| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0169/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/192 |
| Огноо | 2024-05-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0169/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* , түүний өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000127 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** овогт************** /РД:******* /,******* -ны өдөр******* суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, хэсэгт ажилтай, , хамт******* сумын баг гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ****** нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед******* сумын багийн нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүрийн урд засмал авто зам дээр улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтыг зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсний улмаас зам дээр хэвтэж байсан иргэн дээгүүр гарч хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “2024 оны 02 дугаар сарын 05-ны орой 21 цагийн орчим ажлаасаа буугаад хүүхдийнхээ сүүг авах гээд авто замаар явж байтал замын хажууд өөдөөс нэг машин гэрлээрээ дохиж гялбуулсан. Тухайн үед зам дээр цаас байна гэж бодоод дээгүүр нь гараад зогссон. Гэтэл зам дээр хэвтэж байсан хүний дээгүүр гарсан байсан. Тэгээд холбогдох газар нь дуудлага өгсөн. Тухайн үед гэрэлтүүлэг муу байсан. Би 15-20 километр цагийн хурдтай явж байсан.аа хасаад эргэх гэж байтал хажуу талаас машин гэрлээрээ дохихоор нь урдуур орох гэж байна гэж бодсон. ...2024 оны 02 сарын 07-ны өдөр хохирогчийн ар гэртээ цагдаагийн газарт уулзаж, болсон асуудлыг бүгдийг нь ярьсан. Мөн 2024 оны 04 сарын 20-ны өдөр хохирогчийн ар гэрт очиж уулзаж, сэтгэл санааны хохирол төлбөр төлөхөөр ярилцсан. Надад нэг хашаа байшин байгаа түүнийгээ хохирол төлбөрт өгөөд үлдсэн мөнгийг нь гэрээ байгуулаад төлөх талаар ярьсан. Би талийгаачийн оршуулгын зардалд 13,000,000 төгрөг шилжүүлсэн. Миний буруу.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: “Би нас барсан хохирогчийн төрсөн хүүхэд нь юм. Манай аав 2014 онд нас барсан. Бид эхээс гурвуулаа бөгөөд нэг эгч, нэг дүүтэй. Би дунд хүүхэд. Дүү маань 16 настай одоо ээжийг нас барсны дараа эгч асран хамгаалагчаар нь тогтоогдсон. Манай ээж нас барахаасаа өмнө дүү болон хамтран амьдрагчтайгаа хамт амьдардаг байсан. Шүүгдэгч нь манай ээжийн оршуулгын зардалд 13,210,580 төгрөгөөс 13,000,000 төгрөг төлсөн. Одоо талийгаачийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл нь 5,753,499 төгрөг байгаа. Тиймээс дээрх төлбөр дээр сэтгэл санааны хохирол 99,000,000 төгрөгийг нэмж нийт 117,964,079 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгч нь 13,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 104,964,079 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч******* нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны орой 21 цагийн орчим******* сумын багийн нутаг дэвсгэр хүнсний дэлгүүрийн урд авто зам дээр улсын дугаартай Toyoto prius 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан дээгүүр гарч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол төлбөр болох амь хохирогчийн тэтгэврийн зээлийн төлбөр 5,753,499 төгрөг, оршуулгын зардлын зөрүү 210,580 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зардал 99,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Үүнээс банкны зээл, оршуулгын зардлын зөрүү нийт 5,964,079 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна. Харин гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоох журмын 2.5-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511.5 дугаар зүйлд гэм хорын хохирлыг тооцохыг зохицуулсан байгаа. Үүнд хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөх, эсвэл нас барсан хүний нас, хүн амын дундаж насжилтын зөрүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн олгоно гэж хуульчилсан. Хүн амын дундаж насжилтад эмэгтэй хүний дундаж нас 74 байгаа. Хохирогч нь 59 настай тул 74-59=15 насаар тооцож, 15*(660,000*5)=49,500,000 төгрөг болж байна. Шүүгдэгч*******ээс нийт 55,464,079 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч нас барсан нь шүүгдэгч*******ий Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч нь талийгаачийн оршуулгын зардал болох 13,210,580 төгрөгөөс 13,000,000 төгрөг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 210,580 төгрөгөөсөө татгалзсан тул оршуулгын зардал бүрэн төлсөн гэж үзэж байна. Харин хохирогчийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл 5,753,499 төгрөг гаргуулах нь зүйтэй байна. Хэрвээ амь хохирогч амьд байсан бол уг зээлийг төлөх боломжтой байсан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д хохирогчид аль ашигтайгаар нь шийдвэрлэнэ гэж заасан. Хохирогчид ашигтай хэлбэр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ тул шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирол төлбөр 99,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй. Хохирол төлбөрийн хувьд улсын яллагчтай санал нэг байна. Хохирогчийн талаас амь хохирогчийн зээлийг банкнаас нэхэмжилж байгаа талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул амь хохирогчийн зээлийн үлдэгдлийг нэхэмжлэх эрхийг Иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээж өгнө үү. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар 7 сэтгэцэд учирсан хохирол төлбөр төлөхийг хуульчилсан байгаа ч хохирогч нь өөрөө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 заалт зөрчсөн болох нь тогтоогдож байгаа хэдий ч маргаж, мэтгэлцээгүй, хохирогч нь хөнгөн зэргийг согтолтой байсан хүн тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт хэвтэх нь өөрийнх нь амь насанд эрсдэл учирна гэдгийг мэдэх боломжтой байхад, ямар үндэслэлээр хэвтэж байсан талаар бодож харамсаж байна. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн болгоомжгүй үйлдлээс учирсан хохирлын гэм хорыг багасгаж болно гэж заасныг хэрэглэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч ****** холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ****** нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед******* сумын багийн нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүрийн урд засмал авто зам дээр улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтыг зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсний улмаас зам дээр хэвтэж байсан иргэн дээгүүр гарч амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-4, 5-8 дахь тал/,
Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай: “...Амь хохирогч ****** өмсөж явсан гэх доогуураа хар өгийн арьсан түрийтэй, өсгийтэй гутал, хажуу талын шилбэ хэсгээр цахилгаантай ягаан өнгийн оймс нэг хос, хар өнгийн ноосон өмд, хар эрээн өнгийн шоотой өмд, өмдний өвдөг хэсэг шороо тоос мэт зүйлээр бохирлогдсон байсныг 30 см хэмжээтэй шугам тавьж гэрэл зургаар бэхжүүлж авал. Доогуураа саарал өнгийн хувцас байх ба дотуур хувцасны дээд хэсгээс 10 см хэсэгт шавар мэт зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав. Үзлэгийг үргэлжлүүлж хийхэд цэнхэр өнгийн левчик байв. Ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй. Мөн шар өнгийн даавуун материалтай фудволк байх ба хүзүүний зах болон зүүн суга орчим хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Фудволкны энгэр болон ар хэсэг нь нийтдээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав. Амь хохирогчийн зүүж байсан гэх хар өнгийн үсний боолт, шаргал өнгийн металл үсний хавчаар зэрэг эд зүйл байв. Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул үзлэгийг дуусгав.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 12, 13 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүх /хавтаст хэргийн 21-38 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Дархан сумын багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “...Дархан-Уул аймгийн Дархан сумын багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн гадна талыг бичсэн хяналтын камерын бичлэгийг тоглуулахад дэлгэцийн камерт дэлгүүрийн үүд хэсэг болон ертөнцийн зүгээр урд зүгт байх баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлтэй хоёр эгнээ бүхий хатуу хучилттай авто замын хэсэг дүрслэгдэн бичигдсэн байна. дэлгэцийн баруун дээд буланд огноо, цаг бичигдсэн байх ба 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 21 цаг 20 минут 50 секундээс эхлүүлэн тоглуулахад дэлгэцийн зүүн тал буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү амь хохирогч нь авто замын цаад талаар мансуурсан байдалтай гуйвсаар дэлгэцийн дунд хэсэгт ирээд 21 цаг 21 минут 22 секундэд зам хөндлөн гарч яваад замын баруунаас зүүн чиглэлд явах эгнээний голд унах ба босох үйлдэл огт хийхгүй байна. Амь хохирогчийг зам дээр унасны дараа 21 цаг 22 минутад улсын дугаар тодорхойгүй бараан өнгөтэй тээврийн хэрэгсэл түүнийг тойрон гарч байх ба хүнсний дэлгүүрийн урд зогсож байсан бараан өнгөтэй маркийн тээврийн хэрэгсэл зам дээр хэвтэж буй амь хохирогч руу замын талаас гэрэл тусган зогсож байх ба 21 цаг 22 минут 53 секундэд ертөнцийн зүгээр баруун талаас ирсэн бараан өнгөтэй маркийн тээврийн хэрэгсэл зам дээр хэвтэж байгаа амь хохирогчийн дээгүүр гарч яваад 10 орчим метр явж замын хажуу руу зогсож жолооч бууж ирэн хохирогчийг харж байна. Бичлэгийг цааш тоглуулахад 21 цаг 30 минут 35 секундэд эмнэлгийн түргэн тусламжийн автомашин ирж 21 цаг 32 минут 40 секундэд хохирогчийг түргэний машинд суулган авч явж байгаа бичигдсэн байна.” тэмдэглэл /хавтаст хэргийн 43 дахь тал/,
Хохирогчийн хуль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтад 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “... 2024 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 02 цагт гэртээ унтаж байхад цагдаагаас над руу залгаад гэх хүний хүүхэд мөн бол яаралтай цагдаагийн газар ирнэ үү гэж хэлсний дагуу цагдаагийн газар ирэхэд ээжийг осолд орсон байна. Эмнэлэгт байгаа очоорой гэж хэлэхээр нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт очиход ээж ухаангүй, хүчил төрөгчийн аппарат зүүсэн байдалтай хэвтэж байсан. Ингээд 04 цагийн үед ухаан орчхоод ус уумаар байна. Ам цангаад байна. Хөл мэдээгүй байна гэх яриа өгүүлэмжтэй олон давтамжтай ёолж орилж байсан ба хэрэг явдлын талаар юу ч яриагүй байсаар 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 цаг 25 минутад нас барсан. ...Талийгаач ээжийн оршуулгын зардалд нийт 13,210,580 төгрөгийн зардал гарсан. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 5,700,000 төгрөг байгаа. Дээрх мөнгийг болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Миний дүү нь 16 настай бөгөөд түүнийг асран хамгаалагчаар эгч томилсон засаг даргын захирамжийг би зөвшөөр байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81, 83 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “... Би 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед эхнэр дэлгүүр орж тараг авъя гэхээр нь өөрийн эзэмшлийн машинаа унаад дугаар багт байдаг гэрээсээ гараад хүнсний дэлгүүрийн гадна ирж зогсоод эхнэр бид хоёр ярилцаад Гэгээ хүнсний дэлгүүр орохоор болоод машинтайгаа хөдлөхөд хатуу хучилттай асфальтан зам дээр хүн хэвтэж байхыг хараад би цагдаа руу залгах гэхэд хар өнгөтэй приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ирээд тэр хүний дээгүүр гараад цаана нь зогссон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “... Би нөхөр хүүхдийн хамт 2024 оны 02 дугаар сарын 05-ны оройн 21 цагийн үед дэлгүүр орохоор гэрээсээ гараад дэлгүүрийн гадна очсон. Би нөхөртөө хандан Гэгээ дэлгүүр орж юм авъя гэж хэлээд машинтайгаа хөдлөх үед асфальтан зам дээр цайвар өнгийн цамцтай хүн зам хөндлөн хэвтсэн байх шиг харагдахаар нь би нөхрийг энийг хардаа хүн байна гэж хэлэхэд манай нөхөр юу яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд сайн харсан чинь эмэгтэй хүн хэвтэж байсан. би нөхрийг цагдаа руу залга гэж хэлээд байж батал зам дээр хэвтэж байсан хүний хажуугаар тойроод хоёр машин өнгөрсний дараагаар хар өнгийн приус 20 маркийн машин дээгүүр нь гарсан. Удалгүй дайрсан машины жолооч бууж ирээд тэр хүн дээр очоод хөдөлгөж үзэж байгаад дээрээс нь куртикээ тайлж тавиад манай машин дээр ирээд та хоёр битгий яваарай. Цагдаа иртэл хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд тухайн эмэгтэйг аваад явсан. Манай нөхөр хар өнгөтэй машиныг ирж байхыг хараад гэрлээрээ дохио өгөөд дуут дохио өгсөн боловч тухайн машин зогсохгүй тухайн хүнийг тойрох ямар нэгэн оролдлого хийхгүйгээр чигээрээ дайраад гарсан. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/,
Шинжээч С.Саруулболдын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдийн: “...2006 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай маркийн гэрчилгээтэй, мөнгөлөг өнгөтэй, Япон улсад үйлдвэрлэгдсэн, ****** арлын дугаар бүхий тээврийн хэрэгслийн жолооч******* регистрийн дугаартай************** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.2-т харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Явган зорчигч регистрийн дугаартай нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1-т явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсвэл зорчих хэсгийн захаар /тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар/ цуварч явна. 5.2 Харанхуй гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс тод гэгээлэг өнгийн буюу гэрэл ойлгох хувцастай явбал зохино. 5.12б аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх, 27.2б өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Тухайн замын нөхцөл байдал осол гарахад нөлөөлөөгүй. Зам тээврийн осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч************** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 заалтуудыг, явган зорчигч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1, 5.2, 5.12б, 27.2б гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна. ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 105 дахь тал/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай: “...Амь хохирогчийн биед цээжний баруун 4,5,6,7-р хавирга, 2,3-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн талын 2,3,4,5,6-р хавирганы хоёрлосон хугарал, баруун эгэм ясны хугарал, баруун далны сэртэн, зүүн бугалга хүзүү хэсгийн хугарал, умдаг, суудал ясны хоёр талын цагариг тасарсан бяцарсан хугарал, бага аарцгийн хөндийн цусан хураа 400мл, баруун бугалгын дотор талын язарсан шарх, хэвлийн баруун урд болон хажуу хэсэгт, баруун бугалга, баруун сарвуу, зүүн мөр, зүүн тохойд зулгаралт, баруун далны хэсэгт цус хуралт, баруун ташаа, баруун гуя, зүүн өвдөг, бүсэлхийд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу дайрагдах, дарагдах, шахагдах механизмаар зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүгд амьдадаа үүсгэгдсэн гэмтэл байна. Учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх ба гэмтлийн дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Гэмтэл авснаас хойш үйлдэл хийх боломжгүй ба амь нас аврагдах боломжгүй. Дээрх цээжний баруун 4,5,6,7-р хавирга, 2,3-р хавирганы хоёрлосон хугарал,зүүн талын 2,3,4,5,6-р хавирганы хоёрлосон хугарал, умдаг, суудал ясны хоёр талын цагариг тасарсан, бяцарсан хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун эгэм ясны хугарал, баруун далны сэртэн, зүүн бугалга, хүзүү хэсгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун бугалгын дотор талын язарсан шарх, хэвлийн баруун урд болон хажуу хэсэгт, баруун бугалга, баруун сарвуу, зүүн мөр, зүүн тохойд зулгаралт, баруун далны хэсэгт цус хуралт, баруун ташаа, баруун гуя, зүүн өвдөг, бүсэлхийд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх цээж, хэвлий, мөчдийн хавсарсан битүү гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна. Талийгаачид хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөөгүй ерөнхий судас хатуурах өвчин, элэг өөхлөлт өвчтэй байна. Амь хохирогч нь умдаг, суудал ясны хоёр талын цагариг тасарсан бяцарсан хугарлын улмаас аарцгийн доторх зөөлөн эд, булчин завсар, өөхлөлт их хэмжээний цусан хураа үүсэж хэвлий цээжний хавсарсан битүү гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. Талийгаачийн биед бусадтай зодолдсон, ноцолдсон ул мөр тогтоогдсонгүй. Амь хохирогчид хийсэн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шинжилгээгээр нас бараад 11-12 цаг болсон байх боломжтой. Амь хохирогчид хийсэн шүүх биологийн шинжилгээгээр 0/I/ бүлгийн цустай байна. Амь хохирогчид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 0,9 промилли, ходоодны шингэнд 1,3 промилли, цөсөнд 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэргийн үзүүлэлт болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 118-124 дэх тал/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай: “... гэж хаягласан цус шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн цуснаас 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 136-137 дахь тал/,
****** 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтад сэжигтнээр, 03 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “... 2024 оны 02 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед хэсэг буюу депогоос гараад Дархан сумын багт байрлах хүнсний дэлгүүр рүү орж хүүхдийн сүү авах гээд машинтайгаа явж байгаад хүнсний дэлгүүрийн урд зам дээр хэвтэж байсан хүнийг хажуугийн машины гэрлийн гялбаанаас болоод анзаарч харахгүй дээгүүр нь машинтайгаа гарсан. Би машинаасаа буугаад дайруулсан хүн дээр очиход 60 орчим настай эмэгтэй хүн байсан. би биеийн байдлыг нь асуухад дуугарахгүй байсан. Тэгээд би өөрийн гар утаснаас эмнэлэг рүү залгаад дуудлага өгсөн. Мөн цагдаагийн газар руу залгаад би хүн дайрчихлаа гэж мэдэгдсэн. Би машинаа 2023 оны 09 дүгээр сард гэх хүнээс 4,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Намайг авах үед уг машин гадна талдаа бүтэн замасктай байсан. Машиныг өөрийн нэр дээр шилжүүлэх гэхэд 500,000 төгрөгийн торгуультай байсан болохоор би нэрийг нь шилжүүлж чадаагүй. Ослын дараа тухайн эмэгтэй ухаантай байсан. Миний асуусан асуултад хариулахгүй ёолоод байсан. Зам халтиргаа, гулгаатай байсан. Замын хөдөлгөөний ачаалал бага байсан. Гадаа харанхуй болсон байсан ба замын хажуугийн гэрэлтүүлэг ассан байсан. Замын хажуугийн гэрэлтүүлэг шонгууд замыг бүрэн гэрэлтүүлж чадахгүй байсан. Би машиныхаа гэрлийг ойр дээр тавьсан байсан. Би ойролцоогоор 20-30 км цагийн хурдтай явж байсан. Би дэлгүүр орох гэж явсан болохоор бага хурдтай явж байсан. Би хүн хэвтэж байгааг анзаарч хараагүй. Замын хажууд зогсож байсан машины жолооч гэрлээрээ дохио гялбуулсан. Би зам дээр цаасан хайрцаг байна гэж бодоод хурдаа хассан. Зам халтиргаа гулгаатай байсан учраас машин бүрэн зогсохгүй байсан. ...Би талийгаачийн ар гэрт нь хохирол төлбөр одоогоор төлөөгүй байгаа. Ажил явдал болж байх үед нь гэр бүлийнхнийх нь сэтгэл санаа тавгүй байсан болохоор тэр талаар тухтай ярьж чадаагүй. Миний зүгээс хохирол төлбөрийг бүрэн барагдуулна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99, 158 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохирсон үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч*******ий үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч*******ий хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болгоомжгүй үйлдэл, талийгаачийн амь эрсэдсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд ****** холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл 5,753,499 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 99,000,000 төгрөг, нийт 104,753,499 төгрөг нэхэмжилснээс баримтаар тогтоогдсон амь хохирогчийн зээлийн үлдэгдэл 5,753,499, төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 50,000,000 төгрөг, нийт 55,753,499 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* сумын баг дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай овогтийн /РД: , утас , /-т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасныг баримтлан сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг 99,000,000 сая төгрөгөөс багасгаж 50,000,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Ял шийтгэлийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санал гомдолгүй тул хэлэх саналгүй, харин хохирол төлбөртэй холбоотой эвлэрлийн гэрээнд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр дурдсан хэдий ч тухай үл хөдлөх хөрөнгө нь өөр хүний нэр дээр байдаг тул хохирлын мөнгөн дүнгээр шийтгэх тогтоолд тусгаж өгнө үү.” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд 2 жилийн хугацаанд шүүхээс тогтоосон 55,753,499 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон дүнгээр шийтгэх тогтоолд дурдуулахад санал нэг байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч ****** гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 1 удаа ял шийтгүүлж байсан боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч ****** ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт************** хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ****** тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч ****** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шүүхийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгосугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэг, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ээс амь хохирогчийн зээлийн үлдэгдэл 5,753,499, төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 50,000,000 төгрөг, нийт 55,753,499 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* сумын баг дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай овогтийн /РД: , утас ,/-т олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар хэрэгт шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ****** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР