Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/617

 

 

 

 

 

 

 

   

    2024          07          29                                      2024/ШЦТ/617

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлцэрэн  хөтлөн,

улсын яллагч Э.Анударь,

хохирогч С.Б ,

шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт Ч-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** аймагт төрсөн, * настай, **, дээд боловсрлтой, инженер мэргэжилтэй, “**”-**-д инженер ажилтай, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, *** гудамж ** дугаар байр, ** тоотод оршин суух хаягтай боловч **дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, Ш овогт Ч-н А /регистрийн дугаар ***/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.А 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудлын орчимд хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Би 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 04 цагийн үед ***” нэртэй  баарнаас гарч ирээд найз охинтойгоо маргалдаад байж байхад 3 залуу ирээд эмэгтэй хүнтэй муухай харьцлаа гэж хэлэхээр нь тэр 3 залуутай маргалдаж байгаад нүдний шилтэй нэг залуугийн хөлийг нь ноцолдож байгаад гэмтээчихсэн. Би хохирогчийн нэхэмжилж байгаа 5.823.000 төгрөгийг нөхөн төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Би 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө “**” зочид буудлын хажууд “***” гэдэг бааранд 2 найзтайгаа шөнийн 23 цагийн үед ороод 03-04 цагийн үед тухайн баарнаас гарсан. Баарнаас гарахдаа А бид 2 түрүүлж гараад П нойл орчихоод ирье гэсэн билүү тооцоо хийчихээд ирье гэж хэлсэн билүү, ямар ч байсан бид нар цувраад гарсан. А надаас 10 гаруй алхмын зайтай түрүүлээд явж байсан. Гэтэл А хүүе болиоч гэж хэлсэн. Учир нь байрных нь үүдэнд нэг залуу эмэгтэй хүн зодож байсан. А тухайн хүнийг очиж салгахад тэр залуу А руу дайраад тэд ноцолдож эхэлсэн. Би араас нь очиж салгасан. Гэтэл А намайг шууд заамдахаар нь би буцаагаад заамдаад байж байтал хажууд нэг залуу гартаа нэг зүйл бариад бидний хоорондох асуудалд ороод ирсэн. Тэр хүн А-н найз байсан байх. Тэгж байтал П гарч ирээд нөгөө бороохой барьж байсан залуутай бас танхай үйлдлийг нь зогсоох гээд нүүр тулгараад зогсож байсан. Би явъя, больцгоо, сүртэй юм боллоо, янз бүрийн юм болоод яах вэ гэж хэлсэн. Уг үйл явдал минут ч хүрээгүй. Тэгээд би такси барих гээд замын хажууд зогсож байтал араас нэг нь хөл рүү цохиод авах шиг болсон. Тэр үед яг хөл хугарчихлаа гэсэн мэдрэмж төрсөн, эргээд харахад энэ хэд яг миний ард зогсож байсан. А гэх энэ залуу эрээн цамцтай байсан, бороохой барьсан залуу нь цагаан фудволктой байсан ба надтай хамгийн ойр байсан. Тэгэхээр А гэх энэ залуу намайг өшиглөсөн болов уу гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч  С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2024 оны 05 дугаар сарийн 10-ны өдрөөсс 11-нд шилжих шөнө 01 цагийн үед нэрийг нь санахгүй байна нэг бааранд найз А, П нарын хамт ороод 2 цагийн үед тухайн баарнаас гарч ирсэн. А бид 2 баарнаас түрүүлээд гарсан бөгөөд П бие засах өрөө рүү орох гээд үлдсэн. А арай түрүүлж гарсан бөгөөд урд нэг саравчтай малгайтай эрэгтэй хүн нэг эмэгтэйг зодоод байсан, тэр үед А салгах гээд очсон. Гэтэл саравчтай залуу өөдөөс нь чи юу юм гээд учир зүггүй дайраад цохиод эхэлхээр нь би салгах гээд очтол хаанаас юм мэдэхгүй 2 залуу гараад ирсэн. Цаад талд нь цагаан фудволктой залуу бороохой бариад далайгаад яваад байсан. А эмэгтэйтэй нь зууралдаад байж байхад би замын хажуу талд зам руу хараад зүүн хөлөн дээр биенийхээ жинг өгөөд зогсож байх үедээ дөнгөж эргээд харахад эмэгтэйг зодож байсан шоон хээтэй цамцтай, цагаан малгайтай залуу миний зүүн хөлийн шилбэ рүү юугаар ч юм мэдэхгүй нэг хатуу зүйлээр цохиод хугалчихсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

 

Гэрч С.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө баарнаас 2 цагийн үед Б  бид 2 түрүүлж гараад П нойл орох гээд үлдсэн. Тэр үед нэг эмэгтэйг нэг саравчтай малгайтай эрэгтэй зодоод байхаар нь би очоод болиоч гэж хэлээд салгатал тухайн саравчтай малгайтай эрэгтэй чи одоо юу вэ гээд намайг хэд хэдэн удаа цохиод авсан. Гэтэл нөгөө эмэгтэй нь та болио гээд байсан. Хажуу талаас мөн Б  бас боль гээд байсан. Гэтэл 2 залуу гарч ирээд цагаан фудволктой, хар жилетиктай залуу нэг бороохойгоор далайгаад яваад байсан. Би тухайн эмэгтэйтэй нь зууралдаад тэр эмэгтэй намайг боль гээд байж байтал Б миний зүүн талд саравчтай малгайтай залуутай маргалдаад зогсож байсан. Нэг харахад Б боржур дээр суучихсан хөл эвгүй байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Гэрч Ц.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би нойл орчихоод араас нь гараад очтол Баянгол дүүргийн *** дугаар хороо “***”-ын зүүн талын уулзварын орчимд буюу хийдийн орчимд Б замын боржур дээр хөлөө жийгээд нэг хөлнийхөө шилбийг гаргачихсан гараараа бариад сууж байсан. Харин А нэг залуутай барьцалдаад зогсож байхаар нь би Б-с яасан бэ гэтэл миний хөлийг цохиод хугалчихлаа гээд нэг эмэгтэйтэй маргалдаж байсан залууг заасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах “***” буудлын орчимд ганцаараа явж байхад зочид буудлын баруун талд байх баарны авто зогсоолын хажууд төв зам дагуу нэг эрэгтэйг гурван залуу газар унагасан өшиглөж байхаар нь би явж очоод та нар хүн аллаа шүү дээ болиоч гэж хэлээд салгасан. Гэтэл тэр гурван залуу нөгөө залууг зодохоо болингуутаа намайг хэл амаар доромжлоод байж байтал нэг залуу нь цаана зам дагуу боржур дээр суучихсан хөл хугарчихлаа шүү дээ гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

Гэрч Т.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ...4 цагийн үед баарнаас гараад А бид 2 баарны гадаа хоорондоо юм яриад зогсож байхад 3 залуу бид нар дээр ирэхээр нь би тухайн газраас холдоод явсан бөгөөд хэсэг хугацааны дараа эргээд ирэхэд нэг нүдний шилтэй эрэгтэй нь хөлөө барьчихсан боржур дээр суучихсан А заагаад “энэ миний хөлийг хугалчихсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын ** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...С.Б-н биед зүүн шаант тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 35 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 дэх тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ч.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ч.А-д  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.

Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 35 дахь талд авагдсан байна.

Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг хохирогч С.Б-н сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б баримтаар нийт 2.523.000 төгрөг нэхэмжилсэн тул шүүгдэгч Ч.А-с 2.523.000 /хоёр сая таван зуун хорин гурван мянга/ төгрөг гаргуулж, С.Б-т олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.А энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ** овогт Ч-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-г 700/ долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.А-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700/ долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.А-с 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 2.523.000 /хоёр сая таван зуун хорин гурван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч С.Б-т олгосугай.

 

6. Шүүгдэгч Ч.А энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ