-т 9 (ес) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч Х.М-н 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 454 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон 454 хоногтой, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б** овогт Х.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-г 9 (ес) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-н 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 454 (дөрвөн зуун тавин дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.М-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЗОЛБОО
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ