| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 187/2019/0653/Э |
| Дугаар | 1175 |
| Огноо | 2020-09-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 1175
Д.Б, М.Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Гүнсэл,
шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч О.Батсүх,
шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгч Э.Шинэзориг, Н.Баярбат,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/454 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч О.Батсүх, шүүгдэгч М.Нын өмгөөлөгч Э.Шинэзориг, Н.Баярбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Б, М.Ннарт холбогдох эрүүгийн 1710007640622 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.Ннь Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар /БД 12-101-05/-ын 1.4-д “Газар шорооны ажлыг аюул осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээ урьдчилан авна”, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “зураг төслийн дагуу баригдсан байх” заалтуудыг ажил олгогч хэрэгжүүлж ажиллуулаагүй буюу газар шорооны ажил хийхийн өмнө хөрсний геотехникийн шинжилгээг хийлгэж, ухалтын налууг тогтоож хагаралт, цууралт, үүссэн эсэхийг сайтар шалгаагүй, газар шорооны ажлыг аюул осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан бүрэн аваагүй, ус хангамжийн гадна шугам сүлжээний ажлын зураг төслийг зөрчиж шуудууны хажуу ханыг эгц босоогоор эрэглэн ухаж, хананы дотор хэсэгт бэхэлгээ хамгаалалт хийгээгүйгээс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэвэр усны инженерийн шугамын ажил явагдаж байх үед хөрс нурж улмаар ажиллаж байсан 67-88 УБ улсын дугаартай Хьюндай ровекс 1400 загварын тээврийн хэрэгсэл унаж, тус газар туслах ажилтнаар ажиллаж байсан Д.Лх нь экскаваторт дарагдан амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.Б нь 67-88 УБ улсын дугаартай Хьюндай ровекс 1400 загварын тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэвэр усны инженерийн шугамын ажил гүйцэтгэж байх үедээ “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6-д “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтлээс сэргийлэх”, 18.2.8-д “ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй” заалтуудыг зөрчиж, хэрэгжүүлээгүйгээс тус газар туслах ажилтнаар ажиллаж байсан Д.Лх нь экскаваторт дарагдан амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас:
Д.Б, М.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Д.Б, М.Н нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч М.Ныг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, М.Ннарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Д.Б, М.Ннарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, М.Н нар нь амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д 10.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Д.Б, М.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д. өмгөөлөгч О.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд болон миний үйлчлүүлэгч Д.Б нь хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн асуудал дээр маргах зүилгүй болно.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “тогтоох хэсгийн” 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс Д.Бийг 2 жилийн хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй нь “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ” гэж үзэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Д Бийн үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдлууд тогтоогдсон.
Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1,2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргээс гадна мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу хөрс нурсны улмаас энэхүү осол, эндэгдэл гарсан гэдэг нөхцөл байдлыг харгалзан үзэх боломжтой юм.
Миний үйлчлүүлэгч Д.Бхувьд өөрийн төрсөн бага насны 2 хүүхэд, мөн дүүгийнхээ 2 хүүхэд гээд 4 хүүхэдтэй, эхнэрийн хамт амьдардаг, гэр бүлээ өөрийн хүч хөдөлмөрөөр тэжээн тэтгэдэг гол хүн нь болно. Мөн тэрээр улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж цэргийн алба хаасан, цэргийн холбоочин мэргэжилтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ид хийж бүтээх насан дээрээ байгаа, цаашид засарч хүмүүжих, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байхаа төр, хууль шүүхийн өмнө баталж, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хувийн байдал тоттоогддог.
Түүнчлэн, уг хэргийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд хохирогчийн зүгээс Д. нэхэмжлэх хохирол, төлбөр байхгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлдэг. Мөн хүний амь нас хохирох болсон шалтгаанд хөрс нурсан үйл баримт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн боловч миний үйлчлүүлэгч энэ хэрэг гарах болсон үеэс эхлэн одоог хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж буй тул түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, нэг удаа боломж олгож өгнө үү.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн дугаар 2020/ШЦТ/454 дугаартай шийтгэх тогтоолын “тогтоох нь:” хэсгийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч Д.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч өгөхийг хүсье. ...” гэв.
Шүүгдэгч М. өмгөөлөгч Э.Шинэзориг, Н.Баярбат нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Э.Шинэзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Нын зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн үед буюу ажилтан Д. нас барсны дараа амь хохирогчийн ар гэрт нь очиж эмгэнэл илэрхийлж байсан...” талаараа мэдүүлдэг бөгөөд энэ нөхцөл байдлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.Б мөн адил мэдүүлдэг.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч М.Ннь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон амь хохирогчийн эхээс уучлал гуйж, болсон үйл явдалд харамсаж, гэмшиж байгаагаа, мөн ар гэрт нь үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн төдийгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн оршуулгын зардлыг буюу гэм хорын хохирлыг нөхөн төлсөн. Энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...мөнгө болон эд зүйл нэхэмжлэхгүй. ...шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй...” талаар дурдсан.
Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч М.Нанх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэр буюу болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн гэм хорын хохирлыг нөхөн төлсөн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн боловч анхан шатны шүүх өмгөөлөгчийн уг хүсэлт, саналыг хүлээж аваагүй юм.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...шүүгдэгч ...М.Ннар нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн боловч энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршгийг харгалзан ...2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр...” шийдвэрлэсэн.
Хэдий хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг учрал гарсан хэдий ч шүүгдэгч нарын хэн аль нь уг хор уршгийг бий болгохыг хүсээгүй, тийм ч ураас хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт буюу хөнгөн гэмт хэргийн ангилалд хамааруулан хуульчилсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараахь зүйлийг тусгана гээд 3.1-д “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх ...хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал ...”-ыг тусгахаар заасан боловч анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо уг нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,” 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” тохиолдолд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзан үзэхээр заасан байна. Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж, шүүгдэгчид 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүгдэгч М.Ннь хувийн байдлын хувьд, дээд боловсролтой, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар амьдардаг, “Боорчи” ХХК-ийн захирал ажилтай, урьд нь гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй болно.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Ноногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, өөрчлөлт оруулж өгөхийг хүсье. ...” гэв.
Шүүгдэгч М.Нөмгөөлөгч Н.Баярбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа хохирогчид 20.000.000 төгрөгийг нөхөн төлбөр төлж барагдуулсан байгаа. Мөн шүүгдэгч Д.Б 1.000.000 төгрөг өгсөн байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх баримтыг үйлдэж өгсөн. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Бидний зүгээс гомдолгүй. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б “тус шүүх хуралдаанд хэлэх зүйлгүй...” гэв.
Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокуророос шүүгдэгч нарт 2 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүх дээрх саналыг харгалзан шийдвэрлэсэн. Тэнсэх асуудал нь шүүхийн эрх мэдлийн асуудал тул прокуророос тайлбар хийх шаардлагагүй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч М.Ннь ажил олгогчийнхоо хувьд Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар /БД 12-101-05/-ын 1.4-д “Газар шорооны ажлыг аюул осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээ урьдчилан авна”, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 “зураг төслийн дагуу баригдсан байх” заалтуудыг хэрэгжүүлж ажиллуулаагүй буюу газар шорооны ажил хийхийн өмнө хөрсний геотехникийн шинжилгээг хийлгэж, ухалтын налууг тогтоож хагаралт, цууралт, үүссэн эсэхийг сайтар шалгаагүй, газар шорооны ажлыг аюул осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан бүрэн аваагүй, ус хангамжийн гадна шугам сүлжээний ажлын зураг төслийг зөрчиж шуудууны хажуу ханыг эгц босоогоор эрэглэн ухаж, хананы дотор хэсэгт бэхэлгээ хамгаалалт хийгээгүйгээс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэвэр усны инженерийн шугамын ажил явагдаж байх үед хөрс нурж, улмаар ажил гүйцэтгэж байсан 67-88 УБ улсын дугаартай Хьюндай ровекс 1400 загварын тээврийн хэрэгсэл /экскаватор/ унаж, туслах ажилтан Д.Лхнь тус экскаваторт дарагдан амь нас нь хохирсон,
шүүгдэгч Д.Б нь 67-88 УБ улсын дугаартай Хьюндай ровекс 1400 загварын тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэвэр усны инженерийн шугамын ажил гүйцэтгэж байх үедээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6-д “ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтлээс сэргийлэх”, 18.2.8-д “ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй” заалтуудыг зөрчиж, хэрэгжүүлээгүйгээс тус 67-88 УБ улсын дугаартай Хьюндай ровекс 1400 загварын тээврийн хэрэгсэл /экскаватор/ унаж, туслах ажилтан Д.Лхнь тус экскаваторт дарагдан амь нас нь хохирсон болох нь:
гэрч М.Мөнхжаргалын “...амь хохирогч надтай адил туслах ажилтан байсан. Осол гарсан гэх газарт урьд өмнө ухагдсан цэвэр, бохир ус, дулааны шугамын нүх байсан. Энэ шугамыг намайг ажилд орохоос өмнө ухсан байсан. Бид энэ өдөр энэ шугамын хажууд шугамын булан хэсгийг томруулж, тэр хэсэгт худгийн кольцоо тавихаар кольцооны ул хэсгийг ухаж байсан. ... Шугамын доод хойд зүг талын хэсгүүд хавтан тавьж зарим хэсгийг шороогоор булсан. Д.Б нь экскаватор шугамын булангийн урд зүг талд зогсож байсан. Талбайн инженер шугамын хойд зүг талд, хавтангийн дээр дурангаа тавьсан зогсож байсан. Би уг шугамын зүүн хажуу хэсэгт байсан. Лхагва шугамын булангийн баруун зүг талд, булан хэсэгт дурангийн хэмжүүр мод барьж байсан. Экскаваторчин худаг тавих хэсгийн нүхийг ухачаад шанагаа зүүн тийш харуулж зогсоод кабины хаалганаас үзээрэй, болсон уу гэж хэлсэн. Талийгаач Лхагва хэмжүүр модоо ухаж байгаа кольцоо байрлах суурь хэсэгт тавьж Энхжаргал дурандаж хараад арай болоогүй байна, 10 см дутуу байна, 10 см доошоо ухана гэж хэлсэн. Батсуурь энэ үед хаана байсныг мэдэхгүй байна. Экскаваторчин шанагаа эргүүлж ухах гэж байхад шороо нь мултарсан уу, яасан мэдэхгүй, нүх рүү унасан. Инженер Энхжаргал холдоорой гэж хашгирсан. Талийгаач Лхагва худагны суурь байрлах хэсэгт хэмжилт хийгээд наашаа харж байхад экскаватор унасан. ...талийгаач холдож амжаагүй, хэмжих төмрөө бариад наашаа алхаад явж байсан. ...” /1хх 56-57/,
гэрч Н.Энхжаргалын “...“Боорчи” ХХК-д гэрээт инженерээр ажилладаг. ...Манай компани цэвэр усны шугамын ажил хийж байсан. Тэр үед экскаватороор цэвэр усны шугамын худаг ухуулж байсан ба жолоочоор нь Батсуурь ажиллаж байсан, би туслах ажилчин Мөнхжаргал, Мандах нарын хамт худагийн гүний түвшин гаргах гээд ажиллаж байсан. Би дулаан суваг дээр дурангаа зоогоод ... 10 см гүний хэмжээнд нь хүрээгүй байхаар нь ухчих гэж хэлсэн. ... Мандах ах хүрзээ бариад над руу ирж явахад нь ар талд нь ажиллаж байсан экскаваторын сумны хэсгээр цохисон ба шугам, экскаваторын сумны хэсэгт толгой нь хавчуулагдсан. Тэгээд би онцгой байдлын 105 дугаар руу залгаж дуудсан. ...” /1хх 60-62, 3хх 80/,
шинжээч С.Баяраагийн “...Гүйцэтгэгч “Боорчи” ХХК нь зураг төслийн дагуу хийх үүргийг хүлээнэ, цаашлаад тухайн ажлыг хариуцаж газар дээр нь ажил хийлгүүлж байгаа талбайн инженер нь зураг төслийн дагуу ажлыг хийлгүүлэх үүрэг хүлээнэ. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зураг, хэрэгт авагдсан бусад баримт, материалуудад хөрс нурсан нь тогтоогдсон байсан. ...” /3хх 78-79/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн “...Манай ах “Боорчи” ХХК-ийн барьж байгаа барилгын сангийн ажилд туслах ажилтнаар ажиллаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өглөө эрт 7 цаг өнгөрч байхад ажилдаа явлаа гээд гарсан. Тэгээд инженер Энхжаргал над руу утсаар залгаад “ах чинь өнгөрчихлөө, хурдан ирээрэй” гэж хэлсэн. Намайг ирэхэд цагдаа болон мэргэжлийн хяналтын байцаагч нар ирээд хэргийн газрын үзлэг хийж байсан ба талийгаач нас барсан газартаа байсан. ...” /1хх 32-34/,
гэрч П.Наранбаатар /1хх 45-46/, Х.Энхбаясгалан /1хх 81-82/, Б.Басанбаатар /1хх 86-87/, Ч.Батзориг /1 хх 88/, Ж.Хосбаяр /1хх 90-91/, Н.Солонго /1хх 93-94/, Ц.Баттулга /1хх 97-98/, Б.Баттөмөр /3хх 82-83/ нарын мэдүүлгүүд,
талийгаачийн цогцост толгойн хуйх, хатуу хальс бүрэн урагдаж тархины эд ил гарсан, нүүр, гавлын орой хэсгээр их хэмжээтэй хуваагдаж, салж, гавлын орой, суурийн яснууд, баруун, зүүн нүдний ухархайн дээд хана, самалдаг цөмөрсөн, хугарал, баруун, зүүн чамархай, зулайн, дагз яс, суурийн ясны үйрч бяцарсан, хэлбэр алдсан, ил хугарал, тархины эдийн хэлбэр алдагдсан, тархины эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдсон бөгөөд амьд үед үүссэн дээрх гэмтлүүд нь амьдрах боломжгүй шууд үхэлд хүргэх гэмтэл болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2085 дугаартай дүгнэлт /1хх 102-104/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 14-15/,
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэвэр усны инженерийн шугамын ажил гүйцэтгэх үед Д.Б, М.Ннар нь тус Барилга угсралтын ажил мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар /БД 12-101-05/, Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсэн болохыг тогтоосон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 22, 2018 оны 7 дугаар сарын 31, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 05/092/12 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх 122-128, 1хх 161-169, 3хх 60-69/,
Улаанбатар хотын Ус Сувгийн Удирдах Газар ОНӨААТҮГ-ын 2/468 дугаартай албан бичиг /2хх 10-12/,
эд зүйл, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 79, 97/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд тулгуурлан хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Д.Б, М.Ннарын үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн ...улмаас хүний амь насыг хохироосон...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.
Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт бүрэн нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад шүүгдэгч Д.Б, М.Ннар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын мөнгөн төлбөрийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн зүгээс тус шүүх хуралдааны явцад “...хохирол төлбөрт 21,000,000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй...” гэсэн тайлбайр гаргав.
Шүүгдэгч Д.Б, М.Ннарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан давж заалдах шатны шүүх эрхийнхээ хүрээнд тэдэнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/454 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батсуурийг 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч М.Нямжавыг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Б, М.Ннарыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Д.Б, М.Ннарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Д.Б, М.Ннар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Б, М.Ннарт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч Д.Б, М.Н нар нь тус бүр нийт 68 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тэдгээрийг нэн даруй суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ