Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/658

 

 

 

 

 

  

 

   2024          08           19                                    2024/ШЦТ/658

 

 

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Г.Баясгалан,

шүүгдэгч Н.Т-, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос М овогт Н-н Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр ** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,*** сургуулийн 4 дүгээр дамжаанд сурдаг, “***” ХХК-д системийн админаар ажилладаг, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М овогт Н-н Т- /регистрийн дугаар **/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т- 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар цэцэрлэгийн хашаан дотор өөрийн биедээ гялгар ууттай, 9.0118 грамм цэвэр жинтэй, өвс гэх нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн хоёрдугаар жагсаалтад багтдаг “Дельта- тетрагидроканнабинол”-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Тухайн үед сонирхож үзээд анх удаа татсан. Өөрийн гэм буруугаа ойлгож, маш их гэмшиж байна....” гэв.

 

           Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан бусад баримтуудаас:

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хавтаст хэргийн 17-31 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 7-10, 14-17 дахь тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11-13,  18-20 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Н.Т- ** ***” болон “С.И *** 2024.05.16” гэж хаягласан шээсний дээжүүдээс Тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн. Тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2-р жагсаалтад багтана...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 516 дугаартай “...Н.Т- сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Н.Т- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Т- нь сэтгэцийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Н.Т- хэрэг хариуцах чадвартай байна. Н.Т- нь мансууруулах болон сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Ирүүлсэн дээж шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г-182 Н.Т-н биеэс хураан авсан “өвс” д\ч Г. Б 2024.05.16” гэж хаягласан зип лок ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлсээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabionol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2-р жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 9.0118 грамм байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

 

Шүүгдэгч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2024  оны 5 дугаар сарын 16-ны өдөр ажлын ярилцлаганд орох гэж гэрээсээ гарсан. Тэгээд гадуур түгжрэлтэй болохоор нь би хүний нөөц рүү залгаад “өнөөдөр амжихгүй юм байна, маргааш явж очъё” гэж хэлээд Тэнгис кино театрын автобусны буудал дээр буусан. Ирмүүн залгаад бид 2 хорооллын тэнд 4-5 цаг гаруй тоглоод тамхилах гээд 176 дугаар цэцэрлэгийн хашааны саравчинд очсон. Тэгээд би цүнхэндээ байсан өвсөө гаргаж ирээд цаасанд тамхи шиг ороогоод асуугуураар асаагаад утааг нь сорсон. Би Ирмүүнд чи хэрэглэж үзэх үү гэхэд зөвшөөрөөд хамт хэрэглэсэн. Ингээд бид 2 өвсөө сороод байж байсан чинь цагдаагийн алба хаагч ирээд та хоёр хар тамхи хэрэглээд байгаа юм уу гэж асуухаар нь тийм гэж хэлсэн. Ингээд бид хоёрыг Хар тамхитай тэмцэх газарт аваад ирсэн. Би тухайн өвсийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Тэнгисийн тэнд ганцаараа явж байхдаа хуучны танил “Баатар” гэх ахаас авч байсан. Би анх Баатар ахтай 2023 оны сүүлээр пс тоглоомын газарт танилцаж байсан ба тухайн үед надаас 20.000 төгрөг зээлсэн байсан. Би сая таарахдаа Баатар ахаас мөнгөө асуусан чинь ахын дүү мөнгөний оронд надад өвс байна, энэ өвсийг авах уу гэж асуухаар нь би зөвшөөрөөд тухайн өвсийг авсан, маргааш нь Ирмүүнтэй хамт хэрэглэж байхдаа цагдаагийн алба хаагчид баригдсан...  Тухайн үед надад ямар нэгэн мэдрэмж төрөөгүй, зүгээр сонирхоод л хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Н-н өгсөн “...Миний хүү Н.Т- 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдөр айлын бага хүү болон мэндэлсэн, нэг эгчтэй... 2020 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд элсэн орсон ба одоо 4 дүгээр курсийн оюутан. Миний хүү Н.Т- надтай хамт амьдарч байгаа. Аав нь надаас салсан, тусдаа амьдраад 2 жил болж байна. Н.Т- анх төрөхдөө зүрх судасны нарийсалтай гэсэн оноштой төрсөн ба 6 сартай байхад Япон эмч нарын баг ирж хагалгаанд орж байсан. Н.Т- 18 нас хүртлээ Эх нялхасын зүрх судасны эмчийн хяналтанд байсан. Зүрх нь өвддөг тул биеийн тамирын хичээлд орохыг нь хориглосон. Миний хүү зан чанарын хувьд нийтэч, цайлган, тусархаг, хар муухай санаа байхгүй, халамжтай, надтай нээлттэй харьцдаг, бүх зүйлээ ярьдаг, гэрийн ажил гэх мэт зүйлийг сайн хийдэг. Багаасаа тооны хичээлдээ сайн байсан. Математикийн хичээлийн олимпиадад оролцож олон шагнал авч байсан. Тоондоо сайн болохоор өөрийнхөө хүсэл зорилгоор ***  сургуулийн IT инженерийн ангид элсэн орсон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй. Миний хажууд ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.А-н өгсөн “...Миний дүү зан чанарын хувьд даруухан, халамжтай, тусч сэтгэлээрээ, хүний үг сайн авдаг, миний үгнээс гарч үзээгүй, ээжтэйгээ л нээлттэй тэрнээс биш дотогшоо, аймхай, хүн загнахаар сандардаг. Н.Т- багадаа 6 сартай байхдаа зүрхний хагалгаанд орж байсан. Тэрнээс хойш одоо болтол эмчийн хяналтанд байгаа. Найз охинтойгоо үерхээд 5-6 сар болж байгаа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй. Тамхи татдаггүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/, Санхүү эдийн засгийн их сургуулийн Н.Т- нь 4 дүгээр курст “мэдээллийн систем” мэргэжлээр суралцаж байгаа...” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 74 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 82 дахь тал/, Санхүү эдийн засгийн сургуулийн дүнгийн тодорхойлолт /хавтаст хэргийн 83 дахь тал/ эрүүл мэндийн талаарх баримтууд /хавтаст хэргийн 101-120 дахь тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Т- “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хавтаст хэргийн 17-31 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 7-10, 14-17 дахь тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11-13,  18-20 дахь тал/,  Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 3077 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт  /хавтаст хэргийн 34-36 дахь тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 516 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 3076 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 43-45 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.Т-ийг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Т- “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна, иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Т-ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал,

 

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Н.Т- гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзаж, сургууль, ажилдаа явах боломжоор хангаж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн шүүхээс тогтоосон маршрутаар зорчих үүрэг хүлээлгэж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаардаг, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

 

Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Т-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, байнга тогтвортой ажил эрхэлж байсан ба биеийн эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтсон шинж тэмдэг илрээгүй гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдал зэргийг мөн эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй засарч хүмүүжих боломжтой гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэх тухай эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хоёр төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, улмаар түүнд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь нийгэм, гэр бүл, хамт олны дунд нийгэмших, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, зан үйлээ засах боломжийг олгож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дээрх хугацаанд байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр сурч буй сургууль, оршин суух дүүргийн нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эсхүл оногдуулсан ял дээр нэмж ...эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж хуульчилсны дагуу оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын зорилгыг хангах үүднээс түүнд нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав. Бусад асуудлын талаар:         

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа нийт 9.0118 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Н-н Т-ийг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсгай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ийг байнга оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр сургууль, оршин суух нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Н.Т-т “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Шүүгдэгч Н.Т- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулсугай. 

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин Т- болтол Н.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч Н.Т-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа нийт 9.0118 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ