Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/674

 

 

 

 

  

 

   2024          08           27                                    2024/ШЦТ/674

 

 

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Хонгорзул,  

шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос М овогт Н-н А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын **-ны өдөр ** хотод төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл **, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд

1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн **** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

1997   оны 12 дугаар сарын 9-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил, 4 сарын хугацаагаар хорих ялаар,

2000 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

2002   оны 7 дүгээр сарын 4-ний өдрийн **** шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,**

2003   оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн *** дундын шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 5 cap, 20 хоногийн хугацаагаар хорих ялаар,

2004   оны 10 дугаар сарын 11-ний өдрийн *** дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар,

2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн *** аймгийн Сум дундын шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хорих ялаар,

2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн ** дүүргийн шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг, 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил, 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээж байсан, М овогт Н-н А- /регистрийн дугаар **/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А- үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч С.С-н гадуур хувцасны халааснаас “Айфоне 11 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг “**” дэлгүүрээс хохирогч Э.Н-н эзэмшлийн Макбүүк /Масbook рго/ загварын компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,340,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** тоотод байрлах багш нарын өрөөнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Д.Н-н эзэмшлийн ACER загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** тоотод байрлах багш нарын өрөөнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Ш.Э-н эзэмшлийн НР загварын 17 үзүүлэлттэй зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** давхрын хувцас солих өрөөнөөс хохирогч Б.Б-н эзэмшлийн цагаан өнгийн цааны годон гутлыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 834,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах худалдааны төвийн 2 давхарт *** дугааp лангууны хажууд байсан Г.Э-н зарах гэж байсан хайрцагтай хувцсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** давхрын хувцас солих өрөөнөөс хохирогч Г.Д-н цагаан өнгийн цааны годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 834,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “З” гэх нэртэй дэлгүүрийн лангуун дээр байсан хохирогч Б.Э-н эзэмшлийн “Самсунг А53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 575.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “***” кино театр дотор насанд хүрээгүй хохирогч Э.Энхжингийн халааснаас түүний өмчлөлийн “Самсунг А34” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,039,200 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “***” молл төвийн 3 дугаар давхарт байрлах “Show me” нэртэй дэлгүүрийн текэн дээр байсан хохирогч Ё.Н-н өмчлөлийн “I phone 13 Pro Maх” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.325.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хороо Улаанбаатар Төмөр Замын Төв эмнэлгийн 4 давхарт хувцас солих өрөөнд хууль бусаар нэвтэрч хохирогч М.М-н эзэмшлийн годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулж  бусдад нийт 11,922,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй....” гэв.

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 2, 163, 214, 241, 2-р хх-ийн 19, 85, 118 дэх тал/,

           

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Н-н өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүрэгт байрлах ***  тоот  өрөөнд оюутнуудаас шалгалт авахаар орсон. Тэр үед багш нар ихэнх нь шалгалт авч байсан тул орж гараад хөдөлгөөнтэй үе байсан тул өрөөгөө цоожлохгүй орхисон. 11 цаг 25 минутын үед гараад иртэл багш нар шалгалтнаасаа ороод ирчихсэн, Энхзаяа багш компьютер харсан уу гэж асуугаад тэр хавиар хайж байсан. Зэргэлдээ ширээн дээр байсан миний нөүтбүүк бас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

            Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 18-20, 83-87, 96-7 дахь тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Э-н өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 8 цагийн үед Баянгол дүүрэгт байрлах **** тоот өрөөнд нөүтбүүкээ үлдээгээд 9 цаг 30 минутын орчимд түр гараад 11 цаг 25 минутын үед иртэл ширээн дээр байсан нөүтбүүк байгаагүй. Мөн Н-н багшийн нөүтбүүк алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

           

            “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...Acer I5 notebook” 300.000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

 

            “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...HP I7 notebook” 400.000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хавтаст хэргийн 52-54 дэх тал/,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 77-82 дахь тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.М-н өгсөн: “...2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагийн үед Төмөр замын эмнэлэг дээр эмнэлгийн хяналтанд орох гээд 4 давхарт **** тоот өрөөнд үзүүлэхээр хувцас солих өрөөнд гадуур хувцсаа тайлаад өмсөж явсан цаа бугын арьсан годон гутлаа гутлын тавиур дээр тавиад эмчийн үзлэгт ороод 10-15 минут орчим болоод гарч ирээд гутлаа өмсөх гэтэл миний гутал байхгүй, гутал дотор байсан оймсыг тавиур дээр гаргаж тавьсан байсан. Би сувилагчид хэлсэн чинь нэг хар куртиктэй залуу зогсож байсан, танай нөхөр юм болов уу гэж бодсон гэж хэлсэн... Би 2023 оны 1 дүгээр сард Оросын Холбооны Улсаас Монгол мөнгөөр 2.080.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би гутлаа 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бүрэн бүтэн хүлээж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 102-103 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.А-н өгсөн: “...Тухайн өдөр би ажил үүргээ гүйцэтгээд ажлын байрандаа байсан. 10 цаг 40 минутын орчимд нэг эмэгтэй хяналтанд орох гээд ирсэн. М гэдэг эмэгтэй байсан. Би 1 давхрын 106 тоот руу яваад жирэмсний карт аваад 4 давхарт ажлын өрөөндөө орж ирсэн. Энэ үед намайг өрөө рүүгээ явж байхад хувцас солих өрөөнд хар куртиктэй нэг эрэгтэй зогсож байсан ба өрөөнөөс гарах гэж байгаа бололтой зогсож байхаар нь би Мөнхтуул гэх эмэгтэйн нөхөр гэж бодсон... Хувцас солих өрөөнд гутал хийх шүүгээ байгаа боловч цоож нь эвдэрсэн. Мөнхтуул гэх эмэгтэй 10 цаг 40 минутын үед манай өрөөнд орж ирээд 25 минут орчим биеэ үзүүлж үзлэгтээ ороод гарсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 105-108 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Б-н гэрчээр өгсөн: “...2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “Мон тел” төвийн ар талын хаалганы тэнд Н.А зогсож байсан. Би тамхи татахаар гарч яваад таарсан юм. Н.А- надтай мэндлээд цагаан өнгийн тортой зүйл барьчихсан зогсож байсан. Торон дотроос цагаан өнгийн цаа бугын арьсан годон гутал гаргаж ирээд “та энэ гутлыг хямдхан авах уу, олсон юм” гэж хэлсэн. Би үзэж хараад тухайн гутлыг 70,000 төгрөгөөр буюу бэлэн мөнгөөр худалдаж авсан. Удалгүй 12 цагийн үед гар утсаа засуулдаг Д.Г гэх хүн ирээд өөрийн гар утасны дэлгэцийг засуулах гэсэн юм гэж ирсэн... бид хоёр ойр зуурын юм ярьж байгаад Н.А-с худалдаж авсан цаа бугын годон гутлыг гаргаж ирээд “та энэ гутлыг хямдхан авах уу” гэж асуухад үзэж байгаад “хэдэн төгрөгөөр зарах юм” гэж асуухаар нь би “100.000 төгрөгөөр зарна” гэж хэлэхэд “манай эхнэр гуталгүй байгаа, таарах юм бол авна, таарахгүй бол буцаагаад аваад ирье” гэж хэлээд аваад явсан.

Н.А- 2023 оны 08 дугаар сарын дундуур байх дэлгэц хагарсан “Самсунг А-32” загварын гар утсыг надад 20.000 төгрөгөөр худалдан борлуулсан. 2023 оны 12 дугаар сарын сүүлээр “Windows” үйлдэлтэй зузаан нөүтбүүк, Dell загварын жижиг нөүтбүүк зэргийг надад үзүүлсэн. Би хоёуланг нь нийлүүлээд 600.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед Н.А-д бэлэн мөнгө өгсөн. Н.А- банкны данс байхгүй гэж хэлэхээр нь “Монтел”-ын “ХААН” банкны АТМ-ээс бэлэн мөнгө гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 111-113 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Г-н өгсөн: “...2021 онд би Т.Б-тай “Мон тел” худалдааны төвд гар утас засуулах гэж яваад танилцсан. Би хүний том тэрэг барьж хөдөө явж арьс, шир, мах зэрэг зүйл авдаг. Хөдөө явж байхад зүс таних хүмүүс эвдэрсэн утсаа Улаанбаатар хот руу яваад засуулаад өгөөч гэж гуйх тохиолдол их байдаг тул Т.Б гэх хүн дээр очиж тухайн гар утаснуудыг засуулдаг. 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр би өөрийн гар утасны хагарсан дэлгэцийг янзлуулах гээд “Мон тел” худалдааны төв орж Т.Б дээр очоод гар утсаа янзлуулах гэхэд энд засдаггүй гэж хэлсэн. Н.Б “хямдхан цаа бугын годон гутал байна, сонирхох уу” гэж хэлээд цаа бугын цагаан өнгийн дээгүүрээ бугын зурагтай гутал гаргаад ирсэн. Би “манай эхнэр гуталгүй байгаа, таарах юм бол авъя, хэдээр өгөх юм” гэхэд “100.000” төгрөг гэж хэлсэн. Би “мөнгийг нь энэ гутал чинь эхнэрт таарах юм бол гар утсаар холбогдож байгаад шилжүүлнэ, таарахгүй бол буцаагаад аваад ирнэ” гэж хэлээд тухайн гутлыг аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 116-117 дахь тал/,

 

“Файн эстимэйт” ХХК-ийн “...цааны годон гутал 560.000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хавтаст хэргийн 125-128 дахь тал/,   

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Н.Цэнгэлмаагийн өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номын сангийн баруун талд байх *** сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байгаад өөрийн “Айфоне-11” гар утсаа пальтоны халааснаасаа хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 167-168 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн “I phone pro max” загварын гар утсыг 1.375.000 төгрөг”...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 170-171 дэх тал/,

 

Си Ди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 177-178, 2-р хавтаст хэргийн 8, 2-р хх-ийн 33, 66, 101 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Т-н өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гэх бөөний төв дотор худалдагчийн ажлаа хийж байсан ба 11 цаг 40 минутын орчимд цэнхэр куртиктэй залуу орж ирээд чокопэй авъя гэж хэлэхээр нь за гээд хойд агуулах руу орж авч өгсөн. Гэтэл дахиад нэгийг авъя гэж хэлэхээр нь буцаж орчихоод гарч иртэл тухайн залуу байхгүй мөн миний гар утас байхгүй болчихсон байсан... Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 212-213 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн “Самсунг А-53” загварын гар утсыг 550.000 төгрөг”...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 223-224 дэх тал/, Үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 228-229 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Н-н өгсөн: “...Би гар утсаа 2022 онд, 2022 оны “Macbook pro 15 inch 256 gb” загварын хар саарал өнгийн компьютерээ 6.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний компьютер бүрэн бүтэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 244 дэх тал/,

 

“Дамно” ХХК-ийн “Macbook pro” 1.340.000 төгрөг”...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 249-250 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-н өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нэгдүгээр эмнэлгийн 7 давхарт хувцас солих өрөөнд өглөө 8 цаг 7 минутын үед хувцасаа сольсон. 17 цаг 20 минутын орчимд ажил тараад хувцсаа солихоор 7 давхарт хувцасны өрөө ороод хувцасаа солиод гутлаа өмсөх гэтэл миний гутал байгаагүй. Гутлаа хайгаад 1 цаг болсон. Хяналтын камер шүүх гэсэн боловч ай ти инженер нь ажлаасаа буугаад явсан байсан. Маргааш нь ирээд хяналтын камер шүүхэд хар куртиктэй, өтгөн хөмсөгтэй, үл таних эрэгтэй 2 гартаа годон гутал бариад шатаар бууж байсан. Миний гутал цагаан өнгийн тортой байсан ба яг тэр тортой нь бариад бууж байсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн цагаан өнгийн цааны годон 834.000 төгрөг”...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Д-н өгсөн: “...Би энэ оны 10 дугаар сард Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэхээр ирсэн ба Улсын Нэгдүгээр төв эмнэлэг дээр 1 жилийн хугацаатай ажиллаж байгаа. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус эмнэлэгт ирээд 7 давхарт байрлах сургалтын албаны хажууд байрлах хувцас солих өрөөнд хувцасаа сольсон ба үдээс хойш 14 цаг өнгөрч байхад гадагш гарах гээд тус өрөөнд ороход миний 1 хос годон гутал алга болсон байсан. Би гутлаа өнгөрсөн жил 1.680.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн цагаан өнгийн цааны годон 834.000 төгрөг”...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ё.Н-н өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” дэлгүүрийн 3 давхарт байрлах “***” гэх нэртэй дэлгүүрт ажиллаж байхад 13 цаг 8 минутанд цэнхэр куртиктэй залуу орж ирээд текэн дээр байсан миний гар утсыг аваад явж байгаа нь харагдаж байсан.  Би цаана нь хүн бараа асуугаад байхаар нь тайлбарлаад анзаарахгүй байсан болохоор тэрийг далимдуулаад авсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

 

“Дамно” ХХК-ийн “I phone 13 pro max” гар утас 2.325.000 төгрөг”...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 95-96 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Э-н өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн захын 2 давхарт *** дугаартай лангуунд бараа ирээд багтахгүй байхаар нь лангууны гадна талд өрөөд тавьчихсан байсан. Манай ээж хоол идэж байгаад буугаад иртэл жижиг хайрцагтай хувцас байхгүй байхаар нь хянатын камер шалгахад үл таних 2 хүн манай лангууны урдуур яваад буцаж ирээд жижиг хайрцагтай барааг авч гараад төв зам дээрээс таксинд сууж байгаа дүрс байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 124-125 дахь тал/,

 

Хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 129-130 дахь тал/, “Дамно” ХХК-ийн “эмэгтэй хүний дотуур хувцасны хослол 90 ширхэг 1.440.000 төгрөг, эмэгтэй хүний левчик 120 ширхэг 960.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөг”...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 136-137 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Э-н өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 20 минутад гэрээсээ гарч сургууль руугаа явж найзуудтайгаа уулзах гэж гарсан. ...Тэнгис кино театрын дотор байдаг өөрөө зургаа дардаг хэсгийн касс  дээр 17 цаг 00 минутын үед найзуудтайгаа очоод тооцоо хийх гээд өөрийн гар утасны ар талаас виза картаа гаргаж ирээд виза картаа аваад гар утсаа буцаагаад куртикныхаа зүүн халаасандаа хийсэн, буцаагаад гар утсаа гаргаж ирээд виза картаа хийх гэсэн чинь гар утас байхгүй байсан. Би найзынхаа гар утсаар өөрийн дугаар руу залгахад дуудаж байгаад хэсэг хугацааны дараа дуудахаа больсон. Миний гар утас “Самсунг А34 5 Жи” загварын гар утас байсан. Би гар утсаа 2023 оны 4 дүгээр сард “Самсунг” төвөөс 1,600,000 орчим төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 178-179 дэх тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтаст хэргийн 185-195 дахь тал/, “Дамно” ХХК-ийн “Самсунг А34” загварын гар утас 1.039.000 төгрөг...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 202-204 дэх тал/, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 209-211 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Б-н иргэний хариуцагчаар өгсөн: “...2024 оны 1 дүгээр сарын сүүлээр А- манай ажил дээр ирээд надаас годон гутал авах уу гэж асуухаар нь би харъя гэхэд А- надад хоёр хос цагаан, саарал өнгийн хуучин годон гутал харуулахаар нь үзтэл нилээн хуучирсан хоёр хос годон гутал байхаар нь би А-эс хоёр хос гутлыг нь нийлүүлээд 200,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараа А- дахин над дээр ирээд нөүтбүүк, гар утас худалдаж авах уу гэхээр нь би үзтэл нэг нь нилээн хуучин, нэг нь дунд үеийн НР загварын хоёр ширхэг нөүтбүүк болон дэлгэц нь хагарсан А32, Айфоне 7 плас загварын дэлгэцний шил нь хагархай гар утасыг зарна гэж хэлэхээр нь би А-эс тухайн зүйлсийг нь авахаар тохиролцож хоёр нөүтбүүкийг нь 400,000 төгрөгөөр, Самсунг 32, Ай фоне 7 загварын гар утасыг нь нийлүүлээд 50,000 төгрөгөөр гээд нийт 450,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд худалдаж авсан мөнгөө А-д бэлнээр өгсөн. Гар утсыг нь гар утас засварын сэлбэгэнд эд ангийг нь хэрэглээд дуусчихсан. Хоёр гуталны нэгийг нь Төмөр замын цагдаагийн хэлтэст хураалгасан. Нэг гутлыг лагерьт амбаартаа хадгалсан байж байхад алга болчихсон байсан. Би хохирогч нар учирсан хохирлыг даруй төлж барагдуулах болно. Бас А-эс худалдаж авч байсан 2 хос годон гуталны нэгийг нь Төмөр Замын цагдаагийн газарт аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 113 дахь тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Э-н хохирол төлбөрт 1.040.000 төгрөг шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 115 дахь тал/,

 

            Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “1, 2, 3, 4, 5” гэж тэмдэглэсэн зөөврийн санах ойн хэрэгсэл /CD, DVD/-д байх дүрс бичлэгүүд хүний гадна дүр төрх судлалын шинжилгээнд тэнцэхгүй байна…” гэх  мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 124-125 дахь тал/,

 

            Хохирол төлсөн талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Шүүгдэгч Н.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би *** сургуулийн хавьд явж байгаад сургууль руу нойл хайж орсон. Нойл 4 давхарт байдаг гэхээр нь 4 давхар руу гарахад нэг онгорхой хаалга байхаар нь татсан чинь 2 ширхэг зөөврийн компьютер байсан. Тухайн өрөөнд хэн ч байгаагүй тул 2 зөөврийн компьютерийг аваад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мон тел” гэх нэртэй утасны сэлбэг зардаг газар Бек гэдэг ченжид өгсөн. Тухайн үедээ нэгийг нь 200.000 төгрөгөөр бодож нийт 400.000 төгрөг авсан. Тухайн мөнгөөр нь би архи согтууруулах ундааны зүйлд хэрэглэж дуусгасан. Би хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...

Би 2023 оны 12 дугаар сарын 31-нйи өдөр ***” компанийн орчим байрлах дэлгүүрээс чокопэй авах гэж орсон. Гэтэл лангуун дээр нь ил хагархай Самсунг маркийн утас байхаар нь тухайн утсыг аваад 400.000 төгрөгөөр худалдсан...

***” худалдааны төвийн 2 давхарт байрлах ноолууран эдлэл зардаг дэлгүүр рүү орж нэг компьютер авсан. Тухайн авсан компьютерээ Сүхбаатарын талбайн ордны хажууд байрлах соёлын ордны орчим Бэк гэх ченжид 200.000 төгрөгөөр өгсөн...

Би байнгын хүн амьдрах зориулалттай байшин сав руу ороогүй, мөн шөнө биш өдрийн цагаар хаалга нь онгорхой байхад нь орсон. Мөн би надад холбогдуулж яллагдагчаар татсан ***” сүлжээ дэлгүүрээс гар утас хулгайлсан, “***” дотроос хайрцагтай хувцас хулгайлсан, мөн Нэгдүгээр эмнэлэг дотроос цааны годон гутал хулгайлсан гэх хэргийг үйлдээгүй. Дээрх хэргийн бичлэгийг үзэхэд гэмт хэргийг үйлдэж байгаа хүн нь надаас шал өөр хүн байсан. Наранцэцэгийн эзэмшлийн нөүтбүүк хулгайлсан гэх 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр би цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулагдсан байсан. Бас Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордоноос намайг хар өнгийн куртик авсан гээд байгаа бөгөөд миний хувьд тухайн газар руу орсон боловч хэн нэгний куртикийг авч гараагүй. Бусад үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч байгаа...

Би 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” төвийн 4 давхарт байрлах кино театрын хуваарь харчихаад чихэвч үзэх зорилгоор 3 давхар руу буугаад электрон бараа зардаг тасаг руу ороод чихэвчний үнэ харчихаад буцаж гарах үед текэн дээр хар өнгийн “Айфоне” маркийн гар утас байхаар нь аваад гарсан. Тухайн гар утсыг 200.000 төгрөгөөр зарсан...

2023 оны 12 дугаар сард байх өдрийг нь сайн санахгүй байна, орой 17 цагийн үед би Тэнгис кино театр руу киноны зар харах гэж орсон. Доор нь байдаг тоглоомын төв рүү орж карт аваад тоглоом тоглочихоод гарах гэтэл үүдэнд 2, 3 охин зогсож байсан. Нэг охиных нь куртикны кармаанаас 1 утас цухуйсан байхаар нь би хажууд нь очиж зогсож байгаад тэр охины утсыг авчихсан. Би утсыг нь авч гараад Төв шуудангийн ард талын Мон тел руу очоод Бек гэх ченжид 80.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь архи уугаад дууссан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 70-71, 146-147, 236-237, 2-р хавтаст хэргийн 15-16, 46, 107-108, 226  дахь тал/,

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хавтаст хэргийн 10 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 222, 232 дахь тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.А- “үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Н-н мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 27-28 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 18-20, 83-87, 96-7 дахь тал/,  мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Э-н мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 38-39 дэх тал/,  “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1-р хавтаст хэргийн 46-47, 52-54, 170-171, 223-224, 249-250/, /2-р хавтаст хэргийн 26-27, 57-58, 95-96, 136-137, 202-204 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 77-82 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.М-н мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 102-103 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.А-н мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 105-108 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч, гэрч Т.Б-н  мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 111-113, 3-р хавтаст хэргийн 113 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Г-н мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 116-117 дахь тал/, “Файн эстимэйт” ХХК-ийн “...цааны годон гутал 560.000 төгрөг...” гэх үнэлгээ /1-р хавтаст хэргийн 125-128 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Н.Ц-н мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 167-168 дахь тал/, Си Ди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэрийн 177-178, 2-р хавтаст хэргийн 8, 2-р хх-ийн 33, 66, 101 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Т-н мэдүүлэг /хавтаст хэргийн 212-213 дахь тал/, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 228-229 дэх тал/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Н-ны мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 244 дэх тал/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 23 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Д-н мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 23 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ё.Н-н мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 89-90 дэх тал/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Э-н мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 124-125 дахь тал/, хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 129-130 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Э-н мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 178-179 дэх тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /2-р хавтаст хэргийн 185-195 дахь тал/,  дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 209-211 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй, тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилсан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тодорхойлжээ.

 

Хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч байгаа үйлдлийг, мөн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдгийг эд хөрөнгийг түр буюу байнга хадгалах зориулалттай, орон байр, сууц эсхүл нэвтрэхийг зөвшөөрөөгүй орон зай, объектыг ойлгоно. Мөн хууль зүйн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдлыг хууль бус нэвтрэлт гэж үзэх бөгөөд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хохирлын хэмжээг үл харгалзан зүйлчлэх хуулийн үндэслэлтэй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Н.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хэд хэдэн удаагийн буюу нийт 11 удаагийн үйлдлээр С.С, Э.Э, Д.Д, Ш.Э, Б.Б, Г.Э, Г.Д, Б.Э, Э.Э, Ё.Н, М.М нарын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.А-г  “үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.А- “үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Н.А- гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарт учирсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө идэрхийлсэн, 8-12 насны 2 хүүхэдтэй зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр нөхөн төлөхөө идэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Н.А-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 219 /хоёр зуун арван ес/ хоногийн хорих ялыг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:         

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэрэгт насанд хүрээгүй хохирогч Э.Энхжинд хохирол төлбөрт 1.040.000 төгрөг шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 115 дахь тал/, хохирогч Д.НаранцэнгэлН-дд 300.000 төгрөг, Ш.Э-д 400.000 төгрөг төлсөн талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хавтаст хэргийн 11 дэх тал/, хохирогч М.Т-н “...надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 212-213 дахь тал/, хохирогч М.М-н “...надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 102-103 дахь тал/, хохирогч Б.Б-гийн “...хохирол төлбөрт 830.000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэгийн 163 дахь тал/ тус тус авагджээ.

 

Мөн “Дамно” ХХК-ийн “I phone pro max” загварын гар утсыг 1.375.000 төгрөг...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 170-171 дэх тал/, “Дамно” ХХК-ийн “Macbook pro” 1.340.000 төгрөг”...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 249-250 дахь тал/, “Дамно” ХХК-ийн “эмэгтэй хүний дотуур хувцасны хослол 90 ширхэг 1.440.000 төгрөг, эмэгтэй хүний левчик 120 ширхэг 960.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөг...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 136-137 дахь тал/, “Дамно” ХХК-ийн цагаан өнгийн цааны годон 834.000 төгрөг...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 57-58 дахь тал/, “Дамно” ХХК-ийн “I phone 13 pro max” гар утас 2.325.000 төгрөг...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 95-96 дахь тал/ тус тус хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Н.А-эс нийт 8.274.000 төгрөг гаргуулж, хохирогч С.С-д 1.375.000 төгрөг, Э.Н-д 1.340.000 төгрөг, Г.Д-д 834.000 төгрөг, Ё.Н-д 2.325.000 төгрөг, Г.Э-д 2.400.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 /арав/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Н-н А-г “үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-н цагдан хоригдсон нийт 219 /хоёр зуун арван ес/ хоногийг түүнд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялаас хасаж тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Н.Анх-Эрдэнийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.А-эс нийт 8.274.000 төгрөг гаргуулж, хохирогч С.С-д 1.375.000 төгрөг, Э.Н-д 1.340.000 төгрөг, Г.Д-д 834.000 төгрөг, Ё.Н-д 2.325.000 төгрөг, Г.Э-т 2.400.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 /арав/  ширхэг Си Ди-г хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ