Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/02795

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/02795

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч З.Доржнамжин, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, дугаар байр,  тоот хаягт оршин суух, Д овогт ВЭ /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо,  дугаар байр, 4 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Б Д /РД:/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо,  дугаар байр,  тоот хаягт оршин суух, Шийрэв овогт Г Г /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,317,369 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Э, хариуцагч Б.Д, Г.Г, иргэдийн төлөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 08 сарын 06-ны өдөр миний хүү х.Ань үл таних хүүхдэд зодуулсан. Хамрын яс хугарсан, хоолойг нь боосон, духны хэсэгт хөх болсон орж ирсэн. Шүүх шинжилгээний байгууллагаар яваад, миний хүүгийн хамар хугарсан гэсэн онош гарсан байгаа. Эмчилгээний зардлууд баримтаар тогтоогдож байгаа. Хүү минь хагалгаанд орох шаардлагатай болсон байгаа. Хамрын таславчны мурийлт гэсэн хагалгаанд орох шаардлагатай болсон. Бүх баримтуудаа эх хувиар нь өгсөн байгаа. Хүү минь 2020 оны 08 сард 12 настай байсан. Хамар нь маш их зовиурьтай байгаа. Тархи толгой нь өвддөг. Чих хамар хоолойн эмчид тогтмол 6 сарын турш явж байгаа. Хагалгаанд ороогүй байгаа. Эмнэлэгээс хагалгаанд орох асуудлыг насанд хүрэхээр нь шийднэ гэсэн тайлбарыг өгсөн байгаа. Одоо хамрын зөөлөн эдийн хөгжил нь хөгжиж гүйцээгүй байгаа учраас хагалгаанд оруулах боломжгүй байгаа гэж хэлсэн. Эмчилгээ шинжилгээ түүнтэй холбоотой гарсан зардал 370,600 төгрөг, насанд хүрэх үед хагалгаанд орох төлбөр 946,769 төгрөг нийтдээ 1,317,369 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 хүүхэд хоёулаа 12 настай байсан. Хэргийн материал манай хүүхдийг 13 настай гэж бичсэн байсан. Энэ хүний хүүхэд манай хүүхдийг эхлэж цохихоор нь манай хүүхэд зөрүүлээд цохьсон байдаг. Адилхан хамар нь өвдөөд, нүүр нь хавдсан. Тухайн үед энэ хүмүүс манай хүүхдийг цагдаа, шүүхэд өгсөн байсан. Би хүүгээ томографикд үзүүлсэн бичгийн цуглуулаагүй. Нас чацуу хүүхдүүд хоорондоо зодолдоод, энэ хүний хүүхэд түрүүлж цохьсон учраас би гомдолтой гэж бодож байсан. Цагдаад өгснийг Прокуророос хэрэгсэхгүй болгосон. Адилхан насны хүүхэд хоорондоо зодолдоод дууссан байхад манай хүүхэд буруутчихаар нь би гомдолтой байсан. Би нялх хүүхэдтэй учраас бичиг баримт цуглуулж явах зав гараагүй. Гол нь харилцсан зодолдсон учраас надад гомдолтой байна. Нас чацуу, 1 байранд амьдардаг, сагсны шийд дэээр тоглож байсан. Миний хүүг загнасан зогсож байхаар нь би очоод учраа олох гэж хичээсэн. Би айлын хүүхдийг гэмтээсэн бол би мөнгийн төлье, гэхдээ бөөнд нь төлж чадахгүй, бага багаар цуглуулж өгье гэсэн хүсэлт өгсөн. Гэтэл хүлээн авах боломжгүй гэж хэлсэн. Надад нэг дор бүгдийн өгөх боломжгүй. Би хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Манай нөхөр ажил хийдэг ч хоол унданд зарцуулаад дуусаад байгаа учраас нэг дор бүгдийн төлж чадахгүй байна. Адилхан харилцан зодолдсон учраас би гомдолтой байна. Гэхдээ баримтыг цуглуулаагүй нь миний буруу байсан. Манай хүүхдийн хамрын таславч адилхан мурийсан, гэмтсэн. Шагшаа эмнэлэгт бас үзүүлсэн. Энэ хүмүүс таг болохоор нь би томографикийн мөнгийг төлөхөөр залгахад утсаа аваагүй. Гэтэл манай хүүхдийг шүүхэд өгсөн байсан. Жоохон хүүхдэд хавтаст хэрэг нээдэг ямар аймаар хүмүүс вэ гэж бодсон. Байцаагч нь ямар ч асуудалгүй, 2 хүүхэд хоёулаа насанд хүрээгүй байна гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн шаардсан мөнгө нь үндэслэлтэй бол төлье гэж хэлсэн гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэг нь хамрыг цохьсон байна, нөгөө хүн нь төлье гэж байна. Иймд хоёулаа уян хатан хоорондоо ойлголцохыг хүсэж байна. Хүүхэд бүхэн ээж аавтай учраас хүний хүүхдийг хохироож, бүх зүйлийг буруугаар ойлгож болохгүй. Би байсан бол нэхсэн мөнгийг төлөх байсан байх. Нэхэмжлэлийн хангаж шийдэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

                                         

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.Э нь хариуцагч Б.Д, Г.Г нарт холбогдуулан хүү Х.А эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон эд хөрөнгөд учирсан хохиролд 1,317,369 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн хүү Х.А нь өөрсдийн хүү Д.Б эхэлж зодож, харилцан гэмтэл учруулсан хэдий ч хохирол төлбөрийг нь бага багаар хувааж төлье гэсэн тайлбар гаргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр насанд хүрээгүй Х.Анасанд хүрээгүй Д.Б зодож, түүний биед хамрын баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, духанд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 9144 тоот дүгнэлт, эмнэлгийн байгууллагад үзүүлсэн баримтуудаар тогтоогдсон боловч Д.Бнь 13 нас 4 сар, 24 хоногтой буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Дээрх тогтоолд хэн аль нь гомдол гаргаагүй үйл баримт тогтоогдсон.

Талууд Х.А Д.Б зодсон үйл баримт, эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон, эмчилгээ хийлгэсэн болон хийлгэх шаардлагатай байгаа талаар маргаагүй, харин харилцан зодоон байсан бөгөөд Д.Б ч гэсэн гэмтсэн гэж маргаж байна.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-т 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж заасан.

Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт зааснаар Д.Бучруулсан гэм хорыг арилгуулахаар эцэг, эхийг зохих ёсоор үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцагчаар тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй байна.

Х.А эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлохдоо толгойн компьютер томографийн төлбөр 120,000 төгрөг, эмчийн үзлэгийн төлбөрт 35,000 төгрөг, чих, хамар хоолойн үзлэг 40,000 төгрөг, хамрын компьютер томографийн төлбөр 36,000 төгрөг, эмийн төлбөр 48,600 төгрөг, хагалгаа хийлгэх зардал 946,769 төгрөг, шатахууны зардал 91,000 төгрөг, нийт 1,317,369 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд хохирлын хэмжээний талаар хариуцагч талаас маргаагүй болно.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Х.А хамрын хагалгаа хийлгэх зардал 946,769 төгрөгийг урьдчилан гаргуулахаар шаардсан боловч шүүхээс тус хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хагалгааг Х.А 18 насанд хүрсний дараа хийнэ гэсэн боловч энэ талаар эмчийн дүгнэлт байхгүй, Х.А нь одоо 13 нас 3 сартай бөгөөд 5 жилийн дараа хийгдэх эсэх нь шийдвэрлэх хагалгааны зардлыг урьдчилан гаргуулах үндэслэлгүй байна.

Иргэдийн төлөөлөгчөөс харилцан зодолдож бие биенээ гэмтээсэн боловч нэхэмжлэгчийн хохирлыг арилгуулах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нараас 370,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 946,769 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,028 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн хангагдсан дүнгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Д, Г.Г нараас 370,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Э олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 946,7690 төгрөг гаргуулах хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,028 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 11,471 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН

 

М.МӨНХТӨР