Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 0143

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Ж.Алтай

Нарийн бичгийн дарга Г.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ж.Алтайд холбогдох эрүүгийн 201714000277 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, эмэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, хувираа Хүлэг хүнсний захад талх, нарийн боов худалдаалж хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4-16 насны хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг 12-25 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Боржигон овогт Жамьян Алтай /РД: ТГ75101502/

 

Шүүгдэгч Ж.Алтай нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Уурхайчин багийн нутаг дэвсгэрт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” хүнсний зах дотор хажуу лангуун дээр зогсдог Ж.Отгонгэрэлтэй наймааны асуудлаас болж маргалдан улмаар зодож биед нь хөнгөн зэрийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ж.Алтайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 05 сарын 02-ны өдөр Отгонгэрэлтэй талх, нарийн боовноос болж маргасан. Хохиролд 230.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ойлгож байгаа. Дахин ийм асуудал гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ж.Отгонгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Хүлэг захын 5 хэсгийн 3-4 дүгээр лангуун дээр сууж хүнсний бүтээгдэхүүн, талх, нарийн боов худалдан борлуулдаг. Алтай миний өөдөөс харсан лангуун дээр сууж талх, нарийн боов худалдаалдаг. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр буриад талхны хүргэлт ирсэн. Буриад талхны хүргэгч залуу 60 ширхэг талх өгсөн. Өөдөөс харсан лангуунаас Алтай надад 20 талх өгөөч гэж талх хүргэгч залууг хэлсэн. Би талх битгий өг. Одоо гүйлгээ муу байгаа болохоор битгий өг, өөр Эрдэнэт гээд олон төрлийн талх байгаа гэсэн. Гэтэл Алтай миний урд ирээд лангуун дээр байсан талх, боорцогнуудыг над руу авч шидээд байхаар нь би яагаад байгаа юм бэ гээд лангуугаа тойроод байнгаан гэхэд намайг төмөр багана руу мөргүүлсэн. Миний үснээс зулгаасан. Миний хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Удалгүй хажууд байсан хүмүүс ирж салгасан. Миний үснээс зулгаахад үс унасан. Хөл хөхөрсөн, одоо толгой өвдөж байна. Шинжээч эмчийн дүгнэлт гарсан. Хөнгөн зэргийн гэмтэл гарсан хүлээн зөвшөөрч байна. Би Буриад талхны түгээгчээс талх худалдан авах гээд дуудсан байсан. Би 60 ширхэг талх худалдан авахад өөдөөс харсан лангуунаас Алтай талх авна гэхэд би битгий өгөөрэй гэж хэлэхэд Алтай уурлаад хэрүүл маргаан хийж улмаар намайг зодсон гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,

 

-Гэрч Н.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Алтай, Отгонгэрэл нар нь өөд өөдөөсөө харсан лангуунд талх нарийн боов худалдаалдаг. Тухайн өдөр Отгонгэрэл Буриад талх түгээгчээс талх худалдан авсан байсан. Удалгүй тэр хоёр хоорондоо хуруугаараа чичлээд зогсож байхад “Та нар болиоч ээ хүн амьтнаас ичээчээ гэж хэлсэн” хүнд барааны үнэ хэлж өгчөөд иргээд харахад бие биенийхээ үснээс зулгаасан зогсож байсан. Сэргэлэн эгч бид хоёр талаас ирж болиулсан. Тэгээд л тэр хоёр салсан гэсэн мэдүүлэг /хх 18 ху,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 397 дугаартай дүгнэлтэнд:

            1. Ж.Отгонгэрэлийн биед тархи доргилт, зүүн сарвуу, хуйх, 2 гуя, баруун өвдөгт зөөлөн эдэд 5 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.

            2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

            4. Шинэ гэмтэл байна. 2017 оны 05 сарын 02-нд үүссэн байж болно.

            5. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэг хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

            6. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 20 ху/,

 

            --Хохирол төлсөн тухай баримт /хх 5 ху/

              -Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх 13 ху/

              -Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 ху/

-Ж.Алтайгийн сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 31-35 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ж.Алтай нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Уурхайчин багийн нутаг дэвсгэрт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” хүнсний зах дотор хажуу лангуун дээр зогсдог Ж.Отгонгэрэлтэй наймааны асуудлаас болж маргалдан улмаар зодож биед нь хөнгөн зэрийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ж.Отгонгэрэлийн “...Алтай миний урд ирээд лангуун дээр байсан талх, боорцогнуудыг над руу авч шидээд байхаар нь би яагаад байгаа юм бэ гээд лангуугаа тойроод байнгаан гэхэд намайг төмөр багана руу мөргүүлсэн. Миний үснээс зулгаасан. Миний хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн” /хх 16 ху/ гэсэн мэдүүлэг, гэрч Н.Батцэцэгийн /хх 18 ху/ мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, зүүн сарвуу, хуйх, 2 гуя, баруун өвдөгт зөөлөн эдэд 5 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 397 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ж.Алтайд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, мөн уг хэргийн хохирогч Ж.Отгонгэрэл нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Ж.Алтайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Жамьян Алтайг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Ж.Алтайд холбодох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Алтайд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.БАЙГАЛМАА