| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/06203/И |
| Дугаар | 001/хт2025/00104 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 001/хт2025/00104
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/05061 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2025/00388 дугаар магадлалтай,
В.Б-ын нэхэмжлэлтэй,
37,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хариуцагчийн өмгөөлөгч Б.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч В.Б нь хариуцагч Ц.Э-ад холбогдуулан 37,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/05061 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан, хариуцагч Ц.Э-аас 35,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Б-т олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2025/00388 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/05061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 332,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...2025.02.21-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2025/00388 тоот дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа болно.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг талууд гэрээнээс татгалзсанаар гэрээний үүргийн харилцаа дуусгавар болж, хуулийн дагуу харилцан буцаах харилцаа болж өөрчлөгдөнө.
Өөрөөр хэлбэл, харилцан буцаах харилцаа нь хоёр талын харилцаа биш бөгөөд гэрээний талууд гэрээний үүргээс чөлөөлөгдөнө гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарласан. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус хэрэгт хамааралгүй, өөрөөр хэлбэл худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэг бөгөөд нэмэлт үүрэг шаардаагүй гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагавар шаардсан гэж дүгнэсэн. Иргэний хуульд зааснаар хуулийг хэрэглэхдээ үгийн шууд утгыг анхаарах бөгөөд хуулийг Улсын дээд шүүхэд албан ёсоор тайлбарласнаас өөрөөр тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар оролцож өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй. ... Гэтэл анхан шатны шүүхээс энэ эрхийг хангаагүй. Мөн давж заалдах шатны шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ өмгөөлөгч авах эрхээр хангасан баримт дээр эрх, үүрэг тайлбарлаж гарын үсэг зуруулсан гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг учир дутагдалтай гэж үзсэн нь учир дуталдалтай. Ц.Э нь хуульч, эрх зүйч биш. Шүүгч эрх, үүрэг тайлбарлахдаа өөрт ямар үр дагавар үүсэж болох эрх, үүргийг хэлбэрийн төдий хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн атал давж заалдах шатны шүүх түүнийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Н.С, В.Б Ц.Э нар уулзаж үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгөөс Н.С 22,000,000 төгрөгийг миний өмнөөс төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд үлдэгдэл 8,000,000 төгрөгийг би төлсөн шүүх үүнийг хүлээж авалгүй шийдвэрлэсэн учир дутагдалтай байна.
Иймд 8,000,000 төгрөгийг хасаж магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.04.30-ны өдрийн 001/ШХТ2025/00464 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч В.Б нь хариуцагч Ц.Э-д холбогдуулан 37,700,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “... Ц.Э-аас 0000 тоот хаягт байрлах 39 м.кв, 3 өрөө орон сууцыг 105,000,000 төгрөгөөр худалдан авч 85,000,000 төгрөгийг бэлнээр төлөн уг байрандаа засвар хийж байсан. Гэтэл … Х.Г-ийн гомдлоор иргэн н.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр орон сууцыг өмчлөх боломжгүй болсон. Улмаар худалдах-худалдан авах гэрээний дагуу төлсөн 85,000,000 төгрөгийн 50,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Э нь буцаан төлж, үлдэгдэл 35,000,000 төгрөг, мөн засварын зардал 2,700,000 төгрөг, нийт 37,700,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “…2014 оны намар маргаан бүхий байрыг надаас худалдаж авсан ба энэ цаг үед тухайн байр нь миний нэр дээрх өөрийн байр байсан боловч надад зарсан миний өмнөх өмчлөгч н.Г байраа буцааж авах талаар гомдол гаргаснаар наймаа буцсан байдаг. Тухайн цаг хугацаанд миний бие нэхэмжлэл гаргасан В.Б-ын хүргэн дүү Н.С-тэй уран зураач н.Б-ын амины орон сууцны ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд ... Н.С, В.Б бид 3 уулзаж ... н.Б-ын орон сууцыг барихад надаас гарсан зардал болох 30 гаруй сая төгрөгийг Н.С миний өмнөөс В.Б-т өгөхөөр болж үүнийг В.Б зөвшөөрч бид асуудлаа шийдсэн. Бидний хоорондох бодит тохиролцоо арилжаа наймаа ийм байсан учраас 10 жил В.Б-ыг надтай холбогдоогүй гэж ойлгож байгаа. ... Сүүлийн 10 жилийн хугацаанд миний бие нэг л удаа хаягаа өөрчилсөн бөгөөд 2020 онд нэхэмжлэлд дурдагдаж буй хаягт шилжин ирж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Хэрэв үнэхээр надаас төлбөр авах байсан бол энэ 10 жилийн хугацаанд шаардаж нэхэх байсан. ... 50,000,000 төгрөгийг буцааж өгсөн.” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх “... 2014 оны намар зохигчид харилцан тохиролцож, 0000 тоот хаягт байрлах 39 м.кв 3 өрөө орон сууцыг худалдсан гэрээнээсээ татгалзсаны үр дагаварт хариуцагч Ц.Э нь орон сууцны төлбөрт авсан 85,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч В.Б-т буцаан төлсөн. ...Нэхэмжлэгч нь гэрээний үндсэн үүрэг эсвэл нэмэгдэл үүргийг шаардаж нэхэмжлэл гаргаагүй учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй. Харин нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу хуулийн дагуу үүсэх үүрэг болох Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үүргийг шаардаж байх тул хуулийн үндсэн дээр үүсэх үүргийн хувьд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ. Хариуцагч Ц.Э-ыг эрэн сурвалжлуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.25-ны өдрийн 101/ШШ2021/00255 дугаартай шийдвэр гарсан, нэхэмжлэгч нь 2024.09.17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Б нь хариуцагч Ц.Э-аас 35,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна. 2014 оны намар гэрээнээс татгалзсантай холбоотойгоор талууд засварын зардалд 2,700,000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь төлбөр барагдуулах хэлцэл буюу нэрлэгдээгүй гэрээ байна гэж шүүх үзлээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, 75.2.1 “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж хуульд заасан тул хариуцагчийн татгалзлын зарим хэсэг нь үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
10. Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба магадлалд “...Талууд гэрээнээс татгалзсанаар гэрээний үүргийн харилцаа дуусгавар болж, хуулийн дагуу харилцан буцаах харилцаа болж өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, харилцан буцаах харилцаа нь хоёр талын харилцаа биш бөгөөд талууд гэрээний үүргээс чөлөөлөгдөнө. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байх тул хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж, улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.25-ны өдрийн шийдвэрээр хариуцагч Ц.Э-ыг эрэн сурвалжилж, хаягийг тогтоохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болжээ. Иймд, хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар гаргасан хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх төлбөрөө Н.С-ээр төлүүлэхээр тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байх тул нэхэмжлэгч В.Б нь хариуцагч Ц.Э-аас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 35,000,000 төгрөгийг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч В.Б- нь худалдан авсан орон сууцандаа засвар хийж байсан талаар тайлбарлаж, уг засварын зардал гэх 2,700,000 төгрөгийг хариуцагч Ц.Э-аас шаардсан байна. Анхан шатны шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хууль хэрэглээний буруу дүгнэлт хийснийг залруулна. Тодруулбал, нэхэмжлэгч нь дээрх засварын зардлаа Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцон шаардсан байхад анхан шатны шүүх нэрлэгдээгүй гэрээ, хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн буруу дүгнэсэн байна. Нэхэмжлэгч нь хэдийгээр хохирол шаардах эрхтэй хэдий ч 2,700,000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцаж баримтад гарын үсэг зурсан байна. Мөн анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн оролцохыг тайлбарлан өгч, ойлгосон эсэхийг асуухад оролцогчид ойлгосон гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал хүсэлт байгаа эсэхийг асуухад хариуцагч байхгүй гэж хариулсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгажээ. Хариуцагч Ц.Э нь хэдийгээр шүүх хуралдааны явцад өмгөөлөгч авах хүсэлтээ илэрхийлсэн боловч хүсэлт хэлэлцэх шат өнгөрсөн үндэслэлээр шүүх хүсэлтийг хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй.” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Дээрх байдлаар хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх хугацааны талаар адил дүгнэлт хийж шийдэл гаргасан боловч гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар буюу хэлцлээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүрэгт хамаарах хөөн хэлэлцэх хугацаанд хэрэглэвэл зохих хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тухай агуулга бүхий үндэслэлээр гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцлээ.
12. Хэрэгт цугларсан нотлох баримтаар зохигч 2014 онд 0000 тоот хаягт байрлах 39 м.кв, 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 105,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч В.Б нь орон сууцны үнээс 85,000,000 төгрөгийг төлсөн, талууд өмнөх өмчлөгчийн маргаантай асуудлаас болж гэрээнээс татгалзаж, хариуцагч 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө 2021.09.10-ны өдөр шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн тухай үйл баримтыг 2 шатны шүүх зөв тогтоосон, энэ талаар зохигч маргаагүй байна.
13. Дээрх үйл баримтаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд өмчлөгчийн маргаанаас шалтгаалж талууд гэрээнээс татгалзсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
14. Улмаар зохигч гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх, уг үр дагаврыг хариуцагч Ц.Э хариуцах эсэх талаар маргажээ.
15. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Энэ нь гэрээний үүрэг эсхүл хуулийн дагуу үүсэх үүрэг аль нь болохыг зөв дүгнэснээр маргаанд хамаарах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлох боломжтой.
Өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзсантай холбоотой хөөн хэлэлцэх хугацааг тоолоход талуудын шаардлага нь гэрээний үндсэн үүрэгтэй холбоотой эсэхийг тодорхойлох нь ач холбогдолтой.
16. Зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Эндээс үзвэл худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүргийг худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгийг баримт бичгийн хамт хүлээлгэн өгч өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан авагч үнэ төлөх, хөрөнгийг хүлээн авах гэж тодорхойлж болохоор байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай.
17. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байхаас гадна хуулийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил буюу тусгай хугацаа үйлчлэхээр байна.
18. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний талууд гэрээнээс татгалзсаны үр дагавар шаардах эрхийг хуулийн дагуу үүсэх үүрэг гэж үзэж, дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа бус ерөнхий хугацаа үйлчилнэ гэж үзсэн нь дээрх хуульд нийцсэн.
19. Гэрээнээс татгалзсанаар үүсэх үр дагаварт үндсэн үүргийн гүйцэтгэлд чиглэсэн дээрх шаардах эрх дуусгавар болж, харин өгсөн авснаа харилцан буцаах, хохирол нэхэмжлэх зэрэг солилцооны болон дагалдах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үүрэг болж хувирдаг.
Иймээс гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар болох харилцан буцаах үүргийг гэрээний үндсэн үүрэг гэж үзэх үндэслэлгүй тул энэ тохиолдолд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарна гэж үзнэ.
20. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд маргаан бүхий тохиолдолд талууд 2014 онд гэрээ байгуулж, 2014.09.10-ны өдөр нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсний дараа өмчлөлийн маргаан гарч улмаар талууд гэрээнээс татгалзаж, хариуцагч 50,000,000 төгрөгийг буцаан өгснөөс үзэхэд энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно .
21. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.”, 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.” гэж тус тус заасан.
22. Нэхэмжлэгч В.Б нь хариуцагч Ц.Э-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021.01.25-ны өдрийн 101/ШШ2021/00255 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талаар В.Б нь Х.Г-д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019.02.18-ны өдрийн 102/2019/00500 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.04.22-ны өдрийн 725 дугаар магадлалаар хэвээр үлдээж, улмаар Улсын дээд шүүх шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон ба хожим Х.Г-ийн өмчлөх эрхийг шүүхээс сэргээсэн тул В.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, мөн В.Б нь Ц.Э, Х.Г нарт холбогдуулан үлдэгдэл төлбөр 37,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.31-ний өдрийн 101/ШЗ2020/16382 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нарын оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар дурджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нэхэмжлэгчийн хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, шүүх шийдвэрлэсэн үйл баримтыг хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөлд хамааруулж, хугацааг шинээр тоолсон нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох журамд нийцжээ.
23. Нэхэмжлэгч 2024.09.17-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны үр дагавар болох төлбөрийн үлдэгдэл 35,000,000 төгрөгийг шаардах эрхтэй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
24. Түүнчлэн Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д зааснаар хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болдог.
Энэ тохиолдолд хариуцагч Ц.Э нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар буюу харилцан буцаах шаардлагын дагуу үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчтэй тохиролцсон ёсоор Н.С төлөх үүрэгтэй талаар мэтгэлцсэн боловч энэ талаарх тайлбар, татгалзлаа нотлоогүй, хэргийн баримтаар ийнхүү дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх журамд нийцсэн, үндэслэлтэй болжээ.
25. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх шаардлага засварын зардал 2,700,000 төгрөгийн талаар анхан шатны шүүх нэрлэгдээгүй гэрээ байгуулсан гэж үзэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа дууссан гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн алдаатай дүгнэлт болохыг давж заалдах шатны шүүх залруулж хохирол шаардсан, нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д нийцсэн.
26. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж шийдвэрлэхдээ тухайн шаардах эрхэд хамааралгүй хуулийн зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсныг залруулаагүй, мөн анхан шатны шүүх тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн гэж 2 удаа бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
27. Хариуцагчийн өмгөөлөгч нь гомдолдоо шүүх хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, эрх үүрэг тайлбарлаж өгөхдөө хуульд заасан журмыг зөрчсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн агуулгыг дурдсан боловч энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэсэн байхаас гадна хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хяналтын шатны шүүхээс энэ үндэслэлээр хүлээн аваагүй болно.
28. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2025/00388 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/05061 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ц.Э-аас 35,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Ц.Э хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.03-ны өдөр төлсөн 143,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА