| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/03597/И |
| Дугаар | 102/ШШ2021/03279 |
| Огноо | 2021-12-08 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2021/03279
| 2021 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2021/03279 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их наран дүгээр гудамж, тоот хаягт оршин суух, Б овогт Д Г/РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, өөрийн байранд байрлах, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК /РД:2688352/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,421,866 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г нь 1986 онд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-д Зуухан цехийн горимын засварчнаар ажилд орж, нийтдээ эрчим хүчний салбарт 33 жил 5 сар ажиллаад Монгол улсын Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэвэрийг хөнгөлөлттэй тогтоох нөхцөлийн жагсаалт-ын 3 дугаар бүлгийн хөдөлмөрийн халуун нөхцөлийн 1 дэх бүлэгт хамаарах тул 2019 оны 12 сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-тай Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Д.Г өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцон 34,218,666 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу уг мөнгийг Д.Г харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авсан байсан. Энэ талаар компанийн захиргаа, санхүүгийн албанаас асууж лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгасан гэсэн хариу өгсөн байдаг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтад зааснаар хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, үзүүлж байгаа нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг албан татвараас чөлөөлнө гэж заасан байдаг. Уг заалтыг зөрчиж Д.Г эрхийг хохироосон тул 3,421,866 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-д 33 жил 5 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2019 оны 12 сарын 17-ны өдрийн Б/ тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Өндөр насны тэтгэвэр авах эрх үүсч, ажлаас чөлөөлөгдөх үед Хамтын гэрээний дагуу эрчим хүчний салбарт ажилласан жилийн, эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бодож 34,218,666 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Уг тэтгэмжээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтад татвараас чөлөөлөгдөх орлого гэж заасан байгаа ч Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтад заасны дагуу олгохын тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтад заасан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүснэ гэж тоо заасан байсан. Д.Г нь 60 нас хүрээгүй байсан тул 10 хувийг суутгаж, Баянгол дүүргийн татварын алба руу шилжүүлсэн тул Баянгол дүүргийн татварын албанаас буцааж авах үндэслэлтэй. Мөн Хөдөлмөрийн тухай 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтад зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд эрх ашиг зөрчигдсөн талаар мэдсэнээс хойш 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтад тус тус заасны дагуу суутгасан татварыг Баянгол дүүргийн татварын алба руу шилжүүлсэн тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл байхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК холбогдуулан 3,421,866 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42-р зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тэтгэмжийг олгоход 60 нас гэж заасан учраас орлогын 10 хувийг суутган Баянгол дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.10, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтуудыг үндэслэн Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12-р сарын 17-ны өдөр Б/тоот тушаалаар Зуухан цехийн горимын машинч Д Г өндөр насны тэтгэвэр авах эрх үүсч, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, Д.Г Эрчим хүчний салбарт ажилласан 33 жил 05 сард ногдох 34,218,666 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх тушаалын дагуу 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Д.Г н Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд 30,813,073.07 төгрөгийн тэтгэмжийг шилжүүлсэн байна.
Ийнхүү тэтгэмжийг олгохдоо 3,421,866 төгрөгийг дутуу олгосон байх бөгөөд тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувь суутгасан болох нь талуудын тайлбараар болон хариуцагч байгууллагын 2020 оны суутган татвар төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулан суутгасан татварын тайлангаар тогтоогдлоо.
Нэхэмжлэгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж-ийн орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан байхад суутган авч хохирол учруулсан гэж шаардаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж заасан.
Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, Ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговорын хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хамтын гэрээгээр зохицуулахаар заасны дагуу Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтын дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хувь хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хэмжээ үндэслэл, хэмжээнээс илүү хэмжээгээр тогтоожээ.
Өөрөөр хэлбэл, хамтын гэрээгээр 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарахад зөвхөн тэтгэмж олгохоор бус хөнгөлөлттэй нөхцөлөөр мөн өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгохоор зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан заавал олгох тэтгэмжийг өргөжүүлсэн зохицуулалт байна.
Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болоогүй хэдий ч Хамтын гэрээний дагуу олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын дагуу олгосон, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлого байна.
Гэтэл хуулиар чөлөөлөгдсөн орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчид хохирол учруулсан байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хохирлыг арилгах үүрэгтэй.
Хариуцагч байгууллага нь татвараас чөлөөлөгдөх орлогоос албан татвар суутган, татварын байгууллагад шилжүүлсэн байх тул түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас 3,421,866 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас 3,421,866 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганчимэгт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 69,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
.