| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/00915/И |
| Дугаар | 102/ШШ2021/03429 |
| Огноо | 2021-12-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2021/03429
| 2021 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2021/03429 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, байр, тоот хаягт оршин суух, О овогт Б М/РД/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, дүгээр байр, тоот хаягт оршин суух, Ш овогт Л Э /РД:/-д холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэгт 75,000,000 төгрөг нөхөн гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэл: 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хэлцлийн тэтгэлгийн хэмжээг хуульд зааснаар төлөхөөр өөрчлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э бид хоёр 2008 онд танилцаад, 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр охин Э.А төрсөн. Намайг жирэмсэн байх үед өмнөх эхнэр нь хүүхэдтэй болсон байсан. 2011 оны 10 сард энэ талаар мэдээд салсан. Тэр үед Л.Э нь охин бид хоёртой амьдрах боломжгүй гээд жил бүр хүүхдийн тэтгэлэг 5,000,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Өнөөдөр тэр хүн гэрээний дагуу мөнгө өгөөгүй, өнөөдрийг хүртэл хүүхдийн тэтгэмж өгөөч гэж шаардахад өнөө маргааш өгнө, хадгаламжид байгаа гэх мэт шалтаг тоочдог байсан. Бүр өгөхгүй байгаа учраас шүүхэд хандсан. Охиноо төрсөн цагаас нь хойш өөрийн асрамжид байлгаж байгаа учир өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Хүүхдийн тэтгэлэг жилийн 5,000,000 төгрөгөөр, 0,3 хувийн алдангитай, дундажлаад 10 жил нийт 25,000,000 төгрөгийн алданги, Л.Э хийж өгсөн гэрээний дагуу мөнгө нэхэмжилж байна. Энэ хүн үүрэг хүлээх ёстой гэж бодож байна. Цаашид 18 нас хүртэл нь төлнө гэсэн тул гэрээний дагуу жилийн 5,000,000 төгрөгөөр тооцон тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Зохигчдын хийсэн хэлцэл нь хуулиар тогтоож байгаа хоёр зуун арван хэдэн мянган төгрөгийн тэтгэлгийн хэмжээнээс илүү байгаа учир хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэж, хэлцлийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа. Тийм учраас хуульд заасан хувь хэмжээгээр биш 2011 онд байгуулагдаж, 2012 оноос мөрдөгдөж байгаа гэрээгээр цаашид 18 нас хүртэл тэтгэлгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэр бүлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Шүүхийн шийдвэрээр суутгах, эсхүл тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн буюу шүүхээр өөр тэтгүүлэгчид тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн бол тэтгэлэг төлөгч тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан. Цаашид миний бие тус гэрээний дагуу төлбөр төлөх боломжгүй бөгөөд миний цалин хөлсний 50 хувиас хэтэрч байгаа тул 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хэлцлийг өөрчилж, хуульд заасан хэмжээгээр тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Л.Э хувийн компанитай. Би компанитай байснаа өгсөн. Компаниар мөнгө орж ирж байгаа. Хэд хэдэн байртай. Охинтой уулзуулдаггүй, яриулдаггүй гэдэг нь худал, өөрөө утсаа солиод алга болдог, нөгөө гэр бүлтэйгээ амьдардаг. Миний охин яаж байна гэж асуудаггүй, ковид өвчин тусаад 2 удаа эмнэлэгт хэвтэхэд охин чинь ингэсэн гэж хэлэхэд утсаа салгаад алга болсон. Барилгын, уул уурхайн компанитай, төлбөрийн чадваргүй болсонтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, иргэний маргааны онцлог нь оролцогч талууд өөрийн шаардлага, эсэргүүцлээ нотлох үүрэгтэй байдаг. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Л.Э холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэгт 75,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хэлцлийн тэтгэлгийн хэмжээг хуульд зааснаар төлөхөөр өөрчлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Хүүхдийн асрамж тогтоолгох тухай
Б.М, Л.Э нарын дундаас 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр охин Э.А төржээ. Гэрлэлтээ батлуулаагүй байсан хэдий ч охиныг эцэг Л.Э овоглож, төрсний бүртгэлд бүртгүүлсэн байна.
Хариуцагч нь охиныг өөрийн хүүхэд биш гэж маргаагүй, охин Э.А нь төрсөн цагаас хойш эх Б.М асрамжид өсөн торниж байгаа, эцэг нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Э.А эх Б.М асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
2. Хүүхдийн тэтгэлэгт нөхөн 75,000,000 төгрөг гаргуулах тухай
Нэхэмжлэгч нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Л.Э хүүхдийн асрамж, тэтгэлэг, нэмэлт зардлын талаар харилцан тохиролцож, 2012 оноос эхлэн жил бүр хүүхдийн тэтгэлэгт 5,000,000 төгрөг төлөх тухай хэлцлийн дагуу 2011-2021 он хүртэлх 10 жилийн тэтгэлэгт 50,000,000 төгрөг, хэлцлийн 5-д зааснаар алдангид 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Талуудын байгуулсан хэлцэлд хоёр тал гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хэлцэл байна. Хариуцагч уг хэлцлийг байгуулаагүй, эсвэл хүчин төгөлдөр бус талаар маргаагүй бөгөөд харин цаашид хуульд зааснаар тэтгэлгийн хэмжээг бууруулж тогтоолгох сөрөг шаардлага гаргасан болно. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн дагуу нөхөн тэтгэлгийг бууруулах талаар маргаагүй гэж үзлээ.
Энэхүү 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хэлцлийн 2 болон 3-т охин Э.Анарыг 18 нас хүртэл жил тутам 5,000,000 төгрөгийн тэтгэмж өгч байхаар, 2012 оны төлбөрийг 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна. Түүнчлэн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийн тэтгэмж нөхөн олгох тухай баталгааг Л.Э нь гаргаж нотариатаар батлуулсан байх бөгөөд уг баталгаанд 2012-2018 оны нийт төлбөрт 35,000,000 төгрөг хуримтлагдсан талаар дурджээ.
Хэлцэл болон баталгаанаас хүүхдийн тэтгэлэгт 2012 оноос эхлэн жил бүр 5,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, хариуцагч нь энэ хугацаанд төлбөрөөс төлж байсан талаар маргаж, нэхэмжлэгчийн дансны хуулгыг гаргуулсан ба дансны хуулгаас 40,000 төгрөгөөр 2 удаа, 25,000 төгрөгөөр 1 удаа, 100,000 төгрөгөөр 2 удаа, 500,000 төгрөгөөр 1 удаа, 200,000 төгрөгөөр удаа, 2,000,000 төгрөгөөр 1 удаа, 400,000 төгрөгөөр 1 удаа, нийт 3,405,000 төгрөгийг Л.Э нь нэхэмжлэгч Б.М шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч энэхүү гүйлгээг надад хоол унааны мөнгө, ээжээс зээлсэн мөнгөө надаар дамжуулж төлсөн гэж үгүйсгэсэн боловч баримтаар нотолж чадаагүй тул дээрх төлбөрийг хүүхдийн тэтгэлэгт төлсөн гэж дүгнэн хасч шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар 2012-2021 он хүртэл нийт 9 жилийн хүүхдийн тэтгэлэгт 45,000,000 төгрөг төлөхөөс 3,405,000 төгрөгийг хасвал 41,595,000 төгрөгийн тэтгэлгийг нөхөн төлөхөөр байна.
Талуудын хооронд байгуулсан хэлцлийн 5-д Л.Э би тэтгэлгийн мөнгийг тогтоосон хугацаанд өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй мөнгөний үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алданги төлөх болно гэж тохиролцжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэснээр талуудын алданги төлөх талаар бичгээр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь анз шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч төлөгдөөгүй тэтгэлгийн хэмжээг 10 жил 50,00,000 төгрөг, алданги нь төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар хэтрэхгүй гэж 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг шаардсан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 50 хувиас хэтрүүлэхгүй шаардсан боловч хүүхдийн тэтгэлэг төлөгдөөгүй хугацаа 9 жил, төлсөн тэтгэлгийн хэмжээ 3,405,000 төгрөгийг хасч, 41,595,000 төгрөгөөс алданги тооцохоор байна.
Хариуцагчийн гаргасан 2018 оны 3 дугаар сарын 27-ны баталгаанд төлөгдөөгүй тэтгэлэг 35,000,000 төгрөгөөс хоногийн 0,3 хувийн алданги тооцвол 105,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 27-ноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл тооцоход 820 хоног, нийт 86,100,000 төгрөгийн алданги болж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу төлөгдөөгүй тэтгэлэг 41,595,000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй буюу 20,797,500 төгрөгийн алданги шаардах эрхтэй байна.
Иймд хүүхдийн тэтгэлэгт алдангийн хамт 62,392,500 төгрөгийг хариуцагч Л.Э гаргуулж, нэхэмжлэгч Б.М олгож, энэхүү шаардлагын үлдэх хэсэг 12,607,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3. Цаашид хүүхдийн тэтгэлэгт жил бүр 5,000,000 төгрөг гаргуулах тухай
Нэхэмжлэгч 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан хэлцэлд заасны дагуу охин Э.А 18 нас хүртэл жил бүр эцэг Л.Э 5,000,000 төгрөгийн тэтгэлэг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч нь энэхүү тэтгэлгийн хэмжээ нь өөрийнх нь цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн гэж хэмжээг бууруулж өөрчлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Талуудын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хэлцэл нь хүчин төгөлдөр байх бөгөөд хариуцагч цаашид хуульд зааснаар тэтгэлгийн хэмжээг бууруулж тогтоолгох хүсэлттэй гэж маргасан боловч цалин хөлс, орлого буурсан талаар баримт гаргаж, мэтгэлцээгүй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар тэтгэлгийн гэрээ байгуулж тохиролцсон, энэхүү тохиролцсон тэтгэлгийн хэмжээ нь охин Э.А эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй гэж дүгнэн, 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн Э.Анарыг 18 нас хүртэл эцэг Л.Э жил бүр 5,000,000 төгрөгийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч нь талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан хэлцлийн хүүхдийн тэтгэлгийн хэмжээг хуульд заасан хэмжээ болгож өөрчлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Өөрөөр хэлбэл, жил бүр тэтгэлэгт 5,000,000 төгрөг төлөх хэсгийг Гэр бүлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Шүүхийн шийдвэрээр суутгах, эсхүл тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн буюу шүүхээр өөр тэтгүүлэгчид тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн бол тэтгэлэг төлөгч тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу бууруулж, өөрчлүүлэхээр шаардаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөрийн чадвар буураагүй, орлогоо нуун дарагдуулж, өөрийн дансаар авдаггүй гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Хэлцлийн дагуу жил тутам төлөх 5,000,000 төгрөгийн тэтгэлгийн 1 сард төлөх хэмжээг нь 416,667 төгрөг болж байх ба цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчийн нэг сарын цалин хөлсний 50 хувиас хэтэрч байгаа гэх баримтыг хариуцагчаас гаргаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зөвхөн цалин хөлсний орлоготой, нэг сарын цалин хөлсний 50 хувь нь 416,667 төгрөгөөс бага талаар нотолж чадаагүй, энэ байдал тогтоогдохгүй байх тул түүний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, зарим хэсгийг нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Э.А эх Б.М асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг баримтлан Б.М холбогдох 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хэлцлийн тэтгэлгийн хэмжээг хуульд зааснаар төлөхөөр өөрчлүүлэхийг хүссэн Л.Э сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан 2012-2021 он хүртэлх хугацааны тэтгэлэгт хариуцагч Л.Э 62,392,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Э.А18 нас хүртэл эцэг Л.Э жил бүр 5,000,000 төгрөгөөр тэжээн тэтгүүлсүгэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 635,62 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид 140,400 төгрөгийг олгож, 494,662 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ