Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128/шш2022/0665

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Г******* ХХК;

Хариуцагч: ЧД-ийн татварын байцаагч Б.О*******,

Гомдлын Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны * сарын *-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагатай зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******, Б.Г*******, хариуцагч Б.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А*******  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйл:

1.1.Энэ хэргийн маргааны зүйл нь Татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга, татварын улсын ахлах байцаагч Д.М*******-с 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн амаар гаргасан гэх мэдээлэлд үндэслэн Татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсээс ******* данс хаах үйлчилгээний шимтгэл /******* төгрөг/-д төлбөрийн баримт олгоогүй... гэх үйл баримт хэлэлцэгдсэн.

1.2. Гомдол гаргагч гомдлын шаардлагадаа Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны * сарын *-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон бөгөөд гомдлын шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн зүйл байхгүй болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Гомдол гаргагч гомдолдоо дараах, үйл баримтыг дурдсан байна. Үүнд:

2.2.Татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсээс ******* данс хаах үйлчилгээний шимтгэл /******* төгрөг/-д төлбөрийн баримт олгоогүй... гэх үндэслэлээр Г******* ХХК-д холбогдуулан зөрчлийн ******* дугаар бүхий зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан.

2.3.Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад Г******* ХХК нь тухайн мэдээлэл гаргагч буюу зөрчлийн хэргийг удирдах албан тушаалтан нь өөрөө Татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга, татварын улсын ахлах байцаагч Д.М******* байсан болохыг олж мэдсэн.

2.4.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Нийслэлийн прокурорын газарт "тухайн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтныг татгалзах хүсэлт" гаргасныг хяналтын прокурор үндэслэл бүхий гэж хүлээн авсан.

2.5.Г******* ХХК-д холбогдох зөрчлийн ** дугаар зөрчлийн хэргийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст харьяалал тогтоож шилжүүлсэн.

2.6.Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нь "Төлбөрийн баримт олгоогүй" гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасан зөрчил гаргасан гэж үзэж Г******* ХХК-нийг ******* төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

2.7.Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нь тухайн зөрчил гарцаагүй үйлдэгдсэн эсэх, хариуцлага зайлшгүй хүлээлгэх нөхцөл байдал бий болсон эсэхийг баримтаар тогтоолгүй, Г******* ХХК-нийг буруутай эсэхийг бодитоор шалган тогтоолгүй, зөвхөн зайнаас хэдэн баримт авч, холбогдогч болон зарим этгээдээс мэдүүлэг авч, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхгүй.

2.8.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д "Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэж заасны дагуу аливаа татвар төлөгч нь борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн систем буюу цахим төлбөрийн баримтын системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх эсхүл түүнийг цахимаар илгээх үүрэгтэй.

2.9. Харин Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д "төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь-иар торгоно гэсэн энэхүү заалт нь хэрэв аливаа этгээд борлуулалт хийгээд түүндээ аливаа нэг хэлбэрээр баримт олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан буюу огт олгоогүй тохиолдолд тухайн этгээдийг торгох агуулга бүхий зохицуулалт юм. 

2.10. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.2-т зааснаас үзвэл хэрэв аливаа этгээд тодорхой дүнгээр борлуулалт хийгээд түүнээс өөр үнийн дүнгээр баримтыг олгосон бол тухайн этгээдийг торгох зохицуулалт бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь заалтын үндсэн шинж, шалтгаан нөхцөл, субьектив тал нь санаатайгаар татвараас зайлсхийх, тухайн төлбөрийн баримтыг санаатайгаар олгоогүй эсхүл өөр дүнгээр олгосон үйлдэлд хариуцлага хүлээлгэх явдал юм. 

2.11.Г******* ХХК-ийн тухайд, дээрх нөхцөл байдал огт бий болоогүй бөгөөд Татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга, татварын улсын ахлах байцаагч Д.М*******-ын "Данс хаасны шимтгэл /******* төгрөг/-д тухайн үед банк ******* төгрөгийн мемориалын баримтыг хэвлэж өгсөн бөгөөд хожим 2022 оны 05 сарын 12-ны өдөр түүний банканд бүртгэлтэй цахим хаягаар бид төлбөрийн баримтыг илгээсэн.

2.12.Д.М******* нь өөрөө тухайн ******* төгрөгийн төлбөрийн баримтыг цахим татварын нэгдсэн системд бүртгүүлсэн байсан.

2.13.Энэхүү үйл баримт нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог болно.

2.14.Дээрх илэрхий нөхцөл байдал нотлогдсон буюу төлбөрийн баримт олгогдсон, мэдээлэл гаргагч гэх Д.М******* нь өөрөө хүртэл системд бүртгүүлсэн, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь заалтын үндсэн шинж байхгүй болохыг татварын улсын байцаагч нь нэгэнт дээд шатны буюу удирдах газрын даргын амаар гаргасан гэх мэдээллээр, ямар нэгэн хохирол учирсан эсэхийг тогтоолгүй, банкийг буруугүйг мэдсээр атал буруутай гэж шийтгэлийн хуудас үйлдсэн нь үндэслэлгүй байна.

2.15.Аливаа захиргааны байгууллага, албан тушаалтан гадагш чиглэсэн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "... шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.4-д "... захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно" гэснийг хэрэгжүүлэх үүрэгтэй. 

2.15.Харин хариуцагч татварын улсын байцаагч нь тухайн зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад Татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга, татварын улсын ахлах байцаагч Д.М*******-ын 2022 оны 04 сарын 20-ны өдөр гаргасан Төлбөрийн баримт олгоогүй гэх гомдлыг шалгахдаа тухайн цаг мөчид өгөхгүй гэж татгалзсан эсэх, эсхүл таны цахим хаяг руу хүргүүлэх болно гэдэг хоёрын аль нь болох, мөн мэдээлэл гаргагч Татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга, татварын улсын ахлах байцаагч Д.М******* нь чухам хохирсон эсэх, хохирсон бол ямар хэмжээгээр, яаж хохирсон талаар тодорхой тодруулж, энэ талаар баримтжуулж хяналт шалгалтын ажиллагааг хэрэгжүүлээгүй. 

2.16.Тухайн зөрчлийн хэргийн бодит нөхцөл байдал нь ******* төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг араас нь илгээсний төлөө банкны нийт 3 дугаар сарын орлогыг тодорхойлон авч ******* төгрөгөөр торгох нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд ямар ч тохиолдолд нийцэхгүй юм.

2.17. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 06 сарын 24-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.18.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Г******* ХХК-ийн зүгээс Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагчид холбогдуулан гомдол гаргасан. Үндэслэл нь Татварын Ерөнхий газарт Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг нээгээд хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн байдаг.

Ажиллагааны явцад Г******* ХХК-ийн зүгээс Татварын Ерөнхий газрын удирдах албан тушаалтанд татгалзан гарах хүсэлт гарган улмаар Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ирсэн. Хяналт шалгалт явуулсны үндсэнд Г******* ХХК-нийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасан зөрчил гаргасан гэж үзэн банкийг ******* мөнгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Тухайн улсын байцаагчийн гаргасан захиргааны акт үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаа болон өөрийн үүргээ биелүүлээгүй.

Хариуцагчийн гол үндэслэл болгож байгаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасан зохицуулалтын үндэслэл нь Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх эсвэл цахимаар илгээх үүрэгтэй гэж заасан байтал Г******* ХХК-нийг үүргээ биелүүлээгүй гэж үзсэн.

Г******* ХХК-ийн зүгээс уг шийдвэрийг эс зөвшөөрч байгаа бөгөөд төлбөрийн баримт тухайн үед нь хэвлэгдчихсэн байдаг ба үйлчилгээ авсан өдрөө Д.М нь гарын үсэг зурж авсан.

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д.М******* Г******* ХХК-ийн салбараар үйлчлүүлэн өөрийн дансыг хаалгасан бөгөөд данс хаасны шимтгэл болох ******* төгрөгийг авч, баримтыг хэвлэж өгсөн. Гэтэл Д.М******* 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэнэт гомдол гаргасан. Д.М******* нь Татварын Ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга учраас өөрийн ажилтанд үүрэг даалгавар өгч, гомдлоо амаар гаргасан гэдэг. Юу ярьсан нь тодорхойгүй бөгөөд Гаар үйлчлүүлтэл ийм юм боллоо гэсэн утга бүхий амаар өгсөн тэмдэглэл байсан.

Мөн зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас харахад зөрчил гарцаагүй үйлдэгдсэн эсэх, бодитоор ямар хохирол байгаа талаар тодорхойгүй баримтууд байсан. Иймд бидний зүгээс хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэргээс харахад холбогдогчийг дуудан ирүүлж мэдүүлэг авдаг ба өөрөө бодитоор очин үзлэг, шалгалт хийгээгүй. Хэрэв бодитоор очиж үзсэн бол нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоох бүрэн боломжтой байсан гэв.

2.19.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын байцаагч тухайн шийдвэрийг гаргахдаа хууль хэрэглээн дээр алдаа гаргасан гэж харж байна. Нэгдүгээрт, Г******* ХХК-нийг төлбөрийн баримт өгөөгүй гэдэг үндэслэлээр шийтгэсэн.

Төлбөрийн баримт гэх ойлголтыг Татварын байгууллагынхны зүгээс и-баримт гэж ойлгож байгаа. Хуульд төлбөрийн баримт хэвлэж өгөөгүй бол торгох ёстой байдаг. Харин и-баримт буюу цахим баримт нь төлбөрийн баримтын системээс гардаг цахим хэлбэр гэж бидний зүгээс ойлгож байгаа. Үүнээс биш ямар нэг байдлаар Г******* төлбөрийн баримт огт өгөөгүй гэсэн агуулга хөндөгдөөгүй. Төлбөрийн баримтыг хэвлээд өгчихсөн харин тодорхой хугацааны дараа төлбөрийн баримтын цахим хэлбэрийг араас нь хүргүүлсэн.

Татварын Ерөнхий хуулийн 28.5 дахь заалтыг харахад системээс хэвлэдэг, дахин давтагдашгүй дугаартай гэсэн шинж бүхий төлбөрийн баримтыг системээс хэвлэж цахимаар хүргүүлнэ гэж заасан. Санаа нь татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд нь цаасан баримтаас гадна өгнө гэсэн утгатай. Хэлбэрийн хувьд дахин давтагдашгүй дугаартай буюу QR кодтой байна. Борлуулалт хийгээд тэр даруй өгнө гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.

Татварын Ерөнхий хууль дээрх 2 хувийн торгууль ногдуулсан шийдвэрийн үндэслэл болсон хуулийн зохицуулалтын үзэл баримтлал нь хэрэв татвар төлөгч татвар төлөхөөс зайлсхийсэн, орлогоо нуун дарагдуулах зорилгоор баримт өгөөгүй бол оногдуулна гэсэн агуулгатай. Татварын ерөнхий хуульд цахим, системээс хэвлэдэг төлбөрийн баримт, үйлчилгээ үзүүлсний төлбөрийн баримт гэсэн хоёр өөр ойлголт байна.

Системээс хэвлэдэг гэдэг нь энгийн харилцагч ашиглах боломжтой систем биш юм. Уг систем рүү нэвтрэхийн тулд татварын байгууллагаас нэг хэрэглэгчид нэвтрэх нэр, нууц үгийг өгнө. Үүнийг ашиглан хэн нэгэн этгээд нэвтрэн хэвлэж өгөх асуудал үүсээд байгаа юм.

Үзлэгийн тэмдэглэлээс харахад бүх теллерт нэвтрэх нэр, нууц үгийг өгөх боломжтой гэж тайлбарласан байсан гэтэл банк нь татварын системээс өөр, өндөр нууцлал бүхий систем ашигладаг байгууллага юм.

Бид яагаад хялбаршуулсан журмаар татварын нэгдсэн системд банкийг холбох хүсэлтэй байсан бэ гэвэл тухайн теллер өөрийнхөө гүйлгээ хийдэг программыг ашиглан харилцагч төлбөр тооцоо гүйцэтгэсэн тохиолдолд өөрийн программ дээрээс тухайн баримтыг хэвлэж өгөх боломжтой болгохын тулд системд холбох гэж оролдож байгаа.

Баримтыг цаасаар өгөхөөс гадна системээ ашиглан цахим баримтыг QR кодтой хамт, харилцагчийн мэйл хаяг руу явуулж болохуйц холболтыг хийхийн тулд өнөөдрийг хүртэл оролдож байна.

Гэтэл тайлбар дээр 500, 600 теллер ганцхан нэвтрэх нэр ашиглан банкны бүртгэлийн гүйлгээ хийдэг программаасаа гараад ахиад татварын систем рүү нэвтэрч баримт хэвлэж өгөх боломж байхгүй. Тухайн 2 системийг холбож байж и-баримтыг хэвлэж өгөх боломжтой болно. Түүнээс биш 2 өөр систем ашиглан, баримт өгсний дараа шивж оруулах гэсэн ойлголт байхгүй. Хэрэв ийм боломж байсан бол татварын байгууллагынхан тухайн үед хэдэн теллер тус бүрд нэвтрэх нэр, нууц үг өгөөд явах боломжтой байсан үйл баримт юм.

Татварын дахин давтагдашгүй дугаартай баримтын үзэл баримтлал нь иргэн, хуулийн этгээдийн орлого, зарлагын хэмжээ буюу татвар төлөгчийн гүйлгээг тодорхойлох зорилготойгоор QR кодтой, сугалаатай баримтыг хэвлэн гаргасан.

Цахим төлбөрийн баримт болон төлбөрийн баримт гэсэн тусдаа хоёр өөр ойлголт Татварын ерөнхий хуульд байна. Цахим төлбөрийн баримт гэдэг нь цаасаар үйлдэх боломжгүй байгаа зүйлийг цахимаар үйлдэх эсхүл цаасан байсныг цахим болгож байгаа гэж ойлгохоор байна. Банк хуульд заасны дагуу үйлчилгээ үзүүлснийхээ хариуд ******* төгрөг авсан гэсэн баримтыг хариуцагчид өгөөд араас нь и-баримтыг өгсөн.

.******* төгрөгийн үйлчилгээ үзүүлчхээд ******* сая гаруй төгрөгийн торгууль ногдуулсан нь хариуцлага зөрчилтэйгөө шалтгаант холбоотой байх ёстой гэсэн логикийг зөрчиж байна. Мөн ******* төгрөгийн үйлчилгээ үзүүлчхээд, баримтаа өгчихсөн, араас нь цахимаар явуулчихсан байхад ******* сая гаруй төгрөгийн торгууль ногдуулж байгаад гомдолтой байна. Гаргасан зөрчил маань хариуцлагатайгаа нийцэхгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг харахад зөрчил нь хариуцлагатайгаа уялдаж байгаа юм. Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан цахимаар илгээх үүргээ биелүүлээгүй. Үүргээ биелүүлээгүйгээс болоод Татварын ерөнхий хуулийг өөр байдлаар зөрччихсөн бол энэ нь хариуцлагын өөр хэлбэр байж болно. Энэ нь Зөрчлийн хэргийн зүйлчлэл буруу байгааг харуулж байна. Цахимаар баримтаа илгээсэн, төлбөрийн баримтаа өгсөн, ямар зөрчил гаргасан гэдгээс хамаараад ямар хариуцлага оноох вэ гэдгийг анхаарах хэрэгтэй гэв.

2.20.Хариуцагч бичгээр гаргасан тайлбартаа: Иргэн Д.М******* нь Г******* ХХК-ийн Цэцээ гүн салбараас данс хаах үйлчилгээний шимтгэлд төлбөрийн баримт олгоогүй гэх гомдол мэдээлэлд Татварын ерөнхий газар 2022 оны 04 дүгээр арын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Г******* ХХК-д холбогдох зөрчлийн 00 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоол, 05 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст шилжин ирснийг 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан болно.

Ажиллагааны явцад Г******* ХХК-иас 2022 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 14/0192 дугаар албан бичгээр Т.Х******* т олгосон итгэмжлэл, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар албан бичгээр тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн газар УҮГ-тай цахимаар харилцсан баримт, Г******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай Эрх олгох тухай тушаалыг ирүүлсэн.

Мөн Нийслэлийн прокурорын газрын Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дүгээр зөвшөөрлийн дагуу Г******* ХХК-иас тус банкны 03 дугаар сарын данс хаасан шимтгэлийн орлогыг гаргуулж авсан.

Мэдээлэл баримт гаргуулан авах тухай Чингэлтэй дүүргийн прокурорын газрын зөвшөөрлийн дагуу Г******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х******* ын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн баримт хүргүүлэх тухай албан бичиг, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэлх борлуулалтын орлогыг тодорхойлсон 1 ширхэг СД, үүнд Г*******-ны борлуулалтын орлогыг ******* төгрөг гэх мэдээлэл бүхий дэлгэрэнгүй, хураангуй excel хүснэгтэн мэдээлэлд багтсан байсан.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төв УҮГ-т хандаж гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, холбогдох баримт хохирогч, холбогдогч нараас мэдүүлэг авч хэргийн оролцогч нарын эрх, үүргийг тайлбарлан гарын үсэг зуруулан хавсаргасан.

Хохирогч Д.М*******-ын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Г*******-ны Цэцээ гүн салбарт өөрийн биеэр очиж, үйлчлүүлэн данс хаасны шимтгэлд ******* төгрөг тушаахад төлбөрийн баримт олгоогүй, төлбөрийн баримтаа авъя гэж нэхсэн боловч энэ тухай мэдэхгүй, баримт өгдөггүй гэсэн болохоор энэ тухай Татварын Ерөнхий газарт гомдол гаргасан гэх мэдүүлэг, холбогдогч, гэрчийн мэдүүлэг, Татварын удирдлагын нэгдсэн системд яг тухайн цаг хугацаанд баримт олгоогүй тухай мэдээлэл зэргээр зөрчил үйлдсэн нь нотлогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д заасан Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд гээд 8.1-д төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь гэж заасны дагуу торгох хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байсан.

Иймд Г******* ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 01-31-ний өдрийг дуусталх орлого болох ******* төгрөг болох тухай холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ирүүлсэн албан бичиг, СД-ээр буулгасан орлогын мэдээ зэргээр тогтоогдож байсан тул уг орлогын 2 хувь болох 00000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болно.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэж заасан байхад Г******* ХХК нь төлбөрийн баримт олгоогүй гэх мэдээлэл нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирж, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 00 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаж байх хугацаанд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Д.М*******-ын цахим хаягт ******* төгрөгийн төлбөрийн баримт илгээсэн нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм гэжээ.

2.21.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу Г******* ХХК-д холбогдох хэрэг шилжиж ирсэн. Г******* ХХК-иас өгсөн баримт нь Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-т заасан дахин давтагдашгүй дугаар бүхий баримт биш юм. Энэхүү дахин давтагдашгүй дугаар бүхий баримт олгоогүй үйлдэлд нь хариуцлага ногдуулсан.

Хэрэг шалган шийдвэрлэх хугацаанд холбогдогчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэргийг авсан. Татварын нэгдсэн системээс баримт олгосон эсэхийг нь тодорхойлсны үндсэн дээр Г******* ХХК нь дахин давтагдашгүй дугаар бүхий баримтыг тухайн үед нь гомдол гаргагч иргэн Д.М*******-д олгоогүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.3.1, 17.3.3-т тухай бүрд олгох үүрэгтэй, ба бүртгэнэ, илгээнэ гэж зааж өгсөн. Мөн татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан баримтыг олгоогүй байна гэдгийг хуулийн дагуу шалгаж нотолсон.

******* төгрөгийн буюу банкны дотоод баримт өгснийг дахин давтагдашгүй дугаар бүхий баримт олгосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн иргэнд баримт олгоогүй нь зөрчил мөн гэж үзэж байна.

Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үндсэн дээр прокурорын зөвшөөрлийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасныг үндэслэл болгон баримт олгоогүй тул өмнөх сарын борлуулалтын орлогын 2 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах зохицуулалттай.

Борлуулалтын орлогоо өөрсдөө тодорхойлоод ирье гэсэн тул холбогдох материалыг цуглуулан CD дээр нэгтгэн 2022 оны 3 сарын борлуулалтын орлогоо ирүүлсэн. Үүний дүнд борлуулалтын орлоготой тэнцэх хэмжээний төгрөгөөр шийтгэл ногдуулсан.

Хуулийн хүрээнд тал бүрээс шинжлэн судалсны үндсэн дээр прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, прокурорын зөвшөөрлийн дор зохих хариуцлагыг ногдуулсан. Тийм учраас шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү гэж хүсэж байна.

Гомдлыг хэрэгсэхгүй болгож, 2022 оны * сарын *-ний өдрийн ******* дугаар Шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

2.22.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар тухай бүрд өгнө гэж тайлбарлаж байна. Тухай бүр гэдэг үгийн хуулийн санаа нь өөр. Жишээлбэл, нэг ундаа зараад нэг баримт олгоно гэдэг санаа. Үүнийг Татварын Ерөнхий газар нь ч, Чингэлтэй дүүргийн байцаагч ч ойлгодоггүй. Нэг иргэнд нэг, өөр нэгэн иргэнд дахиад бараа зарчхаад нийлүүлээд нэг баримт өгөхгүй, зарсан бүрдээ өгнө гэсэн санаа юм. Тухай бүр гэхээр шууд гэж ойлгоод байна гэв.

2.23.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.14-т төлбөрийн баримт гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий, нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий хэрэглэгчийн хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийсэн бараа ажил үйлчилгээний нэр, код, хэмжээ, үнэ төлбөр, татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан, зориулалтын тоног төхөөрөмжөөс гарсан цаасан болон цахим баримтыг хэлнэ гэж тодорхойлсон.

Тухайн үед өөрсдийн дотоод хэрэглээний баримтыг олгочхоод, нэг сарын дараа төлбөрийн баримт илгээснээ бид төлбөрийн баримт өгсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гурав.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

3.1.Иргэн Д.М*******-аас Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтэст хандан Өөрийн данс хаасны шимтгэл ******* төгрөгт Г******* нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн төлбөрийн баримт олгоогүй зөрчил-ийн талаар 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр амаар гомдол гаргасан байна. /Зөрчлийн хэргийн 1 дэх хуудсанд/

3.2.Уг гомдлын дагуу Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Г******* нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. /Зөрчлийн хэргийн 22 дахь тал/

3.4.Г******* ХХК-ийн гаргасан хэргийн оролцогч Д.М******* өөрөө тус зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдаж байгаа гэх үндэслэлээр удирдах албан тушаалтныг татгалзан гарахыг шаардсан-аар, Нийслэлийн прокурорын газрын прокурорыг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаар тогтоолоор уг зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааг тус газраас шилжүүлж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн байна. /Зөрчлийн хэргийн 37 дахь тал/

3.5.Гомдол гаргагч Д.М******* нь Татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга, татварын улсын ахлах байцаагчаар ажилладаг болох нь тогтоогдож байгаа бөгөөд түүний ажил албан тушаал нь түүнийг иргэнийхээ хувиар гомдол, мэдээлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болно.

3.6.Зөрчлийн талаарх гомдлыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн хуулийн асуудал хариуцсан Татварын улсын байцаагч Б.О******* шалгаж, 2022 оны * сарын *-ний өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудсаар Г******* ХХК-нийг төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасан гэж тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу өмнөх тайлант сарын борлуулалтын орлогын 2 хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүн болох ******* төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан /ХХ-н 8 дахь тал/ үйл баримтууд тогтоогдлоо.

Дөрөв.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

4.1.Гомдол гаргагч Г******* ХХК-иас дээрх Шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд маргасан үндэслэлдээ:

4.1.1.Татварын албаныхан Төлбөрийн баримт гэдгийг и-баримт гэдгийг гэж ойлгож байгаа, банк тухайн үед мемориалын баримтыг Д.М*******-ын данс хаасны шимтгэл ******* төгрөгийн мемориалын баримтыг хэвлэж өгсөн, мемориалын баримт нь өөртөө дахин давтагдашгүй дугаартай тул Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан төлбөрийн баримт мөн, и-баримтыг хэзээ хэвлэж олгохыг хуульд заагаагүй тул 2022 оны 05 дугаар сарын 12-нд цахимаар хүргүүлсэн гэх агуулгаар;

4.1.2.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэсний тухай бүр гэдэг нь цаг хугацаа заагаагүй, тухайн үйлчилгээнд нь гэсэн агуулгатай байхад хуулийг буруу хэрэглэсэн гэх агуулгаар;

4.1.3.Улсын байцаагч нь зөрчил гарцаагүй үйлдэгдсэн эсэх, Гийг буруутай эсэх, хариуцлага зайлшгүй хүлээлгэх нөхцөл байсан эсэхийг бодитоор, баримтаар тогтоогоогүй гэх агуулгаар;

4.1.4.Д.М*******-ын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан "Төлбөрийн баримт олгоогүй гэх гомдлыг шалгахдаа тухайн цаг мөчид өгөхгүй гэж татгалзсан эсэх, эсхүл таны цахим хаяг руу хүргүүлэх болно гэдэг хоёрын аль болох, мөн мэдээлэл гаргагч Татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга, татварын улсын ахлах байцаагч Д.М******* нь чухам хохирсон эсэх, хохирсон бол ямар хэмжээгээр, яаж хохирсон талаар тодорхой тодруулж, энэ талаар баримтжуулж хяналт шалгалтын ажиллагааг хэрэгжүүлээгүй. Зөвхөн зайнаас хэдэн баримт авч, зарим этгээдээс мэдүүлэг авч хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгавар болгосон гэх агуулгаар;

4.1.5.Торгуулийн хэмжээ гаргасан зөрчилтэйгөө уялдаагүй;

4.1.6. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан заалтын үндсэн шинж нь шалтгаан нөхцөл, субьектив тал нь санаатайгаар татвараас зайлсхийх, тухайн төлбөрийн баримтыг санаатайгаар олгоогүй, эсхүл өөр дүнгээр олгосон үйлдэлд хариуцлага хүлээх ёстой гэж хуулийг ойлгож байгаагаа;

4.1.7.Зөрчлийн хэргийн зүйлчлэл буруу хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т зааснаар зүйлчлэх ёстой гэсэн үндэслэлүүдээр маргасан тул шүүх гомдол гаргагчийн дээрх үндэслэл тус бүрд дараахь хууль зүйн дүгнэлт өгч байна.Үүнд:

4.2.Гомдол гаргагчийн Банк тухайн үед Д.М*******-ын данс хаасны шимтгэл ******* төгрөгийн мемориалын баримтыг хэвлэж өгсөн, мемориалын баримт нь өөртөө дахин давтагдашгүй дугаартай тул Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан төлбөрийн баримт мөн, и-баримтыг хэзээ хэвлэж олгохыг хуульд заагаагүй, и-баримтыг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр цахим хаягаар нь илгээсэн тул зөрчил гаргаагүй гэх үндэслэлийн тухайд:

4.2.1.Гомдол гаргагч Д.М******* нь Г*******-ны Цэцээ гүн салбар төвөөр данс хаалгах үйлчилгээ хийлгэж, шимтгэлд нь ....00 төгрөг төлөхдөө төлбөрийн баримтыг гаргаж өгөхийг шаардсан боловч тухайн үйлчилгээ үзүүлсэн ажилтнаас манайх баримт өгдөггүй гэх тайлбарлан нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн төлбөрийн баримтыг гаргаж өгөөгүй болох нь түүний 2022 оны 04 сарын 20-ны өдөр гаргасан гомдол, 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан мэдүүлэг /Зөрчлийн хэргийн 42-43 дахь тал/, гомдол гаргагч Г******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөгч нарын мемориалын баримтыг хэвлэж өгсөн, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр түүний банканд бүртгэлтэй цахим хаягаар төлбөрийн баримтыг илгээсэн гэх тайлбараар /нэхэмжлэлд/ тогтоогдож байна.

4.2.2.Зөрчлийн хэрэг дээр гомдол гаргагч Д.М*******-ын шаардсан төлбөрийн баримт нь мемориалын баримт бус, нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн төлбөрийн баримт гэдэг нь тодорхой буюу нийтэд илэрхий үйл баримт юм. Учир нь татварын албанаас нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан бол уг үйлчилгээ үзүүлсэн хувь хүн, байгууллагаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн төлбөрийн баримтаа шаардахыг, ийм баримт олгоогүй бол татварын албанд мэдэгдэхийг байнга мэдээлж ирсэн/

4.2.3.Гомдол гаргагч Г******* ХХК-иас банк тухайн үед Д.М*******-ын данс хаасны шимтгэл ******* төгрөгийн мемориалын баримтыг хэвлэж өгсөн, мемориалын баримт нь өөртөө дахин давтагдашгүй дугаартай тул Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан төлбөрийн баримт мөн, и-баримт гэдэг бол төлбөрийн баримтын системээс гардаг цахим баримт, иймд төлбөрийн баримтыг тухайн үед хэвлэж өгчхөөд тодорхой хугацааны дараа араас нь баримтын цахим хэлбэрийг нь явуулсан гэж буюу товчилбол, мемориалын баримтыг олгосон, нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн төлбөрийн баримтыг цахимаар илгээсэн тул зөрчил гаргаагүй гэсэн тайлбар нь илт хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2.4.Учир нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь заалт болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг татвар төлөгч нэгдмэл байдлаар ойлгож хэрэглэх ёстой.

4.2.5.Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хууль нь татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, ... татвар төлөгч болон энэ хуулийн дагуу татварын албаны өмнө үүрэг хүлээсэн бусад этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон, тэдгээрийн хооронд үүсэх суурь харилцааг зохицуулсан бол, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон нарийвчилсан харилцааг зохицуулсан нэгдмэл хэрэглэгдэх хууль байна.

4.2.6.Иймд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэж, харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг гэж, мөн зүйлийн 4.1.15-д дахин давтагдашгүй төлбөрийн дугаар" гэж худалдаа, үйлчилгээ эрхлэгч албан татвар суутган төлөгчийн татвар төлөгчийн дугаар, салбар, төлөөлөгчийн газартай бол салбарын дугаар, төлбөр тооцооны он, сар, өдөр, төлбөр тооцооны дэс дугаарыг дунд нь ямар нэг тэмдэгт хэрэглэлгүйгээр үргэлжлүүлэн тоон утгаар илэрхийлсэн дугаарыг гэж, 17 дугаар зүйлийн 17.3.2-т бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно гэж тус тус заасан нь хоорондоо уялдаатай нэг харилцааг зохицуулсан буюу эдгээр зохицуулалтад заасан төлбөрийн баримт гэдгийг нэг утгаар ойлгож хэрэглэх ёстой байна.

4.2.6.Тодруулбал, энэхүү Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан төлбөрийн баримт гэх ойлголтод Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр 4.1.14-т заасан төлбөрийн баримт гэдэг ойлголт багтаж байгаа ба эдгээр хуулийн зохицуулалтыг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарласан дан ганц банкны үйлдсэн мемориал баримт гэж ойлгохгүй юм.

4.2.7.Түүнчлэн банкны мемориал баримт болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн төлбөрийн баримт нь нэг төлбөрийн цаасан болон цахим хэлбэрийн баримт огт биш учраас гомдол гаргагчийн тайлбарлаж байгаа и-баримт бол төлбөрийн баримтын цахим хэлбэр, Д.М*******-д цахим хэлбэрээр дараа нь өгсөн гэдэгт нь хууль зүйн үндэслэлгүй юм.

4.2.8.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр 4.1.14-т заасан төлбөрийн баримтыг иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд нь ПОС машин ашиглаж цаасан хэлбэрээр өгдөг, ийм боломжгүй тохиолдолд цахим хэлбэрээр өгч болдог нь нийтэд илэрхий үйл баримт ба Д.М*******-аас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр 4.1.14-т заасан төлбөрийн баримт гэдэг ойлголтод хамааруулж нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн төлбөрийн баримт-ыг шаардсан байхад банк мемориалын баримтыг цаасаар өгсөн учраас хууль зөрчөөгүй, цаасаар үйлдэх боломжгүй баримтыг цахимаар үйлдэх, эсхүл цаасан байсныг цахим болгож байгаа явдал тул зөрчил биш гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болно.

4.2.9.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна гээд мөн зүйлийн 8.1.1-д бараа, ажил, үйлчилгээг ..., түүнчлэн борлуулсан бол тухай бүрд гэж заасан байна.

4.2.10.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гээд мөн зүйлийн 17.3.2-т бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно гэж заасан байна.

4.2.11.Иймд дээрх хуулийн заалтуудын дагуу Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14, 17 дугаар зүйлийн 17.3.2-т заасан "төлбөрийн баримт-ыг тухай бүр өгч төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэх, бараа, ажил, үйлчилгээ авсан этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн төлбөрийн баримтыг шаардан авах, нөгөө этгээд нь тухай бүр гаргаж өгөх үүргийг хуулиар хүлээлгэсэн байна.

4.2.12.Аливаа этгээдээс бараа, ажил үйлчилгээ худалдан авсан этгээд нь тухайн бараа, ажил, үйлчилгээ авсан гэдгээ нотлох мемориалын баримт, кассын баримт, бусад хэлбэрээр гарах санхүүгийн анхан шатны баримтыг гаргуулан авах ч эрхтэй. Энэ бол тухайн хэлцэл хийгдсэнийг нотолж байгаа баримт болохоос гадна санхүүгийн анхан шатны баримт болох боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлох баримт биш юм.

4.2.13.Дээрх баримтуудыг татвар төлөгчөөс цахим болон цаасан аль ч хэлбэрээр гаргаж өгөхийг хуульд хориглоогүй, харин тухай бүр олгохыг үүрэг болгосон байгаа гэдгийг онцгойлон дүгнэж байна.

4.2.14.Иймд гомдол гаргагчийн гаргасан дээрх үндэслэлүүд эдгээр хууль зүйн үндэслэл няцаагдаж байна.

4.3.Гомдол гаргагчийн Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэсний тухай бүр гэдэг нь цаг хугацаа заагаагүй, тухай бүр гэдэг үгийн хуулийн санаа нь өөр. Жишээлбэл, нэг ундаа зараад нэг баримт олгоно гэдэг, нэг иргэнд нэг, өөр нэгэн иргэнд дахиад бараа зарчхаад нийлүүлээд нэг баримт өгөхгүй, зарсан бүрдээ өгнө гэсэн санаа агуулгатай байхад хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийн тухайд:

4.3.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гээд, мөн зүйлийн 17.3.1-т албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ, мөн зүйлийн 17.3.2-т бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно гэж, мөн зүйлийн 17.3.3-т хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ заажээ.

4.3.2.Хуулийн энэ заалт нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөх бараа, ажил, үйлчилгээнд тухай бүр нь төлбөрийн баримт олгоод, 17.3.3-т зааснаар уг төлбөрийн баримтыг 3 хоногт багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээхээр хуульчилсан хугацааг тогтоосон байгаагаас үзвэл эдгээр ажиллагаа 3 хоногт багтаан хийгдэх ёстой байх тул тухай бүр гэдэг нь яг тухайн цаг хугацаанд, тухайн үйлдэл гэдэг ойлголтуудыг хамтад нь багтаасан хуулийн зохицуулалт мөн байна.

4.3.3.Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 17 дугаар зүйлийн 17.3.1, 17.3.2, 17.3.3-т заалтууд нь бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгож, нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахтай шууд хамааралтай зохицуулалт байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн төлбөрийн цаасан, цахим хэлбэрийн баримтыг хэзээ хэвлэж олгохыг хуульд заагаагүй гэдэг нь илт үндэслэлгүй тайлбар гэж үзлээ.

4.3.4.Хуульд заасан тухай бүр гэдгийг монгол хэлний тайлбарт тэр бүр гэсэн утгатай адил гэж тайлбарласан байгаа ба энэ нь дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.3.3 дахь заалт, агуулгаар хууль зүйн утгаараа тухайн цаг хугацаанд болоод тухайн үйлчилгээнд гэсэн утгыг давхар илэрхийлж байгаа цаг хугацаа, үйлдлийг хамт агуулсан ойлголт байна.

4.3.5.Иймд гомдол гаргагчийн тухайн бүр гэдэг нь нэг ундаа зараад нэг баримт олгоно, нэг иргэнд нэг, өөр нэгэн иргэнд дахиад бараа зарчхаад нийлүүлээд нэг баримт өгөхгүй, зарсан бүрдээ өгнө гэсэн санаа, хугацаа заагаагүй учраас тухайн данс хаасны төлбөрт ******* төгрөг авсан мемориал төлбөрийн баримтыг өгчихсөн тул зөрчил гаргаагүй гэдэг тайлбар нь дээрх хуулийн заалтуудад нийцээгүй тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

4.3.6.Иймд хариуцагч Татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан тухай бүр гэдгийг буруу тайлбарлаж хэрэглээгүй байна.

4.4.Гомдол гаргагчийн Улсын байцаагч нь зөрчил гарцаагүй үйлдэгдсэн эсэх, хариуцлага зайлшгүй хүлээлгэх нөхцөл байсан эсэхийг баримтаар тогтоогоогүй, Гийг буруутай эсэхийг бодитоор тогтоогоогүй, зөвхөн зайнаас хэдэн баримт авч, зарим этгээдээс мэдүүлэг авч хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгавар болгосон гэх үндэслэлийн тухайд:

4.4.1.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж, мөн зүйлийн 2-т Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж тус тус заасан байна.

4.4.2. Г******* ХХК нь Д.М*******-д данс хаах үйлчилгээ үзүүлсний төлөө ******* төгрөгийн шимтгэл авсандаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн төлбөрийн баримтыг түүний шаардсанаар тухайн цаг хугацаанд гаргаж өгөөгүй нь болох нь Зөрчлийн хэргийн материалд авагдсан кассын орлогын ордер /мемориалын баримт/, уг зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Г******* ХХК-ийн гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн бичгийн тайлбар, Д.М*******-д 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0 цаг 58 минут 53 секунд гэсэн цахих мэдээлэл, түүнчлэн Г******* ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар, мэтгэлцээнээр тогтоогдож байна.

4.4.3.Иймд Г******* ХХК-ийн шүүхэд гаргасан Д.М*******-ын 2022 оны 04 сарын 20-ны өдөр гаргасан "Төлбөрийн баримт олгоогүй гэх гомдлыг шалгахдаа тухайн цаг мөчид өгөхгүй гэж татгалзсан эсэх, эсхүл таны цахим хаяг руу хүргүүлэх болно гэдэг хоёрын аль болохыг шалгаж тогтоох ёстой гэснийг хүлээн авах үндэслэл алга.

4.4.4.Өөрөөр хэлбэл, банк Д.М*******-ын шаардсанаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн төлбөрийн баримтыг тухай үед өгөөгүй болохоо бичгээр болон амаар тайлбарлаж байгаа, үүнийгээ өөрөө ямар нэг байдлаар няцааж маргаж байгаагүй атлаа үүнийг шалгаж тогтоох ёстой гэснийг шүүх хүлээн авахгүй.

4.4.5.Г******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Х*******  нь зөрчлийн хэргийг шалгах шатанд Эрх бүхий этгээд болох Татварын улсын байцаагчид хандан манай байгууллага и-баримтыг цахимаар олгох гээд хөгжүүлэлтээ хийгээд Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төвийн ажилтан Тэмүүжин рүү удаа дараа цахим хаягаар хөгжүүлэлт дууссан туршилт хийж нэвтрүүлэхээр хандсан боловч ямар нэг хариу өгөөгүй. Иймээс цахимаар майл ирж байсан эсэх, яагаад хариу өгөөгүй, яагаад системийг тестлээгүй талаар тодруулж өгөөч гэх хүсэлтийг /Зөрчлийн хэргийн 56 дахь хуудас/, 2022 оны 06 дугаар 08-ны өдөр и-баримт цахим хаягаар ирсэн эсэхийг Д.М*******-аас тодруулж өгөх хүсэлтийг /Зөрчлийн хэргийн 57 дахь тал/ гаргасныг хангаж шийдвэрлэсэн байна.

4.4.6.Мөн Т.Х*******  нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийг хэрэгт хяналт тавьж байсан прокурорт хандан банкны 2022 оны 03 дугаар сарын 01-ээс 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал борлуулалтын орлогыг гаргуулан авах тухай саналд өгсөн зөвшөөрөлдөө өөрчлөлт оруулах хүсэлт-ийг гаргасныг прокуророос хүлээн аваагүй, өөр гомдол, хүсэлт гаргаж байгаагүй, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зөрчлийн хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан байна. /Зөрчлийн хэргийн 88 дахь тал/

4.4.7.Ийнхүү хариуцагч Татварын улсын байцаагчийг зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх шатанд Г******* ХХК-иас өөр бусад байдлаар тайлбар хүсэлт гаргаж байгаагүй тул хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй гэж үзлээ.

4.4.8.Дээр нотлогдсон үйл баримтуудыг үндэслэн Г******* ХХК нь Д.М*******-ын шаардсанаар данс хаах үйлчилгээний ******* төгрөгийн төлбөрт баримтыг тухайн цаг хугацаанд гаргаж өгөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг зөрчсөн үйлдэл мөн гэж дүгнэж байна.

4.4.9.Гомдол гаргагч Г******* ХХК-иас банкны үйлчлүүлэгчийн 90 хувь нь цахимаар үйлчилгээ авдаг. И-баримтыг хялбар аргаар иргэдэд цахимаар олгох технологийг хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа. Банк 500, 600 хүмүүст и-баримтыг зэрэг шивж өгөх, ПОС машин уншуулах хүний нөөцийн боломжгүй гэж маргасан.

4.4.10.Энэхүү тайлбар нь Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Систем хөгжүүлэлтийн албаны мэргэжилтэн Т.Ц*******-ийн шүүхэд гаргасан Г хэвлэж өгдөг ПОС-ын эрхийг авчихсан, ямар нэг байдлаар иргэнд тухайн баримтыг хэвлэж өгөх бүрэн боломжтой, энэ боломж дээрээ нэмэгдүүлээд хялбар бүртгэлийн үйлчилгээг аваад хүнд хэвлэж өгөхөөсөө илүү шууд бүртгэгдэх хөгжүүлэлтийг нэмэлтээр авъя гэсэн гэх тайлбараар няцаагдсан ба Г******* ХХК нь Д.М*******-ын шаардсанаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн төлбөрийн баримтыг тухайнд үед өгөх техникийн болон хүний нөөцийн боломжтой байсан нь нотлогдсон гэж үзэж байна.

4.4.9.Г******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд Татварын ерөнхий хуульд цахим, системээс хэвлэдэг төлбөрийн баримт, үйлчилгээ үзүүлсний төлбөрийн баримт гэсэн хоёр өөр ойлголт. Системээс хэвлэдэг гэдэг нь энгийн харилцагч ашиглах боломжтой систем биш юм. Уг систем рүү нэвтрэхийн тулд татварын байгууллагаас нэг хэрэглэгчид нэвтрэх нэр, нууц үгийг өгнө. Үүнийг ашиглан хэн нэгэн этгээд нэвтрэн хэвлэж өгөх асуудал үүсдэг юм. Шүүхийн үзлэгийн тэмдэглэлээс харахад бүх теллерт нэвтрэх нэр, нууц үгийг өгөх боломжтой гэж тайлбарласан байсан гэтэл банк нь татварын системээс өөр, өндөр нууцлал бүхий систем ашигладаг байгууллага юм. Яагаад хялбаршуулсан журмаар татварын нэгдсэн системд банкийг холбох хүсэлтэй гэвэл тухайн теллер өөрийнхөө гүйлгээ хийдэг программыг ашиглан харилцагч төлбөр тооцоо гүйцэтгэсэн тохиолдолд өөрийн программ дээрээс тухайн баримтыг хэвлэж өгөх боломжтой болгохын тулд системд холбох гэж байгаа. Баримтыг цаасаар өгөхөөс гадна системээ ашиглан цахим баримтыг QR кодтой хамт, харилцагчийн мэйл хаяг руу явуулж болохуйц холболтыг хийхийн тулд өнөөдрийг хүртэл оролдож байна гэж тайлбарласан.

4.4.10.Энэхүү Г******* ХХК-ийн тайлбар нь иргэдэд банкнаас үзүүлсэн үйлчилгээнд авсан нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтыг л хялбар аргаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өгөх, ажил хөнгөвчилсөн үйлчилгээний арга, хэлбэр болох нь шүүхээс Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төв УҮГ-т хийсэн үзлэг, гэрч Т.Ц*******-ийн шүүхэд мэдүүлсэн тайлбар, Г******* ХХК болон Т.Ц******* нарын хооронд явуулсан и-майл /Зөрчлийн хэргийн материал болон шүүхийн үзлэгээр авсан материалд/ зэргээр тодорхой болсон.

4.4.11.Энэ системийн хөгжүүлэлтийн ажиллагаа хэн нэгнээс шалтгаалж удааширснаас болж Г******* ХХК нь Д.М*******-д төлбөрийн баримт гаргаж өгөх боломжгүй байсан гэх нөхцөл, хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

4.4.12.Иймд Г******* ХХК-ийн 500, 600 хүнд и-баримтыг зэрэг шивэх боломжгүй, хүний нөөц хүрдэггүй, цахимаар олгохоор хөгжүүлэлтийг хийсэн боловч Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төв уг ажиллагааг удаашруулсан буруутай гэдэг нь тус банкийг төлбөрийн баримтыг иргэдийн шаардсанаар тухай бүр нь гаргаж өгөхгүй байх, хууль зөрчих боломжийг олгох шалтгаан биш учраас анхан шатны шүүх дээрх үндэслэлүүдийг хүлээн аваагүй болно.

4.5.Гомдол гаргагчийн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан заалтын үндсэн шинж нь шалтгаан нөхцөл, субьектив тал нь санаатайгаар татвараас зайлсхийх, тухайн төлбөрийн баримтыг санаатайгаар олгоогүй, эсхүл өөр дүнгээр олгосон үйлдэлд хариуцлага хүлээх ёстой. гомдол гаргагч хохироогүй гэх үндэслэлийн тухайд:

4.5.1.Г******* ХХК нь иргэн Д.М*******-д тухайн үед и-баримт олгоогүй боловч эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн хэрэг нээж, холбогдогчоос мэдүүлэг авсан 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр түүний цахим хаяг руу явуулсныгаа и-баримтыг өгсөн тул зөрчил биш гэж маргаж байна.

4.5.2.Хариуцагч Татварын улсын байцаагч нь зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэхдээ Г******* ХХК-ийг зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварын төлсөн төлбөрийн баримтыг Д.М*******-д тухайн үед гаргаж өгөөгүй үйлдэл гаргасныг зөрчил гэж үзсэн болохоос тус банкийг төлбөрийн баримт бусдад гаргаж өгдөггүй гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудас ногдуулсан явдал биш байна.

4.5.3.Иймд банк ПОС машин ажиллуулах, гараар шивэх зэрэг техникийн боломж байхад төлбөрийн баримтыг иргэн Д.М*******-д тухайн үед олгоогүй нь зөрчил бөгөөд хүний нөөцийн боломжгүй гэдэг нь тухайн байгууллагын дотоод асуудалд хамаарах тул шүүх хүлээн авах үндэслэлгүй байгаа ба банкны энэ үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь-иар торгоно гэж заасанд хамааруулж шийтгэл оногдуулсан нь хариуцагч Татварын улсын байцаагчийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

4.5.4.Хуулийн энэ заалт буюу энэхүү эрх зүйн хэм хэмжээ хэрэгжих нөхцөл /гипотези/ нь төлбөрийн баримт олгоогүй бол гэх нөхцөл бөгөөд энэхүү төлбөрийн баримтыг нь тухай бүр нь өгөөгүй буюу Д.М*******-ыг шаардсан байхад тухайн үйлчилгээнд төлбөрийн баримт өгөөгүй, өгөхгүй гэдгээ илэрхийлсэн, өгөөгүй үйлдэл гаргаснаар зөрчил үйлдэгдэж төгссөнд тооцогдоно.

4.5.5.Энэ заалтын дагуу зөрчил гэж үзэх нөхцөл нь хэн нэг этгээдийг татвараас зайлсхийх, эсхүл санаатайгаар төлбөрийн баримт өгөхгүй байх сэдэл, зорилготой байсан эсэхийг шалгаж тогтоох субьектив нөхцөлийг шаардахгүйгээс гадна гомдол гаргагч хохирсон байх нөхцөлийг шаардахгүй юм.

4.5.6.Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан гипотези нөхцөл, шинжийг зөрчөөгүй тул гомдол гаргагч Г******* ХХК-ийн дээр үндэслэлийг хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй юм.

4.6.Гомдол гаргагчийн Зөрчлийн хэргийн зүйлчлэл буруу хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т зааснаар зүйлчлэх ёстой, торгуулийн хэмжээ гаргасан зөрчилтэйгөө уялдаагүй гэх үндэслэлийн тухайд:

4.6.1.Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.

4.6.2.Хуулийн энэ заалт нь гаргасан зөрчлийн зүйлчлэлийг тогтоосон зохицуулалт биш харин торгуулийн хэмжээг тогтоох, тооцох аргыг тогтоосон зохицуулалт тул хариуцагч хууль хэрэглээний зөрчил гаргаагүй байна.

4.6.3.Г******* ХХК нь Банкны тухай хуулийн 3.1.1-т заасны дагуу бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл явуулдаг хуулийн этгээд бөгөөд тус байгууллагын борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй байх бодит нөхцөл байхгүй учраас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй гэсэн нөхцөл огт үүсээгүй тул энэ заалтыг хариуцагч хэрэглэх үндэслэл байгаагүй.

4.6.4.Нөгөө талаас төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульд заасан нь тухайн төрлийн үйлчилгээнээс олсон орлого буюу данс хаасан үйлчилгээний шимтгэлийн орлогыг гэж ойлгохгүй тул хариуцагчийг хуульд зааснаар тайлант сарын нийт орлого гэсэн хуулийн нөхцөлийг шууд ойлгож хэрэглэснийг шүүх буруутгах хууль зүйн үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтад заасан Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд нь төлбөрийн баримт олгоогүй бол гэж заасан зөрчлийн зүйлчлэл болон торгуулийн хэмжээ нь тохирч байна гэж гэж үзлээ.

4.7.Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр гомдол гаргагч Г******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч Татварын улсын байцаагч Шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулахдаа Зөрчлийн тухай хууль, бусад хуулийг зөрчөөгүй, хуульд зааснаар торгууль ногдуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тав.Зөрчлийн хэргийн холбогдогчийн эрх зүйн байдлын талаар:

5.1.Маргаан бүхий зөрчлийн хэрэг, үйлдэгдэн гарсан Шийтгэлийн хуудас нь иргэн Д.М*******-ын гаргасан гомдлоос үүдэлтэй байгаа боловч тэрээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн төлбөрийн баримтыг хожим боловч цахимаар хүлээн авч татварын нэгдсэн системд бүртгүүлсэн нөхцөл тогтоогдсон тул маргаан бүхий захиргааны актын улмаас түүний субьектив эрх нь хөндөгдөөгүй, тэрээр Татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга, татварын улсын ахлах байцаагчаар ажилладаг нь энэ хэрэгт албаны ашиг сонирхол үүсэж байгаа тул гуравдагч этгээдээр Д.М*******-ыг татан оролцуулах шаардлагагүй гэж шүүх үзэв.

5.2.Хариуцагчаас энэ хэрэгт прокурорыг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

5.3.Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургаадугаар зүйлд зааснаар прокурор нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэг бүхий Үндсэн хуулийн байгууллага юм.

5.4.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27, 6.28, 6.31, 6.33 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ гэж, 2.2 дугаар зүйлийн 1.16-д зөрчлийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох нь прокурорын бүрэн эрхэд хамаарах-аар тус тус тогтоосон.

5.5.Энэ хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар прокурор захиргааны хэргийн шүүх дэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дүгнэлт гаргаж, нэхэмжлэгчтэй адил эрх зүйн байдалтай оролцох боломжтой байна.

5.6.Прокурор нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6-д Прокурор төрийн  ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцож болно гэж зааснаар оролцох бол уг зөрчлийн хэргийн улмаас төрийн ашиг сонирхол хөндөгдсөн гэдгийг нотлох баримт, үндэслэл бүхий тайлбар бүхий хүсэлт ирүүлсэн байх шаардлагатайгаас гадна төрийн байгууллагаас прокурорт хандан хүсэлт гаргаж, тэдгээр нь хоорондоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч байх, эсхүл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байх эрх зүйн байдлаа тодорхойлж ирэх ёстой болохоос тодорхой баримт, шалтгаангүйгээр төрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдээр оролцох хууль зүйн үндэслэл байхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 22 дугаар зүйлийн 22.1-д заасантай нийцэхгүй тул энэ хэрэгт прокурорыг татан оролцуулаагүй болно.

Зургаа.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

6.1.Шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х*******-ын гаргасан хүсэлтийн дагуу энэ хэрэгт Зөрчлийн хэргийг эх хувиар татан авч нотлох баримтаар үнэлж байна.

6.2.Шүүх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн Татварын улсын байцаагчийн цуглуулж, бэхжүүлсэн байгаа, мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасныг үндэслэн прокурорын хяналтад ирүүлсэн, Татварын улсын байцаагчийн нотлох үүргийн нь дагуу Зөрчлийн хэргийн материалын хүрээнд цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

6.3.Өөрөөр хэлбэл, Татварын улсын байцаагч нь хяналт шалгалтаар цуглуулсан материал дээрээ үндэслэн шийдвэрээ гаргасан, өөрөө түүнийгээ нотлох үүрэгтэй тул уг материалын хүрээнд зөрчил гэж үзсэн эсэхийг шүүх шалган шийдвэрлэх нь шүүх хөндлөнгийн байх зарчимд нийцнэ гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.4.3 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14, 4.1.15 дахь заалт, 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.3.3 дахь заалтыг тус тус баримтлан Г******* ХХК-ийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2022 оны * сарын *-ний өдрийн ******* дугаартай, Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, гомдол гаргагч Г******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ