Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2021/02661

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2021/02661

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: байранд байрлах, М ТББ /РД:-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо,  тоот хаягт байрлах Х И ХХК /РД:-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М с ТББ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М С ТББ-ын зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Х и ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 30,000,000 төгрөгийг 2019 оны 09 сарын 17-ны өдөр тус компанийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр Х и ХХК нь Баянгол дүүргийн  дугаар хороонд байрлах сургуулийн барилгын гадна цахилгааныг хийхээр тохиролцсон. Гэтэл Х и ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүргээ огт биелүүлээгүй бөгөөд М с ТББ-ын зүгээс цахилгааны ажлыг өөр компаниар гүйцэтгүүлж ажлыг гүйцэтгэж дууссан. Ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө буюу 9, 10 сардаа дуусгахаар төлөвлөсөн байсан. Гэтэл Х и ХХК огт ажлаа гүйцэтгээгүй. 2020 оны 05 сард ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ ноцтой зөрчиж, ажил үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т заасны дагуу гэрээ цуцлагдсантай холбоотойгоор мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар Хүч инженеринг ХХК-аас урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэв.

Хариуцагч Х и ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр болон 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрүүдэд 2 гэрээ байгуулсан байдаг. Гэрээний үнийн дүн нь 150,000,000 төгрөгийн үнэтэй. Урьдчилгаа 30,000,000 төгрөгийг гэрээ байгуулсанаас хойш ажлын 2 хоногт өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу хийгдэх ажлыг гэрээндээ нарийн тусгаагүй ч гэсэн, гэрээнд захиалагч тал өөрсдийн цахилгааны гадна сүлжээний техникийн нөхцөлийг авч чадахгүй. Техникийн нөхцөл гараагүй бол гадна цахилгааны барилгыг барьж чадахгүй. Ийм байдал байхад нь гадна сүлжээний техникийн нөхцөлийг бид өөрсдийнхөө нөөц бололцоо, ажлын туршлагаа ашиглаж авч өгсөн. Х и ХХК-ийн зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гадна цахилгааны ажлын тхеникийн нөхцөлийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас авч өгсөн. Улаанбаатар төмөр замын барилгаас тог татаж, техникийн нөхцөлийг нь Монгени сан ТББ-ын нэр дээр гаргаж өгсөн. Ажлаа хүлээлгэж өгөөд дараагийн ажлаа гүйцэтгэх гэтэл М с" ТББ дараагийн ажлыг манайхаар гүйцэтгүүлэхээ больсон талаар мэдэгдээгүй. Ажлын үр дүнг захиалагч тал хүлээн аваагүй. Бидний ажил хэсэг зогссоны үндсэн дээр 2020 онд Б ХХК-ийг оруулж, гадна цахилгааны ажлыг гүйцэтгүүлсэн гэдгийг мэдсэн. Манай компани М ТББ-тай байгуулсан гэрээний дагуу техникийн нөхцөлийг авч өгсөн. Энэ ажлыг урьдчилгаандаа тохируулаад манай компани хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бидний ажлын гүйцэтгэлтэй холбоотой доголдол, ажил гүйцэтгэх гэрээ зөрчсөнтэй холбоотой гэрээг цуцалсан албан бичиг мэдэгдэл хүргүүлээгүй, гуравдагч компанийг оруулсан байсан. Бидний хувьд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээхгүй. А ХХК болон М ТББ хоорондоо ажил гүйцэтгэх ерөнхий гэрээтэй. Энэ гэрээний үндсэн дээр А ХХК туслан гүйцэтгүүлсэн уг ажлын хөлсийг бид бүхэлд хариуцна гэсэн аман тохиролцоог ярьсан боловч өнөөдрийг хүртэл А ХХК-аас албан бичиг хүргүүлээд, бодитой үр дүн гараагүй байгаа учраас А ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулаагүй. М ТББ-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ТББ нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь үнийн дүнд тохирох ажил гүйцэтгэсэн, үндсэн гүйцэтгэгч компани хариуцахаар тайлбарласан гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М ТББ нь хариуцагч Х ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2019/03 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

Улмаар талууд 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2019/03 тоот ажил гүйцэтгэх гэрээг дахин шинээр байгуулсан байна.

Дээрх гэрээгээр Х ХХК нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа сургуулийн барилгын гадна цахилгаан хангамжийн ажлыг 150,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэн, шаардлага хангасан үр дүнг М ТББ-д хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байна. Гэрээнд энэхүү төлбөрт материалын болон ажлын хөлс, техникийн зураг, техникийн нөхцөл, айлтай тохирох зардал, хөдөлмөр хамгааллын зардал гэх мэт зардал багтана гэжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байх тул Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг баримтлан талуудын маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй тул 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Бадамлах хүч ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дээрх гадна цахилгаан хангамжийн ажлыг хийлгэсэн гэж урьдчилгаа төлбөрөө буцаан авахаар шаарджээ.

Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон ажлын зарим хэсгийг хийж гүйцэтгэсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр  тоот ажил гүйцэтгэх гэрээний 2.1.1-т заасны дагуу захиалагч тал болох МТББ нь гэрээний урьдчилгаа төлбөр болох 20 хувийн төлбөрт 30,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчид шилжүүлэн өгчээ.

Хариуцагч нь гэрээнд заасны дагуу Улаанбаатар цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-иас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр  тоот техникийн нөхцөлийг М цогцолбор сургуулийн барилгад гаргуулсан байна.

Техникийн нөхцөлийг авахдаа гэрээнд заасан техникийн зураг үйлдэж, айлтай буюу шугам татах хэрэглэгчтэй тохиролцох ажлыг хийсэн гэж хариуцагч тайлбарласан ба нэхэмжлэгчээс үүнийг нотлох баримтаар үгүйсгэж мэтгэлцээгүй, болно.

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнг 150,000,000 төгрөгийн өртөгтэй байхаар тохиролцсон боловч хариуцагч нь өөр айлтай тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээт ажлын төлбөр багассан талаар хэн аль нь маргахгүй байна.

Гэхдээ нэхэмжлэгч нь өөр хэрэглэгчээс цахилгааны шугам татах болсноор гэрээт ажлын хөлс 30,000,000 төгрөг болж багассан гэж тайлбарлаж, энэ ажлыг өөр байгууллагаар хийлгэсэн тул хариуцагчаас буцаан гаргуулна гэж шаардсан боловч Б ХХК нь Х ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлаас үргэлжлүүлэн хийсэн болох нь хэрэгт авагдсан ажлын акт, зурган тайлангаар тогтоогдлоо.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар гэрээний үүргээ хариуцагч тал зөрчсөн учраас захиалагч нь гэрээг цуцалж, техникийн нөхцөл авах ажил нь 164,000 төгрөгийн өртөгтэй бөгөөд хэн ч авах боломжтой, хүч хөдөлмөр шаардахгүй ажил гэж тул ажил гүйцэтгэгч нь огт ажил хийгээгүй гэж урьдчилгаа төлбөрөө буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 226 дугаар зүйлд нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдлыг заасан бөгөөд мөн зүйлийн 226.1.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол; 226.1.2-т үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, харин нэмэлт хугацаанд үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд гэрээний харилцаа үргэлжлэх ёстой бол; 226.1.3-т хоёр талын ашиг сонирхлын үүднээс онцгой үндэслэлээр гэрээг нэн даруй цуцлах шаардлагатай бол гэсэн үндэслэлийн аль үндэслэл бий болсон талаар нотолж чадахгүй байна.

Талуудын хороонд байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн  тоот гэрээний 2.2.-т зааснаар эхний ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор гүйцэтгэх, хоёр дахь санхүүжилт болох 90,000,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хийж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор үндсэн кабелийн ажыг хийж дуусахаар тохиролцжээ. Гэтэл эхний ажил буюу техникийн нөхцөл авахын тулд шаардлагатай материал бүрдүүлэлт хийгдэж, эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгсөн хугацаа нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байна. Хугацаа хожимдсон талаар талууд хэн аль нь мэдэж байсан ч гэрээг цуцлах, эсхүл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзаж байгаа талаар захиалагч нь мэдэгдээгүй, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар нэмэлт хугацаа зааж болно гэсний дагуу нэмэлт хугацаа олгосон гэж үзэхээр байна.

Харин эхний ажлын үр дүнг хүлээж авах эсэх дээр маргаан үүссэнээс гэрээ цааш үргэлжлээгүй, бүрэн хэрэгжээгүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зааснаар захиалагч гэрээг цуцалсан байна. Хэдийгээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заасан үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлээгүй боловч тухайн хийсэн ажлын үр шимийг захиалагч хүртсэн буюу хариуцагчийн гаргуулсан техникийн нөхцөл дээр үндэслэн гадна цахилгааны ажил хийгдсэн байх тул ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзлээ.

Талуудын байгуулсан гэрээний 2.2-т зааснаар үндсэн кабелийн ажил болон барилга байгууламжийн ажил нь 120,000,000 төгрөгийн өртөгтэй байсныг нэхэмжлэгч Б ХХК-иас 30,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн байна. Эндээс хариуцагчийн гэрээний дагуу хийсэн ажил буюу айлтай буюу дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс санал авч тохиролцсон, техникийн нөхцөл гаргуулсан гэх ажлыг 30,000,000 төгрөгийн өртөг бүхий ажил байсан гэж дүгнэх боломжтой байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, 205.2.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн бол мөнгөөр төлөх үүрэгтэй байдаг.

Захиалагч нь үүргийн гүйцэтгэлийг буюу техникийн нөхцөлийг хүлээн авсан тул энэ ажлыг хийлгэхээр өгсөн мөнгөө буцаан авах эрхгүй байна.

Энэ үндэслэлээр хариуцагч Хүч инженеринг ХХК-иас ажлын хөлсөнд шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Монгени сан ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Х ХХК-иас 30,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч М нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ