| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/02461/И |
| Дугаар | 102/ШШ2021/02678 |
| Огноо | 2021-10-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2021/02678
| 2021 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2021/02678 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, тоот хаягт байрлах, А ХХК /РД:-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Г, 00 дугаар байр, тоот хаягт бүртгэлтэй, Б овогт Д.Баасандорж /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,209,750 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 03 сарын 04-ний өдөр Д.Б нь Автопрайм ХХК-тай 000 дугаартай зээлийн гэрээ үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, 2,900,000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тоёота приус 20 маркийн 0000 УНВ улсын дугаартай автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд фидуцийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож баталсан боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байгаа. 2021 оны 08 сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,503,000 төгрөг, хүү 1,455,250 төгрөг, алданги 1,251,500 төгрөг, нийт 5,209,750 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Д.Б үүрэг гүйцэтгэх хугацааг 459 хоног буюу гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн байна. Гэрээний хугацаа 2020 оны 03 сарын 04-ний өдөр дууссан. Үүргийг гүйцэтгэл хангуулж эд хөрөнгө шилжүүлэх гэрээний 3.5-т хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан бөгөөд ямар ч үр дүнд хүрээгүй. Одоо автомашиныг устгаж, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон.Фидуцийн зүйлээ нэхэмжлэгчийн өмчлөлд байлгах үүргээ хариуцагч биелүүлээгүй байна. Иймд 2020 оны 03 сарын 04-ний өдрийг зээлийн гэрээний үүрэгт 5,209,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т заасны дагуу хариуцагч бичгээр хариу тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцоогүй, шүүхэд тайлбараа өгөөгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хариуцагчийн хувьд зээл авсан аваагүй гээд маргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Д.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,209,750 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Д.Б 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 000000 тоот зээлийн гэрээгээр 2,900,000 төгрөгийг 30 хоногт 3,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, машинаа унаад явах нөхцөлтэйгөөр зээлдүүлжээ.
Мөн нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Д.Б 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 0000000 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 17000234 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Б эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 0000 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөлдөө шилжүүлэн авсан байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дүгээр зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн байх тул дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэж, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтын дагуу шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний дагуу шаардлага гаргаагүй тул шүүхээс гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тусгайлан дүгнэх шаардлагагүй байна.
Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл алданги тооцож, үндсэн зээлийн үлдэгдэлд 2,503,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэлд 1,455,250 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 1,251,500 төгрөг, нийт 5,209,750 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч Д.Б нь бичгээр тайлбар гаргаагүй боловч шүүх хуралдаанд хүсэл зоригоо илэрхийлэхдээ үндсэн зээлийн үлдэгдэл 2,503,500 төгрөгийн талаар маргахгүй, харин хүү, алдангийн талаар маргаж байгаа гэсэн боловч ямар маргаантай байгаа талаар тайлбар гаргаагүй, нотлох баримтаар нотлоогүй болно. иймд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд зээлийн хүүгийн тооцооллыг хийсэн болно.
Зээлийн гэрээний 2.3-т Алданги: Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувь тооцно гэж заасан байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, нэхэмжлэгч нь гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргээс алданги шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
Зээлийн гэрээний хавсралтад зааснаар зээлийг 12 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохирч, хариуцагч нь гэрээний дагуу 2020 оны 4, 5 дугаар сард төлөлт хийж, 6 дугаар сараар хойш огт төлбөр төлөөгүй болох нь барьцаат зээлийн тооцооны хуудсаар тогтоогдож байх ба үндсэн зээлийн үлдэгдлийг 2,502,167 төгрөг, 30 хоногийн хүүг 95,082 төгрөг байхаар тооцооны хуудаст баталгаажуулсан байна.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар талуудын бичгээр тохиролцсон гэрээний хугацааг сунгасан баримт байхгүй байх тул зээлийн гэрээг сунгаагүй, 12 сарын хугацаатай гэрээ байна. Иймд хариуцагч 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 10 сар, 4 хоногийн хүү төлөх үүрэгтэй.
Гэрээнд хүүг 30 хоногоор тооцохоор тохиролцсон, зээлийн үлдэгдэл 2,502,167 төгрөгийн 30 хоногийн хүүг 95,082 төгрөг болохыг тогтоосон байх тул төлөөгүй хоногоор тооцоход 963,498 төгрөгийн хүү төлөхөөр байна.
Алдангийг зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн хоногоос тооцоход 459 хоногийн хугацаа хэтэрсэн гэх боловч гэрээний хугацаа дууссан 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл тооцоход 1 хоногийн алданги үндсэн зээл 2,502,167х0,5%=12,510 төг, хэтэрсэн хоног 154 хоног х 12,510 = 1,926,540 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй шаардлагад нийцүүлэхэд 1,251,083 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Зээлийн гэрээний хугацаанд ковид-19 цар тахал гарч, Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Бүх нийтийн бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх арга хэмжээ удаа дараа авагдсан зэргийг харгалзан шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг баримтлан 1,251,083 төгрөгийн анзын хэмжээг 50 хувиар бууруулж тогтоолоо.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 2,502,167 төгрөг, зээлийн хүү 963,498 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 625,542 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэн хариуцагчаас зээлийн төлбөрт 4,091,207 төгрөгийг гаргуулж, үлдэх 1,118,543 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баасандоржоос улсын тэмдэгтийн хураамжид 80,409 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.3, 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.Б зээлийн гэрээний үүрэгт 4,091,207 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Авто прайм ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,118,543 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80,409 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ