| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/02512/И |
| Дугаар | 102/ШШ2021/02977 |
| Огноо | 2021-11-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2021/02977
| 2021 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2021/02977 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, байр, тоот хаягт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, микро, дугаар байр, тоот хаягт оршин суух, Б овогт Д М/РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, байр, тоот хаягт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, дүгээр байр, тоот хаягт оршин суух, Х овогт Д Ц /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мнь Д.Ц1991 онд танилцаж, улмаар 2000 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ 0 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 2006 онд хүү Ц.М, 2008 онд охин Ц.М нар төрсөн. Гэтэл нөхөр Д.Ц нь 2014 оноос гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, хүүхэдтэй болсныг сүүлд мэдсэн бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцалж, Ц.М, Ц.М нарыг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Дундын хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.М 1991 онд анх танилцсан. Тэгээд холбоогүй байж байгаад 2000 онд таарч, тэрнээс хойш уулзаж, улмаар хамт амьдрах болсон. Д.М нь гэр бүлээс гадуурх харилцаатай байсан нь мэдэгдэж, гэрээс хөөж явуулахад эгч нь үр хүүхдээ бодоод эвлэр гэж гуйгаад бид эвлэрээд сүүлд гэрлэлтээ батлуулсан. 2018 онд Д.М, манай найз, жолооч, бид 4 салхинд гараад найз бид хоёр тасраад унахад жолоочтой цуг яваад өгсөн. Манай найз намайг гэр бүлээс гадуур хүүхэдтэй болохыг Д.М хэлсэн. Би 2019 оны зун гэрээсээ явсан, тусдаа амьдраад 3 жил болж байна. Гэрлэлт цуцалж, хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Д.Цхолбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаар гэрлэлт цуцлуулахаар шаардсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.М хариуцагч Д.Ц нар нь 2000 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтийн бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн нь болох гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар, хүү Ц.М нь 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн болох ньбүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар, охин Ц.М нь 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн болох нь Г- бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.
Гэрлэгчдэд шүүхээс 1 сарын хугацаа олгож, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүү, охин хоёр нь төрсөн цагаас хойш өнөөг хүртэл эхийн асрамжид байгааг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ц.М, 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ц.М нарыг эх Д.М асрамжид үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүүхдийн тэтгэлгийн талаар хуульд зохигчид тусгайлан тохиролцоогүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40.1.2-д заасныг баримтлан 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ц.М, 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ц.М нарыг 16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Х овогт Д Ц тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Зохигчид гэр бүлийн дундын хөрөнгийн талаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй болохыг эцэг Д.Ц, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Д.Ц нь эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байх үүрэгтэйг эх Д.М тайлбарлаж мэдэгдэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Д М /РД:/, хариуцагч Х овогт Д Ц /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ц.М, 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ц.М нарыг эх Д.М асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40.1.2-д заасныг баримтлан 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ц.М, 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ц.Мнарыг 16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ховогт Д.Ц тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах заалтыг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ