| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0620/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/664 |
| Огноо | 2024-08-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/664
2024 08 14 2024/ШЦТ/644
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,
улсын яллагч Г.Энэрэл,
шүүгдэгч Б.Н - нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Б-н Н -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын ***-ны өдөр ** хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа борлуулалтын ажил хийдэг гэх, ам бүл **, эх, ах, эгч нарын хамт ** дүүргийн 13 дугаар хороо, ***тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дугаар сарын **-ны өдрийн 2019/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, А овогт Б-н Н - /РД:***/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Н - 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, ** байрны ** тоотод Н.О-т “Бидэ суултуурыг нэг айлд суурилуулаад мөнгийг нь шилжүүлье” гэж хуурч, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Н.О-н “Applebidet AB K-4823R” загварын 1 ширхэг суултуурыг шилжүүлэн авч, 940.000 төрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Н - нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н -гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Хохирогч Н.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Х” ХХК-иас зээлээр Applebidet “AB K-4832R” гэсэн суултуурыг өөрийн нэр дээр бичүүлж аваад тухайн суултуураа худалдан борлуулдаг ажил хийдэг юм. Манай танилын дүү болох Б.Н - надтай холбогдож надад Applebidet “AB K-4832R” төхөөрөмжийг худалдан авах хүн олж өгөөд дундаас нь 60.000-80.000 төгрөг авдаг байсан. 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** байрны ** тоот гэртээ байж байхад Б.Н - Applebidet “AB K-4832R” гэх төхөөрөмжийг аваад айлд суурилуулж өгчихөөд ирье гэж хэлээд нэг ширхэгийг авсан бөгөөд тухайн өдрөөс хойш надтай холбогдохгүй надаас авч явсан Applebidet “AB K-4832R” төхөөрөмжийн мөнгийг өгөхгүй зугтаагаад байгаа. Сүүлдээ Б.Н - миний утсыг блок хийсэн байхаар нь би цагдаад өргөдөл гаргасан...
...Б.Н - хохирол төлбөрийг бараа материалаар нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 16-17 дахь тал/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний 1824 дугаартай “... “Applebidet “AB K-4823R” 940.0000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Н -гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** байрны ** тоотоос Н.О гэх хүнээс очиж “Бидэ суултуур” авсан. “Бидэ суултуур”-аа Яармагт нэг айлд суурилуулж өгчихөөд тухайн хүнтэйгээ гэрээ хийж чадаагүйн улмаас хамт явж байсан М, Т, Б нарын нэгнийх нь данс руу 340.000 төгрөг шилжүүлж авчихаад (яг хэнийх нь данс руу авсанаа санахгүй байна) хамт явж байсан залуугаасаа мөнгөө бэлнээр гаргуулж авсан. Харин үлдсэн мөнгийг нь тухайн айлтай 3 сараар хувааж төлөх гэрээ хийнэ гэж хэлчихээд явсан. Тэр өдрөө нөгөө гуравтай хамт архи уугаад нилээд согтсон. Маргааш нь нөгөө айлдаа очиж гэрээ хийх гэтэл би согтуу байдалтай байсан тул нөгөө айлаа хайгаад олоогүй. Н.О гэх хүн надад ажил олж өгдөг бөгөөд би “Бидэ суултуур” худалдаж авах хүн олж өгөөд нэг суултуураас 70.000 төгрөг авдаг. Тухайн өдөр Н.О-с суултуур аваад Яармагт хүнд аваачиж өгөх захиалгатай байсан бөгөөд тухайн айлдаа аваачиж өгөх гээд очтол уг айл захиалсан суултуураа аваагүй болохоор нь найзуудтайгаа тухайн байрны гадна пиво ууж сууж байгаад суултуураа бариад уг байрны айлуудаар хаалга тогшиж байгаад нэг айлд суултуураа танилцуулан 4 сарын хугацаатай хувааж төлөхөөр урьдчилгаа 340.000 төгрөг аваад худалдан борлуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/ болон хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н - нь “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.О-н мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний *** дугаартай “... “Applebidet “AB K-4823R” 940.0000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэргийн үндсэн шинжийг “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж тодорхойлжээ.
“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Н - хохирогч Н.О-тэй танил ба урьд харилцаж байсан байдлаа буюу итгэлийг нь урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь худал хэлж авсан, мөн шилжүүлэн авсан мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан нөхцөл байдал тогтоогдох ба хохирогчийн зарж борлуулдаг Applebidet “AB K-4832R” гэх төхөөрөмжийг айлд суурилуулж өгчихөөд ирье гэж худал хэлж, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилжээ.
Шүүгдэгч Б.Н - өөрийн энэ үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Н -д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч Б.Н -г “хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Н -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар шүүгдэгч Б.Н -д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Н -гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Н -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н -гийн цагдан хоригдсон нийт 29 /хорин ес/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын /найман/ цагаар тооцон, түүний биечлэн эдлэх ялыг нийт 68 /жаран найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н -д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.
Хавтаст хэрэгт хохирогч Н.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Н - хохирол төлбөрийг бараа материалаар нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Б.Н -г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Н - цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт Б-н Н -г “хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Н -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Н -гийн цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын /найман/ цагаар тооцон, түүний биечлэн эдлэх ялыг нийт 68 /жаран найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н -д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н -д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт шүүгдэгч Б.Н -гийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ