Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 36

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Хохирогч: Б.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүгдэгч: И.Батхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шандас овгийн Ивановын Батхүүд холбогдох эрүүгийн 201720000102 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

             Монгол улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1978 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨК-д эдийн засагч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 2-р 64 айлын орон сууцны 04-49 тоотод оршин суух, Эрчим хүчний яамны хүндэт жуух бичиг, Төрийн өмчийн хорооны хүндэт жуух бичгээр тус тус шагнуулж байсан, ял шийтгэлгүй, РД:ОЮ78122378, Шандас овгийн Ивановын Батхүү. 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч И.Батхүү нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 28-ны орой Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Их наяд” цогцолборын урд талын засмал замаар 19-60 УВХ улсын дугаартай “Тоёота алион” маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2-д заасан заалтыг зөрчин явган зорчигч Б.Оюунцэцэгийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Оюунцэцэгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10-р тал/,

2. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12-р тал/,

3. Эд зүйл хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-15-р тал/,

4. Шинжилгээнд хэв хэлбэр, дээж авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-17, 18-19-р тал/,

5. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21-р тал/,

6. Эд зүйл /И.Батхүүгийн жолооны үнэмлэх/ хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 25-26-р тал/,

7. Хохирогч Б.Оюунцэцэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 03 дугаар сарын 28-ны орой 20:00 цагийн орчимд Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байдаг өөрийн найз Насанжаргалын гэрт очсон. Тэдний гэрт байхдаа Насанжаргалтай хамт 0,5 литерийн “Нийслэл” нэртэй пиво 3 ширхэгийг хувааж уучихаад би гэртээ харихаар 21 цаг 20 минутын орчимд гарч явсан. Тухайн үед би ганцаараа, явган явж байсан бөгөөд Улаангом сумын 11 дүгээр багт байдаг “Их наяд” цогцолборын урд талын автомашины засмал замын явган хүний гарц дээр ирсэн. Тэр үед би өөрийн хүү Э.Мөнх-Очир луу утсаар залгаж “Ээж нь гэрлүүгээ явж байна. Гэрийнхээ хаалгыг онгойлгож байгаарай” гээд утсаар яриад явж байсан. Тэгээд “Их наяд” цогцолборын урд талын автомашины засмал замын явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд явж байтал гэнэт нэг автомашин ирээд намайг мөргөсөн. Би тэр автомашиныг ирж байхыг нь анзаарч хараагүй. Хэд гэсэн улсын дугаартай, ямар маркийн автомашин байсан болохыг нь би мэдээгүй. Би машинд мөргүүлээд газарт унаад тэр дороо ухаан алдсан байсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Нэг сэрэхэд би аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр хүргэгдэж очсон байсан. Намайг хэн эмнэлэгт хүргэж өгсөн болохыг би огт мэдэхгүй, санахгүй байна. Би 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Энэ хугацаанд гарсан зардлыг И.Батхүү төлж барагдуулсан. Мөн Улаанбаатар хот руу явж шинжилгээ оношилгоонд орсон зардлыг мөн И.Батхүү төлсөн. Ослын улмаас миний эгэм гэмтсэн ба одоо эдгэрч байгаа, гэхдээ би ажлаа хэвийн хийж чадахгүй байгаа. Өнөөдрийн байдлаар надад И.Батхүү нь 3000000 төгрөг өгсөн. Намайг цаашид эмчилгээнд явбал тусалж дэмжинэ гэж хэлсэн. Надад гомдол санал алга, энэ хүнийг  шийтгэхгүйгээр ажлыг нь хийлгээд явуулж болохгүй юм уу ” гэх мэдүүлэг /хх-ийн. /хх-ийн 29-32-р тал/,

8. Гэрч Ш.Насанжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 28-ны орой 20:00 цагийн орчимд намайг гэртээ байж байтал миний найз Б.Оюунцэцэг манай гэрт ирсэн. Б.Оюунцэцэг надад “Би захаар яваад хүнсний зүйл цуглуулж байгаад ирлээ” гэж хэлж байсан. Тухайн үед Б.Оюунцэцэгийн биед ил харагдах шарх сорви, бэртэл гэмтэл байгаагүй. Б.Оюунцэцэг манайд ирэхдээ 0,5 литерийн “Нийслэл” нэртэй пиво 3 ширхэгийг авч ирсэн. Б.Оюунцэцэгийн авч ирсэн пивыг Б.Оюунцэцэг бид 2 хувааж уусан. Тухайн пивоноос Б.Оюунцэцэг ямар хэмжээтэй уусан болохыг би тодорхой хэлж мэдэхгүй байна. Б.Оюунцэцэг бид 2 тухайн 3 ширхэг пивыг аяганд хийгээд тэнцүүхэн хувааж уусан. Пиво ууж байхад Б.Оюунцэцэг нь надад янз бүрийн зүйл хэлж яриагүй бөгөөд сэтгэл санаа нь хэвийн, тогтвортой байсан. Б.Оюунцэцэгийн авч ирсэн пивыг ууж дууссаны дараа буюу 21 цаг 20 минутын орчимд Б.Оюунцэцэг надад “Би одоо гэртээ харилаа” гэж хэлээд манай гэрээс ганцаараа гараад явсан. Б.Оюунцэцэг манайхаас гарч явахдаа тэгж их согтоогүй байсан. Ямар ч байсан өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан. Тэр өдөр би Б.Оюунцэцэгтэй дахиж холбоо бариагүй. Маргааш өглөө нь буюу 2017 оны 03 дугаар сарын 29-ний өглөө Б.Оюунцэцэгийн нөхөр Энхбаяр над руу утсаар залгаж “Өчигдөр орой Б.Оюунцэцэг танайхаас ирж байгаад “Их наяд” цогцолборын урд автомашинд мөргүүлсэн. Одоо эмнэлэгт байгаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,

9. Гэрч Н.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагч ажилтай. Би 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ажил үүргийн хуваарийн дагуу Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан. Тэр өдөр 21:40 минутын орчимд Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах “Их наяд” цогцолборын эсрэг талын автомашины засмал зам дээр очиход И.Батхүү нь 19-60 УВХ улсын дугаартай “Тоёота Алион” маркийн автомашин жолоодож яваад “Их наяд” цогцолборын эсрэг талын автомашины засмал замын явган хүний гарцны тэмдэглэгээ дээр явган зорчигч Б.Оюунцэцэгийг мөргөж, зам тээврийн осол гаргасан байсан. Намайг очиход аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн эмч ирээд иргэн Б.Оюунцэцэгийг аймгийн нэгдсэн эмнэлгийн автомашинд суулгаад аваад явж байсан. Харин жолооч И.Батхүү нь 19-60 УВХ улсын дугаартай “Тоёота Алион” маркийн автомашинаа явган хүний гарцнаас зөрүүлээд, явган хүний гарцаас хойд зүгт, ойролцоогоор 2 метр орчим зайд, замын баруун талд шахаж зогсоосон байсан. Мөн тухайн осол болсон газарт ноосон малгай, эвдэрсэн утас зэрэг зүйл засмал зам дээр хэвтэж байсан. Би тэр дороо хэргийн газрыг хамгаалалтанд авч, цагдаагийн газрын 7045102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Би мөрдөн байцаагч болон Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарыг ирэх хүртэл хэргийн газрыг хамгаалалтанд авч ажилласан. Удалгүй мөрдөн байцаагч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нар ирсэн. Мөрдөн байцаагч ирээд хэргийн газрын үзлэг хийж дууссаны дараа би жолооч И.Батхүүг аймгийн цагдаагийн газар дээр дагуулж ирээд, согтуурал шалгадаг Драйгер багажаар шалгаж үзэхэд 0,67%-ийн согтолттой байсан. Хэрэг гарсан газарт намайг очиход зам тээврийн осол гарсан байсан учраас тухайн осол нь юунаас болж, яаж гарсан талаар надад тодорхой мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/,

10. Гэрч Б.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 28-ны орой би гадуур ажилтай явж байгаад 20:00 өнгөрч байх үед гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд миний эхнэр Б.Оюунцэцэг гэрт байгаагүй тул би Б.Оюунцэцэг рүү утсаар залгаж, хаана байгааг нь асуухад Б.Оюунцэцэг “Насанжаргалын гэрт байна. Удахгүй очлоо” гэж хэлсэн. Тэрнээс хойш 1 цаг орчмын дараа буюу 21 цаг 40 минутын орчимд би Улаангом сумын 3 дугаар багт байдаг “Нүнжиг” нэртэй цайны газрынхаа үүдэнд зогсож байтал гэнэт “Их наяд” цогцолборын зүгээс “Тас” хийх чимээ гарсан. Би автомашины дугуй хагарах чимээ гарлаа гэж бодоод зам руу харахад “Их наяд” цогцолборын урд талын автомашины замын явган хүний гарц дээр саарал өнгийн суудлын автомашин хүн мөргөж, унагаасан байсан. Автомашины жолооч тэр дороо машинаасаа бууж ирээд зам дээр хэвтэж байгаа хүнийг цээжний хэсгээр нь тэвэрч өндийлгөж байсан. Тухайн үед би тэр машиныг хүн мөргөсөн юм байна гэдгийг нь мэдээд наанаас нь очиход мөргүүлсэн хүн нь миний эхнэр Б.Оюунцэцэг байсан. Манай цайны газрын үүднээс автомашины зам хүртэл ойролцоогоор 20-30 метр орчим зайтай юм. Б.Оюунцэцэгийг мөргөсөн автомашин нь 19-60 УВХ улсын дугаартай “Тоёота Алион” маркийн автомашин байсан. Намайг очиход миний эхнэр Б.Оюунцэцэг нь ухаангүй байдалтай байсан бөгөөд зүүн шанааны хэсгийн арьс нь зулгарсан, толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Мөн осол болсон зам дээр миний эхнэрийн малгай, гар утас зэрэг зүйл хэвтэж байсан. Гар нь утас эвдэрч, олон хэсэг болж зам дээр цацарсан байсан. Намайг очиход осол гаргасан автомашины жолооч юу ч хэлэхгүй дуугүй байсан. Би тэр жолоочийг архи уусан байсан үг нь мэдээгүй. Намайг очоод удаагүй байтал цагдаагийн байгууллагын ажилчид болон яаралтай түргэн тусламжийн эмч ирсэн. Тэгээд миний эхнэр Б.Оюунцэцэгийг аваад аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явсан. Миний хувьд 19-60 УВХ улсын дугаартай “Тоёота Алион” маркийн автомашин Б.Оюунцэцэгийг мөргөж байхыг нь нүдээр хараагүй. Тухайн үед би Б.Оюунцэцэгийг мөргүүлсэн гэдгийг мэдээгүй бөгөөд автомашины жолооч бууж ирээд зам дээр байгаа хүнийг тэвэрч өндийлгөхөөр нь би наанаас нь очиход уг хүн нь миний эхнэр Б.Оюунцэцэг байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,

11. Шинжээч эмч Н.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шинжээч эмч ажилтай бөгөөд мэргэжлээрээ 6 дахь жилдээ ажиллаж байна.

Би 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Б.Оюунцэцэгийн биеийг үзэж 182 дугаартай дүгнэлт гаргасан. Иргэн Б.Оюунцэцэгийн биед зүүн эгэмний битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, тархины дунд зэргийн няцрал, дагзны хуйх язарсан шарх, зүүн хөмсөгний гадна хэсэгт, зүүн хацарт зулгаралт, баруун өвдөгний үе дотно хэсэгт, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдөгний үений дотно хэсэгт зулгаралт зэрэг гэмтэл учирсан байсан. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байсан бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Иргэн Б.Оюунцэцэгийн биед учирсан гэмтэл нь автомашинд мөргүүлсэний улмаас, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Иргэн Б.Оюунцэцэгийн биед учирсан зүүн эгэмний битүү хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин тархи доргилт, тархины дунд зэргийн няцрал, дагзны хуйханд язарсан шарх, зүүн хөмсөгний гадна хэсэг, хацарт зулгаралт, баруун өвдөгний үений дотно хэсэг, баруун, зүүн шилбэнд цус хурсан, баруун өвдөгний үений дотно хэсэгт зулгаралт зэрэг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,

            12. Насанд хүрээгүй гэрч Э.Мөнх-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “....Тэгээд би гэртээ ганцаараа байж байтал ээжийг гарч явснаас хойш 30 минутын дараа аав гэртээ ирсэн. Аав бид хоёр гэртээ байж байтал орой 21:00-22:00 цагийн орчимд ээж  Б.Оюунцэцэг над руу утсаар залгаж “Ээж нь одоо очиж байна. Миний хүү хаалгаа онгойлгож байгаарай” гэж хэлээд утас нь тасарсан. 2017 оны 03 дугаар сарын 28-ны орой ээж гэрээс гарч явахдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Мөн тэр орой ээжийг гэрээс гарч явах үед ээжийн биед нь ил харагдах бэртэл гэмтэл, шарх сорви байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,

            13. Гэрч Н.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: И.Батхүү бид хоёр одоогоос 7 жилийн өмнө буюу 2010 онд гэр бүл болсон. Манайх 2 хүүхэдтэй бөгөөд том охин Б.Сайнзаяа 9 настай, Улаангом сумын Цогцолбор 1 дүгээр сургуулийн 3 дугаар ангид сурдаг, бага хүү Б.Төгсжаргал 6 настай бөгөөд мөн Улаангом сумын Цогцолбор 1 дүгээр сургуулийн 1 дүгээр ангид сурдаг. И.Батхүү нь аав, ээжээс 5-уулаа бөгөөд айлын том хүүхэд юм. И.Батхүүгийн дүү И.Болдхүү, И.Батзориг, И.Батчимэг, И.Баттөр нар Улаангом суманд ажиллаж амьдардаг. Миний нөхөр И.Батхүү нь Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨК-д эдийн засагчаар ажилладаг бөгөөд би мөн Баруун бүсний эрчим хүчний систөм ТӨК-д диспечир, инженер ажилтай. Миний нөхөр И.Батхүү нь зан аашийн хувьд бусадтай нийтэч, буурьтай, хүнтэй зөв харьцдаг, гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг, найз нөхөд, хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, шудрага, хүнд тусархаг зантай хүн юм. И.Батхүү нь хааяа бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, мөн тамхи татдаг юм. Гэхдээ И.Батхүү нь архи уусан үедээ элдэв янзын зан авир гаргаад, агсам согтуу тавиад байдаггүй. Миний нөхөр И.Батхүүд өөр янз бүрийн муу зуршил байхгүй. И.Батхүү нь чөлөө, завтай үедээ Монгол үндэсний бөх, сагсан бөмбөг, биатлоны спортыг их сонирхож үздэг. Мөн өөрөө биллъяард тоглох дуртай. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/,   

            14. Гэрч И.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “Бид нар аав, ээжээс 5-уулаа бөгөөд И.Батхүү нь манай хамгийн том ах юм. Миний ах И.Болдхүү, дүү И.Батчимэг, дүү И.Баттөр нар нь Увс аймгийн Улаангом суманд ажиллаж амьдардаг. Миний ах И.Батхүү нь эхнэр Н.Мөнхзаяа болон охин Б.Сайнзаяа, Б.Төгсжаргал нарын хамт Улаангом сумын 3 дугаар багт амьдардаг. И.Батхүү ах, Н.Мөнхзаяа эгч хоёр Баруун бүсийн эрчим хүсний систем ТӨК-д ажилладаг. Харин охин Б.Сайнзаяа, хүү Б.Төгсжаргал нар нь Улаангом сумын Цогцолбор 1 дүгээр сургуульд сурдаг. И.Батхүү ах зан аашийн хувьд бусадтай нийтэч, хүнтэй зөв харьцдаг, гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг, найз нөхөд, хамт олныхоо дунд нэр хүндтэй, шудрага, хүнд тусархаг зантай хүн юм. И.Батхүү ах хааяа бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг юм. И.Батхүү ах архи уусан үедээ элдэв янзын зан авир гаргаад, агсам согтуу тавиад байдаггүй. И.Батхүү ахад өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/,

            15. Гэрч Т.Чулуунбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Иванов овогтой Батхүүг миний найз Ивановын хүүхэд гэдгээр нь сайн танина. И.Батхүү бид хоёрын дунд ямар нэгэн хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 12:00 цагийн орчимд дэлгүүрээс 0.5 литерийн “Ерөөл” нэртэй архи 1 шилийг аваад Улаангом сумын 3 дугаар багт байдаг 2-р 64 айлын ойролцоо явж байгаад И.Батхүүтэй таарсан. Тухайн үед И.Батхүү нь ганцаараа явган явж байсан бөгөөд би И.Батхүүг дуудаад дэлгүүрээс худалдаж авсан архиа уусан. И.Батхүү бид 2 тухайн архийг Улаангом сумын 3 дугаар багт байрлах 2 дугаар 64 айлын орон сууцны гадна хувааж уусан. И.Батхүү бид 2 миний авсан архийг талд нь хүртэл хувааж уугаад би үлдсэн тал шил архиа аваад гэрлүүгээ явсан. И.Батхүү тухайн архинаас ойролцоогоор 100-150 грамм орчмыг уусан байх. Түүнээс хойш би И.Батхүүтэй дахин уулзаагүй. И.Батхүү нь надаас салаад хаашаа явсан болохыг би мэдэхгүй. 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр И.Батхүү нь надтай уулзах үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр И.Батхүү нь миний авсан архинаас уугаад тэгж их согтоогүй. Ямар ч байсан өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан. Надаас салж яваад юу хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,

             16. Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182 тоот шинжээчийн: “Үзүүлэгч Б.Оюунцэцэгийн биед гэмтэл учирсан байна. Зүүн эгэмний битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, тархины дунд зэргийн няцрал, дагзны хуйханд язарсан шарх, зүүн хөмсөгний гадна хэсэгт, зүүн хацарт зулгаралт, баруун өвдөгний үений дотно хэсэгт, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдөгний үений дотно хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх  гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаагаар нөлөөлнө” гэх дүгнэлт  /хх-ийн 53-р тал/,

            17. Увс аймгийн Цагдаагийн газрын шинжээч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Энхболдын 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан 03 тоот Шинжээчийн дүгнэлтэд: “Тоёото Алион” маркийн 19-60 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан И.Батхүү нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а заалт “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн энэ дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн. Явган зорчигч Б.Оюунцэцэг нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн шууд шалтгаан нь жолооч И.Батхүү нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болно” гэжээ /хх-ийн 59-р тал/,  

            18. Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18 тоот Шүүх химийн шинжилгээнд: “Иргэн И.Батхүүгийн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. И.Батхүүгийн цусанд -1.4 промилли этилийн спирт илэрч байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 65-р тал/,

            19. Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 17 тоот Шүүх химийн шинжилгээнд: “Иргэн Б.Оюунцэцэгийн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Б.Оюунцэцэгийн цусанд -1.2 промилли этилийн спирт илэрч байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 71-р тал/,

            20. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн Автомашин, Эд зүйл, Автомашины эд анги, Битүүмжилсэн эд хөрөнгө үнэлсэн тухай тайлангууд /хх-ийн 77, 83, 89, 95-р тал/,

21.  Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн Засаг дарга Т.Болдбаатарын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 715 тоот Тодорхойлолт /хх-ийн 108-р тал/,

22.  Шүүгдэгч И.Батхүүгийн хүүхдүүд болох Б.Сайнзаяа, Б.Төгсжаргал нарын төрсний гэрчилгээний хуулбар, И.Батхүү, Н.Мөхзаяа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 109-110-р тал/,

23. Шүүгдэгч И.Батхүүгийн жолооны үнэмлэхний хуулбар, “Toyota Allion” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 111-113-р тал/,

24. Шүүгдэгч И.Батхүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114-р тал/,

25. Хохирогч Б.Оюунцэцэгийн Өвчний түүх /хх-ийн 132-139-р тал/,

            26. Шүүгдэгч И.Батхүүгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “Би хувьдаа 19-60 УВХ улсын дугаартай “Тоёота Алион” маркийн автомашинтай. 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 12:00-13:00 цагийн хооронд би үдийн цайгаа уух гээд Улаангом сумын 3 дугаар багт явж байгаад 2 дугаар 64 айлын орон сууцны гадаа Чулуунбаатар ахтай таарсан. Тухайн үед Чулуунбаатар ах 0,5 литерийн “Ерөөл” нэртэй архи 1 шилийг барьчихсан явж байсан бөгөөд тэр архийг Чулуунбаатар ах бид 2 орцны үүдэнд хувааж уусан. Би тэр архинаас ойролцоогоор 100-150 грамм орчмыг уусан. Архи талдаа орж байх үед Чулуунбаатар ах “Одоо би гэртээ харина” гэж хэлээд үлдсэн архийг аваад явсан. Би гэртээ ороод цайгаа уучихаад 13:00 цаг өнгөрч байх үед буцаад ажил дээрээ очсон. Тэгээд ажлаа хийж байгаад 18:00 цагийн орчимд ажлаасаа гараад өөрийнхөө 19-60 УВХ улсын дугаартай “Тоёота Алион” маркийн автомашиныг жолоодоод гэртээ харьсан. Тэр өдөр миний эхнэр Н.Мөнхзаяа нь ээлжийн ажилтай байсан учраас гэрт байгаагүй. Би гэрт ганцаараа байж байгаад орой 20 цаг 30 минутын орчимд гэрээс гараад өөрийн  автомашиныг жолоодоод Улаангом сумын 5 дугаар багт байдаг ээж А.Буянтогтохын гэрт очсон. Би ээжийн гэрт очоод  байж байгаад 21 цаг 30 минутын орчимд ээжийн гэрээс гараад машинтайгаа Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын ахлах 4 дүгээр сургууль руу эргэх гээд явж байгаад Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах “Их наяд” цогцолборын урд талын автомашины засмал замын явган хүний гарц дээр явж байсан явган зорчигч Б.Оюунцэцэгийг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Би машинтайгаа “Их наяд” цогцолборын урд талын автомашины замын явган хүний гарц руу ойртож ирж байхад замын зүүн талд хүмүүс зогсож байх шиг харагдсан. Намайг явган хүний гарц ойртож ирэх үед зам дээр ямар нэгэн хүн харагдаагүй учраас би хурдаа тохируулаад явж байтал гэнэт зүүн гар талаас явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн гарч ирээд миний жолоодож явсан машинд мөргүүлсэн. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан бөгөөд үзэгдэх орчин хангалтгүй байсан. Б.Оюунцэцэг нь гэнэт зүүн гар талаас /”Их наяд” цогцолборын зүгээс/ зам хөндлөн гарч ирээд миний машины зүүн урд талын буфер хэсгийг мөргөж зам дээр унасан. Би машинаас буугаад очиход Б.Оюунцэцэг “Намайг өргөж босгоочээ” гэхээр нь би Б.Оюунцэцэгийн цээж хэсгээс нь өргөж, дээш нь өндийлгөөд замын баруун тал руу болгосон. Би тэр дороо яаралтай түргэн тусламжийн 7045103 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа, эмнэлэгийн байгууллагын хүмүүс ирээд Б.Оюунцэцэгийг эмнэлэг рүү авч явсан. Цагдаа нар осол гарсан газарт ирээд хэргийн газарт үзлэг хийж дуусаад намайг цагдаагийн газарт дагуулж очоод согтуурал хэмжигч багажаар шалгахад би 0.67 хувийн согтолттой байсан. Тэр үед гудамжны гэрэлтүүлэг асаагүй байсан учраас гадаа харанхуй байсан. Зам тээврийн осол болох үед би 20-25 км цагийн хурдтай, ганцаараа явж байсан. Б.Оюунцэцэг зүүн гар талаас гэнэт гарч ирээд миний машины зүүн урд талын буферийг мөргөж унасан учраас надад машинаа зогсоох боломж, хугацаа байгаагүй. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа бөгөөд хохирогчид нийт 3.000.000 төгрөг өгсөн байгаа. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Шүүгдэгч И.Батхүү нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 28-ны орой Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Их наяд” цогцолборын урд талын засмал замаар 19-60 УВХ улсын дугаартай “Тоёота Алион” маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2-д заасныг зөрчин явган зорчигч Б.Оюунцэцэгийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Оюунцэцэгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт,  автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шинжилгээнд хэв хэлбэр, дээж авах тогтоол, тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18 тоот Шүүх химийн шинжилгээ, хохирогч Б.Оюунцэцэг, гэрч Н.Энхболд, Б.Энхбаяр, шинжээч эмч Н.Одбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 182 тоот шинжээчийн дүгнэлт, Увс аймгийн Цагдаагийн газрын шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан 03 тоот зам тээврийн ослын талаархи дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

Шүүгдэгч И.Батхүү нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс хохирогч Б.Оюунцэцэгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан  гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтээр, тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хэрэгт авагдсан Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн  18 дугаар Шүүх химийн шинжилгээний  “ И.Батхүүгийн цусанд 1.4 промилли этилийн спирт илэрч байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч И.Батхүүгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Оюунцэцэгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа ба уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.   

И.Батхүүгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Оюунцэцэгийн биед зүүн эгэмний битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, тархины дунд зэргийн няцрал, дагзны хуйханд язарсан шарх, зүүн хөмсөгний гадна хэсэгт, зүүн хацарт зулгаралт, баруун өвдөгний үений дотно хэсэгт, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун өвдөгний үений дотно хэсэгт зулгаралт гэмтэл учирсан, дээрх гэмтэл  нь хүндэвтэр зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд гэмтлийн улмаас хохирогч Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн болон Улаанбаатар хотод очиж шинжилгээ оношилгоо хийлгэхэд гарсан бүх зардлыг шүүгдэгч И.Батхүү төлсөн, хохирогчид нийтдээ 3000000 төгрөг  өгсөн нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Б.Оюунцэцэг нь  учирсан хохирлын талаархи нэхэмжлэл болон нотлох баримтаа мөрдөн байцаалт, прокурорын шатанд болон шүүхэд  гаргаагүй, түүнчлэн тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлтгүй гэж мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч сайн дураараа төлж барагдуулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч И.Батхүү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, түүнд шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэсэн тул №853289 дугаартай жолооны  үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч И.Батхүүгээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй тул түүний дундын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, “Konka” маркийн 40 инчийн LCD зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017.04.17-ны өдрийн тогтооыг хүчингүй болгож шийдвэрлэв.

            Шүүгдэгч И.Батхүү нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх  нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв. Ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Шандас овгийн Ивановын Батхүүг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч И.Батхүүд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил хорих ял шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан  шүүгдэгч И.Батхүүд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Шүүгдэгч И.Батхүү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

       5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч И.Батхүүд оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар шүүгдэгч И.Батхүүд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцох бөгөөд И.Батхүүгийн №853289 дугаартай жолооны  үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч И.Батхүүд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч И.Батхүүгийн дундын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, “Konka” маркийн 40 инчийн LCD зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017.04.17-ны өдрийн тогтооыг хүчингүй болгосугай.  

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                                       

 

                                                      ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.АЛТАН