Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/03085

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/03085

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Хас банк ХХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, дугаар байр,  тоот хаягт оршин суух, Шарайд овогт Л Б /РД:/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 сарын 19-ний өдөр Л.Б нь Хас банк ХХК-тай дугаартай зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг 365 хоногт 18,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд  гэсэн дугаартай Барьцааны гэрээ байгуулж, Л.Б өмчлөлийн Баянзүрх дүүргийн дүгээр хороо, Ж дугаар гудамж,  тоот хаягт байршилтай, 35 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн хаягт байршилтай, 511 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар зэргийг барьцаалж Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. 2019 оны 11 сарын 18-ны өдөр Л.Б нь авсан зээлийн гэрээний үүрэгт 88,258,983 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах шаардлагыг Баянгол дүүргийн шүүхэд гаргаж, 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхээс М, Л.Б нараас 88,258,983 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа ч өнөөдрийн байдлаар ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй өдий хүрсэн. Иймд барьцааны гэрээний дагуу 88,258,983 төгрөгийг Л.Б барьцаалсан Баянзүрх дүүргийн  дүгээр хороо, Жаргалант  дугаар гудамж,  тоот хаягт байршилтай, 35 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн хаягт байршилтай, 511 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар хангуулж өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байна гэв.

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Б миний эрхэлдэг бизнес Япон улсад ур чадварын дадлагажигч илгээгчийг Хөдөлмөрийн яамны тусгай зөвшөөрлийн дагуу илгээх үйлчилгээ үзүүлдэг. Ковидын улмаас ажиллаж чадалгүй жил гаруйн хугацаа өнгөрсөн тул төлбөрөө төлж чадсангүй. Одоо энэ сарын 8-наас Япон улс ажилчид хүлээн авч эхэлсэн тул 2022 оны 1 сараас эхлэн зээлээ төлж дуусгах боломжтой. Иймд Хас банктай зээлийн график тохиролцох хүсэлттэй байна. Компанийн үйл ажиллагаа зогссоноос хойш миний бие жирэмсэн болж хөдөлмөр эрхэлж чадаагүй, одоо миний хүүхэд 9 сартай, би ажилдаа орох боломжтой болсон. Та бүхэн миний нөхцөл байдал сайжирсан байдлыг харгалзан үзэж эвлэрлийн гэрээ байгуулахад маань тусалж өгнө гэж найдаж байна. Би өөрийн зээлийг сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулах бүрэн боломжтой гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Л.Б холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг график гарган төлөх тайлбар гаргасан байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Л.Б 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр  тоот зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлж, уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн  тоот барьцааны гэрээ байгуулж, Л.Б өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалант,  дугаар гудамж  тоот хаягт байрлах, 35 м.кв талбайтай хувийн сууц, Л.Б өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалант,  дугаар гудамж,  тоот хаягт байрлах, 511 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

Уг гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 88,258,983 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00 дугаар шийдвэрээр хариуцагч нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хувааж төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг батлаж шийдвэрлэсэн байх ба дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай. Хариуцагч Л.Б нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй болох нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба шүүх барьцааны гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн  тоот барьцааны гэрээний дагуу барьцаалсан, Л.Б өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204018995 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалант, дугаар гудамж тоот хаягт байрлах, 35 м.кв талбайтай хувийн сууц, Л.Б өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн  дүгээр хороо, Жаргалант,  дугаар гудамж,  тоот хаягт байрлах, 511 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Болорцэцэг нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00  тоот шийдвэрийн дагуу 88,258,983 төгрөгийг нэхэмжлэгч Хас банк ХХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Б өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалант,  дугаар гудамж  тоот хаягт байрлах, 35 м.кв талбайтай хувийн сууц, Л.Б өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн  дүгээр хороо, Жаргалант,  дугаар гудамж,  тоот хаягт байрлах, 511 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ