Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/03290

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/03290

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баяндөхөм  дүгээр гудамж,  тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо,  байр,  тоот хаягт оршин суух, Б овогт М О /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  аймаг, Т сум, 3 дугаар баг, Сэлэнгэ хаягт оршин суух, Э овогт Д М /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд гарсан зардлыг хариуцахыг даалгах, охин М.Э Капитрон банкинд эзэмшдэг дансны үлдэгдэл мөнгөн хуримтлалыг түүний Голомт банк дахь  тоот дансанд шилжүүлэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.М 2013 оны 6 дугаар сард танилцаж, 2013 оны 11 дүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн. Бидний охин М.Э 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. Охиноо төрөхөд бид Баянзүрх дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс гэрчилгээ авч, охин М.Э нь Д.М овоглосон. Бид зан харилцаа, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж 2017 оны 2 дугаар сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин М.Э нь 2 дугаар ангид суралцдаг бөгөөд хичээлийн хэрэгсэл хувцас бусад хэрэглээний зардлыг миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин М.Э өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. М.Э охин маань Ерөнхий боловсролын 78 дугаар дунд сургуулийн дугаар ангид элсэн суралцаж байгаа бөгөөд дуулах, бүжиглэх авъяастай, балетаар хичээллэх хүсэл эрмэлзэлтэй, хэлний авъяастай, япон хэлийг бие даан суралцаж эхэлсэн. Охин М.Э авъяас чадварыг нээх, хөгжүүлэх, сайн боловсролтой, зөв хүн болгон төлөвшүүлэх, амжилттай суралцуулах, мэргэжлийн зөв баримжаа, зөв дадал эзэмшихэд нь туслах зорилгоор тусгай сургалтын хөтөлбөрүүдэд хамруулах, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төлбөртэй сургалт, дамжаанд түүний хүсэл сонирхлынх нь дагуу хамруулах сургалтын төлбөр болон цар тахлын өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалж урьдчилан мэдэх боломжгүй онцгой нөхцөл тохиолдсон үед гарсан зардлыг түүний төрсөн эцэг Д.М хариуцуулан төлүүлэх хүсэлттэй байна. Д.М нь охин М.Э төрөх үед Капитрон банкинд Хүүхдийн хугацаатай болон хугацаагүй хадгаламж нээлгэсэн бөгөөд Монгол Улсын засгийн газар, Улсын их хурлын шийдвэрээр 0-18 насны хүүхэд бүрт олгож байгаа мөнгөн тэтгэмж болох 100,000 төгрөг болон Эх орны хишиг-н мөнгөнүүд дээрх дансаар шилжин орж ирдэг ч Д.М нь дээрх дансуудыг охины хамт хамтран эзэмшдэг тул охинд маань зарцуулахгүй байна. М нь охин М.Э 2 настайгаас нь тусдаа амьдарч байгаа бөгөөд охинд олгогдсон дээрх мөнгөн тэтгэмжүүдийг өөрийн дураар захиран зарцуулж байгаа нь охины маань эрх ашгийг хөндөж байгаа тул Капитрон банк дахь хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн дансны үлдэгдэл мөнгөн хуримтлалыг охин М.Э эзэмшлийн Голомт банк дахь  тоот хугацаатай хадгаламжийн данс руу шилжүүлэн авч, охиныхоо хэрэгцээнд зарцуулах шаардлагатай байна. Иймд Мөнхбадрахаас охин М.Энхрийлэнд онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд гарсан зардлыг хариуцахыг, охин М.Энхрийлэнгийн Капитрон банкинд эзэмшдэг хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн дансны үлдэгдэл мөнгөн хуримтлалыг охин М.Э Голомт банк дахь  тоот дансанд шилжүүлэхийг тус тус даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.М миний бие М.О гаргасан бүх нэхэмжлэлийн шаардлага болох охин М.Э ээжийнх нь асрамжид үлдээх, М.Э 18 насанд хүртэл хуулийн дагуу тэтгэлэг төлөх, Капитрон банкны хүүхдийн хадгаламжийн үлдэгдэл мөнгийг голомт банкны  тоот дансанд шилжүүлэх, охин М.Э онцгой нөхцөл байдал үүссэн үед тухай бүр нь нэмэлт зардлыг хариуцах зэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Жич: миний бие Х аймгийн Т сум, Сэргэлэн  дугаар багт малчин хийдэг тул яаралтай нутаг буцах шаардлагатай байгааг харгалзан үзнэ үү. 2021 оны 11 сарын 17-ны өдөр охин М.Э Голомт банк  тоот дансанд 1,400,000 төгрөгийн орлого хийсэн баримтыг хавсаргав гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Д.М холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, нэмэлт зардал гаргуулах, охины Капитрон банк дахь дансны мөнгөн хуримтлалыг Голомт банкны дансанд шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2013 онд танилцаж, улмаар 2013 оны 11 сараас хамтран амьдарсан ба 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр охин М.Э төрүүлсэн байна. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан ч охиноо эцгээр нь овоглон төрсний бүртгэлд бүртгүүлжээ. Зохигчид 2017 оны 2 дугаар сараас тусдаа амьдарч байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь охиныг төрсөн хүүхэд нь мөн эсэх талаар маргаагүй, охин нь Д.М овоглосон байх тул эцэг тогтоолгох шаардлагагүй гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд:

 

Охин М.Э нь төрсөн цагаасаа эхийн асрамжид байгаа, эцэг Д.М нь асрамжийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч байх тул 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин М.Э эх М.О асрамжинд үлдээж шийдвэрлэв.

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:

 

Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар тусгайлан тохиролцоогүй, хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Мөнхбадрахын Энхрийлэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Э овогт Д М /РД:/ тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд гарсан зардлыг хариуцахыг даалгах шаардлагын тухайд:

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нь онцгой нөхцөл байдалтай холбоотой зардлыг хариуцахыг даалгахыг хүсчээ.

Хариуцагч нь энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх боловч шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь хуулийн дээрх зохицуулалт нь зардал гарсан үед тухайн зардлаа хариуцуулахаар шаардах тухай зохицуулалт буюу зардлын хэмжээ тодорхой байхыг шаардана. Гэтэл тодорхой бус байдлаар хариуцахыг даалгах нь гэнэтийн зардал гарах эсэх нь, гарсан тохиолдолд хэдэн төгрөгийн зардал гаргах нь тодорхойгүй, зардлыг хариуцаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй тул албадан гүйцэтгэх үед ямар хэмжээний төлбөрийг албадан гаргуулах нь тодорхойгүй болох тул урьдчилан шийдвэрлэх боломжгүй юм.

Харин ийм зардал гарах бүрд хариуцагч хариуцаагүй тохиолдолд тухай бүрд нь шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Охин М.Э Капитрон банкинд эзэмшдэг дансны үлдэгдэл мөнгөн хуримтлалыг түүний Голомт банк дахь  тоот дансанд шилжүүлэхийг даалгах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь Капитрон банкинд охины нэр дээр хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн данс байгаа бөгөөд тухайн дансны үлдэгдэл мөнгийг Голомт банк дахь охин М.Э данс руу шилжүүлэхийг даалгахыг хүсчээ.

Хариуцагч Д.М нь 1,400,000 төгрөгийг охин М.Э Голомт банк дахь тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан Капитрон банк дахь М.Э  тоот дансны үлдэгдэл нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 210,162.35 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгөөс 177,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 32,850 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 107,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин М.Э эх М.О асрамжид үлдээсүгэй.   

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин М.Э 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.М тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг баримтлан тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд гарсан зардлыг хариуцуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэгч М.О нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоусгай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан охин М.Энхрийлэнгийн Капитрон банкинд эзэмшдэг дансны үлдэгдэл мөнгөн хуримтлалыг түүний Голомт банк дахь  тоот дансанд шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1,400,000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийн 177,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 32,850 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 107,550 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ