| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0666/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/682 |
| Огноо | 2024-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/682
2024 08 30 2024/ШЦТ/682
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,
улсын яллагч Т.Баянмөнх,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос Х овогт Г-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** хотод төрсөн, ** настай, **, бүрэн дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, “**” хотхоны ** дугаар блокын ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хархорин овогт Г-н Г /регистрийн дугаар **/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Г. 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто кузов” засварын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Х-той маргалдаж улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гын өгсөн “...Би хохирогчийг модоор цохьсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчид хохирол төлбөр төлнө...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Х-н хохирогчоор өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” засварын газар ажлаа хийж хонох гээд байж байтал хамт ажилладаг Г ах шөнийн 2 цагийн үед хуурай дүү Г, Т гэх хоёр залуутай хамт ирсэн. Бид 0,75 грамм 1 шил архи, 0,5 граммын архи 1 шилийг ууцгаачихаад дахиад 0.5 граммын 1 шил архи уух гээд задлаад байж байсан. Бид нар нилээн согтсон байсан. Г ахын дагуулж ирсэн Т гэх залуу нь би атаман, танил ихтэй гээд юм яриад онгироод аархаад байсан. Би тэр Т гэх залуутай маргалдаж эхэлсэн. Гэтэл миний зүүн шанаа руу 2 удаа гараараа цохихоор нь би зөрүүлээд барьж авч газар унагаад цохих гэж байгаад больсон. Хамт явсан Г-д найз чинь хэтэрхий согтсон байна аваад явчих гэж хэлээд юм яриад зогсож байсан чинь араас миний толгойг нэг юмаар цохьчихоод гүйгээд машины араар орчихсон. Миний толгойноос цус гараад тогтохгүй байсан. Тэр үед надтай хамт ажилладаг Г ах цагдаад дуудлага өгөөд түргэний эмч, цагдаа нар ирсэн. Би эмнэлгийн машинтай Гэмтлийн эмнэлэг дээр очиж эмчлүүлсэн.
...Би гэмтлийн эмнэлэгт 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр түргэнээр очоод 4 хоног тархины тасагт хэвтэж эмчлүүлсэн, гэрээр дэглэм барьж эмчилгээгээ бичүүлж авч эмнэлгээс гарсан. Тухайн үед эмнэлгийн төлбөр 400.000 төгрөг болсон, 500.000 төгрөгөөр эм, тариа авсан. Баримтууд нь манай эмээгийн гэр болох Тахилтад байгаа бөгөөд эмээ гэртээ байхгүй, Эрдэнэт хотод байгаа, Улаанбаатарт хэзээ ирэх нь тодорхойгүй тул холбоо барих боломжгүй байгаа... Миний хохирлыг Г.Г барагдуулаагүй, миний толгой орой болгон өвддөг, нэг тайвшруулах эм, нэг толгойны эм ууж байж шөнө унтдаг. Тэр хүн надад учирсан хохирол төлбөрийг барагдуулсан тохиолдолд надад гомдол байхгүй. Надаас нийт 900.000 төгрөгийн зардал гарсан... Би сэтгэл санаанд учирсан хор уршиг гэж нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-21 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Г-н гэрчээр өгсөн: “...Би тэр өдөр хуурай дүү болох Ганбүрэнг утсаар яриад ажил дээрээ дуудсан юм. Г 23 цагийн үед манай ажил дээр өөрийн найз Г гэх залуутай хамт ирээд би Г, Г хоёрын хамт Модны хоёр руу явж Г-н найз Э гэх эмэгтэйг аваад буцаад ажил руугаа очсон. Тэгээд дэлгүүрээс архи, пиво аваад ажил дээрээ Г, Г, Э, надтай хамт ажилладаг Х бид 5 хоорондоо танилцаж, архи, пиво ууж байгаад 2 цагийн үед Г, Х хоёр хоорондоо маргалдаад Г Х-г ганц хоёр цохьсон. Гэтэл Х Г чамтай муудалцмааргүй байна гэж хэлж байсан. Гэтэл Г Х руу хоёулаа зодолдъё гээд агсраад байсан. Х Г дээр очоод найзыгаа аваад явчих эсвэл найзыгаа боль гэж хэл гээд юм яриад зогсож байсан чинь араас нь толгой руу нь алхаар цохьчихоод зугтаагаад гараад явчихсан. Бид нартай хамт байсан Эрка гээд охин цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4304 дугаартай “...Э.Х-н биед духанд шарх, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, 2 тал бөмбөлгийн зулай хэсгийн таславчинд аалзан хальсан доорх голомтлог цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” засварын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Х-той маргалдаж улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Г өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.Г хохирогч Э.Х-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Г.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Гурав. Бусад асуудлын талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Э.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хэрэгт Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 9-11 дэх тал/ авагдсан байх боловч хохирогч Э.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд “...Эмчилгээ блон эм тарианы зардал нийт 900.000 төгрөг гарсан. Үүнийг нэхэмжилж байна. Харин Сэтгэцэд учирсан хор уршигийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгч Г.Гаас нийт 900.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Х-т олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г-н Гыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Гт Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-аас 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Х-т олгосугай.
6. Шүүгдэгч Г.Г цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ