Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр

Улсын яллагч Б.Батнасан

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Амаржаргал

Иргэний нэхэмжлэгч Н.Хандсүрэн

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгч Б.Гэрэлт-Одын өмгөөлөгч М.Энхзаяа

Гэрч Ч.Алтанхүү, С.Батзаяа/онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215  дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гэрэлт-Одод холбогдох 201707000006 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын харьяат, халх, 1987 оны  08 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 5, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 42А байр 62 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, ДЮ87082110 регистрийн дугаартай, Тангуд овогт Болдбаатарын Гэрэлт-Од гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Гэрэлт-Од нь 93-65 ГЧ, 93-66 ГЧ улсын дугаартай хоёр чиргүүлдээ ачаа ачсан “Алтайн Хүдэр” ХХК-ийн 215 парк дугаартай, хүнд даацын Хово/HOWO/ маркын 7013 УНЦ улсын лугаартай авто чирэгчийг жолоодож “Алтайн Хүдэр” ХХК-ийн уулсын баяжуулах Таян нуурын үйлдвэрээс улсын хилийн Бургастайн боомт руу замын хөдөлгөөнд оролцож явахдаа Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт Хонхор заг гэх газар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10 цагийн орчим тээврийн хэрэгслээ асаагаад эзэнгүй орхихдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь хэсэгт заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс  нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө”  гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэл газрын уруу өнхөрч, улмаар иргэн Л.Жонь, С.Сарангэрэл нарын гэрүүдийг дайрч, С.Сарангэрэлийн гэрт байсан 5 настай охин С.Содгэрэлийг дайрч амь насыг нь хохироосон, иргэн С.Сарангэрэлд үлэмж хэмжээний буюу 14.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон, иргэн С.Амаржаргалын биед хөнгөн гэмтэл учруулсан, иргэн Л.Жоньд 445.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Гэрэлт-Од нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр уурхайгаас гараад 01 дүгээр сарын 02-ны 02 цагийн үед Хонхор заг гэдэг газар очиж хоносон. Өглөө нь 9 цагийн үед сэрсэн. Сэрээд машинаа нормалдаж орхиод Жонь гэдэг айлд А.Одмандах жолоочтой хамт орсон. Эхлээд хоол өгөхөөр түүнийг идчихээд дараа нь дахиад бэлэн гоймон идэх гэж байхад түр тар гэсэн. Хаалгыг нь нээгээд гарах гэсэн миний машины чиргүүл өнхөрч байсан. Өө миний машин байна гээд гарах гэсэн чинь унь унаад гарч болохгүй байсан. Аргалаад гараад харахад миний машин зогсчихсон байсан. Хүмүүс гарч ирээд хүнээ бүртгэх үед Сарангэрэл гэх хүн охин байхгүй байсан. Бид нар хойд дугуйг шалгаж үзэх үед байхгүй байсан. Урд дугуй нь заг дайраад зогссон байсныг шалгаад үзэхэд тэр дугуйн дор байсан. Тэгээд дугуйг нь данхраадаж байгаад авсан гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Амаржаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би сум дээр байдаг. Ээж аав хоёр маань гуанз гаргаж байгаа гээд  дүү нар, охины маань цэцэрлэг амраад бид нар шинэ жил тэмдэглэх гээд аав, ээж дээрээ ирсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь босоод би орон дээр сууж байсан. Тэгсэн орноосоо босохын завдалгүй юманд мөргүүлээд уначихсан байсан. Босоод ирэх үед манай охин байхгүй хайгаад байж байсан. Тэгээд хөдөөнөөс хүн дуудаж байж машиныг данхраадаж байж охиноо авсан. 100.000.000 төгрөг нэхэмжилсэн нь анх нэхэмжлэх зүйл байна уу? гэхээр нь 100.000.000 төгрөг нэхэмжилж байна гээд хэлчихсэн юм. Одоо охиныхоо тухайд мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, ээж, аав хоёр маань эвдэрч хэмхэрсэн эд зүйлээ нэхэмжилж байгаа. Б.Гэрэлт-Од өөрөө 500.000 төгрөг өгсөн. Бусдыг нь ээж, ах нар нь л мөнгө төгрөг өгч байсан. Би сүүлийн 500.000 төгрөгийг өөрөө ярьж байж хэрэг болоод байна гээд авсан. Анх нас барахад нь хотоос охины аав ирсэн. Мөрдөн байцаалтанд ирэхдээ аймагт ирээд буудалд байрлацгаасан юм. Тэр үед будаалганы гээд эд зүйл, мөнгө төгрөг өгсөн. Өөрийнхөө дансаар 640.000 төгрөг авсан. Б.Гэрэлт-Одоос одоо сэтгэлийн хохирлыг барагдуулмаар байна. Тэрийг өөртэй нь уулзаж ярилцаад зохицох гэсэн боловч уулзаж ярилцаагүй. Өнөөдөр өглөө ах нь гэж хүн ирээд ээж, аав хоёрын чинь нэхэмжлэлийн мөнгийг зохицуулж байна гэж хэлсэн. Уг нь би хүнийг шоронд хийгээд яахуу гэж бодоод ээжтэй нь холбогдсон боловч хүлээн зөвшөөрөөгүй. Гомдолтой байна. Өөрөө хүүхэдтэй хүн надад ямар байгааг мэдэж байгаа байх. Зан үйлтэй холбоотой бусад бүх зардал аав, ээж хоёроос гарсан гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Хандсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө босоод ирэх үед машинаа манай гэр рүү чиглүүлээд тавьсан байсан. Цайгаа чанаад байж байхад түр тар гэх чимээ гарсан. Гэрээс гарах гээд амбаарт зогсож байсан чинь миний хажуугаар машин дайраад орж байсан. Тэгээд санахгүй байна. Нэг харахад манай буйран дээр машин зогсож байсан. Юу болов яав гэхэд манай нөхөр, зээтэй хамт гарч ирсэн. Би бусад нь дарагдаж байгаа юм байх гэж бодтол энэ хүн зээ нартай гарч ирсэн. Манай нэг зээ охин байхгүй байсан. Машин доор байгаа байх гэж бодоод хайсан олоогүй. Манай охин дүүгээ хөдөөний нэг айл руу гүйлгэсэн байсан. Тэр хүмүүс ирээд бид нар бүгд нийлж хайгаад машин данхраадаж байгаад охиноо олж авсан. Манай гэрийг бүгдийг нь хамж ирээд түлээтэй нийлүүлсэн гэрийн буйран дээр шар машин л байсан. Тухайн үед ийм зүйл хохирсон гэж гаргах боломж байгаагүй. Нутгийн хүмүүс, манай хамаатан садан л нааш цааш нь болгож байсан. Ламаас асуухад тэнд нь орхиод шатаа гэж байсан. Байцаалт болоод явсны дараа бүгдийг нь шатаасан гэхдээ хүнийг хохироож монжих санаа байхгүй байна. Өөрийнхөө хэрэглэж байсан мэдэх зүйлээ л бичсэн. Тэр үед шинэ жил болно гээд гайгүй гэсэн хувцастайгаа ирсэн байсан. Тэгтэл хувцас нь шатаагүй боловч цогон дээр унаад, түлэгдээд өмсөх аргагүй болсон тул ганц нэг хувцас бичсэн. Б.Гэрэлт-Одын ах дүүс ирээд талийгаачид зориулж 500.000 төгрөг тавьсан. Түүнээс хойш уулзаагүй. Энэ гурвыг ирэх үед замаас нь тосож аваад буудалд буулгасан байсан. Дараа нь Б.Гэрэлт-Одоос 49 хоногоор нь 100.000 төгрөг, сая 500.000 төгрөг өгсөн. Хотоос ирэх үедээ охин маань зардалгүй болчихоод 40.000 төгрөг авсан нь үнэн. Зөвшөөрөлгүй газар гэж байгаа нь манай эмээ тэнд ганцаараа байна. Та хоёр ирээд хамт буу гэхээр нь амьдралын асуудлаар ирж буусан. 2016 оны 06 сард ирж буугаад 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тийм зүйл болсон. Зөвшөөрөлгүй байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Мэргэжлийн хяналтаас хүн ирж хөөж байсан зүйл байхгүй. Б.Гэрэлт-Од нь хохирлоо төлсөн тохиолдолд нэмж нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Алтайн-Хүдэр ХХК-ийн жолооч Б. Гэрэлт-Од нь анхаарал болгоомжгүй улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн байна. Осол болсны дараа компани хохирогчийн ар гэрт шаардлагатай туслалцаа үзүүлсэн. Боломжийн хэмжээнд асуудлыг шийдвэрлэсэн. 3.700.000 орчим төгрөг тусламж үзүүлсэн бөгөөд сүүлдээ энэ гэрийг авахгүй гэсэн тул бид нар хүлээн зөвшөөрсөн. Гэрийн үнийг хасаад үлдсэн хохирлыг төлж барагдуулах ёстой гэсэн ойлголттой байна. Одоогийн байдлаар 8.395.000 төгрөгийг хохирогчийн нэхэмжилж байгаа дүнгээс хасах ёстой. Тухайн үед 400.000 төгрөг бэлэн өгсөн үүнийг хохирол барагдуулсанд тооцохгүй яг бэлнээр өгсөн 400.000 төгрөг байгаа түүнийг хохирол гэж тооцно бусад зүйлсийг манай байгууллагаас өгсөн тусламж дэмжлэг гэж ойлгож байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч А.Одмандахын мэдүүлэг/1-р хх 123-125-рт/, гэрч Х.Амартүвшингийн мэдүүлэг/1-р хх 139-140-рт/, шинжээч Б.Түмэнбаярын дүгнэлт/1-р хх 146-147-рт/, шинжээч Б.Түмэнбаярын мэдүүлэг/1-р хх 175-176-рт/, шүүгдэгч Б.Гэрэлт-Одын сэжигтнээр өгсөн мэдүүлэг/1-р хх 210-213-рт/, шүүгдэгч Б.Гэрэлт-Одын яллагдагчаар өгсөн мэдүүлэг/1-р хх 214-217-рт/, шинжээчийн дахин дүгнэлт 2-р хх 25-30-рт, шинжээч Д.Жаргалыг байцаасан тэмдэглэл/2-р хх 29-30-рт/, Хүнд даацийн тээврийн хэрэгслийн үзлэгийн хуудас/1-р хх 24-рт/, авто техникийн ослын акт дүгнэлт/1-р хх 28-рт/, үзлэг засварын хуудас/1-р хх 39-рт/, аюулгүй ажиллагааны зааварчилгаа/1-р хх 35-рт/, хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл/2-р хх 6-11-рт/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх 18-21-рт/ зэрэг нотлох баримтуудад,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: Эд зүйлийн үнэлгээ/ 1-р хх 180-191-рт/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн бензиний баримтууд, тухайн үеийн буяны үйлтэй холбоотой 2 ширхэг баримт, 21, 49 хоногийн зарлагын баримт, сумаас ирсэн баримтууд, хувийн машин баримт хийхгүй байгаа, Буудайн хөх уулс ХХК нь Таванбогд гэсэн дэлгүүрээс авч гэр гуанз гаргаад дэлгүүртэй ажиллуулж байсан тул түүний тамгатай 3 баримт зэрэг нотлох баримтдуудад,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн хүсэлтээр: Хөдөлмөрийн гэрээ/1-р хх 46-рт/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол/1-р хх 83-рт/, хохирол нэхэмжилсэн баримт/1-р хх 86-рт/, ял шалгах хуудас/1-р хх 235-рт/, эд зүйлсийн үнэлгээ/1-р хх 180-191-рт/, хохирогчийн эд зүйлсийн үнэлгээг нарийвчилж тогтоож өгнө үү гэх зэрэг өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд, шинжээчийн дүгнэлт/2-р хх 27-рт/, шинжээч Б.Түмэнбаярын анхны шинжээчийн дүгнэлт/1-р хх 146-147-рт/, шинжээч Д.Жаргалын байцаалт/2-р хх 29-рт/ зэрэг баримтуудад тус тус үзлэг хийж, шинжлэн судлав.

 

  Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

  Шүүгдэгч Б.Гэрэлт-Од нь 93-65 ГЧ, 93-66 ГЧ улсын дугаартай хоёр чиргүүлдээ ачаа ачсан “Алтайн Хүдэр” ХХК-ийн 215 парк дугаартай, хүнд даацын Хово/HOWO/ маркын 7013 УНЦ улсын лугаартай авто чирэгчийг жолоодож “Алтайн Хүдэр” ХХК-ийн уулсын баяжуулах Таян нуурын үйлдвэрээс улсын хилийн Бургастайн боомт руу замын хөдөлгөөнд оролцож явахдаа Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт Хонхор заг гэх газар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10 цагийн орчим тээврийн хэрэгслээ асаагаад эзэнгүй орхихдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь хэсэгт заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс  нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө”  гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэл газрын уруу өнхөрч, улмаар иргэн Л.Жонь, С.Сарангэрэл нарын гэрүүдийг дайрч, С.Сарангэрэлийн гэрт байсан 5 настай охин С.Содгэрэлийг дайрч амь насыг нь хохироосон, иргэн С.Сарангэрэл үлэмж хэмжээний буюу 14.290.000 төгрөгийн хохирол учруулсан, иргэн С.Амаржаргалын биед хөнгөн гэмтэл учруулсан, иргэн Л.Жоньд 445.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь

 

  Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017.01.02-ны өдөр 10 цаг өнгөрч байхад манай гэрийнхэн босоод гэртээ байж байх үед гэнэт юм пижигнээд ирсэн, тэгээд хүүе гэхийн зуургүй гэр лүү машин дайраад ороод ирсэн байсан, тухайн үед би юманд цохигдож ухаан алдаж унасан байсан... Тэгээд би сэргээд ирэхэд манай охин Содгэрэл байхгүй байсан ба манайхан охиныг хайсан чинь машины урд дугуйн доор орсон байсан. Тэгээд тухайн үед жолооч нь манай хажуу талын айлд хоол идэж байгаад гарч ирсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 89-92-рт/,

 

  Иргэний нэхэмжлэгч С.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед охин маань газар дээрээ нас барсан амьсгалгүй байсан... Сэтгэл санааны хохирол, хүний амины хохирол, эд материалын хохирол учирсан, гэрт агуулж байсан жоохон наймааны хохирол учирсан. " гэх мэдүүлэг /1-р хх 100-102-рт/,

 

Иргэний нэхэмжлэгч Н.Хандсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Бараа материалыг аймгийн төвийн Алтай таван богд гэх бөөний төвөөс болон бусад газраас худалдан авч байсан баримт материал  байгаа... Тухайн  эд зүйлсийг манайх осол болсны нөгөөдөр нь сумруу нүүхдээ бүх зүйлсийг шатаачихсан юм... Манайх өөрийн хэрэглэж байсан эд зүйлс болон бусад эд зүйлсийг ашиглах боломжгүй хувцас хунар зэргийг тухайн үед шатаачихсан юм. Түүнээс гэрт байхгүй байсан ямар нэгэн эд   зүйлийг   нэхэмжилж бичсэн зүйл байхгүй... Алтайн хүдэр ХХК-ийн зүгээс 400.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн дээрээс нь дан бүрээстэй гэр нэгийг тухайн үед өгч байсан боловч манайх тухайн гэрийг ашиглахад хангалтгүй байгаа тул буцаан өгөх болно, тэгээд комиссийн үнэлсэн үнэлгээгээр гэрээ төлүүлж авах хүсэлтэй байна. Гэрэлт-Одын хувьд 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа. Өөр ямар нэгэн хохирол барагдуулсан зүйл байхгүй байгаа... Миний нэхэмжилж байгаа зүйлсийг гаргуулж өгнө үү. Би  ямар  нэгэн  илүү дутуу зүйл  нэхэмжлээгүй... Сарангэрэлээс урд өмнө гаргасан нэхэмжлэлд тухайн үед Алтайн хүдэр ХХК-иас өгсөн 400.000 төгрөг болон Гэрэлт-Одоос өгсөн 500.000 төгрөгийг оролцуулан гэрийн хаалга, тооно, давхарлагаа зэрэг зүйлсийг сольж барих тооцоо гаргаж мөнгийг бодоод 2.650.000 төгрөгийг хасна гэж тооцоолж байсан юм. Гэхдээ одоо гэрийг манайх ашиглах боломжгүй тул буцаан өгөөд үнэлгээгээр нь мөнгөө нэхэмжилнэ. Нийт үнэлгээгээр гарсан 14.290.000 төгрөгний хохирлоос 900.000 төгрөгийг хасаад 13.390.000 төгрөгийг албан ёсоор нэхэмжилж байна" гэх мэдүүлэг /2-р хх 21-23-рт/,

 

Иргэний нэхэмжлэгч Л.Жонийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би амбаараа 450.000 төгрөг, гэрийн хаалга 150.000 төгрөг, Тооно 120.000, Хана 1 ширхэг 60.000 төгрөг, Багана 2 ширхэг 70.000 төгрөг, унь 10 ширхэг 25.000, антены дуран 15.000 төгрөг нийт 890.000 төгрөгний хохирол учирсан байгаа тул  нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх 97-99-рт/,

 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай компаний жолоочийн буруугаас болж хүний амь нас хохирсон, эд хөрөнгө хохирсон хэрэг болсон. Иргэний нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэх зүйлийг нотлох баримтаа бүрдүүлсний дараа бүрэн барагдуулах болно. Гэхдээ тухайн хэргийн гэм буруутан шүүхээр эцэслэн   тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдээс манай компани иргэний журмаар нэхэмжлэх болно... Алтайн Хүдэр ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А-79/16 тоот тушаал нь Алтайн Хүдэр ХХК-ийн Таяннуурын уурхайгаас Бургастайн боомт хүртэлх болон Бургастайн боомтоос Таян нуурын уурхай хүртэлх замд тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулсан журам байгаа юм... Тээврийн хэрэгслийн жолооч нар тодорхой зам туулсны дараа зогсолт хийж машиныхаа бүрэн бүтэн байдал эвдрэл гэмтлийг шалгаж үзлэг хийж байх ёстой. Тухайн журмын 5.3-д зааснаар 21, 45, 96, 117, 130, 156 км-ын цэгүүдэд зогсож тээврийн хэрэгслийг шалгах ёстой.  Зааварт зааснаар 96 дахь км-ын хэсэгт зааснаар түр амарч болдог. 5.4 дэх заалт нь машин эвдэрсэн болон цаг агаарын байгалийн гамшиг учирсан, автомашин явах боломжгүй тохиолдолд зогсохыг зохицуулсан заалт байгаа юм. 5.7 нь тээврийн хэрэгслийн жолооч нар хийж болохгүй үйлдлүүдийг зааж өгсөн хориглосон заалттай. 5.7.1 нь маршрутын бус замаар тээвэрлэлт хийх, тээвэрлэлтийн замд шалтгаангүй зогсолт хийх, замын трансын  ойролцоох айлуудад түр буудаллахыг хатуу хориглоно гэсэн заалт байна... Тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол байхгүй учир нэхэмжлэх зүйл байхгүй... Алтай Ложистик ХХК-ийн зүгээс хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт нийтдээ материаллаг зүйлс болох гэр, нүүлгэн шилжүүлэх тээврийн зардал болон буяны ажилд холбогдолтойгоор тусламж үзүүлсэн, нийтдээ 3.800.000 орчим төгрөгний тусламжийг үзүүлээд байгаа" гэх мэдүүлэг /1-р хх 103-107-рт/,

 

Гэрч А.Одмандахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний орой Бургастайн боомтод очиж ачаагаа буулгаад шөнө буцаж яваад 2017 оны 01 дүгээр сарын 02-ны 04 цагийн орчим Хонхор заг гэх газар ирэхэд Парк дугаар 215 болон 202 дугаартай машинууд тухайн газар ирчихсэн айлын гадаа унтаж байсан. Тэгээд би унтаад өглөө 09 цаг 30 минутын орчим босоод машиныхаа масло тосыг үзчихээд машинаа асааж орхиод хамгийн зүүн талд байх нэг эмээгийн гэрт Гэрэлт-Одтой цуг орсон. Тухайн үед Бургастайн боомтоос Алтайн хүдэр чиглэлд явж байсан болохоор замаас дөнгөж гараад машинаа паркалсан байсан. Тэр 2 машин нь ачаатайгаа Бургастайн чиглэлд явж байсан. Тэгээд эмээгийн гэрт ороод тэр хоёр машины жолоочтой цай уух гээд байж байхад Гэрэлт-Од гарчихаад ирье гээд гарсан юм. Тэр үед би бэлэн хоол идэх гээд дэвтээгээд орхисон байсан юм. Тэгээд эргээд орж ирээд удаагүй байтал машин тухайн эмээгийн амбаарыг мөргөөд гэрий унь нь унаад ороод ирсэн тэгсэн Гэрэлт-Од нь миний машин өнхөрч байна ш дээ гээд гараад гүйчихсэн. Тэгээд би хамгийн сүүлд эмээг аваад гэрээс гараад ирэхэд Гэрэлт-Одын парк 215 дугаартай автомашин тухайн эмээгийн амбаарыг мөргөөд баруун талд нь байсан айлын гэрийг бүтнээр нь мөргөөд зогссон байсан...тэр нэг айлын хүүхэл байхгүй, нурсан гэрийн доор машин доор орсон байсан бид нар эхлээд машины арын тэнхлэг хэсгээс ухаад хүүхдийг олоогүй юм. Тэгээд тэнд нурсан зүйлсээс нь холдуулж ухалцаж өгөөд өөрийнхөө данхраадыг гаргаж өгөөд автомашины буруу талын урд талын дугуйн доор дарагдсан байсныг гаргаж авсан.... гаргаад ирэхэд нас барсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 123-124-рт/,

 

Гэрч С.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Гэнэт тар няр гэх чимээ гараад гэрийн урд талаас унь унаад ороод ирсэн. Тэгээд яахын завдалгүй бид нарын байсан айлын үүдний амбаарыг мөргөөд гэрийн урд талын хэсэг нураад баруун талд нь байсан айлыг дайраад зогссон байсан. Тэгээд гараад ирсэн чинь хүмүүс орилолдоод “хүүхэд байхгүй байна” гээд сандралдаад машины доогуур байсан эсгий болон эд зүйлсийг холдуулаад хайсан. Тэгээд хайж байхад машины буруу талын урд дугуйн дороос хүүхдийн толгой нь цухуйж гарч ирсэн. Тэгээд машин ухраа гээд би машиныг ухраах гэсэн боловч машин ухрахгүй байсан. Тэр үед Одмандах, Гэрэлт-Од нар нь айгаад машинд орж чадахгүй байсан юм. Тэгээд машин ухрахгүй байхаар нь данхраадаа авч ирээд тухайн үед нэг Уаз-469 маркын машинтай хүмүүс ирсэн байсан учир тэр хүмүүс орж данхраадсан тэгээд тухайн хүүхдийг машины дугуйн доороос гаргаж ирсэн юм. Тухайн хүүхдийг анх олоход аав нь үзээд нас барсан байна гэж байсан тэр хүнийг Сараа гэж байсан санагдаж байна... 215 парк дугаартай автомашиныг гэрийн чиглэлд харуулаад гэрүүдийн зүүн талд бага зэрэг уруу газар зогсоосон байсан... Ивүүр хийгээгүй байсан... Зогсохдоо ивүүр хийж аюулгүй талруугаа үрүүлээ дарж зогсох ёстой... Гар карданыг зогсох болгондоо байнга татах ёстой. Гар кардан татсан тохиолдолд машин өнхрөхгүй... Хий хураагаагүй тохиолдолд автомашины шөрмөс зуураад барьчихдаг үндсэндээ хөдлөхгүй гэсэн үг... Аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөх талаар ачаа ачаад явах болгонд хэлж өгдөг. Тэгээд наряд дээр гарын үсэг зуруулж авдаг юм. Түр зогсолт хийх үед ослын зогсолтын тэмдэг тавьж, аюулгүй байдлыг хангаж гар карданыг татна, уруу газар буюу өнхрөх магадлалтай газар ивүүр хийх ёстой… Гэрэлт-Од нь машинаа асаачихаад гэрт ороод ойролцоогоор 10 орчим минут болсон байх…” гэх мэдүүлэг/1-р хх 126-128-рт/,

 

Гэрч Ч.Алтанхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би HOWO/Хово/ тээврийн хэлтэст ээлжийн мастер ажилтай. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг оношилдог. Автомашин тээвэрт яваад ирэх болгонд үзлэг хийж, эвдрэл гэмтэлтэй тохиолдолд засварын механик томилж засвар үйлчилгээг хийлгэдэг... Парк 215 дугаартай автомашин хамгийн сүүлд 1-р чиргүүлийн буруу талын тонголзуур, 1-р чиргүүлийн зөв талын урд талын наклад гэмтэлтэй байсан учир механик томилж   наряд өгөөд засварласан байгаа. Тэгээд тухайн ажилд явахдаа ямар нэгэн гэмтэл байгаагүй, явах эд болон тормозны системд гэмтэл байгаагүй хэвийн ажиллаж байсан... Түр зогсоохдоо эхний ээлжинд гар карданыг татах ёстой, дараагийн дугаарт ивүүрийг ивсэн байх ёстой, машиныг унтрааж зогссон үед арааг залгаж орхино, үрүүлийг дарж дугуйг газрын өөд аюулгүй талруу харуулж зогсох ёстой... Автомашиныг асаалттай орхисон тохиолдолд карданыг татаж, ивүүрийг ивсэн байх шаардлагатай... Автомашиныг асааж нормаалдаад гар карданыг татсан тохиолдолд автомашин өнхрөхгүй... Шөрмөс татсан автомашин хөдлөхгүй. Шөрмөс татна гэдэг нь автомашин кардан татсан тохиолдолд хийн түрүүпээр хийн баллоноос гарч буй тундас бөглөөд хий орж ирэх сүвийг бөглөхийг шөрмөс татах гэдэг юм. Ийм тохиолдолд автомашины наклад барванаа тэлээд зуураад зогссон байна гэсэн үг юм... Баяжмал тээвэрлэж явах үед автомашин саатахаас бусад тохиолдолд зогсохыг зөвшөөрсөн кармаа зогсоолууд байгаа... Миний сонссоноор айлын гадаа зогсох зөвшөөрөлгүй газар тухайн жолооч зогссон байсан... Би 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тухайн автомашиныг ажилд гарахад нь шалгахад бүрэн бүтэн ажиллагаатай байсан” гэх мэдүүлэг/1-р хх 130-132-рт/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт:

1. Талийгаач С.Содгэрэлийн биед гэмтэл учирсан байна.

2. Талийгаачийн биед олон яс уулзах үеэр салсан хугарал, умдаг ясны далд хугарал, зүүн шилбэ, шаант ясны ил хугарал, нүүрний зүүн хэсгийг хамарсан цус хуралт, зүүн чихний урд, зүүн шанаа, баруун хацар, эрүүний оочинд зулгаралт, баруун шуунд цус хуралт, баруун хөхний дээд хэсэгт зулгаралт, баруун хөхний доод хэсэг, аюулхай,  хүйсний  баруун дээд хэсэгт цус хуралт,  зүүн хөхний доод хэсэгт зулгаралт,  үүний  зүүн  хэсэгт  цус  хуралт, зүүн эгэмний дунд шугамаар  5-р хавирганы түвшингээс доош хүйсний зүүн дээд хэсэгт хүрсэн зулгаралт, зүүн бугалга, зүүн дал, хүйсний доод хэсэг, умдаг, баруун гуя, зүүн гуянд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зүүн өвдөгний дотор хэсгээс шилбэний дотор дунд ар хэсгийг хамарсан эдийн дутагдалтай шарх, баруун ташаа,   баруун   даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Талийгаачийн   биед  үүссэн  дээрх   гэмтлүүд   нь   нас  барахад нөлөөлсөн байна.

5. Талийгаач нь олон хавсарсан гэмтэл, дарагдлын улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 141-145-рт/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 27 дугаартай акт:

1. С.Амаржаргалын биед тархи доргилт, зүүн тохой, дух, баруун сарвуу, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, баруун дээд 1-р шүдний 1-р зэргийн хөдөлгөөн гэмтэл  тогтоогдлоо.  

2. Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/1-р хх 152-153-рт/,

 

-Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, шинжээч Б.Түмэнбаярын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлт:

 

1. Howo /Хово/ маркын 70-13 УНЦ улсын дугаартай автомашины жолооч Б.Гэрэлт-Од нь: түр ба удаан зогсох үйлдлийг хийхдээ Монгол Улсын Замын   хөдөлгөөний дүрмийн 11-р бүлгийн 11.3-д заасан: “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдэл байна.

2. Howo /Хово/ маркын 70-13 УНЦ улсын дугаартай автомашины жолооч Б.Гэрэлт-Од нь өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явах үүргээ биелүүлээгүйн улмаас осол үйлдэгдэхэд нөлөөлсөн байна” гэх дүгнэлт /1-р хх 147-рт/,

 

Шинжээч Б.Түмэнбаярыг байцаасан “...Удаан хугацаагаар зогсох үед ачааны том машины заавал ивүүр хийсэн байж ёстой...налуу хазгай газарт тээврийн хэрэгслийг асаалттай орхисон байх үедээ заавал ивүүр хийх зайлшгүй шаардлагатай...тухайн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байдаг. Тухайн жолооч автомашинаа жолоочгүйгээр хөдлөх боломжгүй болгож заавал ивүүр хийсэн байх шаардлагатай. Тухайн газрын нөхцөл байдлыг бодсон ч уруу газар ивүүр хийх ёстой...автомашинд үзлэг хийхэд автомашины кардан татсан байсан...” гэх тэмдэглэл /1-р хх 176-рт/,

 

-Хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 3-11-рт/,

-Талийгаач С.Содгэрэлийн гадна биед болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх 12-17-рт/,

-7013 УНЦ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх 18-22-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Гэрэлт-Одод холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэрэлт-Одын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: ...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар тогтоогдох ёстой зүйлс тогтоогдоогүй буюу замын цагдаагийн байцаагч нарын 2 өөр шинжээчийн дүгнэлт гарсан байгаа бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж 5 хүний бүрэлдэхүүнтэй нэмэлт шинжилгээг хийлгэж өгнө үү... гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь шинжээч Д.Жаргал, Б.Мөнхнасан, М.Дашдорж нарын бүрэлдэлхүүнтэй гаргасан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаартай  “70-13 УНЦ улсын дугаартай   Хово   маркын   автомашин   газрын   уруу   өнхөрч,   хүний   амь   нас хохироосон, үлэмж хэмжээний хохирол учруулсан, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг зам тээврийн осол гэж үзэх үндэслэлгүй байна" гэсэн шинжээчийн дахин дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт заасан “шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр” дүгнэлтэд тусгана гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл  шинжээч томилсон мөрдөн байцаагч нь шинжилгээ хийлгэх тухай тогтоолд шинжээч нараас  4 төрлийн асуулт асуусан  байхад шинжээч Д.Жаргал, Б.Мөнхнасан, М.Дашдорж нар нь тэдгээр асуултад огт хариулаагүй бөгөөд харин тогтоолоор асуугаагүй асуултанд хариулсан байх тул  Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчиж шинжээчийн дахин дүгнэлтийг гаргасан байна. Иймд шүүх 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаартай шинжээчийн дахин дүгнэлтийг үнэлэх боломжгүй гэж үзлээ.

 

  Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан нь шүүх хуралдаанд гаргасан...“Алтан-Хүдэр” ХХК-с жолоочийн хариуцлагын даатгалын 8.395.000 төгрөг, шүүх хуралдаанд бэлнээр 4.500.000 төгрөг өгсөн үлдсэн мөнгө дээр нь гэрээ хийх талаар талууд ярьсан. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шүүгдэгч Б.Гэрэлт-Одын ял шийтгэлийг хөнгөн байлгаж өгөөч гэсэн байр суурьтай байгаа гэсэн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Учир нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь үнэлгээгээр тогтоогдсон 14.210.000 төгрөг, амбаарын үнэ 80.000 төгрөг, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн зардлын 1.117.200 төгрөг, нийт 15.407.200 нэхэмжилснээс шүүгдэгч Б.Гэрэлт-Од нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Н.Хандсүрэнд 4.500.000 төгрөгийг бэлнээр өгч, мөн  жолоочийн хариуцлагын даатгалаас 8.395.000 төгрөг иргэний нэхэмжлэгч Н.Хандсүрэнгийн дансанд орсон, шүүгдэгчийн ээж нь ажил явдлын үеэр хохирогчид 500.000 төгрөг, “Алтайн хүдэр” ХХК-аас 400.000 төгрөг, мөн талийгаачийн 49 хоногт нь зориулан өгсөн 72.000 төгрөг, нийт 13.867.000 төгрөгийн иргэний нэхэмжлэгчид, хохирогч С.Амаржаргалд 500.000 төгрөг, 100.000 төгрөг, 40.000 төгрөг, нийт 640.000 төгрөг, нийт 14.507.000 төгрөгийн хохирол төлөгдсөн байна.

 

Хавтаст хэрэгт байгаа үнэлгээгээр тогтоогдсон 14.210.000 төгрөгний нэхэмжлэлийн оршуулгын зардлын баримтаас Алтай сумаас оролцсон хүний зардал 250.000 төгрөг, авга гэх 5 хүн Улаанбаатар хотоос ирсэн зардал 800.000 төгрөг, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн он сар өдөр нь тодорхойгүй 30.000 төгрөгний зардалын баримт нийт 1.080.000 төгрөг нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Гэрэлт-Од нь 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдөр “Алтай Ложистик” ХХК түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал П.Минжмаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэгч Л.Жонийн нэхэмжилсэн 445.000 төгрөгийг иргэний хариуцагч “Алтай хүдэр” ХХК буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Жоньд олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Талууд шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад санал нэгдэж, хохирол төлбөр төлөгдсөн тухай шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч хэн аль нь мэдүүлж байх тул хохирол төлбөр төлөгдсөн байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Гэрэлт-Од нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байх тул  Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

 

 Харин Эрүүгийн  хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдохгүй байна. Иймд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байх тул шүүх Б.Гэрэлт-Одод оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Мөн хохирол төлбөр төлөгдсөн байх тул мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Б.Гэрэлт-Одын 2.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны адуу, “Алтайн хүдэр” ХХК-ийн өмчлөлийн 45.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 70-13 УНЦ улсын дугаартай HOWO маркын хүнд даацын ачааны тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Гэрэлт-Од нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Амаржаргал, иргэний нэхэмжлэгч Н.Хандсүрэн нарт 6.112.000 төгрөгийг бэлнээр, жолоочийн хариуцлагын даатгалын 8.395.000 төгрөг, нийт 14.507.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, Б.Гэрэлт-Одын ДЮ87082110 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх, №589265 дугаартай BCE ангиллын жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тангуд овогт Болдбаатарын Гэрэлт-Одыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэрэлт-Одын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Гэрэлт-Одод оногдуулсан 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Гэрэлт-Одод оногдуулсан 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Гэрэлт-Одын засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Б.Гэрэлт-Од нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, мөн захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Гэрэлт-Одын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар битүүмжилсэн ялтан Б.Гэрэлт-Одын 2.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны адуу, “Алтайн хүдэр” ХХК-ийн  өмчлөлийн 45.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 70-13 УНЦ улсын дугаартай HOWO маркын хүнд даацын ачааны тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

9. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 498 дугаар зүйлийн 498.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Алтай хүдэр” ХХК буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 445.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Жоньд олгож, иргэний нэхэмжлэгч Н.Хандсүрэнгийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 1.080.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, ялтан Б.Гэрэлт-Од нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Амаржаргал, иргэний нэхэмжлэгч Н.Хандсүрэн нарт 6.112.000 төгрөгийг бэлнээр, жолоочийн хариуцлагын даатгалын 8.395.000 төгрөг, нийт 14.507.000 төгрөгийн хохирол төлсөн зэргийг тус тус дурдсугай.

11. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Алтай хүдэр” ХХК нь гэм буруутай этгээдээс  өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Б.Гэрэлт-Одын ДЮ87082110 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, №589265 дугаартай BCE ангиллын жолоочийн үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

13. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Гэрэлт-Одод урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.МӨНХТУЯА