Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/02518

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/02518

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Ч.У /РД:  000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Монре даатгал ХХК /РД:2027933/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,045,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 0000 ДАУ улсын дугаартай приус маркийн автомашины өмчлөгч нь Ч.У. 2021 оны 05 сарын 28-ны өдрийн өглөө Б.О гэдэг эгчдээ өгөөд явуулсан боловч ажилдаа явж байхдаа хүний машин мөргөчихлөө гэхэд нь Ч.У авто осол гаргасан газарт очиж уулзсан. Нөгөө машины жолооч нь би хөдөө ажилладаг хүн, яаралтай засварлах хэрэгтэй байна гэж хэлсэн. Ч.У зүгээс даатгал дуудсан. Даатгал нь дуудлага хүлээн авсан байж, ослын газар ирээгүй. Нөгөө жолооч нь яаралтай гэсэн учраас Ч.У би төлчихье, даатгал ирээгүй учраас дараа нь даатгалаасаа авчихья гэсэн тохиролцоо хийгээд, н.Ө гэдэг хүний хохирлыг барагдуулж өгсөн байдаг. Нийт 2,045,000 төгрөг болсон. Дараа нь Ч.У өөрийн материалаа бүрдүүлээд, Монре даатгал ХХК-д очоод хохирлын мөнгө 2,045,000 төгрөгийг авах гэтэл материалыг нь хүлээн аваагүй. Та хоёрын хооронд материал өглөө, танд мөнгө өгөөд, буцаагаад нөгөө хүнээс чинь авчихна, материалын авмааргүй байна гэсэн хариу өгсөн. Гомдол гаргахад Даатгалын холбооноос Иргэний хуулийн 499.4 заасны дагуу гаргаж өгөх боломжтой гэсэн хариу өгсөн байгаа. Иймд хохирогчид төлсөн 2,045,000 төгрөг буюу засварын мөнгөө гаргуулах хүсэлттэй байна. Иргэний хуулийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэсний дагуу Ч.Уянга хохирлыг арилгасан. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1-т Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна. 9.1.1-т таван сая төгрөг хүртэл хохирлыг барагдуулах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан гэв.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа Иргэний хуулийн 499.4-т заасны дагуу гэм хор гэж шаардсан байсан. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу шаардаж байгаа гэж ойлголоо. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1-т Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна гэж заасныг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосныг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Ч.У эгч Б.О гэдэг хүн жолоо барьж явсан гэж хэлсэн. Монре даатгал ХХК нь Б.О жолоо барьж яваад бусдад гэм хор учруулбал тэрийн хариуцах үүрэггүй. Б.О даатгалын гэрээний харилцаа үүсээгүй. Хэрэгт даатгалын гэрээг гаргаж өгсөн байгаа. Үндсэн даатгуулагч нь Ч.Уянга, доор нь жолоо барих эрхтэй этгээдүүдийг бичсэн байгаа. Хэрвээ Ч.У болон нэр дурдагдсан хүмүүс осол гаргасан бол Монре даатгал ХХК хариуцна. Даатгалын гэрээнд нэр нь дурдагдаагүй бол манайх хариуцахгүй. Жолоочийн даатгалын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.4-т тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа бусдын эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг. Өөрөө жолоодож явсан бол даатгалыг нөхөн төлнө, өөр хүнд жолоо шилжүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

       

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.У нь хариуцагч Монре даатгал ХХК-д холбогдуулан 2,045,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь тээврийн хэрэгслийг даатгалын гэрээний оролцогч биш этгээд жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан тул үүрэг үүсээгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар Ч.У эзэмшлийн 00000 ДАУ улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг түүний эгч Б.О 2021 онгы 5 дугаар сарын 28-ны өдөр жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргаж, бусдад 2,045,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд энэхүү хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч Ч.У төлж барагдуулсан болох нь тогтоогдож, энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

Монре даатгал ХХК-тай Ч.У нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай, жолоочийн тоог хязгаарласан буюу Ч.У гадна О.Б гэсэн жолоочийг даатгуулсан гэрээ байгуулжээ.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, 431.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна, Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор энэ хуульд заасан нөхцөлийн дагуу даатгагчтай даатгалын гэрээ байгуулна, 7.3Даатгалын гэрээг энэ хуулийн 7.4-т заасан стандарт, загварын дагуу бичгээр байгуулах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна, 7.4Даатгалын мэдүүлгийн маягт, гэрээний стандарт, загварыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно, 7.6Даатгалын гэрээ нэг жил хүртэл хугацаанд хүчинтэй байх бөгөөд даатгуулагчаас даатгалын хураамж төлснөөр хүчин төгөлдөр болно гэж заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч Ч.Уянга нь өөрийн автомашиныг эгч Б.Оюун-Эрдэнэд шилжүүлж, тэрээр замын хөдөлгөөнд уг тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа осол гаргаж, иргэн М.Ө хохирол учруулсныг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасныг баримтлан тээврийн хэрэгслийн өмчлөгч учраас хариуцан арилгажээ. Ингээд даатгалын гэрээнд заасан тохиолдол бий болсон гэж үзэн хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т даатгуулагч гэж даатгагчтай гэрээ байгуулж замын хөдөлгөөнд оролцох үедээ бусад этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан этгээдийг, 3.1.9жолоочийн даатгалын тохиолдол /цаашид даатгалын тохиолдол гэх/ гэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг, 19 дүгээр зүйлийн 19.3-т Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно гэж тус тус заажээ.

Гэтэл даатгуулагч Ч.У нь замын хөдөлгөөнд оролцоогүй, түүний итгэмжлэн томилсон хүн нь даатгалын гэрээний оролцогч биш, даатгуулагч нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувиар бусдад учирсан хохирлыг хариуцан арилгасан нь даатгалын тохиолдолд хамаарахгүй байх тул түүний нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Ч.Уянгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 47,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Жолоочийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтыг баримтлан Монре даатгал ХХК-иас 2,0450,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.У нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ