Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/618

 

 

 

 

 

 

 

 

    2024          07         29                                      2024/ШЦТ/618

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлцэрэн  хөтлөн,

улсын яллагч Э.Анударь,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ч-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр *** төрсөн, ** настай, ***, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, хувиараа “***” үсчин, гоо сайхны салон ажиллуулдаг гэх, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  Б овогт Ч-н Б /регистрийн дугаар **/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** байрны ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Ц.М-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...2024 оны 05 дугаар сарын 16-ны орой нөхөртэйгөө маргалдсан энэ үед намайг цохь, ал гэж хэлээд уурласан. Том өрөөнд байрлах босоо суурьтай гэрэл аваад май энүүгээр цохь гээд байхаар нь тухайн гэрлээр М-г цохьсон гэв.

 

Хохирогч  Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би эхнэр Б -тай 2012 оноос хамтран амьдарч эхэлсэн. Эхнэр Б өмнө нь амьдрал зохиож байсан ба тухайн хүнээсээ нэг хүүхэдтэйгээ ирж  байсан. Би мөн адил эхнэртэй байж байгаад албан ёсоор салаад Б-тай хамт амьдарсан. Бид 2 дундаасаа 2 хүүтэй. 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр би бага хүү Содбилэгтэй өөрийн аав ээж дээрээ очоод орой 19 цагийн үед гэртээ ирсэн. Эхнэр Б 2 цаг гаруй ганцаараа үглээд хэрүүл өдөөд байсан. Би тэр үед нь бага хүүгээ усанд оруулаад хичээлийг нь бэлдээд унтуулах болсон. Гэтэл дуугүй болохгүй хашхираад хэрүүл хийгээд байхаар нь миний дургүй хүрээд чи яасан сүртэй юм бэ, хоол идээд л оройтлоо, одоо унтах гэж байна гэж хэлээд хоорондоо хэрэлдсэн. Гэтэл манай эхнэр над руу дайраад миний өмсөж явсан хувцсыг ураад цээж хэсгийг маажихаар нь би болиулах гээд гарыг нь бариад байж байтал манай эхнэр эргэж хараад шалны гэрлийг бариад суурь хэсгээр нь миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тухайн хэрүүл маргаан нь том өрөөнд болсон ба гэрэл том өрөөнд байсан юм. Харин хүүхдүүд жижиг өрөөнд байсан. Манай эхнэр намайг цохих үед хүүхдүүд хажууд байгаагүй. Миний толгойноос цус гарахаар нь би гэрээс гараад явсан. Гэтэл манай эхнэр намайг агсам тавьсан гэж дуудлага өгсөн байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй мөн манай эхнэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тэр үед өөрийн эхнэртээ гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй. Миний цээж хэсгийг маажихаар нь би гарыг нь барьсан. Өөр үйлдэл хийгээгүй. Би сэтгэл санааны хохирлоо үнэлүүлэхгүй. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын ** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай шинжээчийн “...Ц.М-ийн биед духанд шарх, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ч.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт хохирогч Ц.М-ийн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол үнэлүүлэхгүй гэх баримт /хх-ийн 70 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгч Ч.Б- бусдад төлөх төлбөргүй болно.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.Б- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ