| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0609/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/630 |
| Огноо | 2024-08-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-ЭРдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/630
2024 08 05 2024/ШЦТ/630
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлцэрэн хөтлөн,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч С.М-- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос У овогт С-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр *** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*****” Их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, У овогт С-н М /регистрийн дугаар ***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М-- 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсэрт байрлах “**-**” худалдааны төвийн явган хүний гарц дээр “Lexus CT200h” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...”, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ш.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.М-- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт “***” плазагийн зогсоолын төлбөр тушаах хэсэгт зогсоолын төлбөрийг интернет банкаар тушаасан, тэндээс өөрийн эзэмшлийн “Lexus CT200” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явган хүний гарц дээр явж байх үед миний хажуу талаас явган зорчигч гарч ирээд миний унаж явсан тээврийн хэрэгслийг мөргөөд газар унахад би машинаасаа буугаад нөгөө хүн дээр очиж босгосон. Тэр хүн “миний зүүн хөл өвдөөд байна” гэж хэлэхээр нь эмнэлэг авч явсан. Нөгөө хүн Гэмтэл согог судлалын Үндэсний төвд рентген зураг авхуулахад зүүн хөл нь гэмтсэн байсан ба хөлд нь гипс тавьсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8 дахь тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэрийн 9 дэх тал/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
Хохирогч Ш.Ш-э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн орчим *** зах орж дэлгүүрээс тамхи авах гээд Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” худалдааны төвийн явган хүний гарцаар гарах гээд явж байтал тээврийн хэрэгсэлд мөргүүлж газар унасан. Тухайн тээврийн хэрэгсэл миний зүүн хөлийн шагай дээгүүр гарсан. Жолооч нь намайг шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн. Тээврийн цагдаагийн албанаас миний утас руу залгаад хэрэг болсон газраа оч гэж хэлсэн. Би “***” сувилалд жижүүрийн ажил хийдэг. 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ажилдаа яваагүй бөгөөд сард 10 удаа гардаг, нэг гарааг 80.000 төгрөгөөр тооцож цалинжуулдаг. Дахиад сар гаруй ажилдаа явж чадахгүй байх тул 1.600.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг төлсөн тохиолдолд надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Гэрч С.Я-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүргэн М-н хамт машинтай “****” худалдааны төв рүү хөдөөнөөс ирээд хэрэгцээний юм авах гэж ороод мөнгө хураах цэг дээр мөнгөө тушаагаад хөдөлсөн. Мөнгө хураах цэгээс хөдлөөд хурд сааруулагч давах гэж байтал жолоочийн эсрэг талаас нэг явган зорчигч ороод ирсэн. Би тухайн үед машины арын суудал дээр суугаад явж байсан тул тэр хүнийг хараагүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27дахь тал/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын *** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Ш.Б-н биед зүүн /шилбэ/ тахилзуур ясны доод булууны хөндлөн хугарал, зүүн тохой, зүүн алганд зулгаралт, зүүн гарын долоовор хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
“Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны ** дугаар сарын **-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Уг авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхэлгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна. Зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаарлага хангаж байна. Баруун талын арыг харах толь цуурч хагарсан эвдрэл гэмтэлтэй байна. Баруун талын арыг харах толь цуурч хагарсан нь хуучин гэмтэл байна. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгаттай, ABS тоормосны системтэй. Урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан, мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй байна. Шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй авто тээврийн хувьд тоормос гишгэх үед ачсан ачаа, замын гадаргуу, тоормосны дөрөө дээр гишгэх хүч зэргээс шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ. Уг тээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллагаатай байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 946 дугаартай Мөрдөгчийн магдлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/,
“...Гомдол саналгүй, шинжээч томилуулахгүй...” гэх Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 19 дэх тал/, Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 22 дахь тал/, Ш.Ба- ад хохирол төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 23 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч С.М-- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч С.М--т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт шүүгдэгч С.М--аас 1.600.000 төгрөг төлсөн талаарх баримт /хх-ийн 23 дахь тал/, Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн талаарх баримт /хх-ийн 22 дахь тал/ тус тус авагдсан байх тул шүүгдэгч С.М-- бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.М-- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч У овогт С-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.М--т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М--т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
4. Шүүгдэгч С.М--т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.М--т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч С.М-- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ