Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2025/00102

 

“Х” ТӨХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 156/ШШ2024/00561 дүгээр шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 226/МА2025/00006 дугаар магадлалтай

“Х” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

З-д холбогдох

787,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Н.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Х” ТӨХХК нь хариуцагч З-д холбогдуулж 787,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 156/ШШ2024/00561 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хариуцагч З-с 525,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ТӨХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 262,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч “Х” ТӨХХК нь 787,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,095,450 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 226/МА2025/00006 дугаар магадлалаар: Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Н.Ү нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 156/ШШ2024/00561 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н хяналтын журмаар гаргасан гомдолд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг давж заалдах шатны шүүх гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, татгалзал түүний үндэслэлийг тодорхойлох, хариуцагч этгээдийг чөлөөтэй сонгох эрх нь нэхэмжлэгчийн суурь эрх юм. Энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд зөвхөн нэхэмжлэгчид олгосон эрх юм. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243-261 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу байгуулагдсан гэрээг дүгнэхдээ Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг авч хэлэлцээгүй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй гэж үзэж байна. “Х” ТӨХХК нь З-тай 2024.02.21-ний өдөр ТБ-А/2024-01 дугаартай “Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан байхад 7 хоногийн дараа буюу 2024.02.28-ны өдөр батлагдан гарсан Засгийн газрын 76 дугаар тогтоолыг дээрх гэрээний үүргийн биелэлттэй холбон үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь “Х” ТӨХХК, З-тай 2024.02.21-ний өдөр ТБ-А/2024-01 дугаартай “Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан бөгөөд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй. Мөн гэрээ нь Иргэний хуулийн хорин хоёрдугаар бүлэгт заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад нийцсэн, хуульд харшлаагүй байх атал талуудын маргаагүй асуудлаар үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд нийцсэн бөгөөд хариуцагч нь гэрээ байгуулахаас татгалзах, гэрээний зүйлийг хүлээн авахаас татгалзах эрх нь нээлттэй байсан бөгөөд уг эрхийг хязгаарласан гэх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн З нь гэрээний зүйлийг буюу 750 тонн тэжээлийн буудайг, нэг тонн тус бүрийг 700,000 төгрөгт тооцож зах зээлийн ханшнаас доогуур үнээр, ашигтай байдлаар хүлээн авч, орон нутгийн хэрэгцээндээ ашигласан болох нь хариуцагчийн тайлбар болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт  заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагчийн зүгээс тодорхой цаг хугацааны дараа буюу 2024.03.31-ний өдрийн дотор төлөх үүргийг хүлээсэн боловч мөн үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөх талаар 2024.07.05, 2024.08.21-ний өдрүүдэд албан бичгээр шаардсан боловч төлбөр өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа болно. Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2024.02.28-ны өдрийн 76 дугаартай тогтоол гарсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас нэхэмжлэгч “Х” ТӨХХК-тай гэрээ байгуулаагүй, энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Харин нэхэмжлэгч “Х” ТӨХХК болон З-н хооронд байгуулагдсан “Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах ТБ-А/2024-1 дугаар гэрээ”-ээр хариуцагч байгууллага нийтийн эрх зүйн хүрээнд эдлэх эрх, үүргийг нэхэмжлэгчид шилжүүлсэн зүйл байхгүй болно.

Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд байгуулагдсан тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах ТБ-А/2024-1 дугаартай гэрээ нь Иргэний хуулиар зохицуулагдах бараа, бүтээгдэхүүнийг нэг талаас хүлээлгэн өгөх, нөгөө талаас хариу төлбөр төлөх харилцааг зохицуулсан иргэний эрх зүйн харилцаа байна. Нөгөө талаас ХС-н 2024.02.19-ний өдрийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/101 дугаар тушаал” нь захиргааны актын шинжтэй байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй”, 3.1.7 дах хэсэгт “Монгол Улсын Их хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр” гэж заасны дагуу улс төрийн шийдвэр гэж үзэх үндэслэлтэй бөгөөд улс, орны хэмжээнд нийт ард, иргэдийн эрх, ашгийг хамгаалах зорилгоор гаргасан шийдвэр байгааг анхаарч үзэх нь зүйтэй байна.

Тайлбар: “Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор” гэдэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас гаргасан төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлсон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор, Улсын Их Хурлын тухайн шийдвэрээс салгаж болохгүй Засгийн газрын шийдвэрийг ойлгоно. Түүнчлэн Х-н сайдын 2024.02.19-ний өдрийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/101 дугаар тушаал”-аар нэхэмжлэгч “Х” ТӨХХК-д засгийн газрын эрх, үүргийг шилжүүлээгүй зөвхөн гамшгийн эрсдэлийг бууруулахын хувьд тодорхой хөнгөлөлттэйгөөр бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх зөвшөөрлийг олгосон болно. Иймд Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.03.06-ны өдрийн 226/МА2025/00006 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.04.24-ний өдрийн 001/ШХТ2025/00435 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч “Х“ ТӨХХК нь хариуцагч З-д холбогдуулан 787,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “ ...өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан гарсан Х-н сайдын 2024.02.09-ний А/101 дугаартай Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалыг үндэслэн тус компанид нөөцөлсөн нийт 525,000,000 төгрөгийн 750 тн тэжээлийн буудайг зээлээр З нь авсан бөгөөд 2024.09.11-ний өдрийн тооцооны үлдэгдэл хугацаа хэтэрсэн өр 525,000,000 төгрөг байна. 2024.02.21-ний өдрийн ТБ-А/2024-01 дугаартай Тэжээлийн буудай зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр 525,000,000 төгрөгийн тэжээлийн буудайны үнийг 2024.03.31-ний өдөр төлөх, гэрээний 5.2-т нэг хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан анзыг 50 хувиар тооцоход 262,500,000 төгрөг, ТБ-А/2024-01 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 525,000,000 төгрөг, анз 262,500,000 төгрөг, нийт 787,500,000 төгрөг гаргуулна” гэсэн.

Хариуцагч нь үндсэн төлбөрийг зөвшөөрч, харин алдангийг төлөхгүй гэсэн агуулгаар анх хариу тайлбар гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч бус” гэсэн үндэслэлээр маргахдаа “...сайд Х.Б-н 2024.02.19-ний өдрийн А/101 “Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай тушаал гарсан. ...тэжээлийн буудайг 1 тонныг 700,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулах ажлыг “Х” ТӨХХК-ийн захирал Б.Ц-д даалгаж, үүний дагуу буудайн гэрээ хийгдсэн. Засгийн газрын 2024.02.28-ны өдрийн 76 дугаартай тогтоол гарсан ба үүгээр ... тэжээлийн буудайн үнэ 7,140,000,000 төгрөг, тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс худалдан авах тэжээлийн буудай болон малын тэжээлийн үнэд шаардагдах зардлыг тооцон 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Х-н сайд Х.Б-д үүрэг болгосон. Иймээс энэхүү төлбөрийг Х яам хариуцна, манайх хариуцагч биш, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэжээ.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, ...худалдан авагч З нь зээлээр худалдан авсан тэжээлийн буудайн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нь төлбөр төлөх талаар З-д Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгож байсан байна. Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ Монгол Улсын Засгийн газрын 2024.02.28-ны өдрийн 76 дугаар тогтоолыг дурдаж, тэжээлийн буудайн үнийг Х яам хариуцах ёстой гэж тайлбарласан ч талуудын байгуулсан гэрээнд Х яам ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байх бөгөөд тэрээр гэрээний оролцогч биш байна. Гэрээний төлбөр төлөх хугацаанд аймгийн нийт нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн гамшиг буюу зудын нөхцөл байдалтай байсан талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэн, хариуцагч З-с тэжээлийн буудайн үнэ 525,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 76 дугаар тогтоолын хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй тул хэрэгт баримтаар үнэлээгүй гэж дүгнэхийн зэрэгцээ нэхэмжлэгчийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө гэж үзжээ.

8.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад, “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. Магадлалд “...хариуцагч нь Засгийн газрын 2024 оны 76 дугаар тогтоолын дагуу Х яам хариуцах ёстой гэж тайлбарлан мэтгэлцсэн боловч, анхан шатны шүүх гэрээний оролцогч биш, гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийж, хариуцагчаас 525,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор заажээ. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 76 дугаар тогтоол нь “Х” ТӨХХК, З-н хооронд байгуулсан гэрээнээс хойш 7 хоногийн дараа гарсан учир уг тогтоол нь энэ гэрээний үйлчлэлд хэрхэн нөлөөлөх, гэрээний төлбөрийг хариуцах байгууллага өөрчлөгдөх эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хуульд заасан нотлох баримтыг үнэлэх шаардлагад нийцэхгүй байна. Засгийн газрын 2024 оны 76 дугаар тогтоол нь хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт тул бичмэл нотлох баримтыг нотариатчаар гэрчлүүлэх тухай шаардлага тавьж болохгүй. ...шүүх өөр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэв. “Х” ТӨХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэлд хамаарахгүй байхад шүүх түүнийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж байгааг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н хяналтын журмаар гаргасан гомдлыг “...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

10.З нь “Х” ТӨХХК-тай 2024.02.21-ний өдөр ТБ-А/2024-01 дугаартай Тэжээлийн буудай зээлээр худалдах- худалдан авах гэрээ байгуулж, 525,000,000 төгрөгийн үнэ бүхий тэжээлийн буудайг хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин улаан буудайн үнийг хэн хариуцаж төлөх тухайд маргасан.

11.Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар давж заалдах шатны шүүх “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” чиг үүрэгтэй. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхой заасан байдаг. Тухайлбал, шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй; зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн; хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн; хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн; шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан; хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд илэрсэн; хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэг хуульд заасан тодорхой үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай.

13.Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг буруутгахдаа “...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ Засгийн газрын 2024 оны 76 дугаар тогтоолын дагуу Х яам хариуцах ёстой гэж тайлбарлан мэтгэлцсэн боловч анхан шатны шүүхээс тэжээлийн буудай зээлээр худалдах- худалдан авах гэрээний оролцогч биш, гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн” гэж, мөн “...Засгийн газрын тогтоол нь талуудын хооронд байгуулсан гэрээний үйлчлэлд хэрхэн нөлөөлөх, гэрээний үнийн төлбөрийг хариуцах байгууллага өөрчлөгдөх эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй...” гэсэн агуулгатай  дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1-д нийцсэнгүй.

Өөрөөр хэлбэл, хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд давж заалдах шатны шүүх талуудын мэтгэлцээн, маргааны зүйлийн талаар хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийж, хэргийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад хуульд нийцээгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.

14.Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцээгүй, мөн маргааны үйл баримттай холбогдуулан эрх зүйн дүгнэлт хийгээгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 226/МА2025/00006 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

 

 

   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                                 Н.БАТЗОРИГ

                                                                                      Н.БАЯРМАА

                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                      Д.ЦОЛМОН