Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/03332

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/03332

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж,  тоот хаягт байрлах, Б ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж,  дүгээр байр,  тоот хаягт оршин суух, Өовогт А У /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,236,720 төгрөг гаргуулж, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч А.У, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, гэрч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.

                                    

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь иргэн А.У 2008 онд зээлээр худалдан авсан Баянгол дүүргийн Модны хоёрт байрлах орон сууцанд А.У хүсэлтийн дагуу 2008 оны 8 сараас 2009 оны 9 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 9,236,720 төгрөгийг Г ХХК-иас А.У бололцоотой үед нь буцаан авахаар зээлсэн. А.У нь Б ХХК-ийн эзэмшлийн худалдаа үйлдвэрийн тос, масло зарах, компанийн болон бусдад төлөх өр төлбөрөө төлөх саналыг хэлсэн. А.У дур мэдэн нийтийн байрыг барьсан. Тухайн үед Ус сувгийн удирдах газрын ажилтан ирж инженерийн шугам сүлжээний үнэлгээний шаардлага тавихад мөн биелүүлээгүй. Нийтийн байранд амьдарч эхэлснээс хойш бусдад түрээслэн ашиг олж, Компанийн зээлдүүлсэн 9,236,720 төгрөгийг хуулиар олгогдсон газар эзэмших эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа бөгөөд одоог хүртэл хохироосоор байна. Иймд А.У нэхэмжлэлийн шаардлагад зээлийн 9,236,720 төгрөгийг гаргуулах, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж,  хаягт байрлах Б ХХК-ийн газрыг хууль бус эзэмшлээс гаргуулах хүсэлттэй байна. Тухайн газрын хууль ёсны эзэмшигч болохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 11 сарын 3-ны өдрийн  тоот захирамж, 2015 оны 12 сарын 12-ны өдрийн Газар эзэмших гэрээ, 2015 оны 12 сарын 12-ны өдрийн тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус батлагдаж байгаа. Б ХХК-ийн ажилтан А.Э нь Г ХХК-ийн касст А.У өмнөөс орон сууцны төлбөр хэсэгчлэн төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа гэв.

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК болон иргэн А.Уянга нарын хооронд Зээлийн гэрээ байгуулагдаагүй. Хавсралтаар авагдсан санхүүгийн баримтаар А.У төрсөн эгч А.Э тушаасан мөнгө байдаг. Сүүлийн төлбөр 2009 оны 6 сарын 8-ны өдрийн төлбөр байгаа юм. 2019 оны 6 сарын 8-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 2021 оны 9 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил дууссан байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй асуудлаар нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Газар чөлөөлүүлэх тухай асуудал дээр тухайн газар дээр 2011 оноос хойш барилга барьж байх үед уг үйлдлээ зогсоохыг шаардаагүй, зөвшөөрч бариулсан. 2011 оны 10 сард ашиглалтад орсон. Энэ хугацаанд гэрээ цуцлахыг шаардаагүй, Иргэний хуулийн 137 дүгээр зүйлд зааснаар хөрш залгаа байгаа А.У барилгыг буулгах шаардлага байхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх 6 жилийн хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

          

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч А.У холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,236,720 төгрөг гаргуулж, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь мөнгө зээлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, газар чөлөөлөх үндэслэлгүй гэж маргаж байна. 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,236,720 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

А.У зээлээр худалдаж авсан орон сууцны төлбөрт түүний хүсэлтийн дагуу Г ХХК-д 2008 оны 8 дугаар сараас 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд нийт 9,236,720 төгрөгийг төлсөн бөгөөд А.У нь уг мөнгийг боломжтой үед төлөхөөр тохирсон боловч төлөөгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч нь мөнгө зээлээгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгчээс 11 ширхэг орлогын ордерын тасалбар, бэлэн мөнгөний орлогын баримтын тасалбарыг эх хувиар нь өгсөн ба эдгээр баримтын мөнгө тушаагч нь У, гүйлгээний утга нь байрны мөнгө, зээл төлөв, банкны зээл гэсэн утгаар бэлнээр тушаагдсан, 2008 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2009 оны 6 сарын 08-ны өдрийн нийт 9,236,720 төгрөгийн үнийн дүн бүхий баримт байна.

Гэрч А.Э мэдүүлэхдээ Би А.У эгч учраас түүний гуйлтаар компанийн орлогоос аваачиж төлсөн бөгөөд бүгд миний гарын үсэгтэй баримт байгаа гэжээ.

Гэтэл Б ХХК-иас уг гүйлгээ бүрийг бэлэн мөнгө зарлагдсан зарлагын баримт, санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн бүртгэл байхгүй буюу дээрх 9,236,720 төгрөгийг Б ХХК-ийн мөнгө болохыг нэхэмжлэгч нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу Э.Э А.Уянгын өмнөөс тушаасан мөнгийг Б ХХК А.У мөнгө зээлдүүлсэн буюу тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 9,236,720 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 51 хаягт байрлах,  нэгж талбарын дугаартай, автомашин, засвар үйлчилгээний зориулалт бүхий БХХК-ийн эзэмшлийн 1028 м.кв газарт 2 давхар нийтийн байрыг зөвшөөрөлгүй барьсан тул А.У хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг шаардаж байна.

Хариуцагч нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өөрөө зөвшөөрсөн байсан гэж маргаж байна.

Б ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн  дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Т ХХК-ийн хойно байрлах 1,187 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, авто засвар, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх авсан ба 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 5 жилээр сунгажээ.

Хариуцагч нь уг газар дээр 2011 онд 2 давхар нийтийн байр барьж тухайн оны 10 сард ашиглалтад оруулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан түрээсийн гэрээгээр нотлогдож байна.

Газар дээрх барилга нь баригдаж, ашиглалтанд ороод 10 жилийн хугацаа болоход нэхэмжлэгч нь өөрийн эрхээ зөрчигдөж байгаа талаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга гэж зааснаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Газрын албанд гомдол гаргаж байгаагүй байна.

Энэхүү байдлыг дүгнэж үзэхэд хариуцагч А.У Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д Бусдын өмчийн газар дээр барилга, байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна гэж зааснаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр барилга барих эрх олж авсан гэж үзнэ. Энэ эрх нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх ба түүний газар эзэмших эрх 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дууссан, улмаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өгсөн  тоот албан бичгээр газар эзэмших эрхийн хугацаа сунгагдаагүй, өнөөдрийг хүртэл сунгаагүй гэх зохигчийн тайлбараар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т .Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зааснаар шударга эзэмшигч болох нь тогтоогдохгүй байна.

Иймд тэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй , 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар шаардах эрхгүй этгээд гэж үзэж газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг баримтлан хариуцагч А.Уянгаас зээлийн гэрээний үүрэгт 9,236,720 төгрөг гаргуулж, түүний хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж  хаягт байрлах, нэгж талбарын дугаартай газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсыг тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 232,937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ