| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2024/0086/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/87 |
| Огноо | 2024-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал
Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******од холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: /
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед Завхан аймгийн ******* сумын багийн гэх газарт эхнэр үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа түүний зүүн талын гуя руу нь хөлөөрөө өшиглөж, ганзага сураар зүүн гар, баруун хөл рүү цохиж, нуруу руу ороолгож, эрүүл мэндэд баруун далны доод хэсэгт, зүүн шууны дотор дээд хэсэгт, зүүн шууны гадна хэсэгт зулгаралт, нурууны дунд хэсэгт, зүүн талын гуяны гадна дээд хэсэгт, баруун гуяны гадна доод хэсэгт, баруун өвдөгний үений хэсэгт цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед Завхан аймгийн ******* сумын багийн гэх газарт гэртээ эхнэр үл ялих зүйлээс болж шалтаглан маргалдаж түүний зүүн талын гуя руу нь өшиглөж, ганзага сураар зүүн гар, баруун хөл рүү цохиж, нуруу руу ороолгосон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
******* өөрийг нь сураар ороолгож, өшиглөж зодсоныг шууд тусган мэдүүлсэн хохирогч “...Өчигдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* сумын багийн нутаг гэдэг газарт хөдөө гэртээ байж байтал 13 цагийн үед манай нөхөр ******* бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдаад би дандаа дарамталж байх юм зайлаач гэж хэлэхэд миний зүүн талын гуя руу хөлөөрөө өшиглөж, гэр тойруулаад ганзага сураар миний зүүн гар, баруун хөл рүү цохиж, нуруу руу ороолгоод хөл, гар, зүүн ташаа хэсэгт хөхөрсөн. ...Нөхөр болох ******* намайг зодох үед хажууд манай том охин байсан. ...Миний зүүн талын ташаа хэсэгт алга дарам газар хөхөрсөн, нуруу болон зүүн гар хэсэгт сураар ороолгож сорви үүссэн мөн баруун гуя хэсэгт хөхөрсөн. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
******* Н.ийг ганзага сураар ороолгож, өшиглөснийг харснаа шууд тусган мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч ын “...2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед ээж, аав хоёр юм ярьж байгаад бага зэрэг маргалдах шиг болсон. Тэгээд аав ээжийг өшиглөөд, зодоод байсан. Өчигдөр орой ээжийн зүүн гар хэсэгт шалбарсан харагдсан. Ээжийг хөлөөрөө өшиглөж, сураар ороолгоод, толгой руу нь цохиод байсан...” гэсэн мэдүүлэг,
эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн тухай мэдүүлсэн гэрч /2024.08.24/ “...Би 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* сумын Эрүүл мэндийн төвд ээлжтэй байсан. 19 цаг 50 минутын үед ирж үзүүлэхэд зовуурь: өглөөнөөс хойш толгой өвдсөн, зүүн гарын тохойноос урагш шалбарсан, хорсоно, өвдөнө, 2 хөлийн гуя хэсгээр өвдөнө. Биеийн үзлэг хийхэд биеийн ерөнхий дунд хөдөлгөөн чөлөөтэй, зүрхний авиа тод, хэм жигд, артерийн даралт баруунд 137:95, зүүн гарт 120:80, сатурац 87, пульс 71, уушги чагналтаар цэвэр цулцангийн амьсгалтай, хэвийн зөөлөн эмзэглэлгүй, 2 хөлийн гуя, гарын шуу ил шархтай хөхөрсөн байдалтай байсан. Хэсэгчилсэн үзлэгт зүүн гарын шуу хэсэгт дээд хэсэгт урт 4см, ар доод хэсэгт 5см зурагдсан шархтай, нурууны гол хэсэг, 2 далны хооронд зурагдсан шархтай, урт 9см, өргөн 3см, зүүн гуя хөхөрсөн, хавдсан, дээд хэсэгт урт 12см, өргөн 11см, доод хэсэгт урт 16см, өргөн 8см, хөхрөлттэй, баруун гуя хөхөрсөн урт 8см, өргөн 3 см. Өвчний түүх өчигдөр өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нөхөр нь гуя хэсэгт өшиглөж зодсон, сураар ороолгосон гэх байдалтай байсан. ...ийн биед үүссэн хөхрөл, няцрал гэмтлүүд нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Хөхрөл няцрал нь 5 хоногоос дээш хугацаанд шарлалт явагдаж эдгэрэх шатанд ордог тул ийн биед учирсан хөхрөл няцрал ойрын 2 хоногийн хугацаанд үүссэн байх боломжтой гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ын “...Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, би түүний...зүүн талынх нь гуя руу өшиглөөд, гэрт байсан ганзагын сур аваад түүний мөр, дал, хөл, гар руу нь хэд хэдэн удаа ороолгож цохисон...Түүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 0000000321 дугаартай шинжээчийн “...1. биед баруун далны доод хэсэгт, зүүн шууны дотор дээд хэсэгт, зүүн шууны гадга хэсэгт зулгаралт, нурууны дунд хэсэгт, зүүн талын гуяны гадна хэсэгт, баруун гуяны гадна доод хэсэгт, баруун өвдөгний үений хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 4. биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасны дагуу хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Шүүгдэгч нь хохирогчийг цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч Н.ийг ганзага сураар ороолгон, хөлөөрөө өшиглөсөн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун далны доод хэсэгт, зүүн шууны дотор дээд хэсэгт, зүүн шууны гадга хэсэгт зулгаралт, нурууны дунд хэсэгт, зүүн талын гуяны гадна хэсэгт, баруун гуяны гадна доод хэсэгт, баруун өвдөгний үений хэсэгт цус хуралт хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь хохирогчийг цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол зориуд учруулсан.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” тухай ойлголтын обьектив талын шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг нэг удаагийн болон байнгын шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийн аль алинаар илэрч болох бөгөөд нэг удаагийн үйлдлийг тохиолдлын шинжтэй үйлдлээс ялган зүйлчлэх шаардлагатай.
“Гэр бүлийн хүчирхийлэл”-ийг нэг удаагийн үйлдлээр тодорхойлоход гэмт хэргийн субьектив талын шинж буюу уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн байдлыг нарийвчлан тогтоож, дүгнэлт хийх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн үйлдэл нь ямар нэг тодорхой учир шалтгаангүй, хохирогчийг тохуурхан даажигнах, нэр төр, алдар хүндийг нь гутаах, доромжлох, эрхшээл дарамтдаа оруулах зэрэг санаа зорилгоор сэтгэл санааны дарамт учруулж, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид нь хүч хэрэглэсэн үйлдлээр илэрч болно.
Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тайлбарт “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэдгийг гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн тухайд Д.*******, Н. нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Шүүгдэгч Д.******* нь үл ялих зүйлээр шалтаглан, цохиж зодсон нь нэг удаагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж, зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байх тул *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогчийн “ надад учирсан хохирлоо бүрэн төлсөн... тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан *******оос хураан авсан 54.5см урттай, 1см өргөнтэй нарийн сурыг буцаан олгож, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой ******* *******од Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч *******од 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 54,5 см урттай, 1 см өргөнтэй ганзага сурыг шүүгдэгч Д.*******од буцаан олгосугай.
7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ