| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0659/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/671 |
| Огноо | 2024-08-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/671
2024 08 26 2024/ШЦТ/671
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч П.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт П-н М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** аймагт төрсөн, ** настай, **, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, Баянгол дүүргийн **дугаар хорооны зохион байгуулагч ажилтай, ам бүл *, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт П-н М- /регистрийн дугаар ЖЮ: **/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч П.М- 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Х” худалдааны төвийн зүүн замын явган хүний гарцан дээр “Тоёотa харейр” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг. “Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.5 Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.; мөн дүрмийн Арван зургаа. “Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.; гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч Х.Х-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч П.М-ийн “...би 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороонд явж байсан ба түгжрэлтэй байхаар нь урсгал сөрөөд эргэтэл гэнэт нэг хүүхэд гарч ирээд мөргүүлсэн. Гарсан хохирлыг барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,
- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл
/хавтаст хэргийн 7 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Б-н хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “...Би тухайн өдөр Х.Х-г аавынх нь ажил дээр хүргэж өгчихөөд сургууль руугаа яв гэж хэлсэн. Намайг эмнэлэг рүү явж байтал Х.Х над руу залгаад аав ажил дээрээ байхгүй байна гэж хэлэхээр нь ...дүү дээрээ хурдан оч гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Х.Х над руу залгаад би машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Намайг явж очиход Х.Х-д уйлчихсан сууж байсан. Жолоочтой нь хамт Гэмтлийн эмнэлэгт очиж хөлийн зураг авахуулсан, мөн хэвлийн эход харуулахад хугаралгүй байсан. Улмаар нарийн шинжилгээ хийлгэхэд хөлний тавхайны яс хугарсан гэж хэлсэн. Манай хүүхэд надад би гарц дээр зогсож байтал хойноос ирээд мөргөсөн гэж хэлсэн. Тухайн жолооч анхан шатны үзлэг оношилгооны мөнгийг бүгдийг нь төлсөн. Одоогийн байдлаар 198.000 мянган төгрөгийн зардал гарсан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Х-н насанд хүрээгүй хохирогчоор өгсөн: “...Би тухайн өдөр сургууль руугаа явж байтал манай ээж залгаад дүүг харах хүн байхгүй байна, дэлгүүр дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би зүүнээс баруун чиглэлтэй хэсгээр хөндлөн гарах гэж байсан. Урдаас хойш чиглэлтэй хэсгээр хөндлөн гараад голын цагаан зураасан дээр зогсоод хойноос урагшаа чиглэлтэй хэсгээр зам хөндлөн гарах гээд хойшоо харж байтал урд зүгээс нэг машин ирээд мөргөчихсөн. Тэгээд мөргүүлчихээд газар сууж байтал нөгөө мөргөсөн жолооч өргөөд намайг машиндаа суулгасан. Дараа нь ээж болон нөгөө жолооч нартай хамт Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний зүүн хөлийн тавхайн жижиг яс хугарсан, зүүн хөлний өвдөг шалбарсан, зүүн гарын тохой шалбарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 17 дахьтал/, Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Д-н иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Тухайн өдөр манай эхнэр миний машиныг барьж явсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-25 дахь тал/,
Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаартай шинжээчийн “...Уг тээврийн хэрэгсэл нь технийкийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй баруун талын толь шил нь хагарч, суурь нь хагарсан байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эвдрэл гэмтэл нь шинэ, хуучин эсэхийг тодорхойлох боломжгүй. Уг тээврийн хэрэгслийн тоормос болон гар тоормосны ажиллагаа, жолооны механизмын ажиллагаа нь хэвийн ажиллаж байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-46 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай “...Х.Х-н биед зүүн тавхайн 2-3-р шивнүүрийн далд хугарал, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 763 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 52-53 дахь тал/, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Санхүү бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хавтаст хэргийн 66 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.М-ийн яллагдагчаар өгсөн: “...хохиролд 198.000 төгрөг дутуу байгааг төлнө, мөн хохиролгүй болгоно. Гэмтлийн эмнэлэгт зураг авахуулахад өөрчлөлтгүй гарсан. Хохирогчийн хүсэлтийн дагуу нарийн шинжилгээнүүд хийлгэсэн. Шивнүүр яс хугарахад Шүүх эмнэлгийн дүгнэлтэд хүндэвтэр гарсанд эргэлзэж байна. Би тухайн өдөртөө хүүхдийг оношилгоо шинжилгээнд бүрэн хамруулсан...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 63 дахь тал/ болон хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 69 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67 дахь тал/, гэрч Ц.Б-н мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.М- хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н мэдүүлэг /хх-ийн 11 дэх тал/, насанд хүрээгүй хохирогч Х.Х-н мэдүүлэг /хх-ийн 26 дахь тал/, “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43-46 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.13, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т "жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хамааруулна гэж заажээ.
Шүүгдэгч П.М- С, М ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дахь тал/ болох нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.
Иймд шүүгдэгч П.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч П.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч П.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч П.М-ийг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргав.
Иймд шүүгдэгч П.М-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн зардлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, улсын яллагчийн санал, хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч П.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Бусад асуудлын талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Насанд хүрээгүй хохирогч Х.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.
Хэрэгт Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Санхүү бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хавтаст хэргийн 66 дахь тал/ авагдсан байх ба шүүгдэгч П.М- эрүүл мэндийн даатгалын санд гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт нийт 144.762 /нэг зуун дөчин дөрвөн мянга долоон зуун жаран хоёр/ төгрөг төлснийг дурдах нь зүйтэй байна.
Мөн хэрэгт насанд хүрээгүй хохирогч Х.Х-н хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “...шүүгдэгч П.М- хохирол төлбөрийг бүрэн төлсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тэмдэглэл /хх-ийн 91 дэх тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М- “...хохирогчид нийт 3.247.762 төгрөг нөхөн төлсөн...” гэж мэдүүлсэн ба нэмж 1.700.000 төгрөг төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх тул шүүгдэгч П.М-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.М- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П-н М-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар П.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
4. Шүүгдэгч П.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч П.М- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ