Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/03282

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 1з02/ШШ2021/03282

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 12 дугаар байр, 54 тоот хаягт оршин суух, Д овогт Д Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, өөрийн байранд байрлах, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК /РД:2688352/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,636,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 1984 оны 7 сард Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн цахилгаан цехийн лабораторид монтёроор ажилд орж тасралтгүй эрчим хүчний салбарт 34 жил 4 сар ажиллаад Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны Б/ дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэвэрийг хөнгөлөлттэй тогтоох ажил мэргэжлийн жагсаалт-ын 3 дугаар бүлгийн хөдөлмөрийн халуун нөхцөлийн 1 дэх нөхцөлд хамаарч, 2018 оны 12 сарын 14-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Өндөр насны тэтгэвэрт гарахад сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дундажаар тооцож 26,368,000 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Д.Б харилцах дансанд уг тэтгэмжийг олгохдоо 10 хувийг суутган авсан. 10 хувийг суутган авсан талаар тухайн үед Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн санхүүгийн албаны ажилтантай уулзсан боловч тодорхой хариу өгөөгүй. Энэхүү нэг удаагийн буцалтгүй тусламж нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар албан татвараас чөлөөлөгдөх тул энэхүү татварыг авснаар иргэн Д.Б эрхийг зөрчсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2,636,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.Б нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-д 34 жил 4 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн тул 2018 оны 12 сарын 14-ний өдрийн Б/ тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Өндөр насны тэтгэвэрт гарах авах эрх үүсч, гэрээ цуцлагдсан энэ үед Д.Б байгууллагын Хамтын гэрээний дагуу 26,368,000 төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Уг тэтгэмжийг олгохдоо 10 хувийг Баянгол дүүргийн Татварын хэлтэс рүү шилжүүлсэн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу олгож байгаа тэтгэмж учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар 60 нас хүрээгүй гэдэг үндэслэлээр Баянгол дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулинд заасан Хамтын гэрээний дагуу олгож байгаа тэтгэмж учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн Баянгол дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн тул иргэн Д.Б нь Баянгол дүүргийн Татварын хэлтсээс шаардах эрхтэй гэсэн хоёр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК  холбогдуулан 2,636,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тэтгэмжийг олгоход 60 нас гэж заасан учраас орлогын 10 хувийг суутган Баянгол дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугара зүйлийн 42.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1, 12.2 дахь заалтуудыг үндэслэн Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б/ тоот тушаалаар Цахилгаан цехийн тоосон системийн реле хамгаалалт автоматикийн монтёр Д Б өндөр насны тэтгэвэр авах эрх үүсч, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, Д.Б Эрчим хүчний салбарт ажилласан 34 жил 04 сард ногдох 26,368,000 төгрөгийн, ажлаас халагдсаны 5,371,184 төгрөгийн, нийт 31,739,184 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх тушаалын дагуу 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Д.Б Хаан банк дахь тоот дансанд 29,102,384 төгрөгийн тэтгэмжийг шилжүүлсэн байна.

Ийнхүү тэтгэмжийг олгохдоо 2,636,800 төгрөгийг дутуу олгосон байх бөгөөд тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувь суутгасан болох нь талуудын тайлбараар болон хариуцагч байгууллагын 2020 оны суутган татвар төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулан суутгасан татварын тайлангаар тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж-ийн орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан байхад суутган авч хохирол учруулсан гэж шаардаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж заасан.

Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, Ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговорын хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хамтын гэрээгээр зохицуулахаар заасны дагуу Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтын дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хувь хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хэмжээ үндэслэл, хэмжээнээс илүү хэмжээгээр тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, хамтын гэрээгээр 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарахад зөвхөн тэтгэмж олгохоор бус хөнгөлөлттэй нөхцөлөөр мөн өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгохоор зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан заавал олгох тэтгэмжийг өргөжүүлсэн зохицуулалт байна.

Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болоогүй хэдий ч Хамтын гэрээний дагуу олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын дагуу олгосон, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлого байна.

Гэтэл хуулиар чөлөөлөгдсөн орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчид хохирол учруулсан байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хохирлыг арилгах үүрэгтэй.

Хариуцагч байгууллага нь татвараас чөлөөлөгдөх орлогоос албан татвар суутган, татварын байгууллагад шилжүүлсэн байх тул түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас 2,363,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас 2,636,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 57,126 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б олгосугай.

                                         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.



 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ