Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2438000000168 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н овогт Х.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 14-04 тоотод 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр С.Отгонбямбатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, С.О-ыг гараараа нүүр болон толгойн тус газарт нь цохиж, банзаар толгой, зүүн гаран тус газарт нь цохиж, биед нь духанд шарх, зүүн сарвууны шивнүүр ясанд хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 14-04 тоотод 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр С.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, С.О-ыг гараараа нүүр болон толгойн тус газарт нь цохиж, банзаар толгой, зүүн гаран тус газарт нь цохиж, биед нь духанд шарх, зүүн сарвууны шивнүүр ясанд хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 08-р хуудас), хохирогч С.О-ын гаргасан өргөдөл (хх-ийн 9-р хуудас), хохирогч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 12-р хуудас), иргэний нэхэмжлэгч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас), гэрч С.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас), гэрч Г.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 30-р хуудас), насанд хүрээгүй гэрч О.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 25, 26-р хуудас), Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Б-ийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 192 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 33-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

Шүүгдэгч Х.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Харин иргэний нэхэмжлэгч Г.А нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 223,300 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч С.О-д 223,300 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 17-р хуудас)-гаар тогтоогдож байна.    

Иймд шүүгдэгч Х.Б-ээс 223,300 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Х.Б-ээс 223,300 (хоёр зуун хорин гурван мянга гурван зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                

 

                                                        

                         

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР