Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

 

 

 

                                             Б.Бын нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2018/00687 дугаар шийдвэртэй

Б.Бын нэхэмжлэлтэй

Ц.Лд холбогдох

хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 7 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Ц.Лгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагч Ц.Л, хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Б.Б миний бие 2017.09.20-дын үед Ц.Лтай уулзаад манай үхрийг 2017.10.01-2018.03.01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаатай сарын 300 000 төгрөгийн хөлсөөр маллахаар харилцан тохиролцсон. Тухайн үед бичгээр гэрээ байгуулаагүй. Тэр үед Ц.Л машины мотор авах шаардлагатай байна гэхээр нь миний бие нагац ах Ц.В-оор дамжуулан Ц.Лд мал харуулсаны хөлсөнд 1 500 000 төгрөгийг урьдчилан бэлнээр өгсөн. 2017.10.26-ны өдөр Ц.Л нь өөрийн төрсөн ах Ч, хөрш айлын залуу болох Нүдэн нарын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Чил гэх газарт байх манай гэрт ирсэн. Тэгээд манай үхрийг нэг бүрчлэн тоолж үнээ 43, тугал 43, бяруу 17, шүдлэн үхэр 30, бух 2, хязаалан эр үхэр 3, сувай үнээ 4, нийт 142 толгой үхрийг нэг бүрчлэн цэнхэр өнгийн будгаар сэрвээ, хондлой хоёр дээр нь тэмдэг тавин хүлээлгэн өгсөн. Уг хүлээлгэн өгсөн малыг Ц.Л, Ц.Ч, Н.Н нар туугаад Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нарийн хамар гэх газар луу явсан. 2018.01.20-дын үеэр манай 4 үнээ манай өвөлждөг байсан газар гүйж ирсэн байсан. Түүнээс хойш удалгүй Ц.Л над руу залгаад “Үхэр чинь тараад алга болчихлоо” гэхээр нь би Нарийн хамар гэх газар очтол манай үхрийн тал нь байхгүй байсан. Тэгээд би дүүгээ том машинтай нь дуудаж муу малнуудыг ачсан. Гайгүй малнуудаа би өөрөө явган туугаад тус багийн Чил гэх газар луу явсан. Тэр өдөр нийт 105 үхэр авчирч, арай гайгүй 71 үхрийг П гэдэг хүнээр, муу 35 үхрийг П гэдэг хүнээр хөлсөөр маллуулсан. Би өвөл идэшний үед нэг тооны шүдлэн үхрийг хүнд муулж өгсөн. 2018.02 сарын сүүлээр миний бие халтар зүсний сарлагийн нэг бүдүүн бух, дараа нь хоёр гунжин үнээг нэг сарлагийн бухтай хамт ачиж ирсэн. Тэгээд манайх нийт 14 тооны үхрээ олж авсан. Одоо 10 сарлагийн үнээ, 11 бяруу, 1 сарлагийн хязаалан эр үхэр, нийт 22 тооны үхэр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Ц.Л нь мал хөлсөөр харж эхэлснээс хойш 7 тооны мал үхсэн гэж надад хэлсэн. Үүний дагуу би малынхаа тооноос 7 үхэр нэхэмжлэхгүй хассан. Өөр мал үрэгдсэн талаар надад хэлээгүй. Иймд хариуцагч Ц.Лгаас нийт 22 тооны үхрийн үнэ болох 7 750 000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Шүдлэн үхэр 300 000 төгрөгийн үнэлгээтэй.” гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Би Баас мал харсны хөлсөнд 1 500 000 төгрөг аваагүй. Би өөрийн болон Бын малыг тарга хүч сайтай онд оруулахын тулд Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нарийн хамрын Манхан гэдэг газар оторт гарсан. Гэтэл тухайн үед цаг хүндэрч хүний өөрийн гэлгүй мал үхэж хорогдсон. Анх малыг 2017.10.26-ны өдөр надад хүлээлгэж өгөхдөө тоолсон. Миний тоогоор нийт 137 тооны үхэр болсон. Үхрийн сэрвээ, нуруу хэсгээр нь будаж тэмдэглэсэн. Би малыг хүлээж авахдаа тугал, бяруу, үнээ зэргээр нь нэг бүрчлэн тоолж хүлээж авъя гэхэд Б.Б хэрэггүй гэсэн. Орой нь малыг тоолж хашиж хоноод, маргааш өглөө очиж хүлээж авахад Б.Б манай үхэртэй хамт айлын үхэр будагдсан байсныг гаргасан гэж хэлсэн. Яг хэдэн тооны үхэр гаргасныг мэдээгүй, үхрийг тууж явахдаа тоолоогүй. Б.Б-ыг үхрээ ирж авахад нь алга болсон мал байгаагүй, малаа авч явахдаа тоолоогүй, надад хэлээгүй. Хүлээн авсан 137 тооны үхрээс 14 тооны үхэр бол цаг үеийн хүндрэлтэй байдлаас болж үхсэн. Үлдсэн үхрийг дутааж, үрэгдүүлж, хувьдаа ашиглаагүй, бүрэн харж байсан. Гарын үсэг зураад гэрээ хийж малаа хүлээн авч, хүлээлгэн өгсөн зүйл байхгүй байгаа. Ийм учраас нэхэмжилж байгаа 22 тооны үхэр буюу 7 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн хэлснээс гадна 3 бяруу, 3 үнээ, 1 шүдлэн  хорогдсон. Шүдлэн үхэр 250 000 төгрөгийн үнэлгээтэй.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2018/00687 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 422  дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Лгаас 2 350 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 350 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, Ц.Лгаас улсын тэмдэгтийн хураамжид 52 550 төгрөгийг гаргуулан Б.Бт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Лгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2018/00687 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд шүүх хариуцагч Ц.Л надаас 2 350 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Б нь надаар малаа маллуулах гэж 4-5 удаа гуйгаад байхаар нь би сайхан сэтгэл гаргаж малыг нь харж өгөхөөр болсон. Би өөрийн болон Б.Бын малыг авч Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Нарийн хамрын Манхан гэдэг газар оторт гарсан. Энэ нь малаа тарга хүч сайтай, тоо толгой бүрэн онд оруулахын тулд оторлосон хэрэг юм. Гэтэл тухайн цаг үе буюу 2017 оны өвөл цаг хүндэрч, цас ихтэй, өвөлжилт хүндэрсэн хүнд жил болж хүний өөрийн гэлтгүй мал олноор үхэж хорогдсон. Манай малаас л гэхэд 23 бяруу, 1 бух, 8 үнээ, 10-аад шүдлэн гэх мэт нийт 40 гаруй тооны мал хорогдсон. Б.Бынхаас нийт 7 тооны мал хорогдсон. Тухайн үед нь би Б.Бт энэ талаар хэлж байсан. Энэ жилийн өвөлжилт хүнд хэцүү болж байгаа нь зөвхөн Б бид хоёрт тохиолдоод байгаагүй, улс, аймаг, сумдаараа өвөлжилт хүндрэлтэй байсан юм. Үүнийг аймаг, сум, багийн иргэд, Засаг дарга нар хүртэл мэднэ, гэрчилсэн байгаа. Би Б.Бын малд нь эм тариа хийж, өвс тэжээл өгч тэжээж байсныгаа малыг нь толгой тоо бүрэн бүтэн байлгах, энх тунх байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг өөрийн зүгээс авсан гэж үзэж байгаа. Б.Б мал малласны хөлсөнд 300 000 төгрөг өгнө л гэж ярьж байсан. Би хөлс битгий хэл 1 кг өвс тэжээл, 1 ширхэг эм тариа ч авалгүйгээр хоёр сар гаруй малыг нь малласан. Би Б.Бын малаас чоно, нохойд идүүлээгүй, хулгайд алдаагүй. Би Б.Бын 7 тооны малыг хорогдуулсан нь үнэн. Өөрөөр би 130 тооны /137/ малыг бүрэн бүтэн маллаж харж байсан. Харин Б.Б малаа буцааж авахдаа намайг байлцуулаагүй авч явсан. Мал нь бүрэн бүтэн байсан.

Шүүх хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтод зааснаар үнэлж 2 350 000 төгрөгийн хохирол гаргаж байгаа нь учир дутагдалтай байна. Учир нь нэхэмжлэгч нас ахиулж, өөрөөр хэлбэл тухайн үедээ тугал, он гараад бяруу болох жишээний үнэлгээ байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол нотлох баримт болох дутагдуулсан гэх малын нас, хүйс, зүс, им тамга зэргийг агуулсан нотлох баримт хавтаст хэрэгт огт байдаггүй. Шүүхээс гарсан шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 687 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцоно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ц.Лд холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 7 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 2 350 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, гэрээгээр үүссэн талуудын эрх, үүргийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв. 

 

Нэхэмжлэлээс үзвэл Ц.Л нь нэхэмжлэгчийн малыг 2017.10.01-2018.03.01-ний өдрийг хүртэлх хугацаанд маллах, нэхэмжлэгч нь сард 300 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Уг нэхэмжлэлд “Бид хоёр тохиролцохдоо хулгайд алдвал Ц.Л нь өөрөө хариуцахаар, ганц нэг муу үхэр чононд идүүлчихвэл манайх өөрсдөө хариуцахаар харилцан тохиролцсон байсан” гэж тусгагдсан байна.

 

Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээгээр малыг 5 сарын хугацаагаар маллах талаар тохиролцсон, уг хугацааг дуусахаас өмнө 2018.01.27-ны өдөр нэхэмжлэгч хөлсөөр ажиллах гэрээг өөрийн санаачлагаар цуцалж малаа буцааж авсан байна.

 

Нэхэмжлэгч 1 500 000 төгрөгийн хөлс төлсөн талаар гэрч В.Сарантуяа мэдүүлсэн ба уг мөнгийг нэхэмжлэгч гэрээг цуцалж малаа буцааж авсны дараа хариуцагч нэхэмжлэгчид буцааж өгсөн нь ХААН банкны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн мөнгөн шилжүүлэг болон гэрч В.Сарантуяагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсоныг анхан шатны шүүх анхаараагүй, хөлсөөр ажиллах гэрээний хадгалалтын гэрээнээс ялгагдах онцлогийг гэрээний нөхцөл байдалд нийцүүлэн дүгнээгүй, талуудын дунд үүссэн харилцааг буруу тодорхойлж, хадгалалтын гэрээний зүйл, заалтыг баримталсан нь оновчгүй болжээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж үзнэ.

 

Гэрээнд мал хулгайд алдагдвал хариуцагч төлөхөөр, чононд идүүлвэл нэхэмжлэгч хариуцах талаар зохицуулсан, харин гэрээнд зааснаас өөрөөр мал хорогдвол хэн хариуцах, хариуцагч төлөх эсэх талаар тохиролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчид 142 тооны мал хүлээлгэж өгсөн гэх боловч энэ байдлыг нотлоогүй ба хариуцагч нь 137 тооны мал хүлээж авсан гэсэн тайлбар гаргасан, хүлээж авсан малаас 14 тооны мал зуданд хорогдсон нь гэрч Ж.Б, Б.Ч нарын мэдүүлгээр нотлогдсон, нэхэмжлэгч хариуцагчаас хэдэн тооны мал буцааж авсан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, зуданд хорогдсон малыг хариуцагчаар төлүүлэхээр талууд тохиролцоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Давж заалдах шатны шүүх гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 52 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2018/00687 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Лд холбогдох 7 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                                           ШҮҮГЧИД                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                 Д.БЯМБАСҮРЭН